| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2024/00696/И |
| Дугаар | 207/ма2024/00094 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2024/00094
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 207/МА2024/00094 |
2024 09 09 207/МА2024/00094
Б.********гийн нэхэмжлэлтэй, хариуцагч
“******** банк” ХХК-д холбогдох иргэний
хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00904 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.********гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******** банк” ХК-ийн ******** тооцооны төвд холбогдох,
Орон сууцны зээлийн гэрээний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг “******** банк” ХК-ийн Орхон тооцооны төвд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагмадуламын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 07 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэж, шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мягмар, н.Учрал, нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******** миний нөхөр ******** 2021 оны 05 сарын 28-ны өдөр ******** банкны Эр ******** тооцооны төвөөс 38.500.000 төгрөгийн зээлийг ********тоот Орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлж авсан ба би хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. ******** 2023 оны 05 сарын 21-ны өдөр өвчний улмаас нас барсан ба би дээрх зээлийг төлөх үүрэг бий болсон, 2023 оны 8-12 сарын хооронд зээлээ төлж чадахгүй нөхцөл үүссэн ба энэ хооронд нэмэгдүүлсэн хүү гэх зүйл гарч ирсэн ба 1 хоногт 15.004 төгрөг нэмэгдсээр байгаад өнөөдрийн байдлаар 5.006.862 төгрөг болсон. Би 2024 оны 1, 2 сарын төлөлтөө хийсэн гэтэл энэ төлөлт нь үндсэн зээл, хүүнээс хасагдахгүйгээр нэмэгдүүлсэн хүү л хасагдаад байна, өдөр тутамд 15.004 төгрөг нэмэгдсээр байна, уг нь миний зээлийн үлдэгдэл 32.598.681 байх ёстой гэтэл нэмэгдүүлсэн хүүг нэмээд 37.455.501 гэж бодогдоод байна. Иймд би шүүхэд хандаж нэмэгдүүлсэн хүү гэгч зүйлийг зогсоолгохгүй бол өдөр тутамд мөнгө нэмэгдээд байдаг, үндсэн зээл хүү төлөлт огт хасагдахгүй иргэн миний эрх ашиг хохироод байна. 2021 оны 05 сарын 28-ны өдөр ******** банкны Эр ******** тооцооны төвөөс ********тоот Орон сууцны зээлийн гэрээний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******** банкинд даалгаж өгнө үү гэжээ
Хариуцагч “******** банк” ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд ******** ********гийн нэхэмжлэлтэй, ******** Банк ХК-ийн Орхөн салбарт холбогдох, Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******** банканд даалгах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд ******** банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: ******** Банк ХК-ийн Орхон салбараас зээлдэгч ******** болон Б.******** нар нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ********тоот Зээлийн гэрээ болон ******** тоот Барьцааны гэрээ байгуулан 38.500.000 /гучин найман сая таван зуун мянга/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатайгаар зээлж авсан. Иргэний хуулийн 452 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр тус тус заасны дагуу зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй, мөн нэмэгдүүлсэн хүүтэй байж болохоор зохицуулсан байдаг. Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан ********тоот Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.1.5 дахь заалтад олгох зээлийг хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй байхаар талууд тохиролцсон. …Мөн зээлдэгчийн өнгөрсөн хугацаанд төлсөн төлөлт нь үндсэн зээл болон хүүгээс зээлийн гэрээ болон төлбөрийн хуваарийн дагуу хасагдсан байх тул Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******** банканд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00904 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.-д заасныг баримтлан 2021 оны 05 сарын 28-ны өдөр ******** банкны Эр ******** тооцооны төвөөс ********тоот Орон сууцны зээлийн гэрээний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг “******** банк” ХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “******** банк” ХК-иас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.********д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагмадулам шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Тус банкны зээлдэгч Б.******** нь “******** банк” ХК-д холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******** банкны Эр ******** тооцооны төвөөс ********тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ны дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******** банканд даалгах тухай” нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн билээ. Ийнхүү нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлд “Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.-д заасныг баримтлан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******** банкны Эр ******** тооцооны төвөөс ********тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******** банкинд даалгасугай” гэж шийдвэрлэжээ. Банк болон зээлдэгч Б.******** нарын хооронд Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан нийцсэн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 452.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээл нь хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй байж болохоор заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ********тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалт, 2.1.5 дахь заалтад уг зээл нь хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй байхаар тохиролцсон байдаг. Гэтэл, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх ийнхүү талуудын чөлөөт байдлын зарчимд үндэслэгдэн байгуулагдсан зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 220 зүйлийг үндэслэн төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг ******** банканд даалгаж, хариуцагчийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү бодох, түүнийг шаардах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл болжээ. Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00904 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч Б.******** нь хариуцагч “******** банк” ХК-ийн ******** тооцооны төвд холбогдуулан “Орон сууцны зээлийн гэрээний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүү төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг “******** банк” ХК-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “******** банк” нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч Б.******** нь нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нөхөр ********гийн хамт орон сууцны энгийн зээлээр 38.500.000 төгрөгийг ******** тооцооны төвөөс зээлж авсан, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, нөхөр ******** 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барж зээлийн эргэн төлөлт төлөгдөж чадахгүй нөхцөл байдал бий болсон, 2023 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын хооронд зээлээ төлж чадаагүй. Энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцож хоногт 15.004 төгрөг нэмэгдсээр байгаад 5.006.862 төгрөг болсон, 2024 оны 1,2 дугаар сард зээлийн төлөлт хийхэд үндсэн зээл, хүүнээс хасагдахгүй нэмэгдүүлсэн хүүнээс хасагдаад өдөр тутам 15.004 төгрөг нэмэгдсээр зээлийн үлдэгдэл 37.000.000 төгрөг болсон гэсэн тайлбарт үндэслэсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.******** нь 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож 38.500.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан, нөхөр ******** нь үндсэн зээлдэгчээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, нөхөр ******** нь 2023 оны 5 дугаар сард өвчний улмаас нас барсан, зээлдэгч нар зээлийг графикийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүү хуримтлагдсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу сард 555.000 төгрөг төлөх байсан байх ба хариуцагч талаас гаргасан зээлийн картын бүртгэлээс үзэхэд сард төлөх хэмжээгээр эргэн төлөлт хийгээгүй, 2022 оны 2 сараас 7 сар хүртэл төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчиж байсан нь тогтоогдсон байна.
Зээлдэгч болон банкны хооронд байгуулсан гэрээгээр зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн үндсэн болон хамтран зээлдэгч нар зээлийн хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөнөөс хүү хуримтлагдаж үндсэн зээлээс хасагдахгүй нөхцөл байдал бий болсон байх ба нэхэмжлэгч Б.********гийн зээлийн нэмэгдүүлсэн хүү тооцож, зээлийн үлдэгдэл нэмэгдсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Шүүх үндсэн зээлдэгч нас барснаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн гэсэн ойлголт нь гэрээний үндэс суурийг үгүй болгох ноцтой нөхцөл байдал бий болж гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болох тохиолдлыг хамааруулж үзэхээс биш зээлдэгч нас барсныг хамааруулан ойлгохгүй бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан зарчмынхаа дагуу хэрэгжиж байсан, хамтран зээлдэгч Б.******** нь зээлийн гэрээнд ямар нэгэн эрсдэл учирвал үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүргийг хүлээхээр гэрээ байгуулдаг тул нэхэмжлэгч Б.******** нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Гэрээний эрх зүйн үндсэн буюу гол зарчим нь гэрээнд үнэнч байх зарчим бөгөөд зарчмын хувьд байгуулагдсан тэр хэлбэрээрээ заавал зохих ёсоор биелэгдсэн байх учиртай.
Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.-д зааснаар зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно.
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.-д “Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1., 21.2.-т “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно. Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн 1 талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар нэхэмжлэгч Б.******** нь зээлийг болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн хариуцлага, төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг /Гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон тул/ төлөх үүрэгтэй болно.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.********гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.,168 дугаар зүйлийн 168.1. дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00904 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.********гийн “Орон сууцны зээлийн гэрээний дагуу үүссэн нэмэгдүүлсэн хүү төлөхийг зогсоож, эргэн төлөлтийг хэвийн үргэлжлүүлэхийг “******** банк” ХК-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагмадуламын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ