Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0574

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2019/0063 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор, М.Б-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “в”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ын тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Д.Өмиргүлд холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг “Бахлуур” гэх газарт 2012 оноос өнөөдрийг хүртэл нутаглаж байгаа билээ. Гэтэл тус газрыг Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн Д.Ө гэгч нь тус сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 80 дугаартай захирамжаар эзэмшилдээ авсан болохыг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж Д.Ө-ийн нэхэмжлэлтэй, иргэн М.Б надад холбогдох “Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг “Бахлуур" гэдэг газар байршилтай өвөлжөөний газраас албадан нүүлгэхийг даалгах тухай” шаардлагатай нэхэмжлэлийн нэг хувийг гардан авч танилцах үед олж мэдсэн. Тухайн газрыг Д.Ө гэгчид хууль ёсоор эзэмшүүлсэн эсэх тухай дүгнэлт хийхэд, тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Бахлуур” гэх газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргах үед Д.Өнь 18 насанд хүрээгүй нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид “иргэн” гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана...” гэж заасныг ноцтой зөрчсөн, мөн энэхүү “Бахлуур” гэх газар нь Хилийн 0285 дугаар ангийн хилийн бүс зурваст хамаардаг тул Монгол Улсын Хилийн тухай хуулийн 26.1-д “...Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ...”, 26.3-т “...Улсын хилийн зурваст дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, 26.3.1-д “...улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх гэж...” тус тус зааснаас үзэхэд Хилийн бүсийн зурваст  газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болох нь тодорхой харагдаж байна. Д.Ө нь манай багийн иргэн ч биш, манай багийн нутаг дэвсгэрээс газар эзэмших эрх ч үгүй этгээд. Би 7, 8 жилийн хугацаанд маргаан бүхий газарт нутаглаж, хаваржиж, хаваржааны зориулалттай хашаа хороог өөрийн хөрөнгөөр барьж босгосон байтал хэн нэгэн төрөл садан, хамаатныхаа албан тушаалыг ашиглаж, дур зоргоор бусдын газрыг эзэмшихийг зөвшөөрөхгүй, энэ нь шударга ёсонд нийцэхгүй. Намайг энэхүү газарт хаваржсан дээрх хугацаанд Д.Өнэг ч удаа энэ газар миний газар гэж ирээгүй, мөн маргаан бүхий газарт нутаглаж, хаваржиж өвөлжиж байгаагүй болохыг шүүх хуралдааны шатанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдсэн болно. Газрын тухай хуульд зааснаар хариуцагч энэхүү шийдвэрийг хүчингүй болгох замаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой гэх боловч хариуцагч чухам хууль бус ажиллагааг хэзээ зогсоох эсэх нь тодорхой бус юм. Хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хууль бус болох нь бүрэн дүүрэн нотлогдож байхад зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашиг зөрчигдөхгүй гэх үндэслэлээр хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоогүй нь шүүх нэг талыг баримталсан гэж үзэх хардлага төрж байна. Иймд хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч М.Б нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан “Ногооннуур сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаар захирамжийн Д.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “тухайн газарт 2012 оноос нутаглаж байгаа, хуулиар хориглосон улсын хилийн зурвас газрыг 18 насанд хүрээгүй Д.Ө-д эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн” гэж маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

         Маргаан бүхий сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-д заасныг  баримтлан гуравдагч этгээд Д.Өмиргүлд Ногооннуур сумын 6 дугаар баг, Бахлуур гэх газарт 500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн 000504565 тоот гэрчилгээ олгосон байна.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаж буй дээрх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаардаг төдийгүй улсын хилийн зурвас газарт багтдаг болох нь тогтоогдсон байх ба анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж заасныг зөрчин насанд хүрээгүй Д.Ө-д газар эзэмших эрх олгосон талаар нэхэмжлэгчийн маргасан үндэслэл зөв.

Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан шийдвэрийг шүүх гаргахдаа нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол байгаа эсэхийг нэн түрүүнд шалгах үүрэгтэй бөгөөд маргаан бүхий акт нь  нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул “гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь хууль бус болох нь бүрэн дүүрэн нотлогдож байхад зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашиг зөрчигдөхгүй гэх үндэслэлээр хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоогүй нь шүүх нэг талыг баримталсан” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Тодруулбал, захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд нэхэмжлэгч М.Б нь 2012 оноос маргаан бүхий газар нутаглаж байгаа ч түүнд хуульд заасан журмаар газар ашиглах эрх үүсээгүй, хэрэгт авагдсан “Хилийн зурваст нутаглаж байгаа ХХТХГ, иргэдтэй байгуулсан гурвалсан гэрээ”, “Хилийн зурваст оторлох иргэдтэй байгуулах гурвалсан гэрээ” зэргээр хилийн зурвас газарт нутаглаж байгаа иргэдэд хил орчмын бүс нутагт тогтоосон журмыг сахин биелүүлэх, хил зөрчихгүй байх, хил зөрчсөн талаар мэдээлэх үүрэг хүлээлгэсэн нь газар ашиглах эрх үүсгэсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл / эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан нь хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий байгууллага, албан тушаалтаныг тодорхойлсон ерөнхий зохицуулалт бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх хуулийн заалтыг дурьдсанаар хариуцагчид ямар нэг үүрэг хүлээлгээгүй, хэрхэн шийдвэрлэх нь захиргааны байгууллага, албан тушаалтанд олгогдсон эрх хэмжээнд хамааралтай болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичиглэлийн алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 110/ШШ2019/0063 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “захирамжийн” гэдгийн урд “80 дугаар” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                 Ц.Цогт  

                ШҮҮГЧ                                                  С.Мөнхжаргал    

                ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН