Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээ Байгалмаа |
Хэргийн индекс | 135/2023/01569/и |
Дугаар | 209/МА2024/00079 |
Огноо | 2024-09-20 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 209/МА2024/00079
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2024/00740 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: байрны төлбөрт төлсөн 31,000,000 төгрөг, засварын зардал 14,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
******* миний бие Улаанбаатар хот, *******,******* тоот 28 мкв үл хөдлөхийг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж 10 жилийн хугацаатай, сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ингээд *******ын Хаанбанк дахь *******тоот дансанд 62 сар 500,000 төгрөг, нийт байрны төлбөрт 31,000,000 төгрөг шилжүүлэн төлсөн.
Тухайн үед ******* нь эмнэлэгт хэвтэж байна гээд гэрээгээ хийж чадаагүй, Бид байрандаа амьдарч байх хугацаанд ямар нэгэн асуудал үүсэж байгаагүй бөгөөд цаашид өөрсдийн болох үл хөдлөх хөрөнгөө өөрсдийн мөнгөөрөө засаж сайжруулж байсан. Байр худалдан авснаас хойш нийт 14,000,000 төгрөгийн засвар хийсэн.
2022 оны 9 дүгээр сард ******* гэдэг хүн байран дээр ирээд биднийг хөөж наад байр чинь миний байр гээд бидэнтэй маргаан үүсгэсэн. Энэ үед *******тай холбоо барихад манай хүүгийн байр байсан юмаа. Хүү байраа зарахгүй гэж хэлээд байна гээд утсаа тасалсан.
Иймд хариуцагч *******аас байрны төлбөрт төлж байсан 31,000,000 төгрөг, засварын 14,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. / 1-р хх 1 тал/
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... миний бие цэргийн төв эмнэлэгт хэвтэж байхад , *******, нарын 3 хүн ирсэн. Танай хүргэн Д.Мөнхсайханаас байрыг чинь түрээсэлсэн, нэг сарын 500,000 төгрөгөөр сар бүр төлж байхаар тохирч орсон гэсэн.
... би албадаагүй, надад хамааралгүй.
Түрээсэлсэн байранд өөрсдийн ая тав тухыг хангах зорилгоор засвар хийсэн, би үүнийг мэдэхгүй, хариуцахгүй. Сар бүр 500,000 төгрөг дансанд ирж байсан, нийт 31,000,000 төгрөг болсон байх, энэ хүмүүс тооцож үзсэн байх, 3-4 дэх сараас эхлээд байр худалдаж авах гэсэн утгатай орж ирсэн. Би гайхаж байсан. Түрээсийн мөнгөө таслахгүй өгч байсан учраас нэг ч удаа энэ хүмүүстэй уулзаагүй. ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. /1-р хх-59-60, 246 тал/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
а.Анхан шатны шүүхийн шүүгч Иргэний хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн. Хууль зүйн дүгнэлт зөв хийгээгүй.
б.Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээний явцад хариуцагч татгалзлаа тайлбарлахдаа үндэслэлгүй шүүхийг төөрөгдүүлсэн тайлбар хийсэн шүүх харгалзан үзээгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.6, хуулийн заалтуудыг үндэслэж мэтгэлцсэн. Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдүүддээ орон байр хувь лизингээр худалдаж авч өгөх талаар хариуцагч *******тай тохиролцсон. ******* нь өөрийн биш үл хөдлөхийг өөрийн мэтээр итгэл төрүүлэн хууран мэхлэх замаар хэлцэл хийсэн.
...Нэхэмжлэгч нь хууртагдсанаа мэдэж эрх ашиг нь хөндөгдсөн цагаасаа эхлэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж прокуророос хэргийг буцаасан баримтыг хэргийн материалд хавсаргасан. Анхан шатны шүүх нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р хх 43-р тал/
5.Хариуцагч талаас давж заалдах гомдлын хариу тайлбартаа:
...Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Шүүгч шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болно гэснийг үл тоомсорлосон үйлдэл,
Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д заасан ёсоор уг иргэд Шүүгчээс гаргасан шийдвэрийг гардан авах үүргээ үл биелүүлэн шуудангаар шалтаглан бүтэн 2 сарын дараа давж заалдсан нь хууль зөрчсөн,
Шүүхийн шийдвэрийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгч нэхэмжлэгчид шийдвэр болон дээрх хуулийн заалтуудыг уншиж сонсгон анхааруулсаар байтал шийдвэрээ гардан аваагүй нь, шийдвэрээ гардан авах үүргээ биелүүлээгүй нь “Тэднийг давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг буюу 14 хоногийг тоолоход саад болохгүй “ гэснийг зөрчсөн,
Миний бие иргэн *******д байраа харилцан тохиролцсоны ба итгэсний улмаас барьцаагүй, урьдчилгаагүй, хямдаар түрээслүүлсний хариуд дэндүү удаан хугацаанд нааш цааш олон удаа дуудагдаж, ажлаасаа халагдаж, амьжиргааны гол эх үүсвэр болсон тэтгэврийн ба бусад дансаа битүүмжлүүлж ...гомдолтой байна.
Мөн данснуудыг битүүмжлүүлсний улмаас банкнаас зээл авч чадахгүйд хүрч арга буюу хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч давхар хохирлоо. Эдгээр хүмүүс ...байрыг тонож ...эвдэж сүйтгээд гарсан. Тэд өдийг болтол түрээслэн суусан байрны түрээс ба хэрэглээний зардлаа төлөөгүй. ... нотлох баримт гаргуулахаар холбогдох шүүх, Прокурор, Цагдаагийн хэлтэст хандаж шүүх хурал хойшлогдсоор маш их удаж энэ хугацаанд би хохирч байна гэжээ. /2-р хх 34-35-р тал/
ХЯНАВАЛ:
6.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон бусад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд болон талуудын тайлбар, маргаантай холбоотой хэргийн үйл баримт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дүгнээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хэргээс судлан үзвэл:
8.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ...байр худалдан авахаар өгсөн 31,000,000 төгрөг, засварын зардал 14,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,
Хариуцагч ******* нь ...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гаргаж маргажээ. /хх-59-60, 246/
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ...хэрэгт авагдсан 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ШШГЕГ-н ажилчдын 308/4-р байрны******* тоот орон сууцны зориулалттай, 28 м.кв талбайтай хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмлөгч нь ******* болох нь тогоогдож байна.
... Дээр дурдсан баримтууд болон талуудын тайлбараар зохигчдын хооронд орон сууцтай холбоотой тохиролцоо хийгдсэн, төлбөрт нийт 31,000,000 төгрөгийг *******, хариуцагч *******т шилжүүлсэн, тухайн тохиролцооны дагуу 2017 оны 04 дүгээр сараас хойш нэхэмжлэгчийн хүүхдүүд тус орон сууцанд амьдарсан зэрэг үйл баримт тогтоогдсон,
*******, ******* нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаагүй гэж дүгнэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчинтэй байна.
Өөрөөр хэлбэл, *******аас хариуцагч *******т сар бүр шилжүүлж байсан 500,000 төгрөгийг орон сууц хөлсөлсний төлбөр гэж үзэх, нөгөө талаас ******* нь өөрийн хүүхдүүдийг тус орон сууцыг эзэмшүүлэхээр оруулсан тул зохигчдын хэлцлийн үр дүн биелсэн байна. Иймд *******ы худалдах, худалдан авах хэлцлийн дагуу шилжүүлсэн гэх 31,000,000 төгрөгийг буцаан шаардах шаардлага үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн засварын зардал гэж 14,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын хувьд: ...орон сууцанд засвар хийгдсэнээр тухайн хөрөнгийн хэмжээ буюу үнийн дүн нэмэгдсэн гэж үзвэл орон сууцны өмчлөгчид хөрөнгө бий болно.
Гэтэл тус орон сууцанд засвар хийж, 14,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэхүү засварын зардал хариуцагч *******ын хөрөнгөд зарцуулагдаагүй байх тул энэхүү шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж тус тус дүгнэсэн байна.
10.Нэхэмжлэгч талын өмгөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан байх ба гомдолд:
...10.1.Шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Хууль зүйн дүгнэлт зөв хийгээгүй,
10.2.Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээний явцад хариуцагч татгалзлаа тайлбарлахдаа шүүхийг төөрөгдүүлсэн, тайлбар татгалзал нь үндэслэлгүй байгааг шүүх харгалзан үзээгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 50 дугаар зүйлийн 50.1, 56 дугаар зүйлийн 56.6-г үндэслэж мэтгэлцсэн. Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч нь өөрийн хүүхдүүддээ орон байр хувь лизингээр худалдаж авч өгөх талаар хариуцагч *******тай тохиролцсон. ******* нь өөрийн биш үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн мэтээр итгэл төрүүлэн хууран мэхлэх замаар хэлцэл хийсэн.
******* нь орон сууцны түлхүүрийг хүлээн аваад итгэл төрж ******* эмнэлгээс гараад гэрээгээ хийж, бичиг баримтаа шилжүүлэн өгнө гэсэн хийсвэр итгэлээр хандсан талаараа нэхэмжлэлдээ дурдаж шүүх хуралд мэтгэлцэж оролцсон.
Шүүх, хэтэрхий нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /2-р хх-15/
11.Нэхэмжлэгч ******* 31,000,000 төгрөгийг хариуцагч *******ын дансанд шилжүүлсэн, ******* түүнийг хүлээн авсан, энэ үйл баримт нь талуудын маргаангүй тайлбар, нэхэмжлэгчийн дансны хуулга/1-р хх-7-45,98-115/ зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргахгүй байна.
Маргаж буй нь нэхэмжлэгч ******* нь ...62 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлж, эцэст нь ...26 тоот орон сууцны зориулалттай, 28 м.кв талбайтай хоёр өрөө байрыг худалдан авах гэж тохирсон, Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул 56.6-д зааснаар төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж,
Хариуцагч ******* нь ...байрыг түрээслүүлсэн, амьдарсан хугацааны төлсөн хөлсийг буцаан шаардах эрхгүй, орон сууц худалдах, худалдан авах талаар амаар болон бичгээр тохиролцсон хэлцэл хийгдсэнийг нотлох баримтгүй гэж мэтгэлцдэг.
12.Маргааны зүйл болох ...******* тоот, орон сууцны зориулалттай, 28.м.кв талбайтай хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхтэй этгээд нь ******* байх бөгөөд энэ нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1-р хх-160/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 77 дугаартай шийдвэр/1-рхх-204/ зэргээр тогтоогдож байна.
13.Нэхэмжлэгч *******ы хүүхдүүд болох охин, хүргэн нар нь гэр бүлийн хамт 2017 оны 07 сараас 2022 оны 12 дугаар сарын*******-ны өдөр хүртэл хугацаанд тус маргаж буй орон сууцанд амьдарсан байна.
14.Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 77 дугаартай шийдвэр/1-р хх-204/-ээр тус орон сууцны өмчлөгч ******* нь уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан -д холбогдуулан ...******* тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, мөн СӨХ төлбөрт 408,000 төгрөг, ОС-ны ашиглалтын төлбөрт 88,295.30 төгрөг, цахилгааны төлбөрт 64,400 төгрөг, орон сууцны хөлс гэж 2022 оны 2, 9, 10,11 саруудын төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 2,560,695.30 төгрөг гаргуулах шаардлагаас зарим хэсэг болох цахилгааны төлбөр 64,400 төгрөг, орон сууцны хөлс гэж 2022 оны 2,9,10,11 саруудын төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 2,064,400 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байх ба тус магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ./1-р хх- 213/
15.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д” Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж,
Хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”гэж,
Хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д” Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж тус тус заасан.
16.Хэдийгээр худалдах, худалдан авах хэлцлийг амаар болон бичгэн хэлбэрийн алинаар нь ч байгуулж болох боловч гагцхүү үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан хэлцлийн хувьд бичгээр байгуулж, эрх бүхий бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, дуусгавар болдог онцлогтой, энэ нь Иргэний хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдсан, хуульд заасан уг шаардлагад талуудын хэлцэл нийцсэн байх учиртай.
Нэхэмжлэгч ******* нь ...62 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлж, эцэст нь ...26 тоот орон сууцны зориулалттай, 28 м.кв талбайтай хоёр өрөө байрыг худалдан авахаар тохирсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог боловч энэ нь дээр дурдсан Иргэний хуульд заасан шаардлагад нийцэхгүй байх тул талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
17.Харин хэргийн үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд /нэхэмжлэгч *******ы дансны хуулга/ зэргээр талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,
Хуулийн 302.4-т “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж,
Хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т “Хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө” гэж заасан.
Тодруулбал:
18.Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч ******* нь анх “... 16 дугаар хороололд 2 өрөө байр зарна, 99376464 “ гэсэн зарын дагуу Мөнхсайхан гэгчээр дамжуулан хариуцагч *******тай холбогдон биечлэн уулзсан байх ба ******* нь сар бүр 500,000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлж байхаар харилцан тохиролцож, үүний дагуу ******* 2017 оны 07 сараас 2022 оны 09 сар хүртэл таван жилийн хугацаанд нийт 31,000,000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг хүлээн авснаа ******* үгүйсгээгүй, дээрх хэлцэл нь *******, ******* нарын хооронд хийгдсэн. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасныг зөрчөөгүй, нийцсэн байна.
Нэхэмжлэгч *******ы хувьд ...26 тоот орон сууцны зориулалттай, 28 м.кв талбайтай хоёр өрөө байрыг өөрөө эзэмшиж, ашиглах зорилгоор бус өөрийн хүүхдүүд буюу охин, хүргэн нарыгаа байртай болгохоор хувь лизинг төлөх нөхцөлөөр худалдан авах гэж,
*******ын хувьд тус орон сууц өөрийнх нь өмчлөлийн бус, хүүгийн байр, гадаадад сургуульд сурахаар явсан тул эзэнгүй сул байлгаж байхаар бусдад түрээслэх зорилгоор түрээсэлсэн, өмнө нь ч бусдад түрээсэлж байсан гэж хүсэл зоригоо тус тус илэрхийлэн тайлбарласан байна.
Хожим нь 2022 оны 09 сард ******* нь тус байрны өмчлөгч хэмээн маргаж, байраа чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг *******ы хүргэн гэх -д холбогдуулан гаргаснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд маргаан үүссэн байна.
19.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хоорондын тохиролцоо, сар бүр 500,000 төгрөг шилжүүлсэн /дансны хуулга 1-р хх-7-45, 98-115/ зэрэг үйл баримтуудаар талуудын хэлцэл нь орон сууц хөлслөх гэрээний шинжийг агуулж байх тул тэдний хоорондын маргааныг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй.
20.Хариуцагч ******* нь тайлбартаа ...өөрийн өмчлөлийнх бус, хүү *******ийн байр гэдгийг, мөн хөлслөгч талаас 31,000,000 төгрөг өөрийнх нь данс руу шилжигдэн “орлого” орсон, үүнийг хүлээн авсан талаар үгүйсгэж маргаагүй, гэвч түүнийг эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгийг бусдад “хөлслүүлсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талын “... тус байрны өмчлөгч гэх ******* гарч ирж маргаан үүсгэсэн, мөн тухайн орон сууцыг бусдад хөлслүүлэх зөвшөөрлийг аав *******таа өгөөгүй гэх тайлбарыг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан“ гэсэн тайлбарыг хариуцагч ******* үгүйсгэж, маргаагүй зэргээр *******ын бусдад хөлсөлсөн үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд болох *******ийн эрхээр хязгаарлагдсан, өөрөөр хэлбэл, өмчлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй үл хөдлөх эд хөрөнгийг бусдад хөлсөлсөн буруутай байна.
Тиймээс Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.4-н “ Хөлслөн өгсөн эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эрхээр хязгаарлагдсан байвал үр дагаврыг хөлслүүлэгч хариуцна” гэж заасны дагуу хариуцагч ******* нь 31,000,000 төгрөгийн 50 хувь болох 15,500,000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй.
21.Нэхэмжлэгч ******* нь тухайн орон сууцыг хөлсөлж эзэмшиж байх хугацаанд 14,000,000 төгрөгийн засвар хийсэн гэж нэхэмжилсэн байх ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.
22.Иймд хууль хэрэглээний болон орон сууцны хөлсний 50 хувь буюу 15,500,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох гэсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага олгон ТОГТООХ НЬ :
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2024/00740 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 302.4, 290 дүгээр зүйлийн 290.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 15,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “..., хариуцагч *******аас 15,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 235 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай“ гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА