Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2024/00818/И |
Дугаар | 207/ма2024/00089 |
Огноо | 2024-09-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 207/ма2024/00089
2024 09 05 207/МА2024/00089
******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Ч.*******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.*******д холбогдох,
Цалингийн зээлийн эрсдэлд төлсөн 14.247.423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа, нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ХК нь ******* банктай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22- ны өдрийн 12/85 тоот Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл-ийн дагуу ******* банкны цалингийн зээлийн зээлдэгч нь ажлаас халагдах, хөдөлмөрийн чадваргүй болох гэх мэт эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүсэхэд зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр банканд нөхөн төлбөрт олгож, улмаар зээлдэгчээс зээлийг нэхэмжлэх банкны эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авч ажилладаг болно. ******* банк-ны 2013 оны 9 сарын 11-ний өдрийн №3019-2013/103 тоот Цалингийн зээлийн гэрээний зээлдэгч Ч.******* нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №Б/266 тоот Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөж үндсэн зээлийн үлдэгдэл болох 9.498.282 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөлгүй удааснаар даатгалын тохиолдол үүссэн. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №181/ШШ2017/01761 тоот шийдвэрээр Ч.*******гийн зээлийн гэрээний үлдэгдэл 9.498.282 төгрөг, алданги 4.749.141 төгрөг нийт 14.247.423 төгрөгийг манай компаниас гаргуулж ******* банк-д олгох шийдвэр гарч зээлийн үлдэгдлийг манай компани төлсөн тул зээлдэгч Ч.*******с зээлийн үлдэгдэл болох 9.498.282 төгрөг, алданги 4.749.141 төгрөг нийт 14.247.423 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ч.******* нь 2012 оны 3 дугаар сард ******* ХК-д гагнуурчнаар ажилд орсон, тухайн үед гэр бүлийн хамт нүүж ирвэл ажилчдын амьдрал ахуйг дэмжиж, тусалж гэр бүлийн хамт ажилд авч хашаа, газар нэгдсэн журмаар өгч байр барина гэсэн тул 2013 оны 6 сард гэр бүлийн хамтаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэр бүлийн хамтаар нүүж очсон. Эхнэр нь******* ХК-ийн гал тогоонд бэлтгэгчээр орж ажиллаж байхад удалгүй гал тогоо нь тендер зарлаж хувийн компанийн ажилчид ажиллах болсон тул эхнэр нь ажилгүй болсон. Тэгсэн ч нэгэнт гэр бүлийн хамтаар /энхэр 2 хүүхдийн/ нүүж ирсэн юм чинь гээд 2013 оны 9 дүгээр сард цалингийн зээл авч Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хашаа 10 сая төгрөгөөр авсан. Уг нь гэр бүлийн хамтаар нүүж ирж ажиллах юм бол орон байраа хангана гэж хэлж байсан ч бодит байдал дээр нүүж очсоноосоо хойш айлын хашаа түрээслэн байдаг байсан. Тиймээс амьдрах орон гэр шаардлагатай байсан тул ******* банк-наас 13.200.000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. 2014 оны 05 дугаар сард н.Мөнх-Алдар инженер цагаан хадны хэсэг гагнуурчингүй болсон гээд цагаан хадны засварын хэсэг рүү Ч.*******г авсан. Тухайн үед ямар тушаал шийдвэр гаргаж цагаан хадны хэсэг рүү явуулсныг мэдэхгүй цагаан хад руу томилогдсон гэж хэлсэн тул Ч.******* тэнд ажилласан. 2014 оны 09 дүгээр сард дараагийн ээлжээ хүлээн ээлжийн 14 хоногийн амралтаар амарч байхад гэнэт цагаан хадны хэсэг татан буугдсан гэж хэлсэн. Тухайн үед цагаан хадны хэсэгт ажиллаж байсан бүх хүмүүс ажилгүй болсон. Ажлаас гэнэт халагдсаны мөнгө төгрөг гэж өгөөгүй. Ажлаас гэнэт халагдахаас өмнө миний бие зээлийн эргэн төлөлтийн цаг хугацаанд нь төлж явж байсан. Гэтэл ажлаас гэнэт халагдсанаас болж зээлийн төлөлтөө алданги оног төлж байгаад 2015 онд ******* ХК-д ажилдаа эргэж орох эсвэл цалингийн зээлээ төлүүлмээр байна гэж өргөдөл гаргасан. Банкнаас зээлээ төлөхийг шаардахад Ч.******* нь ажлаас халагдсан тухай үнэн учраа хэлж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ******* банк руу ажлаас халагдсан тушаалыг факсаар явуулсан. Түүнээс хойш банк нэг ч удаа Ч.*******той холбоо барьж яриагүй, зээлээ төлөхийг шаардаагүй. Тухайн үед ашиглаж байсан утасны дугаар нь одоог хүртэл өөрчлөгдөөгүй. ******* банк-наас дахиж цалингийн зээлийн төлөлтийн талаар холбоо бариагүй болохоор ******* ХК-д өргөдөл гаргаснаас хойш цалингийн зээлийн үлдэгдлийг төлсөн юм байна даа гэж Ч.******* бодсон. Ч.******* нь ******* ХК-тай ямар нэгэн даатгалын гэрээ байгуулаагүй болно. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 123 дугаар зүйлийн 123.8, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.*******д холбогдох 14.247.423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайханы шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Тус шүүхийн 2024 оны Об-р сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаартай шийдвэрийг ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйл 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй мөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхгүйгээр хэт нэг талд хэргийг шийдвэрлэсэн зөрчил гаргасан гэх үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Иймд тус шүүхийн 2024 оны 06-р сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Үүнд: 1. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: Мандал Даатгал ХК нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 001/ХТ2017/01702 дугаартай тогтоол гарч хэрэг эцэслэн шийдэгдсэн хугацаанаас хойш нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй хэмээн тайлбарласан. Гэвч энэхүү маргаан нь гэрээний үүрэг хангуулах маргаан бус буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах /гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх ИХ-ийн 497.1, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ИХ-ийн 492.1/ маргаан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мандал Даатгал ХК нь анх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ч.*******д холбогдуулан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан ба Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 142/Ш32018/02962 дугаартай шийдвэрээр хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар Мандал Даатгал ХК нь Ч.*******г эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/01882 дугаартай шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас гаргасан 2023 оны 10 сарын 25-ны өдрийн тодорхойлолтод заасан хаягаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 сарын 27-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан болно. 2. Шаардах эрх шилжих асуудлын хувьд: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д зааснаар даатгалын баталгааг хариуцагч Ч.*******д гардуулаагүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцпийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ заасны дагуу нэхэмжлэгч Мандал Даатгал ХК нь ******* банкнаас шаардах эрхийг бичгээр шилжүүлэн аваагүй хэмээн үндэслэлээ тайлбарлажээ. Гэтэл ******* банкны нэхэмжлэлтэй Мандал Даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 14.247.282 төгрөг гаргуулах иргэний хэрэг нь Сүхбаатар дүүргийн анхан шатны 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01761 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 1966 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 001/ХТ2017/01702 дугаартай тогтоолоор хариуцагч Мандал Даатгал ХК нь нэхэмжлэгч ******* банканд даатгалын нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч нь Мандал Даатгал ХК-ийн данснаас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулж ******* банканд олгосон. Иймээс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардпын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу ******* ХК нь Ч.*******с зээлийн үлдэгдлийг шаардах эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна. Мөн шүүх 433 дугаар зүйлийн 433.1-д Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй хэмээн заасныг хариуцагч Ч.*******д хамааруулан үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Ийнхүү дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ч.*******гоос цалингийн зээлийн эрсдэлд төлсөн 14.247.423 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн татгалзсан тайлбар гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч ******* ХК нь ******* банктай 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12/85 тоот цалингийн зээлийн эрсдэлийг даатгах тухай хэлцэл байгуулсан ба тухайн хэлцлээр ******* банкны цалингийн зээлийн зээлдэгч нь ажлаас халагдах, хөдөлмөрийн чадваргүй болох гэх мэт эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүсэхэд зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр банкинд логож, улмаар зээлдэгчээс зээлийг нэхэмжлэх банкны эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авахаар тохиролцсон байна.
Энэхүү хэлцлийн дагуу ******* банк хариуцагч Ч.*******той 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 13,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч Ч.******* нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/266 гэсэн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, зээлийн үлдэгдэл үндсэн зээл 9,498,282 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй учир даатгалын тохиолдол бий болсон, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1761 дугаар шийдвэрээр Ч.*******гийн үндсэн зээлийн үлдэгдэл 9,498,282 төгрөг, алданги 4,749,141 төгрөг, нийт 14,247,423 төгрөгийг ******* ХК-иас гаргуулж, ******* банкинд олгохоор шийдвэрлэсэн ба ******* ХК нь даатгалын нөхөн төлбөрийг банкинд төлж барагдуулсан, хариуцагч Ч.******* нь ажлаас халагдахаас өмнө цалингийн зээлээ цаг тухайд нь төлж ирсэн. Ажлаас гэнэт халагдснаас болж зээлийн эргэн төлөлтөө алдаг оног төлсөн байсан гэсэн татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцсэн зэрэг баримтууд тогтоогджээ.
******* банк ХХК нь ******* ХК-тай 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, даатгалын үйл ажиллагааг банкны үйл ажиллагаатай нэгтгэж харилцан ашигтай ажиллах зорилгоор 12/83 тоот Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулж, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 12/85 тоот Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийг байгуулж уг хэлцлээр ******* банкнаас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу ******* банк 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ч.*******той байгуулсан 13,200,000 төгрөгийн цалингийн зээлийн даатгалд хамруулж даатгалын хураамж төлсөн, Ч.******* нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* ХК-ийн уурхайн ложистикийн хэлтсийн туслах ажилтны ажлаас чөлөөлөгдсөнөөр даатгалын тохиолдол бий болсон байна. ******* банк ******* ХК-ийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байна. Энэхүү гэрээгээр даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэж тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. Даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээ даатгагч гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар тооцсон алданги төлөхөөр даатгалын гэрээнд тусгасны дагуу ******* ХК нь ******* банкинд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 9,498,282 төгрөг, алданги 4,749,141 төгрөг, нийт 14,247,423 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт шүүхийн шийдвэрээр төлжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 433.1-д зааснаар даатгалын баталгааг Ч.*******д гардуулаагүй, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан ******* ХК нь ******* банк ХХК-иас шаардах эрхийг бичгээр шилжүүлэн аваагүй, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол гарч эцэслэн шийдэгдсэн хугацаанаас хойш нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйл, 236 дугаар зүйлд нийцээгүй байна.
******* ХК нь ******* банк ХХК-ийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д заасан даатгалын баталгааг даатгагч ******* ХК даатгуулагч ******* банк ХХК-д гардуулах үүрэгтэй болохоос зээлдэгч Ч.*******д гардуулах үүрэггүй болно. Ч.******* нь ажлаас чөлөөлөгдөж цалингийн зээллийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээр даатгалын тохиолдол бий болж даатгагч ******* ХК нь даатгуулагч ******* банкинд Ч.*******гийн цалингийн зээлийн үлдэгдэл мөнгийг алдангийн хамт нөхөн төлсөн нь тогтоогдсон тул өөрт учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг хариуцагч Ч.*******гоос шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм. ******* ХК нь даатгалын тохиолдол бий болсны улмаас банкинд учирсан эрсдэлийг нөхөн төлсөн тул энэ хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй юм. Нөгөө талаар ******* ХК нь 2018 оны 06 сард Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар Ч.*******г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, эрэн сурвалжлуулснаар цагдаагийн газраас хариуцагчийн хаягийг тогтоож, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байсан байна.
Хэрэгт авагдсан Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн 10 дугаар хуудсанд /нөхөн төлбөр/ даатгалын тохиолдол болж нөхөн төлбөрийг банкинд олгосон тохиолдолд зээлдэгчээс зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхийг даатгалын компанид шилжүүлнэ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан даатгалын гэрээнд заасан гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй ба үүргийн гүйцэтгэлд харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар даатгагч өөрт учирсан хохирол буюу нөхөн төлбөрт төлсөн 14,247,423 төгрөгийг гаргуулж ******* Х-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 123 дугаар зүйлийн 123.8, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.*******д холбогдох 14.247.423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439.4, 210.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ч.*******гоос даатгалын нөхөн төлбөрт 14,247,423 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай гэж,
шийдвэрийн 2 дахь заалтанд хариуцагч Ч.*******гоос Улсын тэмдэгтийн хураамжинд 229,187 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ