| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/00447/и |
| Дугаар | 209/МА2024/00080 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 209/МА2024/00080
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын*******-ны өдрийн 135/ШШ2024/00981 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: "Байрнаас албадан гаргуулах" тухай нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
...******* миний бие гагнуурчнаар ажиллаж, улсад сайн ажилласан гэж Дархан хотын 1-р орлогч дарга Б.Галсанцэрэн *******,*******,*******,*******,******* тоот 2 өрөө байрыг 1982 онд улсаас олгосон юм. Дархан хотынхон бүгд мэднэ. Намайг эзгүйд миний төрсөн дүү *******, миний ээж ******* нар өмчилж авсан. Энэ хоёр хүн одоо байхгүй нас барсан. Иргэний хууль болон Үндсэн хуульд зааснаар энэ байр надад өвлөгдөж миний байр болсон. Миний байрнаас *******ыг албадан гаргах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. / 1-р хх 1 тал/
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...2014 онд Дархан-Уул аймагт шилжиж ирээд 2015 онд энэ байрыг ээс худалдаж авсан. Бэлэн 36,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоогоор ам бүл зургуулаа амьдардаг. Энэхүү *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хүнийг мэдэхгүй, танихгүй. Манайх энэ байранд амьдраад 9 жил болж байхад ийм асуудал яригдаагүй учир энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /1 хх 28-р тал/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Гомдолтой байна гэжээ. / хх 90-р тал/
5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ :
6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
7.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
Хэргээс судлахад:
8.Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...тус байр надад өвлөгдөж ирсэн учир би байрыг хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж,
Мөн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 209/МА2023/00095 дугаартай магадлалаар ******* гэдэг хүнд байр өвлөгдсөн нь зөв болно гэж шийдвэрлэсэн гэж тайлбарлан мэтгэлцсэн, хариуцагч ******* нь эс зөвшөөрч маргасан байна.
9.Анхан шатны шүүх хариуцагч *******ыг Дархан-Уул аймаг, *******,*******,*******,*******,******* тоот 2 өрөө байранд хууль бусаар оршин сууж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
10.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдол гаргасан байх ба гомдолдоо “....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
11.Нэхэмжлэгч *******ын гомдлын дагуу судлахад: Тэрээр өмнө нь иргэн С.т холбогдуулан “...зээлийн гэрээгээр халхавчилсан болон хуурамч баримтаар үйлдэгдсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С. нь “... 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 79 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж маргасан байна.
12.Дээрх хэргийг анхан шатны шүүх ...үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн “...өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн/хх-33-37/-ийг нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх ... үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. /хх-61-69/
Улмаар Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00077 дугаартай тогтоолоор тус хэргийг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 6-7/
13.Давж заалдах шатны шүүхийн /2023 оны 95-р магадлал/ хариуцагч С.ийн ...өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь ...уг шаардлага нь *******од хамааралгүй, нотариатын үйлдэлтэй холбоотой гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
14.Хэргийн 29-30, 61-69 дүгээр талд авагдсан бичгийн баримтаар Дархан-Уул аймаг, *******,*******,*******,*******,******* тоот 2 өрөө байрны өмчлөгч байсан *******ын төрсөн дүү *******, ээж нар нь анх 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр С.т бэлэглэлийн гэрээгээр, С. нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *******д тус тус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
Тодруулбал, Маргаж буй хоёр өрөө орон сууцыг өвлөх эрхийн 79 дугаартай гэрчилгээ /хх-5/ *******од 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр /нотариатч / олгогдсон байх боловч тухайн үед тус хоёр өрөө орон сууц нь С.ийн эзэмшил, өмчлөлд байсан байна.
15.Харин 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-30/, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-29/ зэргээр дээрх байрны өмчлөх эрх *******ын нэр дээр бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-30/
Энэ нь Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д заасныг зөрчөөгүй байх тул хариуцагч *******ыг маргаж буй хоёр өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй.
16.Дээрх байдлаас дүгнэвэл: *******од олгогдсон өвлөх эрхийн 79 дугаартай гэрчилгээ хүчинтэй байгаа хэдий ч уг гэрчилгээгээр нэхэмжлэгч *******ыг маргаж буй 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй, улмаар маргаан бүхий байрны өмчлөгчөөр ******* болох нь тогтоогдсон гэх хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул түүний ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн гэсэн агуулга бүхий гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
17.Анхан шатны шүүх хариуцагчийг тус байранд хууль бусаар оршин сууж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
18.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын*******-ны өдрийн 135/ШШ2024/00981 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Г.МЯГМАРСҮРЭН