Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч,

Шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.З-т холбогдох эрүүгийн 1820002850005 тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар 960,000 төгрөгийн торгох ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах албадлагын арга хэмжээгээр шийтгүүлж байсан, Б овогт Ц.З,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.З нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө Замын-Үүд сумын 2 дугаар баг О хотхоны уурын зууханд иргэн Н.Н-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.З мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн орой 20 цагийн орчим засварын газар орох гэж гэрээсээ гарсан. Тэгээд гэрийнхээ гадаа Т ахтай таараад байрны хажууд байх дэлгүүрээс Т ахаар 3 лааз Н пиво авахуулаад машинд нь уусан. Т ах машинтай яваа ажилтай гээд уугаагүй би 3 лааз пивыг ганцаараа уусан. Тэгээд Т ахаас салаад гэр хороололд байдаг О гэх найзынх руугаа явж байгаад Модны гудамжинд зүс таних /нэрийг утсыг нь, гэрийг нь мэдэхгүй/ 2 залуутай таарсан. Тэр 2 жаахан архи уучихсан байсан. Тэгээд тэр 2-той хамт 1 шил 0.75 граммын С архи авсан ба нэгнийх нь гэрт очиж 3-yулаa yyх гэсэн боловч эхнэр нь ирчихсэн байна гээд больж “Э” бааранд 3-уулаа орсон. Тэндээ 3 лааз пиво, 1 шил 0.75 граммын архи захиалж уусан. Би нилээн согтсон байсан ба 00:20 цагийн үед баарнаас гарсан. Шөнөжингөө хаагуур явснаа санахгүй байгаа. Нэг сэрэхнээ гэртээ унтаж байсан. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө гэсэн үг. Эхнэр ажилдаа явах гэж байхад цагдаа ирээд намайг аваад явсан. Ухаан санаа орж гараад яваад байсан юм шиг байгаа юм, намайг хатгачихлаа ш дээ гэж хүн хэлж байсныг бүүр түүрхэн санаад байгаа. Урьд өдөр нь би гэр хүйтэн байгаад байна, галчид орж хэлнэ дээ гэж бодож байсан. Тэрийгээ хэлэхээр өглөөгүүр гэрийн хажуугийн уурын зуух руу орсон байх. Тэгээд цагдаа дээр ирсэн чинь намайг эрүүлжүүлэхэд хийгээд чи уурын зуухны галчийг хатгасан гэж хэлсэн. Энэ үед л бүдэг бадаг тийшээ орж байсан шиг санагдаад эхэлсэн. Тэрнээс уурын зууханд ороод хэнтэй юу гэж хэрэлдсэн, яаснаа санахгүй байгаа. Хутгыг хаанаас авснаа мэдэхгүй байна. Манай гэрийн хутга бол биш уурын зууханд байсан юм болов уу. Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 07 цагийн үед гартаа хутга барьчихсан орж ирсэн гэж эхнэр хэлж байсан. Тэр хутгыг эхнэр надаас аваад гал тогооны өрөөнд тавьсан байсныг цагдаа ирээд үзлэг хийхэд гаргаж өгсөн гэсэн. Хутга хаанаас авснаа мэдэхгүй байна. Санаа зорилго байгаагүй. Ухаантай эрүүл байсан бол хутга хаанаас авсан, яах гэж байснаа мэднэ, хүн хутгалах гэж авч ороогүй байх, санамсаргүй юм болоод л галч Н ахын биед гэмтэл учруулсан байх. Хутгатай орсон бол хүн хутгалах зорилго агуулаагүй байх. Тал иштэй цагаан хутга манай гэрээс хураасан байхыг үзлэгийн зурган дээрээс харсан намайг согтуу хэрүүл хийгээд байхаар нь Н болиулах гэж байгааг хутганд хөлөө санамсаргүй оруулчихсан байх гэсэн. Би согтуудаа Н axад гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тиймдээ ч харамсаад уучлал гуйсан ба эмнэлэгт байх хугацаанд биеийн байдлыг нь асууж, эмчилгээний төлбөр болох 495,000 төгрөгийг төлсөн. Одоо Н ахын биеийн байдал сайн байгаа. Н ахаас уучлалт гуйсан надад сургамжийн үг хэлж архи дарсыг тохируулж уу, залуу хүүхэд хэрэгт орвол яана гэсэн. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байгаа, ахин ийм алдаа гаргахгүй цаашид Н ахын биеийн байдалд анхаарч, санаа тавих болно. Саяхан 500,000 төгрөг өгсөн...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “ ... 2018 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 08:00 цагаас ээлжээ аваад ажилласан ба 07-ны өглөө ажлаас буух гээд уурын зуухандаа ажлаа хийгээд байж байтал 06:30 цагийн орчим үл таних залуу уурын зуух руу орж ирсэн. Тэр залуу согтуу байсан. Тэгээд надад хандаж чи муу галлаж байна, хүйтэн байна гэж агсарсан. Би тэгэхээр нь наад гомдолоо манай даргад очиж хэл гэсэн. Тэгтэл чи муу юу юм бэ гээд тэрэгтэй үнс асгаж агсарсан. Эхлээд намайг харахад тэр залуугийн гарт нь хутга байгаагүй, чамайг дүрчихнэ шүү, алчихна шүү гэхээр нь гайхаад хартал баруун гартаа тунгалаг өнгөтөй нилээн урт хутга барьчихсан байсан. Бариул нь хагас ч юм шиг тийм юм харагдсан. Уурын зуух гэрэл сайтай байсан ч хутганы ишийг лавлаж харж чадаагүй. Тэр залуу хутгаа барьчихаад миний өөдөөс далайгаад алчихна шүү гээд дайраад байхаар нь би арай хийж байгаад аргадаж байж байгаад өөрөөсөө холдуулсан. Надруу дайрч байхдаа зүүн гуяа руу чичэх шиг болсон, жирс гээд явчихсан, өвдөхгүй болохоор нь тухайн үедээ санаанд ороогүй. Зузаан хувцастай байсан болохоор орчихоогүй байх гэж бодоод ерөөсөө тоогоогүй юм. Тэгээд тэр залуу үглэж байгаад хутгаа барьсан чигтээ уурын зуухнаас гарсан. Удалгүй О хотхоны л нэг ажилчиндаа нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй З-г уурын зуух руу дагуулж орж ирээд загнаад байсан. Хүний ажил хийлгэхгүй, агсан согтуу тавилаа гэж. Сүүлд нь О хотхоны оршин суугч З гэдэг залуу юм байна гэж ойлгосон. Ингээд гэртээ ирээд хувцсаа тайлсан чинь зүүн гуянаас нилээн цус гарсан байсан. Тэгээд эхнэртэйгээ хамт эмнэлэг орж үзүүлсэн. Бас эхнэр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хэрэг болох үед би эрүүл саруул байсан ба тэнд З бид 2-оос өөр хүн байгаагүй. Эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Улсын эмнэлэгт ор байхгүй гэхээр нь “Ш” хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба З эмнэлгийн төлбөр гэж 495000 /дөрвөн зуун ерэн таван мянган/ төгрөг төлсөн. З эмнэлэгт байх үед миний бие хааг асууж сураглаж байсан. З-г заавал шийтгүүлнэ гээд байх ч юу байхав. Эмнэлгийн төлбөр төлсөнд нь баярлаж байна, гэхдээ өөрөө сэтгэлээрээ туславал тэр биз дээ. Өөр нэмж ярих зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Гэрч М.П мөрдөн шалгах ажиллагаанд: “Би О ХХК-д галчаар ажилладаг Н манай нөгөө ээлжний галч байсан. Одоо ажлаа хийхгүй байгаа, ажлаас гарсан гэсэн. Манай компани О хотхоны галлагааг хариуцдаг. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө Н ажлаас буугаад би ажил авах байсан. Тэгээд би 08 цагт ажлаа авах гээд уурын зуух руу ортол Н-н зүүн талын өгзөгний доор цус гарчихсан өмд нь нэвтэрчихсэн байсан. Яасан юм бэ гэтэл өглөө 06 өнгөрч байхад нэг согтуу банди орж ирээд галаа сайн түлсэнгүй гэж агсарч байхдаа хутгатай байсан, өөдөөс дайрч байгаад хутгалчихсан юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би наадах чинь тэгж болохгүй С дээр очиж хэлье гээд дагуулаад явсан. С буюу манай эхнэр орц цэвэрлээд байж байхад нь Н-г дагуулж очоод ийм юм болсон байна. Асуудлыг нь зохицуулж өгөөрэй гэж хэлээд буцаад уурын зуухандаа очиж ажлаа хийсэн. Дараа нь эхнэрээсээ манай байрны ... тоотын З ийм зүйл хийсэн байна гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/04 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. 2018 оны 12 дугаар сарын 06-ны Амбулторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудсыг шинжлэн судлахад Н.Н-н биед зүүн өгзөгний шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
  3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Шинээр илэрсэн зүйлгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 32/,

- Ц.З-н иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-49/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Ц.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө Замын-Үүд сумын 2 дугаар баг О хотхоны уурын зууханд иргэн Н.Н-г байрны халаалт муу байна гэх шалтгаанаар агсам тавьж улмаар зүүн гуянд нь хутгалсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.З-г согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө Замын-Үүд сумын 2 дугаар баг О хотхоны уурын зууханд иргэн Н.Н-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Ц.З нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Н.Н-н “...үл таних залуу уурын зуух руу орж ирсэн. Тэр залуу согтуу байсан. Тэгээд надад хандаж чи муу галлаж байна, хүйтэн байна гэж агсарсан... тэр залуугийн гарт нь хутга байгаагүй, чамайг дүрчихнэ шүү, алчихна шүү гэхээр нь гайхаад хартал баруун гартаа тунгалаг өнгөтэй нилээн урт хутга барьчихсан байсан. Бариул нь хагас ч юм шиг тийм юм харагдсан. Уурын зуух гэрэл сайтай байсан ч хутганы ишийг лавлаж харж чадаагүй. Тэр залуу хутгаа барьчихаад миний өөдөөс далайгаад алчихна шүү гээд дайраад байхаар нь би арай хийж байгаад аргадаж байж байгаад өөрөөсөө холдуулсан. Над руу дайрч байхдаа зүүн гуяа руу чичэх шиг болсон, жирс гээд явчихсан, өвдөхгүй болохоор нь тухайн үедээ санаанд ороогүй. Зузаан хувцастай байсан болохоор орчихоогүй байх гэж бодоод ерөөсөө тоогоогүй юм... Сүүлд нь О хотхоны оршин суугч З гэдэг залуу юм байна гэж ойлгосон... Эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн...” гэсэн, гэрч М.П-н  “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө Н ажлаас буугаад би ажил авах байсан. Тэгээд би 08 цагт ажлаа авах гээд уурын зуух руу ортол Н-н зүүн талын өгзөгний доор цус гарчихсан өмд нь нэвтэрчихсэн байсан. Яасан юм бэ гэтэл өглөө 06 өнгөрч байхад нэг согтуу банди орж ирээд галаа сайн түлсэнгүй гэж агсарч байхдаа хутгатай байсан, өөдөөс дайрч байгаад хутгалчихсан юм шиг байна гэсэн...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 12-ны өдрийн 02/04 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Ц.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.З нь урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулах үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ял болох 5 сар 14 хоногийн хорих ял болон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.З нь хохирогч Н.Н-д учруулсан хохирлыг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.З-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.З-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5  дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, 5 /тав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-т оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох, 5 /тав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-т оногдуулсан 5 /тав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З нь дээрх торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24,5см урттай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н