Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э.С-д холбогдох эрүүгийн 1820002480143 тоот хэргийг 2019 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багт нутаглах, урьд ял шийтгэлгүй, М овогт Э.С,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Э.С нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газар өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 23.8, 23.9, 24.2, 24.3 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар Г.О, В.У, С.А нарын амь насыг хохироосон хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрч байхад хувийн хэрэгцээндээ зориулж өөрийн эзэмшлийн бог малнаас 12 тооны ямаа, 6 тооны хонь нийт 18 тооны бог малыг 10 цаг өнгөрч байхад махалж дууссан. Тэгээд Замын-Үүд суманд зарахаар өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ маркийн машиныг унаад эхнэр 2 хүүхдийн хамт гэрийн гаднаас хөдөлсөн. Тухайн үед намайг Замын-Үүд сум явах сургаар манай нутгийн талийгаач О, талийгаач У нар явахаар болсон тул замаараа талийгаач О-нд очоод явах талаар хэлэхэд талийгаач О өөрийн ач охин Х-н хамт гэрээсээ гарч ирээд машинд суусан. Тэгээд цааш яваад талийгаач У-н гэрийн гадаа явж очоод явах талаар хэлэхэд талийгаач У би бас хувийн хэрэгцээндээ зориулаад өөрийн эзэмшлийн бод малнаас 2 тооны үхэр махалсан байгаа энийг ачаад явах талаар хэлэхээр нь машины ар талд У-н 2 тооны үхэр багтахгүй байхаар нь арын суудлыг аваад 2 тооны үхэрийг дэвсэж тараагаад ачсан. Тэгээд би машиныг бариад жолоочийн эсрэг талын урд суудал дээр манай эхнэр Э, манай хүүхэд 7 сартай А-г өвөр дээрээ авч суугаад арын махан дээр У өөрийн дүүгийн хүүхэд 4 настай А-н хамт, О, Х, А нарын хамт суугаад 12 цаг өнгөрч байхад гэрийн гаднаас хөдлөөд цааш 4-5 км яваад гэнэт машин буруу тал руугаа шарвах үед би жолооны хүрдийг хариулаад дарх үед буруу талын хоёр дугуй дээшээ болоод буцаад буугаад савж байгаад зөв тал руугаа машин онхолдож 4 дугуй, дээшээ харсан байдалтай унасан. Тэгээд би өөрийн талын хаалгыг хөлөөрөө тийрээд машинаас хүүхэд А-г хамгийн түрүүнд гаргаад дараа нь эхнэр Э-г, тэгээд Х-г гаргасан. Дараа нь машин дотроос данхраад гаргаж ирж байгаад машины урд талын салхины шилний карказанд дарагдсан байсан 7 сартай А охиноо гаргаж авсан. Тэгээд машины хойд талын хоёр хаалга нээгдэхгүй байхаар нь зүүн талын арын хаалгыг нээгээд малын махнуудыг зөөж гаргаад талийгаач О, А, У нарыг гаргасан. Тэгээд утасны сүлжээ орох газар овоо руу гүйж гараад утсаар ярих гэсэн боловч нэгжгүй байхаар нь О-н дүү Г луу хэд хэдэн удаа дохиход Г миний гар утас руу залгахаар нь би Б-н гэрийн гаднаас хөдлөөд 4-5 км зайд Ц гэх газар машинтайгаа онхолдчихлоо яаралтай түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд машин дээрээ очоод байж байхад сумын эмнэлгийн хүмүүс, Засаг дарга, цагдаагийн хүмүүс нар ирсэн... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрт тус бүр 1,500,000 төгрөг өгсөн. Хамаатан садангууд маань байсан юм...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 102-103/,

- Хохирогч Т.В мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач В.У нь миний охин, С.А нь миний зээ хүү байгаа юм... Охин маань Эрээн хот руу явна гэж ярьж байсан тэгээд С-н машинтай явж байсан юм байна лээ. Би өөр яг ямар асуудал болсон талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Охин маань зам тээврийн осолд орж нас барлаа, надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй. Гомдолтой гээд охин маань босоод ирэх биш надад өөр хэлэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

- Хохирогч В.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Дорноговь аймгийн Сайншанд суманд 3 настай хүү Ө.А-н хамт амьдардаг юм. Хүү маань 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгт явдаг. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбадрах сум руу эгч В.У хөдөө гэр лүү нь явуулсан ер нь эгчийн гэрт ирдэг байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талийгаач эгч В.У нь Замын-Үүд сум руу явахаар болж хүүг замаараа өвөөгийнх нь гэрт буулгачхаад цааш явах гэж байсан юм байна лээ. Гэтэл зам тээврийн осолд орж хүү маань нас барсан байна. ... Ар гэр болон миний зүгээс Э.С-д ямар нэгэн санал гомдол байхгүй мөн ажил явдлаар ламд үзүүлэхэд газрын гүйдэл дайрсан байна гээд ном уншуулж буян үйлдсэн С-н хувьд ч хэцүү байгаа тул бага насны 4 хүүхэдтэй иймд бидний зүгээс санал гомдол нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34, 127/,

- Хохирогч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Талийгаач Г.О нь миний ээж юм... ээж маань БНХАУ-ын Эрээн хот руу хувийн хэрэгцээний өвлийн хувцас, эд зүйлээ цуглуулна гэж ярьж байсан ингэхдээ Т.Х-г харах хүн байхгүй Замын-Үүдэд айлд орхичихоод Эрээн хот руу гарна гэж надад ярьж байсан. Гэтэл уг осол болж ээж маань нас барсан. Харин охин Т.Х-н хувьд гайгүй ямар нэгэн гэмтэл байгаагүй мэдэгдэх зүйлгүй байна. Охин маань 2015 онд төрсөн 3 настай учир мэдүүлэг өгөх боломж байхгүй. Миний бие энэ айлын том охин бөгөөд гэр бүлээ төлөөлөн хохирогчоор оролцож байгаа бөгөөд ар гэр бидний зүгээр бол гаргах гомдол санал хүсэлт байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- Насанд хүрээгүй гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ны өглөө хэдэн цаг болж байсан эсэхийг мэдэхгүй/ аавын УАЗ маркийн авто машинтай аав, ээж, дүү нарын хамт гэрээс Замын-Үүд явахаар гарсан, эхлээд О эгчийн гэрээс О 3 настай Х-н хамт суусан, дараа нь У эгчийн гэрээс У 3-н настай хүү А-н хамт суусан. Ингээд манай аав С машинаа жолоодоод урд талын суудал дээр манай ээж Э, дүү А 2 суугаад, би 2 суудлын голд, жолоочийн арын суудал дээр У, түүний дэргэд А, түүний баруун талд О түүний өвөр дээр нь Х нар суусан байсан, бид махаа машин дотроо дэвссэн хэлбэртэй ачаад махан дээр сууцгаагаад явж байсан гэтэл гэнэт машин онхолдоо 4 дугуй нь дээшээ харсан. Аав эхлэж машинаас гараад намайг эхлэж гаргасан дараа нь ээжийг гаргасан А тухайн үед машины урд шилний хэсэгт дарагдчихсан орилоод байсан дууг данхраад ашиглан гаргасан, Х-г араас нь гаргасан энэ үед У, О, А нарыг машинаас аав гаргаж ирэхэд хөдлөхгүй болчихсон байсан, энэ үед Х уйлаад аав намайг дүүгээ аваад цаашаа байж бай гээд байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/,

- Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр С бид 2 Замын-Үүд сум руу явах болж 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 11 цагийн үед манай нөхрийн ... улсын дугаартай УАЗ маркийн авто машиндаа 18 тооны бог мал ачаад 2 хүүхдээ суулгаад гэрийн гаднаас хөдөлсөн замаараа О эгчийг зээ охин Х-н хамт суулгаад, тэндээсээ Э ахын гэрт очиж тэднийхээс нэмж 2 үхрийн мах ачаад У түүний дүүгийнх нь хүүхэд болох 3 настай хүү А нарыг суулгаад Э-н гэрийн гаднаас 12 цагийн үед хөдөлсөн, ингээд бид тэдний гэрээс их хол яваагүй гэнэт машин 2 тал дээрээ ээлжилж савж байснаа онхолдоод 4 дугуй дээшээ харсан, тухайн үед би урд талын суудал дээр бага охин А-тай сууж явсан арын хэсэгт мах ачсан байсан бөгөөд ард У эгч хүүхэдтэйгээ, О эгч хүүхэдтэйгээ суусан байсан. Машин онхолдсоны дараа С эхлэж гараад А-г гаргаад биднийг нэг нэгээр гаргаж байсан. Тухайн үед Х орилж бахираад манай бага охин А нь урд салхины доод хэсэгт дарагдсан байсныг данхраадаж байгаад гаргасан, энэ үед У нь ард сандалд дарагдсан огт хөдлөхгүй ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан, О, А нар нь хаана байгаа нь харагдахгүй байсан, манай нөхөр С машины хаалгыг эвдээд махнуудыг гаргаад чулуудаад байсан би 7 сартай хүүхдээ аваад А болохоор Х-г аваад байж байсан тэгээд У, О, А нар нь бол ер нь огт хөдлөөгүй хариу өгөхгүй байдалтай машинаас гаргаж ирсэн, би бодохдоо У эгчийг сандалд эвгүй дарагдсан байгаа харагдаж байсан учраас нас барсан юм байхдаа гэж харж байсан О, А нарыг махны доод талд дарагдсан байсан учир ухаан алдсан гайгүй зөөлөн юманд даруулсан гэж бодож байсан. С нь махнуудыг машинаас гаргаж байхдаа намайг “Утас бариад гүйгээрэй сүлжээ олоод хурдан түргэн дууд” гээд бахираад байсан би утас бариад гүйгээд байсан сүлжээ ороогүй тэгтэл С доторх хүмүүсээ бүгдийг нь гаргачхаад намайг амдаад гүйгээд ирсэн надаас утас аваад өндөр уул руу гарах гээд цааш гүйсэн, би эргээд машин дээр ирэхэд бүгдийг нь машинаас гаргасан У, О, А нар нь огт ухаангүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/0390 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний эмчийн үзлэгийг үзэхэд Э.С-н биед баруун, зүүн бугуйн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйл үгүй гэсэн дүгнэлт /1хх-ийн 55/,

- 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. УАЗ маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 23 дугаар бүлэг /Хүн тээвэрлэх/-ийн 23.8-д заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн Нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн заалтыг, мөн бүлгийн 23.9-т заасан “Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэсэн заалтыг, мөн дүрмийн 24 дүгээр бүлэг /Ачаа тээвэрлэх/-ийн 24.2-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн бүлгийн 24.3-т заасан “Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Уг автомашин тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсаныг тодорхойлох боломжгүй. УАЗ маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.С нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байх бөгөөд осол хэргийн газарт тоормозны мөргүй байна.

3. Жолооч Э.С нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын ... тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.

4. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь УАЗ маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 23 дугаар бүлэг /Хүн тээвэрлэх/-ийн 23.8-д заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүгийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн заалтыг, мөн бүлгийн 23.9-т заасан “Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэсэн заалтыг, мөн дүрмийн 24 дүгээр бүлэг /ачаа тээвэрлэх/-ийн 24.2-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн бүлгийн 24.3-т заасан “Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна. а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.

5. Хариулт 4-өөр хариулагдсан гэсэн дүгнэлт /хх-ийн 73-74/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/092 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Амь хохирогч Г.О-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр хуйхны дотор гадаргууд дух болон оройн хэсгийг хамарсан цус хуралт, хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Амь хохирогчийн цогцост учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Амь хохирогчийн цогцост учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Амь хохирогч Г.О нь цээж дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байна.

5. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ эд эсийн шинжилгээгээр элэг хөнгөн зэргийн өөхлөлт, зүрх томрол, зүрх өөхлөлт архаг хууч өвчин тогтоогдлоо. Энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна.

6. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

7. Амь хохирогчийн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.

8. Амь хохирогчийн цогцост илэрсэн баруун, зүүн нүдний дээд, доод зовхины дотор салстын цэгчилсэн цус хуралт нь амьсгал бүтэлтийн улмаас илэрдэг шинж тэмдэг юм гэсэн дүгнэлт /хх-ийн 77/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/090 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Амь хохирогч С.А-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр хуйхны дотор гадаргууд духны зүүн хэсэгт  цус хуралт, зүүн мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Амь хохирогчийн цогцост илэрсэн хуйхны дотор гадаргууд духны зүүн хэсэгт  цус хуралт, зүүн мөрний цус хуралт гэмтэл гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Амь хохирогчийн цогцост илэрсэн баруун, зүүн зовхи, баруун шанаа орчмын цэгчилсэн цус хуралт. Баруун, зүүн нүдний доод зовхины дотор салстын цэгчилсэн цус хуралт нь үхэлд хүргэсэн үндсэн шалтгааны шинж тэмдэг учир гэмтэл гэж үзэхгүй.

4. Амь хохирогч С.А нь цээж дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байна.

5. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6 Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна.  

7. Амь хохирогчийн цус нь А/II бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/091 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Амь хохирогч В.У-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр цээжний цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Амь хохирогчийн цогцост учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Амь хохирогч В.У нь цээж дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байна.

5. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ эд эсийн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

7. Амь хохирогчийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.

8. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэгээр илэрсэн баруун бугалга, шууны дотор хэсгийг хамарсан, нурууны баруун дунд хэсэг, хүзүүний зүүн хэсэг, зүүн бугалга орчмын арьсны өнцөг давхаргын гуужиж хууларсан байдал нь шатахууны улмаас арьсанд илэрсэн өөрчлөлт байх боломжтой байна гэсэн дүгнэлт /хх-ийн 82-83/,

  • А ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 92-94/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107-108/,

- Дорноговь аймгийн Улаанбадрах сумын засаг даргын тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, С.Э, С.Э, С.А, С.А нарын төрсний гэрчилгээний хуулбар, Э.С-н иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 110-120/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Дээрх нотлох баримтуудаар Э.С нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газар өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 23.8, 23.9, 24.2, 24.3 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар Г.О, В.У, С.А нарын амь насыг хохирсон, зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Э.С нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газар өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 23.8, 23.9, 24.2, 24.3 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар Г.О, В.У, С.А нарын амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Э.С нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.В “...Охин маань Эрээн хот руу явна гэж ярьж байсан тэгээд С-н машинтай явж байсан юм байна лээ. Би өөр яг ямар асуудал болсон талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Охин маань зам тээврийн осолд орж нас барлаа, надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн, хохирогч В.С “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талийгаач эгч В.У нь Замын-Үүд сум руу явахаар болж хүүг замаараа өвөөгийнх нь гэрт буулгачхаад цааш явах гэж байсан юм байна лээ. Гэтэл зам тээврийн осолд орж хүү маань нас барсан байна...” гэсэн, хохирогч Н.Т “…Талийгаач ээж маань БНХАУ-ын Эрээн хот руу хувийн хэрэгцээний өвлийн хувцас, эд зүйлээ цуглуулна гэж ярьж байсан ингэхдээ Т.Х-г харах хүн байхгүй Замын-Үүдэд айлд орхичихоод Эрээн хот руу гарна гэж надад ярьж байсан. Гэтэл уг осол болж ээж маань нас барсан. Харин охин Т.Х-н хувьд гайгүй ямар нэгэн гэмтэл байгаагүй мэдэгдэх зүйлгүй байна...” гэсэн, насанд хүрээгүй гэрч С.А  “...бид махаа машин дотроо дэвссэн хэлбэртэй ачаад махан дээр сууцгаагаад явж байсан гэтэл гэнэт машин онхолдоод 4 дугуй нь дээшээ харсан. Аав эхлэж машинаас гараад намайг эхлэж гаргасан дараа нь ээжийг гаргасан А тухайн үед машины урд шилний хэсэгт дарагдчихсан орилоод байсан дүүг данхраад ашиглан гаргасан, Х-г араас нь гаргасан энэ үед У, О, А нарыг машинаас аав гаргаж ирэхэд хөдлөхгүй болчихсон байсан...” гэсэн, гэрч Н.Э “Машин онхолдсоны дараа С эхлэж гараад А-г гаргаад биднийг нэг нэгээр гаргаж байсан. Тухайн үед Х орилж бахираад манай бага охин А нь урд салхины доод хэсэгт дарагдсан байсныг данхраадаж байгаад гаргасан, энэ үед У нь ард сандалд дарагдсан огт хөдлөхгүй ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан, О, А нар нь хаана байгаа нь харагдахгүй байсан, манай нөхөр С машины хаалгыг эвдээд махнуудыг гаргаад чулуудаад байсан би 7 сартай хүүхдээ аваад А болохоор Х-г аваад байж байсан тэгээд У, О, А нар нь бол ер нь огт хөдлөөгүй хариу өгөхгүй байдалтай машинаас гаргаж ирсэн, би бодохдоо У эгчийг сандалд эвгүй дарагдсан байгаа харагдаж байсан учраас нас барсан юм байхдаа гэж харж байсан О, А нарыг махны доод талд дарагдсан байсан учир ухаан алдсан гайгүй зөөлөн юманд даруулсан гэж бодож байсан” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.С-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзлээ. 

 Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч нар гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4  дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Э.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч М овогт Э.С-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Б.Н