Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүгдэгч Ө.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө.Ц-д холбогдох эрүүгийн 1820002910010 тоот хэргийг 2019 оны 03 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр зам орон сууц, барилга ашиглалт үйлчилгээний ангид ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ө.Ц,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутагт ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж Г.Ц-н амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ө.Ц мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би Дорноговь аймгийн Өргөн суманд төмөр замын ажилчдын байрын засвар хийж байгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны орой ажил тараад 20 цаг болж байхад хамт ажилладаг найз Г.Т, Г.Ц нарын хамт таньдаг ах М-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад би унаад бид гурав Сайншанд сум руу явсан. Тэгээд Сайншанд суманд 21 цаг өнгөрч байхад орж ирээд тэр хоёрыг Нарлаг шандад Ц-н байрны гадаа буулгаад би гэртээ харьсан. Тэгээд би гэртээ унтаж байхад миний гар утас руу шөнө 03 өнгөрч байхад Т залгаад бид 2 архи уусан байна. 2-р сургуулийн арын гудамжид айлд байна ирээд авах уу гэж хэлсэн. Тэгээд би босоод зааж өгсөн газар нь очоод тэр хоёрыг аваад гэртээ ирж бид 3 амарсан. Тэгээд 7 цагийн үед бид гурав босоод 2-р 85 айл орж Ц цүнхтэй хувцас авч гарч ирээд бид гурав цаашаа Сайншанд сумаас Өргөн сум руу гарсан. Тэгээд явж байгаад Өргөн сум руу салах дөхөж байхад манай ажлын ах Б машинтайгаа явж байхаар нь би гүйцэж түрүүлээд Өргөн сум руу салаад сайжруулсан шороон замаар 80 км цагийн хурдтай явж байсан санагдаж байна. Тэгээд явж байгаад гэв гэнэт замын хажуу тал руу ороод овгор шороо мөргөөд машин онхолдож байгааг санаж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд Ц машинаас гараад машины хойд тал буюу зам талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан хажуу талд нь Т байж байсан. Тэгээд ард явж байсан Б ах цагдаа, эмнэлэг дуудсан” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 154-155/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажилтай явж байхад 2018 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 55 минутанд Ц-н төрсөн эгч Ө.М миний гар утас руу залгаад Ц, Ц, Т нь Өргөн сум руу машинтай явж байгаад зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн. Тэгээд нөхрийн хамт зам тээврийн осол гарсан Өргөн сумын нутаг дэвсгэр дээр ирэхэд цагдаагийн албан хаагч нар ирсэн хэргийн газар луу ойртуулахгүй байсан. ... 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өргөн сумын ажлын цаг нь тараад орой Сайншанд сум руу хувцсаа авах гээд ирсэн байна лээ. Би энэ талаар маргааш өглөө мэдсэн. Манай хүүхэд Сайншанд суманд ирээд өвөөгийндөө орж ирээд түлхүүр өгчихөөд гарсан. Сайншанд суманд караокед ороод тэндээс гараад Ц-нд хоносон талаар мэдсэн. Өглөө 07 цаг өнгөрч байхад Өвөөгийндөө орж ирээд хувцсаа аваад ажилдаа явлаа гээд гараад явсан талаар өвөө нь хэлсэн. Одоо ямар нэг санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Манай нөхөр М хэлэхдээ манай дүү Ц дүү 2018 оны 12 дугаар сарын 18-ны орой Дорноговь аймгийн Өргөн сумаас ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашиныг гуйж авч яваад замдаа осолд орсон гэж надад хэлсэн. Манай ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашин банк бус санхүүгийн байгууллага дээр нэр нь байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б гэсэн банк бус санхүүгийн байгууллагад 1,500,000 төгрөгөөр тавьж нэр дээр нь шилжүүлж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “Би өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б, М нарын хамт мастераасаа чөлөө авч S маркийн автомашинтай Сайншанд сум руу хувийн ажлаар явсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 12 дугаар сарын 06-ны өглөө вогзалаас У-г тосч аваад цааш явж М-г аваад 4-үүлээ Өргөн сум руу хөдөлсөн. Тэгээд 07 цаг 20 минутын үед Өндөр хүчдэлийн дээр байдаг 2 бөөрөнхий улаан юмны тэнд явж байхад миний хажуугаар Тоёота Кровн  маркийн автомашин гүйцэж түрүүлэх үйлдэж хийж байсан. Тэгснээ миний хажуу зэрэгцээд яваад байхаар нь хажуу тийшээ хартал жолоочийн суудал дээр Ц машинаа жолоодоод инээгээд байсан. Тэгээд нээх удалгүй хажуугаар гараад их хурдтай яваад өгсөн. Би тэр үед өгсөж явсан болохоор 80 км цагийн хурдтай явж байсан. Тэгэхэд л хажуугаар гүйцэж түрүүлж гарсан. Тэгээд урд нилээн зайтаа бараа нь харагдаад яваад байсан. Тэгээд Өргөн сум руу салаад шороогоор явж байгаа бололтой шороо босч байснаа гэнэт харагдахаа больчихоор нь засмал руу орж дээ гэж бодсон. Тэгсэн бид нарыг тэр замаар явж байхад машин нь замаас гарцан талийгаач жолоочийн эсрэг талын урд хаалганы хажууд дээшээ харчихсан хэвтэж байсан. Харин Ц талийгаачийн цаана 5 орчим метрийн зайтай дээшээ харчихсан хэвтэж байсан. Т болохоор шороон зам дагуу зогсоод гараа өргөөд байгаа харагдсан. Тэгээд бид хэд очиж зогсоод бүгдээрээ машинаас буугаад ослын газар луу очоод Ц-г үзтэл амьсгалахгүй байсан. Тэгээд Ц-г харахад толгой нь хагарчихсан гуйваад байсан. Тэгээд л бид нар цагдаа, эмнэлэг дуудсандаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,

- Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “Би Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төмөр замын харъяа барилга ашиглалт үйлчилгээний 3 дугаар ангид шавар будагч ажил хийдэг юм. Би өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаа дуусгачихаад орой 21 цагт хамт ажилдаг Ц, Ц нарын хамт Ц-н ахын эзэмшлийн Тоёота Кровн маркийн автомашинтай Сайншанд сум руу 3-уулаа явцгаасан юм. Учир нь Ц 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 13 цагт Ц бид 2-т "3-уулаа Сайншанд орж гэр гэртээ харьцгаах уу?” гэж асуусан. Тэгэхэд нь бид 2 “Тэгье” гэж ярилцсан. Тэгээд л тэр оройдоо ажлынхаа Н мастераас чөлөө зөвшөөрөл авч явсан юм. Тэгээд Сайншандад 22 цагийн орчим орж ирээд шууд талийгаачийн гэр лүү явж очоод талийгаач бид 2 бууж үлдээд Ц машинтайгаа ганцаараа “гэр лүүгээ харилаа” гээд яваад өгсөн. Тэгээд бид 2 талийгаачийн гэр лүү орж талийгаач хувцас хунараа сольж, нүүр гараа угаачхаад буцаад 22 цаг 14 минутанд гэрээс нь гарсан. Тэгээд 2 дугаар 58-д байдаг талийгаачийн өвөөгийн гэр лүү нь бид очиж талийгаач маргааш өглөө авч явах хувцаснуудаа үлдээсэн. Тэндээсээ гараад А-н хажууд байдаг Гоймон зардаг газар луу талийгаач бид 2 орж цуйван захиалж идчихээд 22 цаг 50 минутын үед гарсан. Тэгээд “999” гэх нэртэй караокед талийгаач бид 2 орж 2 ширхэг шилтэй сэрүүн пиво захиалж уугаад, дуулж байтал гаднаас талийгаачийн найз гээд 3 хүн ороод ирсэн. Миний таньдгаас Т, Ц 2 байсан. Өөр танихгүй нэг эмэгтэй байсан. Ингээд гаднаас 3-уулаа орж ирсэн. Тэгээд нэмж 3 ширхэг шилтэй сэрүүн пиво захиалж ууцгаасан. Тэгж байтал караокены цаг дуусаад талийгаач бид 2, 30 минут сунгаад дахиж 5 ширхэг сэрүүн пиво захиалж ууж дуусгаад цаг дуусахаас өмнө дахин 5 ширхэг шилтэй сэрүүн пиво захиалж уугаад цаг дуусахдаа бүгд пивонуудаа авч гарсан. Тэгээд гадагшаа гарч “My music” бааранд 5 уулаа караокед нь орж 1 цаг дуулсан. Дуулж байх хугацаандаа лаазтай сэрүүн пиво 10 ширхэг, 0.75 хэмжээтэй “Х” архи 1 ширхгийг авчхаад 10 лаазтай пиво л ууж дуусгасан ба шилтэй архиа тэндээс авч гараад талийгаач бид 2 нөгөө 3-аас салаад талийгаачийн ахын гэрт нь очиж архиа хувааж уусан. Тэгээд шөнийн 03 цагийн үед би Ц руу залгаад “бид 2-ыг ирээд авчихаа, бид 2 өөдөөс чинь гараад очъё” гэж хэлтэл “За за” гэж хэлсэн. Тэгээд бид 2-ыг Цэрэндаш Тоёота Кровн маркийн автомашинтайгаа ирж аваад гэртээ аваачиж унтуулсан. Тэр үед Ц гэртээ байж байгаад ирсэн болохоор эрүүл байсан. Тэгээд бид 3 гэрт нь очоод өшөө архи дарс уулгүй амарсан. Тэр үед цаг 03 цаг 30 минут болж байсан. Тэгээд өглөө 07 цаг өнгөрөөж орноосоо босцгоогоод ажил руугаа бид 3 Ц-н унаж ирсэн Кровнтой хөдөлсөн. Би арын суудал дээр ганцаараа, Жолоочийн хажуу талд талийгаач Ц сууж байсан. Харин жолоог Ц барьж явсан юм. Тэгээд би Сайншандаас гарч байх үед нь арын суудал дээр унтаад өгсөн юм. Тухайн үед намайг унтахаас өмнө Ц 80 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд унтсанаас хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд толгойгоо хаалганд маш хүчтэй цохиж сэрсэн. Тэгээд юу болсон талаар хартал жолооч машиндаа байхгүй байсан. Харин жолоочийн хажууд сууж явсан талийгаач бөгсөн бие нь машинд, цээжин бие нь цонхоор гарч цааш унжсан байдалтай харагдаж байсан. Тэгэхээр нь би жолоочийн эсрэг талын хойд талын хаалгаар нь гарч эргэн тойрныг харахад эд зүйл эмх замбараагүй, машин тэрэг эвдэрчихсэн маш аймшигтай байсан. Би өөрөө ч бас жоохон манарчихсан байсан ба талийгаачийг гадна талаас нь татаж гаргаад газар хэвтүүлсэн. Тэр үед талийгаач амьсгалахгүй байсан ба би цээжин дээр нь иллэг хийж үзсэн. Тэгээд боломжгүй болохоор нь өөрийн өмсөж явсан хар күртикээрээ толгой хэсгийг нь хучаад байж байтал жолооч хажууд ирчихсэн духнаас нь цус гарчихсан толгойгоо барьчихсан “Гайгүй юу” гэчихсэн байж байсан. Тэгээд би жолоочийг машин түшүүлж суулгаад зам руу гүйж тусламж дуудсан. Тэгэхэд хойноос манай хамт ажилдаг Б, Б, М, У нар Sam-5 маркийн машинтай ирж бид нарт тусалж цагдаа түргэн дуудсан. Ийм л зүйл болсон. Надад ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- А ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 50-51/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 02/046 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Г.Т-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 10-ны өдрийн 02/101 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Амь хохирогчийн Г.Ц-н цогцост гэмтэл учирсан байна.

2. Амь хохирогч Г.Ц-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр гавал ясны дух, баруун, зүүн чамархай, баруун зүүн нүдний дээд ухархай хамарсан цөмөрсөн хугарал. Тархины хатуу бүрхүүлийн урагдал. Баруун, зүүн тал бөмбөлгийн дух, суурь, бага тархины суурь хэсгүүдийн тархины эдийн няцрал. Гавалын суурь яс шалгахад зүүн чамархайнаас баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл, баруун чамархайг хамарсан хөндлөн хугарал. Мөн духны хонхрын тодорхойлох боломжгүй олон тооны хугарал. Хамар ясны чихэгдсэн хугарал. Эрүү ясны хугарал. Зүүн шилбэ, шаант ясны ил хугарал. Зүүн шилбэний хугарлын шарх. Хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт. Дух, баруун шанаа, баруун чихний урд хэсэг, зүүн чамархай, зүүн хацар, зүүн чихний урд хэсэг, хүзүү, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн алганы ар хэсэг, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн шилбэний олон тооны, зүүн тавхайн дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

3. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйл зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

5. Амь хохирогч Г.Ц-н цогцост учирсан гавал ясны дух, баруун, зүүн чамархай, баруун, зүүн нүдний дээд ухархай хамарсан цөмөрсөн хугарал. Тархины хатуу бүрхүүлийн урагдал. Баруун, зүүн тал бөмбөлгийн дух, суурь, бага тархины суурь хэсгүүдийн тархины эдийн няцрал. Гавалын суурь яс шалгахад зүүн чамархайнаас баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл, баруун чамархайг хамарсан Хөндлөн хугарал. Мөн духны хонхрын тодорхойлох боломжгүй олон тооны хугарал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна.

6. Амь хохирогч Г.Ц нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна.

7. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь В/III бүлгийн харьяалалтай байна.

8. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 69-70/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 02/031 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ө.Ц-н биед тархины баруун тал бөмбөлгийн эдийн доторх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, суурь яс, дух, баруун нүдний гадна ухархай, баруун чамархай дайрсан хугарал, тархи доргилт, духны шарх, духны зулгаралт хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Ө.Ц-н биед учирсан суурь яс, дух, баруун нүдний гадна ухархай, баруун чамархай дайрсан хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт. Тархины баруун тал бөмбөлгийн эдийн доторх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг Тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Тархи доргилт, духны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгаралт, баруун нүдний цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйл үгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 81-82/,

- Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Цэрэндаш” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 127/,

- Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Дээвэр, урд 2 шаврын хаалт, хөдөлгүүрийн хаалт, урд салхины шилний 2 тулгуур багана, зүүн урд хаалга, баруун хойд шаврын хаалт хэв гажсан. Баруун урд болон хойд хаалга, зүүн хойд хаалга гажаатай болсон. Урд болон хойд бамбай хагарсан. Урд болон хойд зүүн 2 хаалганы салхины шил хагарсан. Урд 2 арыг харах гадна толь хагарсан. Усны савны хаалт хагарсан, агаар шүүгч хагарсан. Урд хөндөл хэв гажсан. Гал хамгаалагчийн суурь хагарсан. Усны сав хэв гажсан. Доод тосны тэвш хагарсан. Зүүн урд дугуйн обуд хагарсан. Урд тэнхлэгийн тавилтын өнцөг өөрчлөгдсөн зэрэг эвдрэл гэмтэл байна.

2. Тухайн тээврийн хэрэгслийн ослын өмнөх байдлыг тодорхойлох боломжгүй. ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашин нь 2018 оны 04 дүгээр сарын 24-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.

3. Тодорхойлох боломжгүй.

4. ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашины техникийн эвдрэл гэмтэл нь ослын дараа үүссэн, дахин ашиглах боломжгүй байна.

5. ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн автомашин нь 2001 онд үйлдэрлэгдэж 18 жил болсон байна. Автомашиныг ашиглах явцад, түүний гүйлтийн хэмжээ, ашиглалтын нөхцөлөөс хамааран агрегат, механизмуудад элэгдэл үүсч машины техникийн чанар байдал аажимдаа буурдаг. Тухайн тээврийн хэрэгслийн ямар техникийн элэгдэл хорогдол байгааг ослын дараах байдлаар тодорхойлох боломжгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 121-124/,

- Ө.Ц-н иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136-139, 158-159/, эмчлүүлэгчийн карт эх хувиар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, иргэний нэхэмжлэгч Д.Ц нарын шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

- Дээрх нотлох баримтуудаар Ө.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутагт ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж машин дотор сууж явсан Г.Ц-н амь хохирсон зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ө.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутагт ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж Г.Ц-н амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ө.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ц-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Б-н “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 55 минутанд Ц-н төрсөн эгч Ө.М миний гар утас руу залгаад Ц, Ц, Т нь Өргөн сум руу машинтай явж байгаад зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн. ... Одоо ямар нэг санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, гэрч Г.Т “...Би арын суудал дээр ганцаараа, жолоочийн хажуу талд талийгаач Ц сууж байсан. Харин жолоог Ц барьж явсан юм. Тэгээд би Сайншандаас гарч байх үед нь арын суудал дээр унтаад өгсөн юм... Нэг мэдэхэд толгойгоо хаалганд маш хүчтэй цохиж сэрсэн. Тэгээд юу болсон талаар хартал жолооч машиндаа байхгүй байсан. Харин жолоочийн хажууд сууж явсан талийгаач бөгсөн бие нь машинд, цээжин бие нь цонхоор гарч цааш унжсан байдалтай харагдаж байсан. Тэгэхээр нь би жолоочийн эсрэг талын хойд талын хаалгаар нь гарч эргэн тойрныг харахад эд зүйл эмх замбараагүй, машин тэрэг эвдэрчихсэн маш аймшигтай байсан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ө.Ц-н хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ө.Ц-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х овогт Ө.Ц-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ө.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н