Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 347

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын Хэлтэс,

Гуравдагч этгээд: “Е”  ХХК/

Нэхэмжлэлийн шаардлага: “...”Х” ХХК-ийн гаргасан өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн эрхийг сэргээж, Ашигт маптмалын тухай хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгах болон Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаартай шийдвэрийн "Е" ХХКд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Б.Б  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “…”Х” ХХК нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Чандмань-1” нэртэй 3277.45 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан.

Уг өргөдөл нь NЕ-025546 /ХА-018333/ өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 57 минутад өргөдлийг материалын хамт хүргүүлснийг Кадастрын хэлтэс хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Манай өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний үндсэн дээр уг хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн энэ талаар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээн авсан даруй тус аймгийн Эрдэнэ сумын нутагт манай гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Кадастрын хэлтэст ирүүлсэн.

Бид тусгай зөвшөөрлийн өргөдлийн шийдвэрлэлтийн талаар Кадастрын хэлтсээс амаар асууж тодруулахад дээрх Засаг даргын дэмжээгүй санал ирсэн байгаа гээд ер нь Говь-Алтай аймгийн засаг дарга ижил үндэслэлээр тухайн аймагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдэд дэмжихгүй санал ирүүлснээс шийдвэрлэгдэхгүй удааширч байгааг мэдэгдсэн.

Говь-Алтай аймгийн Засаг даргын дээрх саналтай танилцаж үзэхэд Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтад тус тус заасны дагуу тухайн сумын иргэдийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй саналыг үндэслэж татгалзсан байсан.

Уг Засаг даргын саналыг манай компани үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй гэж үзэн дахин санал авч өгөх хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн албан тоот бичгээр Кадастрын хэлтэст гаргасан бөгөөд тус хэлтэс дахин санал авах хүсэлтийг 2015 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Үүний дараа Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой тус хэлтсийн мэдэгдлийг ирж авна уу гэж мэдэгдсэний дагуу 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гардан авч үзэхэд тухайн талбайд Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 

өмнөх дэмжээгүй саналтайгаа ижил үндэслэлээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй санал ирүүлснийг үндэслэн манай өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай шийдвэр гарсан талаар мэдэгдэлд дурдсан байсан.

Гэтэл энэ мэдэгдлийг аваад удаагүй байхад манай тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Чандмань-1” нэртэй талбай дээр “Есөн эрдэнэ ундарга” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гаргасныг Кадастрын хэлтэс хүлээн авч бүртгэсэн болохыг тус хэлтсийн нийтэд зориулж байршуулсан кадастрын систем дээрээс 07 дугаар сард олж мэдсэн.

Үүний дараа 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр "Е" ХХК ийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дахин дээрх системээс үзэхэд энэ компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болохыг олж мэдээд ихэд гайхсан. Учир нь яг ижил талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2 компанид өөр өөр шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байсан.

Бид "Е" ХХКд ямар үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгосон болохыг хариуцсан мэргэжилтнээс асуухад өөр компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг өгөхгүй гэсэн тул Ашигт малтмалын газрын дарга Д.Үд хандан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот албан бичгээр "Х" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тул энэ шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох хүсэлтийг гаргасан.

Ашигт малтмалын газрын дарга Д.Ү нь манай гаргасан хүсэлтийг хянан үзээд Говь-Алтай аймгийн Засаг даргаас тухайн өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай шийдвэр гарсан нь үндэслэлтэй болохыг мэдэгдсэн тус газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1-1435 тоот албан бичгийг манайд ирүүлсэн.

Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэг, Авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт тус тус заасныг үндэслэн тухайн сумын иргэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй гэсэн саналыг үндэслэн Говь-Алтай аймгийн засаг дарга татгалзсан санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасантай нийцэхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн зарим, зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-т “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж заасан.

Гэтэл манай гаргасан өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан эрх бүхий байгууллага түүний дотор Говь-Алтай аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаарх ямар нэгэн тогтоол Ашигт малтмалын газарт бүртгэлгүй байгааг Кадастрын хэлтэс зураг зүйн шүүлтээр тогтоогоод байхад Засаг даргын санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байгааг Кадастрын хэлтэст тогтоож хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн манай дээрх өргөдөлд тусгай зөвшөөрөл олгоогүй нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.

Иймд "Х" ХХК-ийн гаргасан өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай шийдвэрийн "Х" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн эрхийг сэргээн “Ашигт малтмалын тухай” хуульд нийцүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Кадастрын хэлтэст даалгах шийдвэр гаргаж өгнө үү. 

Түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаартай шийдвэрийн "Е" ХХКд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. 

"Х" ХХК-ийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Чандмань-1” нэртэй 3277.45 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаартай шийдвэр нь 5 дахь өдөр гарсан бөгөөд дараа долоо хоногийн эхний өдөр буюу 07 дугаар сарын 07-ны өдөр "Е" ХХКиас хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна.

Уг "Е" ХХКийн өргөдөл нь NE-026058 өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд Кадастрын хэлтэс хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад Говь-Алтай аймгийн засаг даргаас тухайн талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар саналын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Кадастрын хэлтэст дээрх мэдэгдлийг хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Засаг дарга хариу ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасныг үндэслэн "Е" ХХКд хайгуулын Х\/-018987 тоот тусгай зөвшөөрлийг олгосон 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаартай шийдвэр гарсан.

Гэтэл Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт нэг талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн манай өргөдлийг дэмжээгүй Засаг даргын хууль бус саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа "Е" ХХКд хайгуулын Х\/-018987 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон нь улсын үндсэн хуулийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн” гэж заасныг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Нэхэмжлэлийг тодруулах зорилгоор хуулийн үндэслэлийг зайлшгүй тодруулах нь зүйтэй гэж үзлээ. Ашигт малтмалын газар  нь холбогдох захиргааны байгууллагаас санал аваад, Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлж, энэ саналын дагуу тусгай зөвшөөрлийг олгох хуулийн зохицуулалттай. Гэхдээ саналыг Засаг дарга дарга юунд тулгуурлан гаргах ёстой байсан бэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар тухайн хайгуулын талбай байрлаж байгаа сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэж тайлбарлах ёстой. 

Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсанаар болон тус хуулийн заалтын агуулгаас үзэхэд Засаг дарга саналаа ирүүлэхдээ иргэдийн төлөөлөгчдийн санал болон бусад иргэдээс авсан саналыг хавсарган Ашигт малтмалын газарт ирүүлж түүнийг үндэслэн Ашигт малтмалын газар шийдвэрлэх ёстой байсан.

Хэргийн материалд авагдсан Говь-Алтай аймгийн Засаг дарга н.А саналыг үзэхээр энэ санал нь өөрөө энэ үйл ажиллагаатайгаа холбогдолгүй хуулийн заалтууд бариад санал ирүүлсэн. Ашигт малтмалын газраас энэ ирүүлсэн саналын хууль зүйн үндэслэл нь юу вэ гэдэг талаар авч үзээгүй. Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй. 

Гэтэл энэ санал дээр хуульд заасан ямар үндэслэл байгаа учраас татгалзаад байгаагаа зааж өгөөгүй. Энэ шийдвэрийг гаргах үедээ нотлох ажиллагааг дутуу хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Ашигт малтмалын газрын даргын баталсан дотоод ажлын зааварт санал нь үндэслэлгүй байвал тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргана гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Иймд манай гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байх тул манайхаас гаргасан өргөдлийг буцаан сэргээх, "Е" ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..."Х" ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-25546 дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Чандмань-1 нэртэй 3277.45 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд төрийн захиргааны байгууллагад энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн заалтын дагуу санал авахаар 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6/2104 тоот, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4127 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NЕ-25546 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Говь-Алтай аймгийн Засаг дарга 121 дугаар бүхий “Зөвшөөрөхгүй”, мөн оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаар бүхий “дахин зөвшөөрөхгүй” гэсэн саналыг Ашигт малтмалын газар ирүүлсэн байна.

Говь-Алтай аймгийн засаг даргын саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр "Х" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ шийдвэр гарсны дараа эхний долоо хоногийн 1 дэх өдөр буюу 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дээрх "Х" ХХК-ийн хасагдсан өргөдлийн талбай болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт “Баянцагаан” нэртэй 3274.66 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдлийн дугаарыг “Е” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр авсан байна.

"Е" ХХКийн өргөдөл нь NE-026058 /ХА-018987/ өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 11.30 цагт өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Уг өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6/6483 тоот албан бичгээр мэдэгдлийг Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Говь-Алтай аймгийн Засаг дарга энэ албан бичгийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу Кадастрын хэлтэст ирүүлэх ёстой байсан боловч ирүүлээгүй.

Энэ 19.4 дэх хэсэгт “....энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ" заасан байх тул үүнийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт “Баянцагаан” нэртэй 3274.66 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХА-018987 дугаартай тусгай зөвшөөрлийг "Е" ХХКд олгосон үндэслэлтэй байна

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “..."Х" ХХК-ийн Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Е”  ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. 

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Баянцагаан нэртэй 3274.66 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-018987 дугаартай тусгай зөвшөөрөл нь “Есөн эрдэнэ ундарга”  ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн зохих журмын дагуу олгогдсон юм. 

Иймд "Х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч "Х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “"Х" ХХК-ийн гаргасан өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн эрхийг сэргээж, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтэст даалгах” нэхэмжлэл гаргаж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаар шийдвэрийн "Е" ХХКд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ. 

1. “"Х" ХХК-ийн гаргасан өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн эрхийг сэргээж, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

"Х" ХХК нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Чандмань-1 нэртэй 3277,45 га талбайд ердийн малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 03 дугаар сарын 27-нд Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэст өргөдөл  гаргасан байх ба хариуцагчаас уг өргөдлийн талбайд анхан шатны шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзэж Говь-Алтай аймгийн Засаг даргад 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр санал авах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Говь-Алтай аймгийн Засаг даргаас уг мэдэгдэлд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Зөвшөөрөхгүй” санал ирүүлсэн тул 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дахин санал авахаар 6/4127 тоот мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч мөн Засаг даргаас 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дахин “Зөвшөөрөхгүй” хариу ирүүлсэн байна.  

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар  шийдвэрээр “...Засаг даргын дэмжихгүй санал ирсэн” гэсэн үндэслэлээр "Х" ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ. 

"Х" ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэст гаргасан NE-025546 өргөдлийн бүртгэлийн дугаартай Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Чандмань-1 нэртэй 3277,45 га талбай  нь маргаан бүхий 838 дугаар шийдвэрээр  "Е" ХХКд олгосон ашигт малтмалын хайгуулын XV-018987  дугаартай Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Баянцагаан нэртэй 3274,66 гектар талбайтай давхцалтай тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

Харин нэхэмжлэгчээс “хариуцагч нь маргаан бүхий 538 дугаар шийдвэрийг гаргахдаа аймгийн Засаг даргын хуульд нийцээгүй үндэслэлээр татгалзсан саналыг үндэслэсэн нь хууль бус бөгөөд манайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа нэг талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өөр компанид дээрх тусгай зөвшөөрлийг олгосон нь бусдыг ялгаварласан хууль бус шийдвэр юм ” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Говь-Алтай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч байгууллагын хүсэлтэд “Дэмжээгүй” санал ирүүлсэн, гуравдагч этгээд "Е" ХХКийн хүсэлтэд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул маргаан бүхий шийдвэрүүд нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байх ба “татгалзсан хариу өгч болно” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2010 оны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 34 тоот албан бичгээр “тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 6 дугаар хуралдаанаас ..."Х" ХХК-аас ирүүлсэн Чандмань-1 нэртэй 3277,45 гектар талбайд ...хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихээр шийдвэрлэсэн тухай аймгийн Засаг даргад мэдэгдсэн байна. 

Харин Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбайд “түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш бунхан бүхий газар” гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэжээ . 

Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг дарга нь “...ард иргэдээс авсан санал асуулгын дүн, сумын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн санал”-ыг үндэслэн “Зөвшөөрөхгүй”  санал ирүүлсэн болон тусгай зөвшөөрөл олгох боломжгүйтэй холбоотой бусад баримтуудыг ирүүлээгүй зэргээс үзвэл уг саналуудыг “хууль зүйн үндэслэлтэй” гэж үзэхээргүй байжээ.

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нь “зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах” үүрэгтэй бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэс нь аймгийн Засаг даргын саналыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалган тогтоосны үндсэн зохих шийдвэрийг гаргах байсан тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Ашигт малтмалын газраас энэ ирүүлсэн саналын хууль зүйн үндэслэл нь юу вэ гэдэг талаар авч үзээгүй. Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй. Гэтэл энэ санал дээр хуульд заасан ямар үндэслэл байгаа учраас татгалзаад байгаагаа зааж өгөөгүй. Энэ шийдвэрийг гаргах үедээ нотлох ажиллагааг дутуу хийсэн”  гэсэн тайлбар үндэслэлтэй.

Дээрхээс дүгнэн үзвэл хариуцагч байгууллага нь маргаан бүхий 538 дугаар шийдвэрийг Говь-Алтай аймгийн Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэн гаргасан нь хууль бус байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн "Х" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн эрхийг сэргээх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ...шийдвэрлэх”, 11.2-т “... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрх нь хариуцагч байгууллагад хадгалагдаж байх ба энэ хүрээнд хариуцагч байгууллага нь хуульд заасан шаардлага хангасан хуулийн этгээдийн хүсэлтийг авч бүртгэн хуульд нийцүүлэн шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч "Х" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргах үед хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болох нь,

- Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсээс Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлсэн мэдэгдлүүдэд “...Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж үзэхэд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Чандмань-1 нэртэй 3277,45 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэж дурьдсан ,

- "Х" ХХК-ийн NE-025546 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод “...Төсвийн хөрөнгийн хайгуул хийсэн талбайтай давхцалтай,...” гээд тайлбар хэсэгт “өргөдлөөр олгох талбайд хамаарч байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайн давхцал 0,02га талбайг давхцалд тооцохгүй” гэсэн шүүлт ,

- Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудаст “... хуулийн 17.2.1-18.2.6 заалтыг хангаж байна” гэж бичсэн эрх зүйн шүүлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна . 

Дээрхээс үзвэл, "Х" ХХК-ийн хүсэлт гаргасан талбай нь хуульд заасан анхан шатны шүүлтийн шаардлага хангаж байсан байх тул "Х" ХХК-ийн NE-025546 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. “...Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаар шийдвэрийн "Е" ХХКд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд “Есөн эрдэнэ ундарга” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт Баянцагаан нэртэй 3277 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэст өргөдөл гаргажээ . 

Захиргааны байгууллагаас уг өргөдөлд зураг зүйн шүүлт хийгээд 3274,64 га талбай нь өргөдлөөр олгогдох талбайд хамаарч байгаа болон өргөдлийн бүртгэлээс хасагдсан NE-025546 тоот/Хонгор-Эко ХХК-ийн/ өргөдлийн талбайд байгаа, мөн улсын төсвийн геологийн судалгааны талбайтай 0,02 га хэмжээгээр давхцаж байгаа нь Кадастрын зураглалын тухай хуульд зааснаар давхцалд тооцогдохгүй тухай тодорхойлжээ.  

Улмаар Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6/6483 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад мэдэгдэл  хүргүүлсэн боловч хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тул мөн газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаар шийдвэрээр  маргаан бүхий талбайд "Е" ХХКд XV-018987 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл  олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Говь-Алтай аймгийн Засаг дарга нь хуульд заасан 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон” хэмээн маргаж байгаа нь үндэслэлтэй.

Гэсэн хэдий ч хууль тогтоогчоос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах харилцаанд “...хамгийн түрүүнд өргөдөл гаргасан байх” шаардлагыг хуульчилсан байх бөгөөд "Х" ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхээр байх тул цаг хугацааны хувьд сүүлд гаргасан хүсэлтийг шийдвэрлэж тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн 838 дугаар шийдвэрийг мөн хүчингүй болгох нь зүйтэй юм. 

Өөрөөр хэлбэл, "Е" ХХКийн хүсэлтэд дурьдсан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т талбай нь “...түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурьдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж заасан байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. 

Нөгөө талаас, хариуцагч нь нэг талбай дээр хүсэлт гаргасан 2 байгууллагын хүсэлтийг эсрэгээр шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчээс маргаж буй “ялгавартай шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй байна. 

Иймд “...Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаар шийдвэрийн "Е" ХХКд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.2, 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.5 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Х" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Ашигт малтмалын газар/хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн "Х" ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 838 дугаар шийдвэрийн "Е" ХХКд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, "Х" ХХК-аас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025546 дугаартай өргөдлийн эрхийг сэргээж, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын Хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ