| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0002/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А,
Улсын яллагч Э.Т,
Хохирогч М.Б, Г.Б,
Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт А.Э-т холбогдох эрүүгийн 1820002380133 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны техникийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Н овогт А.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Э нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг Авто замын шалган нэвтрүүлэх боомтонд албан үүргээ гүйцэтгэж байсан хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч буюу хуулиар тусгайлан эрх олгосон хууль сахиулагч нар болох ахмад М.Б, ахлах ахлагч Г.Б нарын хилийн бүсэд зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй гэсэн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн ахмад М.Б, ахлах ахлагч Г.Б нарын биед халдан эсэргүүцсэн, улмаар ахлах ахлагч Г.Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр 2 дахь өдөр байсан юм. Би гэртээ байж байтал гаднаас хуурай ах болох Гүрээ гэх хүн орж ирэхээр нь би “Э” нэртэй 0,75 литрийн архи авч өгөөд 13-цагаас 15-цаг хүртэл хугацаанд архи архиа ууж дууссан юм. Тэгээд удалгүй Г ах гарч яваад араас гэртээ ганцаараа байж байтал Г ах залгаад миний дүү машин чинь будагнаас гарсан юм уу би гэрийн чинь гадаа байна авгай чинь аваад ир гээд байна ханандаа явъя аа гэхээр нь би машинаа Г ахаар бариулаад хил рүү рентгений хаалга руу явсан. Бид хоёр хилийн хаалган дээр очтол Г ах миний дүү очоод уулзаадах гэхээр нь би очтол Хилийн цэргийн алба хаагч машинтай чинь шалгалтын цэгээр оруулахгүй гэхээр нь би Г ахад оруулахгүй гэж байна гээд хэлтэл машинаас буугаад ах нь Хил хаахаас өмнө бараагаа илгээхгүй бол болохгүй гээд хажууд зогсож байсан машин руу ороод суусан юм юм шиг байна лээ би машинд сууж байгаа гэж бодоод тэр хилийн цэргийн алба хаагчаас дахин дахин гуйгаад зогсож байтал маргаан эхэлсэн. Удалгүй араас нь хилийн цэргийн 3 алба хаагч ирээд нэг бүдүүн шар царайтай залуу нь “хаана томроод байгаагаа мэдэж байна уу” гээд миний шанаа хэсэг рүү нэг удаа цохихоор нь би ойчоод өгсөн юм. Тэгээд намайг цохьсон нэг хилийн цэргийн алба хаагчийн араас хүүхэд шиг хүндээ зүгээр байж зодуулж чадахгүй шүү, та нар шиг банди нарт би цохиулж чадахгүй шүү гээд араас яваад харуулын байр луу нь ороод чи яаж байгаан бэ? гээд солгой гараараа зүүн талын шанаа хэсэг рүү цохьчихсон юм. Тэгтэл удаагүй цагдаа ирээд намайг аваад явсан өөр болсон зүйл байхгүй... 2 удаа уучлалт гуйсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 10-р сарын 16-ны 18 цагийн үед хилийн ангийн ахмад Ц.Э залгахдаа Шалгалтын 4-р цэг дээр согтуу хүн ирээд агсан тавиад байна яваад оч гэж хэлсэн. Тэгэхээр нь би 18 цаг 05 минутанд яваад очиход ... улсын дугаартай хар өнгийн кровн маркийн машин хаалтанд тулж зогссон. Би уг машин руу яваад очиход тээврийн хэрэгслийг жолооч болох А.Э гэдэг хүн манай алба хаагч буюу Хилийн ангийн алба хаагч ахлах ахлагч Г.Б-н дүрэмт хувцасны мөрдөсийг таслаж толгой руу нь цохисон бололтой амнаас нь цус гарсан байдалтай харагдсан. Тухайн үед тэр согтуу А.Э гэх хүн хэл амаар доромжилж эхлээд Б-г “Би олон жил шоронд суусан хүн дүү нараараа хүчиндүүлж банди болгоно өнөө орой гэхэд чамайг ална” гэх мэтээр доромжилсон тэгэхээр нь би тухайн хүнээс та яагаад ингэж яриад байгаа юм бэ? гэж асуутал Э гэх хүн “би рентгэн лүү орно, би орж гарахаар хэнээр ч заалгахгүй өөрөө мэднэ гэхээр нь кровн маркийн машиныг унтраагаад тухайн хүнийг авч яваад шалгалтын 4-р цэгийн байр луу оруулж суулгаад болсон үйл явдлын талаар авто замын шалган хил нэвтрүүлэх заставын аюулгүй байдал хариуцсан орлогч болох ахмад Э-д хэлж байхад миний нүүрэн тус газар луу 2 удаа цохиход нь би гарыг нь өчиж дарахад цагдаагийн алба хаагч дэслэгч Б орж ирэхэд цагдаагийн алба хаагчийн хажууд А.Э нь над руу хандан “пизда минь чамайг ална шүү, Замын-Үүдэд чамайг амьд явуулахгүй чи намайг зодолдоод дийлэхгүй юм байна намайг шандын У гэдэг би 10 жил шоронд суусан пизда би юунаас ч айхгүй, тэр цагдаа чинь ирээд эрх хасаад 250,000 төгрөгөөр торгоно биз дээ өөр яадаг юм бэ? гээд зүй бусаар харьцсан. Э-н жолоодож явсан ... улсын дугаартай хар өнгийн кровн маркийн машин хаалгыг цагдаагийн дэслэгч С.Б, хилийн ангийн хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга хошууч М.Б нар онгойлгоход уг тээврийн хэрэгслийн голын хайрцаганд ил шар өнгийн иштэй жижгэвтэр хэлбэртэй хутгатай байсан. А.Э-н хажууд хэн нэгэн хүн байгаагүй ганцаараа явж байсан. Тэгээд цагдаа уг этгээдийг авч явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6/,
- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2018 оны 10-р сарын 16-ны 16 цагийн үед А.Э гэх хүн хар хөх өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй ... улсын дугаартай хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирэхээр нь би амрыг эрье та ямар ажлаар явж байгаа юм бэ? гэж асуутал А.Э нь би энэ байр луу чинь нэг орох гэсэн юмаа гэхээр нь ойртоод үзтэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа явж байхаар нь би та зөвшөөрөлгүй машинтай явж байна, бас таниас архи үнэртэйд байгаа болохоор би таныг шалган нэвтрүүлэх байраар оруулж чадахгүй гэж хэлтэл над руу муухай хараад чамайг байнга ийм байхыг чинь харнаа орой болохоор чамайг шоронгийн дүү нартаа хэлээд банди болгоно, чиний бөгс чинь сайхан харагдаад байгаа шүү гэж хэлсэн. Тэр чинь надад хамаа байхгүй би таныг шалган нэвтрүүлэх байраар нэвтрүүлэхгүй гэж хэлсэн чинь нэг хүнтэй утсаар яриад машинаа бариад явсан юм. Тэгээд 17 цаг 40 минутын үед буцаж ирээд эхлээд ахын дүү ах нь ийшээ ороод эхнэрээ авмаар байна манай эхнэр гаальд ажилладаг жирэмсэн хүн байгаа юм гэж гуйхаар нь би зөвшөөрөөгүй. Тэгтэл би чамайг нэг доромжилчих уу гээд өдөр хэлсэн үгээ дахиж хэлэхээр нь би эхнэр чинь гараад ирэх юм бол би таныг өмнөөс нь явуулж болно гэж хэлсэн. Тэгээд доромжлоод болохгүй болохоор нь ахмад Э-д утсаар залгаж болж байгаа процессыг утсаар ярьж танилцуулж илтгэсэн чинь А.Э намайг “чи муу яасан овоо пизда вэ? чамайг алнаа гээд барьж аваад толгой руу нэг удаа мөргөхөөр нь би тэр газарт унаад босч иртэл удаагүй ахмад М.Б 18-цагийн орчимд ирсэн. Тэр хооронд А.Э шалгалтын 4-р цэг дээрээс явахгүй зогсоод байж байгаад ахмад М.Б-тай хамт шалган нэвтрүүлэх байр луу орсон тэр дотор юу болсныг би мэдэхгүй байна. Удаагүй 5-минутын дараа шуурхай бүлэг, цагдаа тагнуулаас хүмүүс ирээд уг этгээдийг аваад явсан. Өөр болсон зүйл байхгүй... Энэ хүн дүү нараараа намайг алуулна гэсэн дараа нь янз бүрийн юм болох вий гэж би айж байна. Надад сэтгэл санааны хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,
- Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчим Автозамын шалган нэвтрүүлэх заставын даргын өрөөд ажил үүрэг гүйцэтгэж байхад миний гар утас руу автозамын шалган нэвтрүүлэх заставын 4-р цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г.Б өөрийн гар утсаар залгаж Монгол улсын боомтын бүс рүү зөвшөөрөлгүй машин орох гээд жолооч нь согтуу над руу дайраад байна гэж хэлэхээр би байж бай оруулж болохгүй шүү би хүн явуулъя гэж хэлсэн. Ингээд би өөрийн гар утсаар ахмад Б руу утсаар яриад шалгалтын 4 дүгээр хэсэг дээр үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Б-г хүн дээрлэхээд зөвшөөрөлгүй машин орох гээд байна чи очоод зохицуул гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ахмад Б над руу утсаар яриад шалгалтын 4 дүгээр хэсэгт ирчихлээ энд байгаа хүн согтуу байна намайг хэл амаар доромжлоод цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед ахмад Б бид хоёрыг утсаар ярьж байхад ахмад Б намайг цохилоо гэж хэлээд утсаа тасалсан. Би ахмад Б руу буцаад залгалгүй шууд тагнуул цагдаа анги руу үүссэн нөхцөл байдлын талаар мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа би ахмад Б руу утсаар яриад юу болсон талаар асуухад цагдаа ирээд нөгөө эрэгтэйг аваад явж байна ахлах ахлагч Б хамт явсан би манааны цэг дээр байна манааны цэг рүү хүн явуул би араас нь цагдаа орох гэж байна гэж хэлсэн. Тухайн өдөр би Б болон Б нартаа уулзаагүй. Харин маргааш нь Б-тай ажил дээрээ таарахад баруун талын хацар болон уруул нь хавдаж хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02/0339 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0381 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Амбулторын картнаас үзэхэд А.Э-н биед баруун тохой, бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдэх боломжтой ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 32/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02/0340 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Г.Б-н биед тархи доргилт, дээд уруул, буйлны язралт гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэгдэх боломжтой ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 39/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/001 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд хүргүүлсэн хүрэмний баруун мөрний хэсэгт 2,2*1,8 см хэмжээтэй 0,5 см өргөнтэй урагдалт байна.
2. Урагдалт нь утаснууд нь өнгө алдаж гандаагүй байх тул шинэ урагдалт байна.
3. Урагдалт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46/,
- А ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ/818-040 дугаар дүгнэлтэнд:
1. Пекиж /өвлийн/ 1 ширхэг засварлах үнэ 20,000 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 48-51/,
- А.Э-н оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 81-85/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар А.Э нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг Авто замын шалган нэвтрүүлэх боомтонд албан үүргээ гүйцэтгэж байсан хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч буюу хуулиар тусгайлан эрх олгосон хууль сахиулагч нар болох ахмад М.Б, ахлах ахлагч Г.Б нарын хилийн бүсэд зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй гэсэн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилж ахмад М.Б, ахлах ахлагч Г.Б нарын биед халдаж, улмаар ахлах ахлагч Г.Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч А.Э нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг Авто замын шалган нэвтрүүлэх боомтонд албан үүргээ гүйцэтгэж байсан хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч буюу хуулиар тусгайлан эрх олгосон хууль сахиулагч нар болох ахмад М.Б, ахлах ахлагч Г.Б нарын хилийн бүсэд зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй гэсэн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн ахмад М.Б, ахлах ахлагч Г.Б нарын биед халдан эсэргүүцсэн, улмаар ахлах ахлагч Г.Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч А.Э нь хууль сахиулагч ахмад М.Б, ахлах ахлагч Г.Б нарын хилийн бүсэд зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй гэсэн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн халдан эсэргүүцсэн, улмаар ахлах ахлагч Г.Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч М.Б-н “...хилийн ангийн ахмад Ц.Э залгахдаа Шалгалтын 4-р цэг дээр согтуу хүн ирээд агсан тавиад байна яваад оч гэж хэлсэн... Э гэдэг хүн манай алба хаагч буюу Хилийн ангийн алба хаагч ахлах ахлагч Г.Б-н дүрэмт хувцасны мөрдөсийг таслаж толгой руу нь цохисон бололтой амнаас нь цус гарсан байдалтай харагдсан ... би тухайн хүнээс та яагаад ингэж яриад байгаа юм бэ? гэж асуутал Э гэх хүн “би рентген лүү орно, би орж гарахаар хэнээр ч заалгахгүй өөрөө мэднэ гэхээр нь кровн маркийн машиныг унтраагаад тухайн хүнийг авч яваад шалгалтын 4-р цэгийн байр луу оруулж суулгаад болсон үйл явдлын талаар авто замын шалган хил нэвтрүүлэх заставын аюулгүй байдал хариуцсан орлогч болох ахмад Э-д хэлж байхад миний нүүрэн тус газар луу 2 удаа цохиход нь би гарыг нь өчиж дарахад цагдаагийн алба хаагч дэслэгч Б орж ирэхэд цагдаагийн алба хаагчийн хажууд А.Э нь над руу хандан “пизда минь чамайг ална шүү, Замын-Үүдэд чамайг амьд явуулахгүй чи намайг зодолдоод дийлэхгүй юм байна намайг шандын У гэдэг би 10 жил шоронд суусан пизда би юунаас ч айхгүй, тэр цагдаа чинь ирээд эрх хасаад 250,000 төгрөгөөр торгоно биз дээ өөр яадаг юм бэ? гээд зүй бусаар харьцсан...” гэсэн, хохирогч Г.Б-н “...та зөвшөөрөлгүй машинтай явж байна, бас таниас архи үнэртэйд байгаа болохоор би таныг шалган нэвтрүүлэх байраар оруулж чадахгүй гэж хэлтэл над руу муухай хараад чамайг байнга ийм байхыг чинь харнаа ... намайг “чи муу яасан овоо пизда вэ? чамайг алнаа гээд барьж аваад толгой руу нэг удаа мөргөхөөр нь би тэр газарт унаад босч иртэл удаагүй ахмад М.Б 18-цагийн орчимд ирсэн...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 02/0339, 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 02/0340, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02/0381 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/001 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Э-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Э-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч А.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Хохирогч Г.Б нь сэтгэл санаагаар хохирсон гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх ба шинжээчийн дүгнэлтээр хохиролд 20,000 төгрөг учирсан байх тул шүүгдэгчээс 20,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Б-д олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт А.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н овогт А.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,800,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3,300,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч А.Э-т оногдуулсан 3,300,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар шүүгдэгч А.Э нь 3,300,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Э-с 20,000 төгрөг гаргуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух хохирогч Б овогт Г.Б-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н