Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2023/01246/И |
Дугаар | 207/ма2024/00092 |
Огноо | 2024-09-05 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 207/ма2024/00092
2024 09 05 207/МА2024/00092
Г.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч
С.*******ад холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2024/00862 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.*******ад холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүү Б.*******ийг өөрийн асрамжинд авах, ******* орон сууцыг хүү болон өөрийн өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Р.Цэрмаагийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч С.******* нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь С.*******тай 2015 оны 8 сард Улаанбаатар хотод танилцаж, 2016 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж эхнэр нөхөр болсон. Бид 2 Австрали улсад 2017 оны 11 сараас хамт ажиллаж амьдарч байгаад эхнэр ******* хүүхдээ санаад байхаар нь хүүхэдтэйгээ 2 сар хамт байж байгаад ир гээд Монголруу 2022 оны 7 сард явуулсан. Үүнээс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эхнэр маань 2 сар болоод ирэх нь бүү хэл *******гийн ******* гэгч хүнтэй харьцаатай болж, хамт байдаг болсон талаар хүмүүсээс сонсогдож итгэхгүй байтал компютраас тэдний харьцаж байсан мэссэжүүдийг нь уншаад бүрэн ойлгосон. Миний бие монголруу *******ад 120.000.000 төгрөг явуулснаар 1 өрөө байр болон машин авсан байсан боловч одоо байр машиныг бусдын нэр дээр шилжүүлсэн сураг байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, миний шилжүүлсэн мөнгө болох 120.000.000 төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Г.*******тай 2016 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, эхнэр нөхөр болсон. Бид хоёр 2017 оноос Австрали улсад хэн хэн нь адилхан ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч ирсэн. Жилийн өмнө хүүхдээ санаад Монголдоо буцаж ирсэн. Аль аль нь хүний газар ажил хөдөлмөр, эрхэлж, мөнгө төгрөгөө 2уулаа л хуримтлуулж ирсэн. Харин ч Г.******* надад мэдэгдэлгүйгээр 3 орон сууц авч, өнгөрсөн хугацаанд төлбөрийг нь төлж ирсэн. Иймд гэрлэлт цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бидэнд эвлэрэх боломж, бололцоо олгож, хугацаа олгуулж өгнө үү. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг сайн нягталж үзэх ёстой учир хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
*******ийн Б.*******д хүүхдийн тэтгэлэг хуульд заасан журмын дагуу гаргуулах мөн Австрали улсад хамт амьдарч байх үед үлдээгээд явсан 2200$ үнэ бүхий Масbоок, gemmove нүүрний лед аппарат 1000$, нүүр цэвэрлэгээний аппарат 250$, Массажны аппарат 450$, шүүс шахагч 750$, ууршуулагч депүзэрь 250$, хүүхдийн шар шувуутай ууршуулагч депүзерь 160$, Jordan пүүз 250$, converse кет 200$ үнэ бүхий эд зүйлс, хувцаснууд болон диплом, бусад бичиг баримтуудыг гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Г.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Г.******* нь С.*******тай 2015 оны 8 сард танилцаж 2016 оны 8 сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэд танилцах үед С.******* нь 5 сартай Б.******* гэж хүүтэй байсан бөгөөд өөрийн нэрээр овоглосон байсныг 2017 оны 3 сарын 3-ны өдөр Г.*******ийн нэрээр овгийг солиулсан байна. Г.Баяпаг, С.******* нар нь Улсын бүртгэлийн байгууллагад хандан хүүхдийн овгийг солиулахдаа өөрсдийн дундаас төрсөн хүүхэд гэж бичиж эцэг тогтоолгосон болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудаас тодорхой харагдаж байна. С.******* нь өөрийн хүүхдээ Г.*******аар овоглуулсанаа ашиглаж, тэдний дундаас хүүхэд төрөөгүй байхад Г.*******аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Г.******* нь хүүхдийг өөрөөр овоглосон болохоос үрчилж авсан асуудал алга байна. Түүний хэрэглэж байсан гутал хувцас, эд зүйлүүдийг газрын ачаагаар монголруу ачуулсан байгаа. Макбүүк болон бичиг баримтууд нь бол байгаа болно. Дараах хүсэлтийг гаргаж байна. С.******* (*******) нь 2015.03.02-нд төрсөн хүү Б.*******д (*******) төрсөн эцгээс нь шүүхийн журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон шийдвэр байгаа эсэх, шийдвэр гүйцэтгэлийн журмаар хүүхдийн тэтгэлгийн төлбөр авдаг эсэх талаарх лавлагааг Орхон аймгийн шүүхийн архив, Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэргээс гаргуулан өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2024/00862 дугаар шийдвэрээр:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.*******,С.******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 3 сарын 2-нд төрсөн хүү Г.Б.*******ийг эх С.*******ынх нь асрамжинд үлдээж,мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан Г.Б.*******д бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас,амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 / суралцаж байгаа бол 18 нас/нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Г.*******аар нь сар бүр тэжэн тэтгүүлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2,126.2.1,129 дүгээр зүйлийн 129.2,129.4-д заасныг баримтлан хариуцагч С.*******аас гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг 20 сая гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1,127.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******аас хуваарьт эд хөрөнгө болох Macbook,Gemmove нүүрний лед аппарат ,нүүр цэвэрлэгээний аппарат ,массажны аппарат,шүүс шахагч ,ууршуулагч дефузер ,хүүхдийн шар шувуутай ууршуулагч депүзерь ,Jordan пүүз , convеrse пүүз зэрэг эд зүйлс, хувцаснууд болон диплом,бусад бичиг баримтуудыг гаргуулан хариуцагч С.*******ад олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.04-ний өдрийн 00862 дугаар шийдвэрээр С.*******аас гэрлэлт цуцлуулж, эд хөрөнгө гаргуулах тухай Г.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ******* нь Г.*******тай танилцахаас өмнө хүү Б.*******ийг төрүүлж өөрийн нэрээр овоглосон байсан. Г.*******тай гэр бүл болж улмаар Австрали улсын визанд орохын тулд хүүхдийг *******ын хүүхэд гэж өргөдөл бичиж овгийг солиулсан байдаг. ******* нь Г.******* бол хүү Б.*******ий эцэг биш, виз гаргуулах үүднээс хүүхдийн эцэг болж овог сольсон болохыг хэлдэг. Мөн Б.******* гэж хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон шийдвэр байгаа эсэх талаар Шүүхийн архив болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас лавлагаа гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн авсан боловч эдгээр байгуулагаас лавлагаанууд ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Бид Шүүхийн шинжилгээний байгуулагаас лавлагаа шаардаагүй байхад шүүх санаачлагаараа лавлагаа авсан байсан. Хүүхдийн төрсөн эцэг өөр хүн байгаа нь яригдсаар байхад шууд тэтгэлэг тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж хариуцагч С.*******ын Хаан банкны 5070125567 тоот дансны хуулгыг гаргуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан. Уг дансруу Г.*******аас С.*******ад шилжүүлсэн мөнгийг түүвэрлэн үзэхэд 2022.12.22-нд 13 удаагийн шилжүүлгээр Г.*******аас байр болон тавилга нэрээр 71.845.000 төгрөг, 2022 оны 7-11 саруудад 11 сая төгрөг , 2021.08.21-нд мөн дансанд Г.******* нэрээр 40 сая төгрөг, С.*******ын Хас банкны хадгаламжийн 5002604899 дансруу Г.******* нэрээр 6,8 сая төгрөг нийт 130 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Мөн С.******* 85 сая төгрөгийг байр худалдан авахад зарцуулсан нь дансны хуулбараас тодорхой харагддаг. Гэтэл яагаад 20 сая төгрөг оногдуулж байгаа нь ойлгомжгүй болсон. Г.*******ийн шилжүүлсэн мөнгийг нотолж байгаа гол баримт бол С.*******ын дансны хуулга байхад энэ баримтанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. С.******* нь байрыг ээжийнхээ нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн учраас байрыг орхиж, харин шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэхээс өөр аргагүйд хүрч мөнгө нэхэмжлэх шаардлага гаргасан болно. Иймд гомдлыг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах хуралдаанд онлайнаар оролцох хүсэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 120.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Г.*******аас хүү Б.*******д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Автрали улсад үлдээгээд явсан 2200 америк долларийн, үнэ бүхий эд зүйлээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зохигчид 2016 онд гэрлэлтээ бүртгүүлж албан ёсны гэр бүл болсон. 2017 онд Австрали улсад ажиллаж амьдрахаар явсан, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.*******ийг төрүүлсэн Г.******* өөрөөрөө овоглосон, 2022 оны 7 дугаар сард С.******* Монголд буцаж ирсэн цагаас эхлэн хоорондын үл ойлголцол бий болсон, тусдаа амьдарсан, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй, цаашид амьдрах боломжгүй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
Шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүү Б.*******ийг эх С.*******ын асрамжинд үлдээж, эцэг Г.*******аар тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоож, С.*******аас хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 20.000.000 төгрөг гаргуулж, Г.*******т олгох, Г.*******аас С.*******ын хуваарьт хөрөнгө болох эд зүйлүүдийг гаргуулж хариуцагч С.*******ад олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Г.******* нь С.*******ад холбогдуулан 120.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа, хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Г.*******т холбогдуулан гаргасан хүү Б.*******д тэтгэлэг тогтоолгох, зөөврийн компьютер, жеммүв нүүрний лед аппарат гэх мэт бүх нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2023/00862 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдийн эвлэрлийг баталж, Г.*******ийн нэхэмжлэлтэй С.*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ