Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2023/0076

 

Т.Ө-ны гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт

шалгалт, зохион байгуулалтын газрын хянан

шалгагчид холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                       Д.Батбаатар      

                                                        П.Соёл-Эрдэнэ                       

                                                        Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                           М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0522 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2023/0496 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 405 дугаар тогтоолтой хэргийг,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байж болзошгүй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Т.Ө-аас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Т-т холбогдуулан “... 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал: Т.Ө- нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... үл хөдлөх эд хөрөнгийг “П Л И М П” ХХК-д худалдахаар болж 01/21 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахдаа тухайн эд хөрөнгийн үнийг ам.доллароор тохиролцжээ. “П Л И М П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан мэдээллийн дагуу хянан шалгагчаас Т.Ө-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0014029 дугаартай шийтгэлийн хуудсаар “гэрээний дүнг ам.доллароор илэрхийлж гүйцэтгэсэн” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.1.Т.Ө-аас гомдлын шаардлагын үндэслэлээ “... зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж Зөрчлийн тухай хуульд заасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ... “П Л И М П” ХХК нь гэрээг өөрөө ам.доллароор байгуулах саналыг тавьж, дараа нь төлбөр тооцоогоо ам.доллар болон төгрөгөөр хувааж гүйцэтгэсэн атлаа намайг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн гэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан, ... төлбөр тооцоо гүйцэтгэх гэдэг нь төлбөр төлөх үйлдэл бөгөөд худалдсан тал төлбөр тооцоо гүйцэтгээгүй тул уг зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй …” гэсэн агуулгаар тодорхойлон маргасан.  

2.2.Хариуцагчаас “... Т.Ө- нь үл хөдлөх хөрөнгийн үнийг гадаад валютаар тогтоосон тул хуульд заасны дагуу хариуцлага ногдуулсан, ... гэрээг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан, тус гэрээтэй холбоотой үнэ илэрхийлсэн тооцоо нийлсэн акт ..., банкны баримт зэрэг холбогдох баримтуудаар зөрчил нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байгаа нь ... хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй ...” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.  

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... зөрчлийг сүүлд үйлдсэн өдрөөс буюу 2022 оны 09 дүгээр сараас эхлэн тооцохоор байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбар үндэслэлгүй, ... тухайн тохиолдолд илүү нарийвчилсан зохицуулалт болох Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх бөгөөд хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж буй бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ хамаарах бөгөөд түүний дотор гэрээ байгуулах, төлбөрийг хүлээн авах ч мөн адил хамаарна ...” гэж дүгнэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гийн гомдлоор хэргийг хянаад “... аливаа бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх үүрэгтэй, тухайн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ын үнэ 4000 ам.доллар, нийт үнэ 2.029.840,00 ам.доллар гэж илэрхийлсэн, түүнчлэн төлбөрийн зарим хэсгийг гадаад валютаар авсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байх тул шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэсэн дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5.Хяналтын журмаар гаргасан гомдол:

5.1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-иас “... а/“Илэрхийлэх” ба “Төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн 2 тусдаа үйлдлийг нэгтгэж тайлбарласан тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхээс гомдлын нэг үндэслэл болох хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4-т дурдсанаар “сүүлийн тооцоог 2022 оны 09 дүгээр сард хийсэн болох нь тогтоогдож байна” гэсэн. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1-д заасан “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих” зөрчил нь “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх болон түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” гэсэн 2 тусдаа үйлдэл бүхий 2 зөрчил болохыг анхааралгүй, нэг ойлголт мэтээр нэгтгэж хэрэглэсэн.

5.2.Гомдол гаргагчийн хүсэлтийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн нэр томьёоны утга агуулга, үзэл санааг тодруулах үүднээс уг зөрчлийн уг үндэс болсон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль /2009/-ийн төслийн хувийн хэргийг Улсын Их Хурлын Тамгын газраас нотлох баримтаар гаргуулсан. Ингээд 2 дугаар хавтаст хэргийн 212 тал дахь тус хуулийн төслийн үзэл баримтлалын сүүлийн догол мөрт дурдсанаас үзвэл Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэсэн заалт тухайн үед хэрэгжиж байсан боловч тус заалтын хэрэгжилтэд хяналт тавих, мэдэгдэл хүргүүлэх, хариуцлага тооцох тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай тул уг харилцааг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулах шаардлагатай гэсэн үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд байсан “Мөнгөн төлбөрийн үүргийг” гэснийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулахдаа “төлбөр тооцоо гүйцэтгэх” гэж томьёолсон гэж ойлгогдож байна.

5.3.Иргэний хуулийн тус заалт нь 16 дугаар бүлэг болох ‘‘Үүрэг гүйцэтгэх” гэсэн бүлэгт хамааралтай зохицуулалт. Иймд талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний мөнгөн төлбөрийг үүрэг гүйцэтгэж байгаа тал нь худалдагч болох Т.Ө- бус, харин худалдан авагч болох “П Л И М П” ХХК юм. Тиймээс ч уг хуулийн этгээдийн төлбөр тооцоо гүйцэтгэсэн гэх зөрчилд шийтгэл ногдуулсан байдаг. /2-р хавтаст хэргийн 18-р тал/ Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс нэгдүгээрт худалдагчийг “мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн” мэтээр, хоёрдугаарт талуудын хооронд нэгэнт хийгдэж дууссан төлбөрийн талаар “Тооцоо нийлсэн акт” гэх санхүүгийн баримт үйлдсэнийг “төлбөр тооцоо гүйцэтгэсэн зөрчил” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн зүгээс “илэрхийлэх” болон “төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн 2 зөрчлийг Т.Ө- давхар үйлдсэн эсвэл нэг үйлдэл мэтээр хольж тайлбарлан хэрэглэж, шийтгэлийн хуудаст тусгасныг анхаараагүй.

5.4.Гомдол гаргагчийн үзэж байгаагаар Т.Ө- нь гэрээний үнийн дүнг “ам.доллар” гэж зөвшөөрч гарын үсэг зурсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1-д заасан “үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлээгүй” гэсэн зөрчилд хамаарч болох юм. Өөрөөр хэлбэл, үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэдэг нь гэрээний зүйлийн “үнэ тогтоох” үйлдэл бөгөөд энэ нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулснаар нэгэнт төгссөн зөрчил юм. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууссан гэж үзэж байна.

5.5.б/“Төлбөр тооцоог гүйцэтгэх” гэдэг төлбөр төлөгч нэг талын үүргийг “Төлбөрийг хүлээн авсан” талд хамаатуулж тайлбарласан тухайд: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6-д дурдсанаар Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалт нь “төлбөрийг хүлээн авах” ч мөн адил хамаарна гэсэн. Гэвч худалдан авагч тал нь төлбөрийг дансаар төлсөн бол худалдагч нь өөрөө оролцолгүйгээр “төлбөрийг хүлээн авах” гэдэг зөрчил үйлдсэн болж таарахаар байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд харшилж байна.

5.6.Мөн бодит байдал дээр гэрээний үнийг ам.доллароор илэрхийлсэн боловч худалдан авагч нь төлбөрийг гүйцэтгэхдээ заримыг нь төгрөгөөр, зарим хэсгийг нь ам.доллароор гүйцэтгэсэн байдаг. Хэрэв худалдан авагч хүсвэл төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх боломжтой байсан бөгөөд үүнд худалдагч Т.Ө- оролцоогүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, гомдлыг хүлээн авч хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

7.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Захиргааны хэргийн давж заалдах

шатны шүүх Т.Ө- гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохион байгуулалтын газрын хянан шалгагч М.Тт холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гийн давж заалдах гомдлоор 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг шүүгч Э.Лд хуваарилсан байх бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1626 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан, мөн өдрийн 1643 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэхээр хойшлуулжээ.

8.Улмаар ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Б.Т, шүүгч Э.Л нарын бүрэлдэхүүнтэй уг хэргийг хянан шийдвэрлэж, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн  221/МА2023/0496 дугаартай магадлал гаргасан байна.

9.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 17.1.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 118 дугаар зүйлийн 118.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргална” гэж тус тус заажээ.

10.Энэхүү хууль, журмын дагуу уг хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Б.Т, шүүгч Э.Л нар томилогдсон эсэх нь тодорхойгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан баримт хэрэгт байхгүйгээс гадна захиргааны хэргийн программд ч шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжийн дугаар авагдаагүй байна.

11.Иймээс хуульд заасан журмын дагуу томилогдсон шүүх бүрэлдэхүүнээр тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаав.

12.Түүнчлэн, анхан шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах”, 106.3.12-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэж тус тус заасныг шийдвэрийн удирдлага болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дурдаагүйг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2023/0496 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                                  ШҮҮГЧИД                                                         Д.БАТБААТАР

                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                        Ц.ЦОГТ

                       М.БАТСУУРЬ