Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т, 

Хохирогчийн өмгөөлөгч Э.С,

Хохирогч А.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ж.Г-д холбогдох эрүүгийн 1820001110128 тоот хэргийг 2018 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Д аймгийн Э сумын 5-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Ж.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орой 12 цагийн орчимд Д аймгийн Ө сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хөлгүй усны сайр гэх газар ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт, 2.3 дахь заалт, 9.1 дэх заалтыг тус тус зөрчиж ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж А.Ц-ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Д аймгийн Э сумаас С сум руу Э-н хамт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Саната-6 маркийн тээврийн хэрэгслээр 10 цаг 30 минутын үед сумаас гараад С явж байх замдаа миний машин гэнэт жолоодлогогүй болж зогсоох арга хэмжээ авсан боловч эсрэг урсгалаас ирж байсан ... улсын дугаартай Тоёота маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би яг тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Зам тээврийн осол гарахаас өмнө гүүрэн дээгүүр гарахад 60 км цагийн хурдтай зөөлөн гарсан. Цаашаа хойшоо байсан учир хурд авч амжаагүй байсан байх. Тухайн зам тээврийн осол болох үед машинаас гараад нөгөө машины хүмүүст туслах гээд явах гэсэн боловч миний хөл гишгэж болохгүй босож чадахгүй байсан учир очиж чадаагүй. Тухайн үед С сумын чиглэлд явж байсан цагаан өнгийн авто машины жолоочийг гуйж түргэн дуудаад өгөөч гэж хэлэхэд тухайн залуу эргэж машин луугаа яваад утсаа аваад түргэн дуудсан талаар хэлсэн. Тухайн хүнийг нөгөө машинд байгаа хүмүүст туслаад өгөөч гэж гуйхад одоо түргэн ирнэ хөдөлгөж болохгүй гэж байсан. Хэсэг хугацааны дараа түргэн ирсэн ... Гэнэт машин дайвалзаад эсрэг урсгалаар ирж байсан машиныг мөргөж осол гаргасан. Өөрийн буруу үйлдлээс болж осол гаргасандаа харамсаж байна. Шүүхээс гаргасан хохирлыг төлж барагдуулна. Хохирогчид 8,500,000 төгрөгийг төлсөн...” гэсэн  мэдүүлэг /2хх-ийн 27-28/,

- Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2018 оны 04 дүгээр сарын 28-ны 05 цаг 40 минутын орчим өөрийн төрсөн эгч А.М, Э.Д гэдэг хүнтэй Д аймаг явсан. Замдаа С сумаас урагш 12 км зайд миний эзэмшлийн мал байдаг тэрийг сувай мал болох 500 тооны малыг худагнаас услаад 09 цагийн үед Д аймаг руу гарсан. Д аймгийн С суманд 12 цаг өнгөрөөгөөд очсон. Э захын орчим эгч, дүү хоёроо буулгаад цаашаа Д аймгийн Ө сум руу гарсан. Д аймгийн З чиглэлийн засмал зам дээр цагдаа зогсоосон. Бичиг баримт хурааж аваад номер янзал гээд номероо янзлаад бичиг баримтаа аваад хөдөлсөн тэр үед зам дээр дугуйтай номер зүүсэн хүүхдүүд олон явж байсан тэр хүүхдүүдийг өнгөрөөгөөд зогсож бие зассан тэгээд хөдлөөд удаагүй явж байгаад осол 13-14 цагийн үед болсон. Миний явж байсан эгнээ рүү урсгал сөрж орж ирсэн. Тэгээд осол гарсан уг зам дээр ямар нэгэн машин байгаагүй. ... Зүүн талын хөл дунд чөмөгөндөө 4 хугаралтай зүүн талын тойгны яс дундуураа хугаралтай аарцаг зүүн тогоо ясны хажуугаар том хугаралтай баруун аарцаг умдагны сүүжний нүх хэсгээр 2 хугаралтай зүүн талын доод хавирга хугаралтай амьсгалахад хүндрэлтэй зүүн талын дал зөөлөн эдийн гэмтэлтэй зүүн гуя 20 см орчим хагалгааны соривтой хэвлийн хэсэгтэй 20 см орчим соривтой, хөндлөн 15 см орчим хагалгааны соривтой зүүн тохойнд 2 хэсэг газар оёдолтой зүүн талын өвдөг 7 см орчим оёдолтой, зүүн хөлөнд 3 удаа татлага хийлгэсэн өрөмдлөгийн соривтой. Биеийн зүүн тал хэсэг битүү зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн хөл өвдөгнөөс зүүн хөлийн ул хүртэл мэдээгүй, 2 удаа дунд чөмөг хадах хагалгаанд орсон. Дэлүүний доод үзүүр сэтэрсэн гээд тайралт хийлгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай элэг, дархлаа, өвчин намдаах эм яс бороошуулах эм өдөр болгон хэрэглэж байгаа эмч бариа засал болон сувилгаанд яаралтай явах шаардлагатай гэсэн. ...Тойгоны яснаас дал хүртэлээ 8 хугаралтай, элэг 8 см задарсан. 7 сар хэвтэрт байсан одоо л суудаг болж байгаа. 2 сарын дараа хөл дээрээ босч зогсож явж болно гэсэн одоо бол болохгүй гэсэн. Тийм учраас эмнэлэгтэй ойрхон байр түрээсэлж байгаа. Өөрөө яваад бие засаж чадахгүй, бие дааж юм хийх боломжгүй учраас байр түрээсэлсэн. Ч-т 2 хүүхэд маань байгаа болохоор би ирэн очин байгаа. Осолд орох өдөр мал маань айлын малтай нийлсэн байсан тэгээд би тэр чигээр нь малыг маань харж байгаач гээд 6 сарын 28-ны өдөр ирээд гэрээ хийсэн. Малаараа цалин хөлсөө төлөхөөр тохиролцсон. Нийт 19,385,215 төгрөгний хохирол учирснаас шүүгдэгч 8,500,000 төгрөгийг төлсөн учир хасаад 10,885,215 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-25/,

- Гэрч Ө.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагийн үед би эхнэр Х-н Б.Х нэртэй фэйсбүүк хаягаар нь ороод Э сумын Фэйсбүүк хаяг дээр С сум явах унаа байна уу 1 хүн байна гээд ... дугаарыг бичиж үлдээсэн байсан. Тэгсэн 11 цагийн орчим шиг санаж байна. Эхнэр Х нь миний ... дугаарын утас руу нэг хүн яриад одоо С сум явах юм уу гэж асууж байна гэхээр нь би залгасан дугаар луу нь залгахад эрэгтэй хүн би С сум явах гэж байгаа юм уу гэж асуухад 13 цагийн үед нэг хүн явна гэж байна. Тэр хүнийг аваад гаръя гэхээр нь би тухайн үед нь Х сум руу унаанд амжиж сууж явах байсан болохоор нөгөө хүнд би 2 хүний зардлыг нь өгье гэж хэлэхэд тэгье гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ хаягийг зааж өгсөн чинь удаагүй гэрийн гадаа хүрээд ирсэн. Тэгсэн зүс харж байсан залуу Г байсан. ... С сум ер нь ойртсон байсан ба замын клонк бол харагдаж байсан. Миний сууж явсан машин гэнэт дайвалзаж ирэх үед нь жолооч залуу рүүлээ 2 тийш нь сандарсан байдалтай дарж байгаад эсрэг урсгал руу ороод цагаан өнгийн суудлын автомашинтай мөргөлдсөн. Тэр үед миний толгой эргээд амьсгаа авч болохгүй байсан. Жолооч залуу чи зүгээр үү, гайгүй юу гэж асууж байсан. Тэгтэл жолооч залуу миний арын талаар хаалгаар дамжаад машинаасаа буугаад засмал дээр хэвтээд өгсөн. Тэгээд би нэг хэсэг жоохон байж байгаад жолооч залуугийн буусан хаалгаар буусан чинь алхаж чадахгүй, зүүн хөл гишгиж болохгүй байсан. Учир машиныхаа хажуу талд хэвтэж байсан. Харин замын баруун талд нөгөө цагаан өнгийн машинтай хүн авраарай гээд хашхираад байсан ба тэр үед эрэгтэй хүн байсан уу эмэгтэй хүн байсан уу гэдгийг мэдээгүй тэгээд цагаан өнгийн Приус машин байх шиг байсан ба улсын дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Нэг танихгүй эрэгтэй хүн ирчихээд цагдаа эмнэлэг дуудчихсан гэж хэлж байсан. ... Одоо миний биеийн байдал сайн байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69, 2хх-ийн 34/,

- Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4913 дугаар дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Г эр” гэсэн хаягтай цус, “Ө.Э эр” гэсэн хаягтай цус зэргээс спиртийн агууламж илрэхгүй байна гэсэн дүгнэлт /1хх-ийн 41/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 735 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. А.Ц биед элэгний баруун дэлбэнгийн урагдал, хэвлийн хөндийд шингэн хурагдалт, зүүн сүүжний тогооны зөрсөн далд, баруун умдаг ясны дээд доод салаа, их биеийн далд хугарал, зүүн дунд чөмөг дээд хэсгээр зөрсөн далд, зүүн 6-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн мөр, бугалга, шуу, тохойнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.15, 3.6.1-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /1хх-ийн 48/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн 735 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ж.Г-н биед зүүн түнхний үений мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн мэдүүлэг /1хх-ийн 52/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 12-ны өдрийн 04/091 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ө.Э-н биед хэвлийн урд ханы няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57/,

- Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 24 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хюньдай Соната-6 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ж.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг /тээврийн хэрэгсэл байрлан явах/-ийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2. Жолооч Ж.Г нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан бөгөөд осол хэргийн газарт 36.70 метр, 54.40 метр тоормосны мөртэй байна.

3. Тоёота Гранд Марк-2 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан А.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна.

4. Жолооч Ж.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын ..., жолооч А.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын ... тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.

5. Хюньдай Соната-6 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ж.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг /тээврийн хэрэгсэл байрлан явах/-ийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан.

6. Осолд холбогдсон тээврийн хэрэгслүүд тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсныг тодорхойлох боломжгүй.

7. Зам тээврийн осол гарах болсон шалгаан нөхцөл нь Хюньдай Соната-6 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ж.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг /тээврийн хэрэгсэл байрлан явах/-ийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ын 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэсэн дүгнэлт /1хх-ийн 61-62/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 5040 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Соната-6 маркийн автомашин эвдрэл гэмтэлтэй байна. Эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.

2. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй.

3. Тээврийн хэрэгслийн оношлогоонд орсон эсэхийг тодорхойлох боломжгүй. Ослын өмнө тээврийн хэрэгслийн хойд тэнхлэгт харилцан өөр хэмжээ, өөр хээтэй дугуй тавьсан байсан байна.

4. Ослын үед автомашины жолооны механизм ажиллаж байсан байх үндэслэлтэй.

5. Ослын улмаас зүүн урд талын явах эд анги, хөдөлгүүр гэмтэлтэй болсон байна. Эд ангийн бүрэн ажиллагааг шалгах боломжгүй.

6. Автомашины зүүн урд талын дугуй ослын үед хагарсан байх үндэслэлтэй.

7. Жолоочийн туршлага ур чадвараас хамаарч жолооч дугуй хагарсан эсэхийг мэдэх боломжтой.

8. Автомашины эд бүрэн анги бүрэн, тоормосны механизмын битүүмж алдагдсан тул ажиллагааг шалгах боломжгүй.

9. Осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /1хх-ийн 128-130/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 1096 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. А.Ц биед зүүн өвдөгний тойг ясны хөндлөн далд хугарал гэмтэл тогтоогдсон ба уг хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2. Дээрх зүүн өвдөгний тойг ясны хөндлөн далд хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. А.Ц биед элэгний баруун дэлбэнгийн задрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, зүүн сүүжний тогоо ба их биеийн зөрөөтэй далд хугарал баруун талын умдаг ясны дээд, доод салаа ба их биеийн далд хугарал, зүүн хугарал, зүүн талын 6-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн мөр, бугалга, шуу, тохойны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

6. Дээрх элэгний баруун дэлбэнгийн задрал, урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул зүүн сүүжний тогооны зөрөөтэй далд хугарал гэмтэл нь дээрх журмын 3.6.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр буюу 35-аас дээш хувиар тогтонги алдагдуулах тул тус тус гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1хх-ийн 187-188/,

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 11 сарын 12-ны өдрийн 476 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. ... улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг жолоодож явсан Ж.Г нь МУ-ын ЗХД-ийн 1.5. дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1. дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2-р хавсралтын 3.5. “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” бол зөрчилд тооцогдох бөгөөд ШШҮХ-ийн шинжээчийн 2018.09.05-ны өдрийн No5040 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 3-т “... ослын өмнө Тээврийн хэрэгслийн хойд тэнхлэгт харилцан өөр хэмжээ, өөр хээтэй дугуй тавьсан байсан байна” гэж дурьдсан байх тул замын хөдөлгөөний дүрмийн 2.3. дахь хэсэгт заасан “Жолоочийн хүлээх үүргийн 2.3.a/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. ... улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн автомашиныг жолоодож явсан А.Ц нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Ж.Г нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зурагт авагдсан дугуйн тоормосны мөр зэргээс харахад осол болохоос өмнө ЗХД-ийн 9.2. дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг биелүүлсэн байх үндэслэлтэй байна.

4. А.Ц нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг урьдчилан таамаглах боломжгүй байсан тул тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах үүрэг хүлээхгүй

5. Энэ асуудал шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй болно.

6. 1-р хариултаар хариулагдсан.

7. Хурдыг тодорхойлох боломжгүй байна.

8. 7-р хариултаар хариулагдсан

9. 1-р хариултаар хариулагдсан.

10. Шинэ нөхцөл байдал илрээгүй болно гэсэн дүгнэлт /1хх-ийн 238-240/,

- А ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-ийн 66-70/,

- Ж.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 132-135/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

- Дээрх нотлох баримтуудаар Ж.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орой 12 цагийн орчимд Д аймгийн Ө сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хөлгүй усны сайр гэх газар ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эсрэг урсгал руу орж ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж А.Ц эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Ж.Г-г 2018 оны 04 дүгээр сарын 28-ны орой 12 цагийн орчимд Д аймгийн Ө сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хөлгүй усны сайр гэх газар ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт, 2.3 дахь заалт, 9.1 дэх заалтыг тус тус зөрчиж ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж А.Ц эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хуралдаанд “... хохирогч А.Ц хурд хэтрүүлж явсан байх үндэслэлтэй осол болоход хурдны милл нь 80 дээр гацсан байсан. Шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэхгүй байж болно...” гэж мэтгэлзснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд шинжээчийг томилдог бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Мөн   тухайн осол болсон шалтгаан нь шүүгдэгч Ж.Г эсрэг урсгал руу орж А.Ц жолоодож явсан машиныг мөргөсний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Г нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Ц “... бие засчихаад эргээд машиндаа суугаад ойролцоогоор 100-200 метр орчим газар явж байтал урдаас саарал өнгийн Соната-6 маркийн машин билүү хэлж мэдэхгүй байна. Суудлыг жижиг автомашин ирээд мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн би машинтайгаа шороон зам дээр байж байсан...” гэсэн, гэрч Ө.Э “...Миний сууж явсан машин гэнэт дайвалзаж ирэх үед нь жолооч залуу рүүлээ 2 тийш нь сандарсан байдалтай дарж байгаад эсрэг урсгал руу ороод цагаан өнгийн суудлыг автомашинтай мөргөлдсөн...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, хохирол төлбөрт 8,500,000 төгрөгийг төлсөн, шүүхээс гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээрр зүйлийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Г-н №... дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэхээр  шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч “...19,385,215 төгрөгийн хохирол гарснаас шүүгдэгчийн өгсөн 8,500,000 төгрөгийг хасаад үлдэх 10,885,215 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн машины хохирол 1хх-ийн 69 хуудсанд авагдсан баримтаар 4,195,000 төгрөг, эм тариа, сувилал, бариа заслын төлбөр, замын зардал, бинзен, шүүх хуралд ирсэн зардал, буудлын төлбөр гэх мэт 2хх-ийн 41-78, 145 /ар тал/, 161 /ар тал/ хуудсанд авагдсан баримтаар /8,400+15,500+8,350+15,800+ 175,000+175,000+5,400+5,400+5,400+60,000+20,000+ 20,000+45,000+36,000+65,700+50,980+ 413,000+ 137,000+120,000+60,000+27,300+ 38,500+ 18,000+ 66,200 +6,500+ 2,000+ 55,000+ 73,000+ 60,800+ 175,000+ 89,000+ 21,600+16,000+12,850+49,350+14,000+4,740+126,100+3,600+80,000+12,500+ 9,300 +1,800+39,900+ 1,050+ 4,600+ 24,740+ 3,000+5,400+13,750+ 24,000+ 2,960+ 16,250+ 1,700+ 6,140+ 13,800+ 62,500+ 84,000+7,000+ 266,550+ 10,202+ 840,000+ 20,500+ 15,500+ 67,100+5,000 +255,000+ 4,200+9,000+3,000+ 22,000+ 31,242+ 16,000+ 18,000+ 6,850+ 76,194+ 25,000+ 100,000+ 40,000+ 60,015+40,000+45,000+48,000/ нийт 4,740,213 төгрөг бүгд 8,935,213 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн төлсөн 8,500,000 төгрөгийг хасаад 435,213 төгрөгийг шүүгдэгч Ж.Г-с гаргуулан хохирогч А.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,450,002 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлага болох өмгөөлөгчийн хөлс нь хохирогчийн эрхээ хэрэгжүүлж байгаатай холбоотой зардал тул хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй, мөн 2хх-ийн 57, 111-117 хуудсанд авагдсан дизель түлш /хохирогч гэрээ нүүлгэхэд хэрэглэсэн/ 60,000 төгрөг, хүүхэд тээвэрлэх гэрээний 640,000 төгрөг, малаа хүнээр маллуулсны хөлс 2,400,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн 6,000,000 төгрөг зэрэг нь хуулинд заасны дагуу бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогч нь цаашид дахин эмчилгээ хийлгэнэ, хадаасаа авахуулна гэж байх тул  уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 3, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн  1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ж.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д овогт Ж.Г-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар тэнсэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Ж.Г-н №... дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.Г-с 435,213 /дөрвөн зуун гучин таван мянга хоёр зуун арван гурван/ төгрөгийг гаргуулан хохирогч Г аймгийн С сумын 6-р багт оршин суух, Б овогт А.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,450,002 /арван сая дөрвөн зуун тавин мянга хоёр /төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч А.Ц нь нотлох баримтаа бүрдүүлэн уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар мөн иргэний нэхэмжлэгч нар нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Б.Н