Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 24

 

Ч.Шүрэнцэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх, Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга             Г.Намуунзул

 Прокурор                                  Ц.Лхамсүрэн

 Ялтны өмгөөлөгч                     Д.Урансувд

 Ялтан                                        Ч.Шүрэнцэцэг нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ч.Шүрэнцэцэг, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлоор Ч.Шүрэнцэцэгт холбогдох эрүүгийн 201611000468 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1988 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эцэг эх, дүү, хүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн "Зангиат"-ын 24 дүгээр гудамжны 13 тоотод оршин суух, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Жарангийнхан овогт Чулуунбаатарын Шүрэнцэцэг /РД-ЖЮ88030607/.

Ч.Шүрэнцэцэг нь 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сум 7 дугаар багт байрлах 40-р байрны урд талын авто машины зам дээр 65-44 ДОР дугаартай "ALLION" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д  "…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…", мөн дүрмийн 9.1-д "...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...", мөн дүрмийн 9.2-д "…жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч Б.Мөнхтайваныг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор: Чулуунбаатарын Шүрэнцэцэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ч.Шүрэнцэцэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ч.Шүрэнцэцэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, ялтан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-д зааснаар ялтан Ч.Шүрэнцэцэгээс гэм хорын хохиролд нийт 207583 /хоёр зуун долоон мянга таван зуун наян гурав/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн Нарлагийн 1-25 тоотод оршин суух, хохирогчийн төлөөлөгч Хөх хөтигин тайжууд овогт Балчингийн Урантогос /ЖЮ 70121800/-т олгож,  1866720  /нэг сая найман зуун жаран зургаан мянга долоон зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг хохирогчийн төлөөлөгч Б.Урантогост мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн толгойн компьютер томографын зураг 4 ширхэг, СD 2 ширхэг, рентген зураг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, амбультороор эмчлүүлэгсдийн карт 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигчид буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан Ч.Шүрэнцэцэгийн эзэмшлээс "ALLION" маркийн 65-44 ДОР улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн, "SAMSUNG GALAXY J7" маркийн гар утас битүүмжилсэн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Ч.Шүрэнцэцэгийн ЖЮ88030607 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбарыг нэн даруй, №723623 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ч.Шүрэнцэцэгт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолж …шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: ...Шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, явган зорчигчийн ЗХД баримтлаагүй байдал хамгийн гол нөлөө үзүүлсэн бөгөөд согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаад осолд өртсөн гэх боловч ЗЦТ-ийн зохицуулагч шинжээчийн дүгнэлтээр энэ заалтыг тусгадаггүй. ...Явган зорчигч буюу хохирогч гэх Мөнхтайван авто машины зам дээр гэнэт гарч ирэн жолоочийн явж байгаа замын урсгалд орж ирэн мөргүүлсэн. ЗХД-ийн дагуу явган хүний гарцтай тэмдэг тэмдэглээтэй газраар зам хөндлөн гараагүй, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх зэргээр дүрэм зөрчин гэмт хэрэг гарах шалтгаан болсон байдлыг шүүхээс анхааран үзэж ял шийтгэлийг ногдуулахдаа учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Энэ хэрэг нь болгоомжгүй үйлдлээр болсон ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1200000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. ...Шүүхийн шийдвэрийн дагуу 207583 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Уг мөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд шүүгдэгчийн ар гэрээс шилжүүлсэн. Мөн шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй боловч иргэний журмаар шийдүүлэх талаар нээлттэй орхисон 1800000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу төлсөн. Дахин нэмээд төлөхийг шаардсан 1730000 төгрөгийг ч ар гэрийнхэн нь төлсөн. Хохирол төлбөр, гэм хорыг арилгасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Шүүгдэгч Ч.Шүрэнцэцэг нь ...3 нас 9 сартай цэцэрлэгт хүмүүждэг хүүхэдтэй, хүүгийн хамт аав, ээж нартайгаа амьдардаг. Анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, хохирогчийн ар гэрийн зүгээс гомдолгүй гэсэн бөгөөд үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, болгоомжгүй байдлаар үйлдсэн гэмт хэрэг зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэжээ.

Ялтан Ч.Шүрэнцэцэг давж заалдах гомдолдоо: …Замын хөдөлгөөний дүрмийн дагуу явган хүний гарцтай, тэмдэг тэмдэглэгээтэй газраар зам хөндлөн гараагүй, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх зэргээр дүрэм зөрчин гэмт хэрэг гарах шалтгаан болсон байдлыг шүүхээс анхааран үзэж, миний учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй биечлэн хорьж шийтгэсэнд гомдолтой байна. Энэ хэрэг болгоомжгүй, санамсаргүй болсон ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1200000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Хохирогчид осол болсны дараа эмнэлгийн тусламж үзүүлэх, гэмт хэргийн талаар цагдаагийн газарт мэдэгдэх, ослын дараа хохирогчийн эрүүл мэндийн төлөө өөрийн чадлын хэрээр туслаж дэмжиж          байсан болохыг шүүхээс үнэлсэнгүй. Энэ хугацаанд би 1600000 гаруй төгрөгийн эм         тариа, эмчилгээний зардал болон хохирогчийн ар гэрийнхэнээс нэхсэн мөнгийг өөрийн боломж, чадлынхаа хэрээр өгч дэмжлэг үзүүлж байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 207583 төгрөгийг  хохирогчийн дансанд манай ар гэрээс шилжүүлсэн. Мөн шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй боловч иргэний журмаар шийдүүлэх талаар нээлттэй орхисон 1800000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийн дагуу төлж, гэм хорыг арилгасан. Би төрийн байгууллагад 2010 оноос эхлэн 8 дахь жилдээ эзэмшсэн мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж ирсэн. 4 настай, цэцэрлэгт хүмүүждэг хүүхэдтэй. Өөрийн аав, ээжийн гэрээс өрх тусгаарлаагүй, хүүгийн хамт аав, ээжтэйгээ амьдардаг. ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ч.Шүрэнцэцэг  нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цаг 40 минутын орчим, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багийн нутаг, 40-р байрны урд талын төв зам дээр 65-44 ДОР улсын дугаартай "ALLION" маркийн суудлын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-ын “...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-ийн “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 9.2-ын “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, явган зорчигч Б.Мөнхтайваныг мөргөж, бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч О.Алтантуяагийн “2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчим Ч.Шүрэнцэцэгтэй хамт ажил дээрээсээ Сүхчингийн байр руу хөдөлсөн. 40-р байрны урд талын автобусны буудлын харалдаа явж байхад хойд талаасаа нэг хүн, зөрсөн машины араас гарч ирэн замын голд зогссон. Тормозоо гишгэхэд тэр хүн урдуур ороод мөргүүлсэн. Тэр хүнийг зам гарах гэж байгааг 2 метр орчим зайнаас л харсан” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 хуудас/, зам тээврийн ослын шалтгааны талаар гарсан шинжээч Т.Лхагвасүрэнгийн “жолооч Ч.Шүрэнцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 9.1-ийн жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-ийн жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй, жолооч Ч.Шүрэнцэцэг нь замын нөхцөл байдалд хурдыг зөв сонгож яваагүйн улмаас осол гаргах шалтгаан болсон байх үндэслэлтэй” гэх дүгнэлт /хх-ийн 60-р хуудас/, хохирогч Б.Мөнхтайваны бие махбодид учирсан гэмтлийн шинж чанар, гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52, 124-125-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх Ч.Шүрэнцэцэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

Хэргийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Ч.Шүрэнцэцэг  нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хүндрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй, одоог хүртэлх хугацаанд хохирогчийн эмчилгээнд гарсан зардлыг бүрэн нөхөн төлсөн зэргийг харгалзан  түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Чулуунбаатарын Шүрэнцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай” гэх, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д тус тус зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай” гэх, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Шүрэнцэцэгт хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэх заалтыг тус тус нэмж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 70 дугаар зүйлийн 70.1-д тус тус зааснаар Ч.Шүрэнцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Ялтан Ч.Шүрэнцэцэг нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 28 /хорин найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                 

                                    ДАРГАЛАГЧ                              Л.НАРАНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                  О.БААТАРСҮХ

                                                                                        Б.СҮХГОМБО