Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б.А-д холбогдох эрүүгийн 1820002830008 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн хийн гагнуурчин мэргэжилтэй, Хилийн цэргийн ангид ажилтай, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13-р хороонд оршин суух, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ц овогт Б.А,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Э баарны гадна Ж.Ө-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ж.Ө-н биед нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Хуулийн хариуцлагаа хүлээх болно. Ахиж ийм болчимгүй үйлдэл гаргахгүй. Ж.Ө-н шүдийг нь янзлуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 52-53/,

- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим “Э” бааранд ажлынхаа Б, түүний танил 2 эмэгтэйтэй 4-үүлээ орсон. Урьд нь бид 4 “Н” караокед орж 0.5 гр-ын 2 шил архи хувааж уусан байсан. Бааранд нэг хэсэг бүжиглэж байгаад цагийг нь сайн санахгүй байна би тамхи татах гээд баарнаас ганцаараа гартал Ө баарны үүдэнд зогсож байсан ба намайг үгийн зөрүүгүй 2-3 удаа толгой, цээж рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би Ө-г заамдаж аваад яаж байнаа гэсэн чинь цаанаас Б ах юу болоод байнаа гэж гарч ирээд бид 2-ыг салгасан. Энэ үед нь би Б-н толгой дээгүүр баруун гараа давуулаад Ө-н ам руу нь 2 удаа цохисон. Тэгээд шууд 2 тийшээ салсан ба би такси барих гээд зам руу гартал хойноос Ө ирээд чи миний 2 шүдийг унагачихсан байна гэсэн. Би юм дуугараагүй. Энэ үед баарны хамгаалагч ирсэн ба Ө бид 2-ыг цагдаад хүлээлгэж өгсөн. Хэрэг гарах үед би болоод Ө 2-уулаа унд зэргийн согтолттой байсан. Ө-г зүс мэднэ, урьд нь ганц нэг удаа сагс тогтож байхдаа харж байсан. Тэрнээс бид 2-ын дунд урьдны ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би өөрийн хариуцлагагүй үйлдлээс болоод Ө-н биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийсэндээ харамсаж байгаа, ахин ийм алдаа гаргахгүй. Цаашид цалингаа буухаар Ө-н шүдийг янзлуулах талаар санаа тавих болно. Ө-с уучлалт гуйж одоо бид 2 хэвийн харьцаатай байгаа. Асуулт: Та Ө-д толгой, цээжин тус газраа 2-3 удаа цохиулсан гэсэн. Таны биед ямар гэмтэл учирсан бэ? Та шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох уу? Хариулт: Тухайн үед зүүн нүдний дээр духанҳд жаахан хавдсан байсан. Маргааш нь зүгээр болчихсон. Надад гэмтэл учраагүй болохоор тухайн үед эмнэлэгт ч үзүүлээгүй. Би бие зүгээр учраас анхнаасаа шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг Тогтоолгохгүй гэж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” /хх-ийн 31/,

- Хохирогч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би хувиараа ахынхаа автомашинаар Замын-Үүд-Эрээн хооронд хүн тээвэр хийдэг. 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цаг болох гэж байх үед гэрээсээ ганцаараа “Э” бааранд жаахан суухаар гарсан. Урьд нь архи дарс уугаагүй байсан. Ингээд баарны гадаа ирээд баарны гадаа ирээд зүс таних 2 залуутай таарч бааранд орсон. Бааранд бид 3 нийлж 1 шил 0,75 граммын С архи захиалж хуваан уусан. Тэгээд цагийг нь санахгүй байна би тамхи татчихаад цаашаа харьдаг юм бидүү гээд баарнаас ганцаараа гарсан. Хамт бааранд орсон 2 залуу баарандаа суугаад үлдсэн. Баарнаас гарахдаа үүдэнд ХЦ-ийн ангийн ажилтан Б-тай санамсаргүй мөргөлдчихсөн. Тэгээд муухай харалцаад хэдэн үг бие биендээ шидэлцээд өөр юм бололгүй салах гэж байтал цаанаас нь А гэх залуу гарч ирээд чи муу юу юм бэ? Яах юм бэ? Гээд өөдөөс асгарч дайрахаар нь би биеэ хамгаалах зорилгоор А-ний цээж, толгой руу 2-3 удаа гараараа цохьсон. Энэ үед Б-н дээгүүр баруун гараараа миний ам руу 2 удаа цохьсон. Миний үүдэн шүдний нэг шүд нь тэр дороо унасан, ахиад нэг шүд унах гээд санжигнаж байхаар нь би болъё гэж бодоод миний шүдийг унагачихлаа ш гэж хэлээд баар луу буцаж ороод хамт бааранд орсон 2 залуу дээрээ очиж юу болсон талаар хэлсэн. Зодоон болох үед хажууд Б, А 2 л байсан өөр хүн байгаагүй. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд А бид 2-ыг авч явсан. Цагдаад баарнаас дуудлага өгсөн юм шиг байна лээ. Би А-г танихгүй. ХЦ-ийн ангид ажилладаг юм шиг байна лээ. Бид 2-ын өс хонзонгийн өр ширийн асуудал байхгүй. А хамт ажилладаг Б-г өмөөрөөд намайг цохиж гэмтэл учруулсан байх гэж бодож байна. А-д гаргах гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл ч алга. Төрийн албан хаагч хүн шүүхээр орвол ажилд нь хортой байх гэж бодоод А-г уучилсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ”... Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед М гэсэн эмэгтэй найзаа дуудаад, тэгээд А-н хамт 4-үүлээ “Н” караокед орж бага зэрэг архи уусан. Тэгээд 21 цагийн орчим “Э” бааранд 4-үүлээ орсон. Бааранд 4 пиво авсан. Тэгээд нэг хэсэг бүжиглэсэн. Нэг харсан чинь А, Ө-той маргалдаад зогсож байсан. Цаана хэсэг хүмүүс зогсож байгаа харагдсан. Би очоод А-г холдуулаад аваад явах гэсэн чинь миний дээгүүр баруун гараа давуулаад Ө-н нүүрэнд 2 удаа цохисон. Ө намайг цохилоо гээд орилж хашхирч байх зуур удаагүй баарны хамгаалагч ирээд Ө, А 2-ыг авч яваад машиндаа суулгасан. Тэгээд цагдаад хүлээлгэж өгсөн гэсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/0437 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Амбулаторын картанд: 2018.10.23-ны мэс заслын эмчийн үзлэгийг шинжлэн судлахад Ж.Ө-н биед дээд үүдэнд 2 шүдний булгарал, дээд, доод уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Амбулаторын картанд: 2018.10.23-ны мэс заслын эмчийн үзлэгийг шинжлэн судлахад Ж.Ө-н биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  4. Ж.Ө-н биед дээд үүдэнд 2 шүдний булгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5.   Дээд, доод уруулын дотор салстын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 38/,

- Б.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-61/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Э баарны гадна Ж.Ө-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.А-г 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Э баарны гадна Ж.Ө-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ж.Ө-н “...Баарнаас гарахдаа үүдэнд ХЦ-ийн ангийн ажилтан Б-тай санамсаргүй мөргөлдчихсөн. Тэгээд муухай харалцаад хэдэн үг бие биендээ шидэлцээд өөр юм бололгүй салах гэж байтал цаанаас нь А гэх залуу гарч ирээд чи муу юу юм бэ? Яах юм бэ? Гээд өөдөөс асгарч дайрахаар нь би биеэ хамгаалах зорилгоор А-н цээж, толгой руу 2-3 удаа гараараа цохьсон. Энэ үед Б-н дээгүүр баруун гараараа миний ам руу 2 удаа цохьсон. Миний үүдэн шүдний нэг шүд нь тэр дороо унасан, ахиад нэг шүд унах гээд санжигнаж байхаар нь би болъё гэж бодоод миний шүдийг унагачихлаа ш гэж хэлээд баар луу буцаж ороод хамт бааранд орсон 2 залуу дээрээ очиж юу болсон талаар хэлсэн...” гэсэн, гэрч Г.Б “... Би очоод А-г холдуулаад аваад явах гэсэн чинь миний дээгүүр баруун гараа давуулаад Ө-н нүүрэнд 2 удаа цохисон. Ө намайг цохилоо гээд орилж хашхирч байх зуур удаагүй баарны хамгаалагч ирээд Ө, А 2-ыг авч яваад машиндаа суулгасан. Тэгээд цагдаад хүлээлгэж өгсөн гэсэн...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/0437 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Б.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Б.А-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.Н