| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2024/00898/И |
| Дугаар | 207/ма2024/00095 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2024/00095
| 2024 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 207/МА2024/00095 |
“********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч ********д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.********, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2024/01000 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********д холбогдох,
Бараа бүтээгдэхүүний дутагдал 14.580.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Пүрэвлхагвын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв..
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд, нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"********" ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19/04 дугаартай тушаалаар ********г тус компанийн борлуулалтын менежерээр ажиллуулахаар хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Борлуулагч нар нь үйлдвэрээс сүү, сүүн бүтээгдэхүүнийг тоолон хүлээн авч, гэрээт борлуулагч нарт хүлээлгэн өгөх үүргийг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн. Борлуулалтын менежер ********гийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны тооцоо бодоход 14.580.080 төгрөгийн өртэй гарсан. ********гийн нийт борлуулсан бүтээгдэхүүн 51.482.560 төгрөг, 12 дугаар сарын үлдэгдэл 10.765.820 төгрөгийг нэмэхэд нийт 62.248.380 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас тушаасан мөнгө 44.677.650 төгрөгийг хасахад 17.570.730 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс хасагдах тооцоо /******** 635.000 төгрөг, ******** 1.561.500 төгрөг, үлдэгдэл 794.150 төгрөг/-нийт 2.990.650 төгрөгийг хасахад 14.580.080 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоо гарсан. Дээрх дутаасан бараа бүтээгдэхүүний тооцооны актыг ******** нь хүлээн зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ирж тооцоо нийлнэ гэж бичиж өгөөд ирж уулзалгүй өдийг хүрсэн. ********г дутаасан барааны төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд ********гаас 14.580.080 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******** миний бие “********” ХХК-д 2015 онд борлуулагчаар ажилд орсон. 2020 оны 05 дугаар сард намайг ажлаас халсан. Намайг ажиллаж байх хугацаанд манай компанийн нэр солигдож, захирал өөрчлөгдсөн. Компанийн зүгээс ажлаас халах болох шалтгаанаа чи боловсролгүй, чиний оронд боловсролтой хүн авч ажиллуулна гээд халсан. Миний бие 2020 оны 05 дугаар сард ажил хүлээлцэхдээ зээлээр бараа авсан дэлгүүрүүддээ ********гийн хамт /миний ажлыг хүлээн авч буй хүн/ очиж дэлгүүрийн худалдагч нартай нь уулзаж, баримтуудаа тулгаж, зээлийн үлдэгдлүүдээ баталгаажуулаад худалдагч нараар нь гарын үсэг зуруулж, баримт үйлдсэн. Бараа бүтээгдэхүүний баримтаа н.********, нярав н.******** нарт ажил хүлээлцэхдээ хүлээлгэн өгсөн. Миний оронд борлуулагчаар ажилласан тэр хүн дэлгүүрүүдээс бүтээгдэхүүнийхээ мөнгийг шаардаж авсан байх. Иймд “********” ХХК-ийн дутаасан барааны төлбөр 14.580.080 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2024/01000 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “********” ХХК-ийн гаргасан хариуцагч ********гаас 14.580.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч П.Пүрэвлхагва шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2024/01000 дугаартай “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй ********холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтийг шүүхийн мэдээлэл лавлагаанд өгсөн боловч, шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчид өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн 01000 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
"********" ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанаас өмнө эвлэрэх тухай ямар нэгэн хүсэлтийг шүүхэд гарган өгөөгүй болно. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбараа нэг бус удаа шүүхэд гарган өгсөн нь хэрэгт авагдсан байдаг. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2024/01000 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.
Нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч ********гаас дутагдуулсан барааны үнэ 14.580.080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, харин хариуцагч ******** нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч ******** нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19/04 тоот тушаалаар “********” ХХК-д борлуулалтын менежерийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан үйлдвэрээс сүү, сүүн бүтээгдэхүүн хүлээн авч борлуулагч нарт тарааж өгдөг үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч “********” ХХК нь Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 14.580.080 төгрөгийн бараа материал дутааж, албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан үйлдлийг тогтоолгох, хариуцлага хүлээлгэх талаар гомдол гаргасныг Орхон аймгийн Прокурорын газар хэрэгсэхгүй болгон хэрэг нээхээс татгалзсан тогтоол гаргасан. Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, татгалзсан тайлбар гаргасан, 2020 оны 5 дугаар сард хариуцагч ********г менежерийн ажлаас чөлөөлсөн, 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл ажилласан хугацаанд тооцоо бодсон баримтаар 14.580.080 төгрөг дутагдуулсан гэсэн баримт үйлдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.
Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй үндэслэлээ “Миний ажиллаж байх үед компанийн нэр өөрчлөгдөж захирал солигдсон, ажил хүлээлцэхдээ зээлээр бараа хүлээлгэж өгсөн дэлгүүрүүдээ ажил авсан хүний хамт очиж дэлгүүрийн худалдагч нартай уулзаж баримтуудаа тулгаж зээлийн үлдэгдлээ баталгаажуулж худалдагч нараар гарын үсэг зуруулж баримт үйлдэж ажил авсан н.********, нярав н.******** нарт хүлээлгэн өгсөн, миний оронд ажил авсан хүн дэлгүүрүүдээс шаардаж авсан байх гэсэн тайлбарт үндэслэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч ********г 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны тооцоо бодоход 14.580.080 төгрөгийн өртэй гарсан гэж нэхэмжилж байгаа боловч энэ талаар баримтгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна.
Нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч ********тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байгаа боловч түүнийг ажиллах хугацаандаа хариуцсан эд хөрөнгөө дутагдуулсан 14.580.080 төгрөгийн хохирол учруулсан талаар санхүүгийн анхан шатны баримт гаргаж өгөөгүй, хариуцагчтай тооцоо нийлсэн акт үйлдээгүй, борлуулагч ********гийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг дуустал тооцоо бодолт гэсэн нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байгаа боловч энэ нь холбогдох бусад санхүүгийн баримтаар тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон нотлох баримт гаргах, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг няцаасан баримт гаргах тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1./ тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч “********” ХХК-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2024/01000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч П.Пүрэвлхагвын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч байгууллагын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ