Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 207/ма2024/00096

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2024/00096

 

 

 

 

 

 

024 09 12 207/МА2024/00096

 

 

А.*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01058 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.Болор-Эрдэнэевна, Т.Мөнхдөлгөөн, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ганзориг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь 2009 оны 03 дугаар сард зээл авч улмаар зээл, түүний хүүг төлж чадахгүй болж улмаар надад уг өр төлбөр болох 40 сая төгрөгийг төлж чадахгүй болсон тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өрөндөө тооцож өгье гэж санал гаргасан. Уг саналыг нь Миний бие А.******* 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч ******* ХХК-ийн захирал Ц.*******тэй харилцан тохиролцож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах. худалдан авах гэрээ байгуулан ******* ******* гудамж ХХК-ийн хашаанд ******* улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтай 288 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 364 мкв газрын хамт шилжүүлэн өгөхөөр болсон. Ингэхдээ уг гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнээр дамжуулан надтай байгуулж, энэ үедээ ******* ХХК-ийн 0153323 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ-гээр эзэмшдэг 800 м.кв га газрын 364 м.кв хэсгийг шилжүүлэх үүргийг худалдагч тал хүлээсэн. Ийнхүү уг гэрээний дагуу бүртгэл хийлгэх Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Орхон аймгийн Г азрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандахад ******* ХХК нь шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн байгаа гээд шилжүүлж өгөх боломжгүй хүлээж бай гэсэн. Ийнхүү миний бие хүлээсээр байгаад 2021 онд өр төлбөр нь төлөгдөж дуусаад улмаар миний гэрээг бүртгэж, 2021.06.11-ний өдөр надад үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон. Энэ үед газар эзэмших эрхийг шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч газар нь тодорхойгүй байдлаар шилжүүлэхгүй өдийг хүрсэн. Уг асуудлаар миний бие газрын албанд хандсан боловч газар төлбөр төлөгдөөгүй, яг аль газар болох нь тодорхойгүй гэж явсаар тус компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй өдийг хүрч миний бие хохирч байна. Уг компанийн захирал гэж нэг эмэгтэй өөрийгөө яриад байсан боловч улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас үзвэл Б. Анар бүртгэгдсэн байна. Иймд ******* ХХК-д Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлж газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Б.Анар нь иргэн Ф.Болор- Эрдэнэевнагаас 2023 оны 04р сарын 14-ний өдөр ******* компанийг бэлэглэлийн гэрээгээр хувийн ажил хэргийн тохиролцоогоор шилжүүлэн авсан бөгөөд шилжүүлэн авах үед тухайн компани нь лавлагаагаар өр авлага шүүхийн шийдвэрийн асуудалгүй байсан. Бидний дундах ажлын харилцаа дуусгавар болж миний бие тус компанийг эргүүлэн Ф.Болор-Эрдэнэевнаад 2023 оны 09 сарын 19-ний өдөр бусдад шилжүүлэх итгэмжпэл хийж өгсөн. Болор-Эрдэнэевна нь итгэмжпэл хийлгэж авах үедээ буцаагаад өмнөх хуучин эзэнд нь шилжүүлэн өгнө гэж байсан боловч өмнөх эзэнтэй нь уулзаж чадаагүй буцаан шилжүүлэн өгч чадаагүй тул миний бие 2023 оны 11 р сарын 28-ний өдөр иргэн Ф.Болор-Эрдэнэевнаад тус компанийг буцаан өгсөн. 2009 онд А.*******өөс ******* компанид зээлүүлсэн гэх мөнгөний асуудал надад огт хамаагүй бөгөөд мэдэхгүй. Иймд тус нэхэмжлэл дээрх тухайн үед А.******* гэх иргэний гаргасан гомдол надад хамааралгүй болохыг үүгээр хүргүүлж байна гэв

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Цогбадрахын *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдөлгөөн би А.*******ийн нэхэмжлэлтэй Дөлгөөн Жогол ХХК-д хариуцуулан гаргасан иргэний нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний аав Ц.******* нь М.Эрдэнэд Орхон аймаг Баян Өндөр сум Оюут 2 дугаар баг Дөлгөөн Жогол ХХК-ний хашаанд байх ******* дугаартай үл хөдлөхийг зарж борлуулах талаар тохиролцож итгэмжлэл өгсөн гэтэл А.*******д шилжүүлэн өгсөн нь миний хүсэл зориг биш гэж хэлсэн. Анх 20 сая төгрөг зээлж авсанаас хойш тавилгын үйлдвэрээсээ А.*******д 5 ханатай гэрийн эсгий 1 ширхэг, тооно 3 ширхэг, хаалга 2 ширхэг, хана 5 ширхэг, 5,000,000 /таван сая/ төгрөг бэлнээр өгсөн мөн 2024 оны 01 сарын 12-ны өдөр Ф.Александрын голомт банкны 4005132223 тоот дансаар 5090678926 тоот А.*******ийн дансруу 3,000,000 төгрөгөөр нэг удаа, 5,000,000 төгрөгөөр нэг удаа шилжүүлж төгрөг нийт 13,000,000 төгрөг шилжүүлсэн. Дээрх таван ханатай гэрийн эд зүйлийг зах зээлийн үнээр үнэлж, зээлийн гэрээний үнийн дүнгээс хасаж тооцохоор байна. А.******* нь 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг ногооны агуулахаар 3 иргэнд 1 хүнд сарын 250,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулсаар ирсэн. Ц.******* нь зээлийн гэрээг хувь хүнээр хийсэн бөгөөд Дөлгөөн Жогол ХХК-тай ямар нэгэн байдлаар хамааралгүй тул дээрх асуудал дээр надтай тусдаа маргаан үүсгэж нэхэмжлэх боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ш.Ганзориг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дөлгөөн Жогол ХХК- нийн гүйцэтгэх захирал Б.Анартай худалдах, худалдан авах гэрээ хийж Орхон аймгийн Баян- Өндөр сумын Оюут багийн нутагт Дөмөг захын урд байрлах 108 м.кв талбай бүхий үл хөдпөх хөрөнгө /мужааны цех, зутгуурын цех/-ийг худалдан авч, тэр өдрөө тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан Э-2101003631 улсын бүртгэлийн дугаартай, 6102500628 нэгж талбарын дугаартай 0000169683 гэрчилгээний дугаартай 800 м.кв газрын эзэмших эрхийг гэрээ хийж нотариатаар батлуулан шилжүүлэн авахаар болсон юм. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар иргэн Б.Ананд Ш.Ганзориг нарын 2023 оны 10 дугаар сарын 05- ны өдөр хийсэн бүртгэлийн дугаар 1825 гэрээгээр Э-2101003631 улсын бүртгэлийн дугаартай, 6102500628 нэгж талбарын дугаартай 0000169683 гэрчилгээний дугаартай 800 м.кв газрыг эзэмших эрх нь Ш.Ганзориг надад шилжих боломжтой болсон байна. Гэтэл Аймгийн газрын алба материалыг цахимаар хүлээн авч иргэн А.*******ийн нэхэмжлэл гаргасан 364 м.кв газрын асуудалтай хольж хутган газар эзэмших гэрчилгээг гаргаж өгөлгүй шүүхээр асуудал шийдвэрлэсний дараа бичиг баримтыг нь гаргаж өгнө гэсэн тайлбар хийж миний хууль ёсны эрхийг зөрчиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.*******ийн нэхэмжилсэн 364 м.кв газар нь миний эзэмших эрхийг нь шилжүүлэн авахаар гэрээ хийсэн 800 м.кв газартай ямар ч холбоогүй болох нь харагдаж байна. Тийм учир миний зөрчигдсөн эрхийг сэргээж намайг албан ёсны газар эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01058 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,110 дугаар зүйлийн 110.1,9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум 2-р баг,Оюут баг, Дөлгөөн Жогол ХХК-ийн хашаанд байршилтай 800 м.кв газраас 364 м.кв хэмжээтэй газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч А.*******д шилжүүлж өгөхийг хариуцагч Дөлгөөн Жогол ХХК-нд даалгаж, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1,106 дугаар зүйлийн 106.4-д заасныг баримтлан Шоовой овогтой Ганзоригийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн нутагт, Дөмөг захын урд байрлалтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Э-2101003631 дугаартай, 6102500628 нэгж талбарын дугаартай, 0000169683 гэрчилгээний дугаартай 800 м.кв газрын хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, Ц.******* нараас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүү Т.Мөнхдөлгөөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа миний аав Ц.******* нь М.Эрдэнэ гэдэг хүнд итгэмжлэл олгож Дөлгөөн Жогол ХХК-ийн байршилтай ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдах нь миний хүсэл зориг биш байсан гэдэг. Мөн тус компани нь 2003 онд тухайн газарт кадастрын зураг хийлгэсэн ба нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан 364 м.кв талбай нь манай компанийн хашаанд байрлалтай болохоос биш дээрх газартай уг 800 м.кв газарт хамааралгүй Орхон аймгийн Улсын бүртгэлийн газрын мэргэжилтний хариуцлагагүй байдлаас болж давхцуулан олгосноос үүдэлтэй маргаан үүсээд байна. Тухайн маргаан бүхий объект нь өөр байршилд 566.6 м.кв байршилтай байгаа гэж тайлбарлажээ. Гэтэл анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Ш.Ганзоригиийг уг 800 м.кв газрыг хууль ёсны эзэмшигч мөн гэж тогтоосон атлаа энэ газраас 364 м.кв газрыг А.*******д өгөхийг даалгаж амьдралд хэрэгжих боломжгүй, миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрхийг бүдүүлэгээр зөрчсөн шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж А.*******д олгох 364 м.кв газрын эзэмших эрхийг А.*******ийн өмчлөлд очсон обектийн байрлаж байгаа 566 м.кв газраас өгөхөөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* ХХК зөвшөөрөхгүй маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч А.******* нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-ийн захирал Ц.Мөнхтөртэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг Оюут багийн ******* ХХК-ийн хашаанд байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 288 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 364м2 газрын хамт худалдан авч шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд тухайн үед улсын бүртгэл хийлгэх гэсэн боловч хариуцагч ******* ХХК өр төлбөртэй, шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн гэсэн шалтгаанаар хийгдээгүй байсан, 2021 онд өр төлбөр нь төлөгдөж битүүмжлэлээс чөлөөлөгдсөнөөр нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан, 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-д нэгж талбарын 130108054 дугаар бүхий 800 м2 газрыг 15 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон /ХХ-6/ Ц.*******өд 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* ХХК-ийн хашаанд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 288 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн ******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон, 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ц.******* М.Эрдэнэд 288 м2 талбай бүхий 50.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 давхар барилгыг 364 м2 газрын хамт бэлэглэлийн гэрээ хийж бэлэглэсэн /ХХ-42/, ******* ХХК-ийн захирал Ц.******* 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн газрын албанд 364 м2 газрыг М.Эрдэнэд шижлүүлэх тухай хүсэлт гаргасан /ХХ-43/, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ц.*******өөс Ф.Болор-Эрдэнэевнад компанийн эрх шилжүүлэх гэрээ хийсэн. /ХХ-73/. Газар эзэмшүүлэх гэрээг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 800 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг ******* ХХК-ийн Б.Фалкулинатай байгуулсан газрын нэгж талбарын дугаар 6102500623 /ХХ-78-81/ ******* ХХК-д 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлж тайлбарлан 6102500628 дугаар бүхий 800 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон /ХХ-77/ 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр М.Эрдэнэ Ц.*******өд ******* ХХК-ийн хашаанд байрлах 288 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг /5.000.000 төгрөгөөр/ үнэлсэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ц.******* 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан /ХХ-135/ зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ф.Болор-Эрдэнэевна нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийг газар болон үл хөдлөх эзэмшигчийн хамт Ц.*******өөс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 5-21-ийн 2 өрөө байр, Монгол шуудан банкны барьцаалбартай 20.000.000 төгрөгийн зээлийн өрөнд шилжүүлэн авсан. Маргаан бүхий 364 м2 газар нь манай хашаанд байрлалтай болохоос 800м2 газарт хамааралгүй гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 110 дугаар зүйлийн 110.1., 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т заасныг баримтлан ******* ХХК-ийн хашаанд байрлалтай 800 м2 газраас 364 м2 газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч А.*******д шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* ХХК-ийн 800 м2 газарт маргааны зүйл болж байгаа 364 м2 газар хамааралгүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан, мөн Ф.Болор-Эрдэнэевнагийн тайлбар, шүүхийн үзлэг хийсэн баримтуудаар нотлогдож байхад 800 м2 газраас 364 м2 газрыг шилжүүлэхийг даалгасан нь үндэслэлгүй. Маргаж байгаа 364 м2 газар нь хаана байрлалтай болох, ******* ХХК-ийн 800 м2 газраас өөр байрлалд байгаа эсэх 288 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газар нь ямар хэмжээ бүхий газарт байрлаж байрлаж байгаа болох талаар тодруулаагүй, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хийсэн үзлэгээр ******* ХХК-ийн эзэмшлийн 800 м2 газарт байрладаггүй болохыг тогтоосон. ******* ХХК-ийн хашаанд өөр байгаа эсэхийг тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, маргаж буй 364 м2 газар хаана байрлалтай байгааг зайлшгүй тогтоох шаардлага байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, тодорхойгүй байгаа газрыг ******* ХХК-ийн 800 м2 газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй. Нөгөө талаар хариуцагч ******* ХХК-д 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 800 м2 газрын нэгж талбарын 130108554 дугаартай гэрчилгээ /ХХ-6/ олгож байсан бол 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэвлэж гаргасан ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нэгж талбарын 6102500628 дугаартай гэрчилгээ олгогдсон /ХХ-77/. ******* ХХК-ийн газар эзэмших гэрчилгээний нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн байхад энэхүү өөрчлөгдсөн шалтгаан нөхцлийг тодруулаагүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргаж байсан хүсэлтийг хүлээн авч ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамж гаргасан боловч энэ захирамж биелэгдээгүй. ******* ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын зургаар /2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн/ газрын хэмжээ нь 2950 м2 нэгж талбарын дугаар бүтэн бичигдээгүй /13010 гэсэн/, /ХХ-44/, мөн М.Эрдэнээгийн эзэмшиж байгаа газрын байршлын зураг /2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн/ газрын хэмжээ 364 м2 барилгын хэмжээ 276 м2 гэжээ. /ХХ-46/

Шүүх хэрэгт авагдсан зөрүүтэй нотлох баримтуудын ялгаа заагийг гаргаагүй хэрэгт ач холбоотой нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, маргааны үйл баримтын талаар бодит байдал нийцсэн дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн, талуудаас гаргасан хүсэлтийг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

С.УРАНЧИМЭГ