Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Н.А,

Шүүгдэгч Р.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р.Л-т холбогдох эрүүгийн 1920000000034 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, 8-21 насны 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 4-р багт оршин суух, тогооч ажилтай, ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Б овогт Р.Л,

Шүүгдэгч Р.Л нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын өөрийн гэртээ согтуугаар хохирогч О.Г-тай маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Р.Л мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би хэрэг гарсны маргааш буюу 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр юу болсон талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Яллагдагчаар өгөх мэдүүлэг маань яг адилхан, өөрчлөгдөх зүйл байхгүй. Бүх зүйл үнэн зөв, хэвээрээ байгаа. Би буруу зүйл хийж согтуудаа өөрийгөө удирдаж чадахгүй уурласнаас болоод О.Г-н биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Нарийн хэлбэл 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой гэртээ О.Г-тай маргаж, гэрээсээ хөөж гаргах гэж байгаад нуруун тус газар нь мэс хүргэж байна. Ахин ийм болчимгүй алдаа гаргахгүй байж чадна. Гаргасан алдаагаа ухамсарласан болохоор хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд гомдолгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд төлөх хүсэлттэй байна. Би банкны зээлтэй юм...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн48-49/,

- Хохирогч  О.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2019 оны 03 дугаар сарын 08-нд найз Б-н гэрт 1 шил 0,5 гр Э архи хувааж уусан. Б-н гэртээ үлдээд би гарч найз Х-н гэрт очиж тэдний найз Г, бас нэрийг нь тогтоож чадаагүй 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Тэнд нэг шил архи хувааж уусан. Тэндээс Г, Г-н найз бид 3 гараад Б плазагийн гадаа Г-тай уулзсан. Бид нар гадаа 0,5 граммын Э архи хувааж уусан. Ингээд Г манай эгчийнд очьё гээд би нарыг дагуулж Л-нд очсон. Орохоос өмнө Г айлд яаж хоосон орохов гээд 1 шил архи авсан байсан. Л-н гэрт очиход О, Л, түүний хүү, А нар байсан. Тэд бас архи ууж байгаа байдалтай байсан. Тэднийг бол огт танихгүй, тэр үед л танилцсан. Авчирсан архиа гаргаад 1 тойруулахад Г найзтайгаа явлаа шүү гээд явсан. Г бид нартай жаахан юм ярьж байгаад том өрөөнд нь буйдан дээр тасраад унаад өгсөн. Би бас согтоод байсан болохоор нь Г-г аваад явах санаатай таттал сэрээгүй. Айлд гадуур хувцастайгаа Г-н хажуугаар орж хэвтэхээс санаа зовоод харанхуй өрөө байхаар нь ороод тэмтэрч байгаад буйдан шиг зүйл байхаар нь тэврээд өгсөн. Зүйрмэглэж байтал энгэрээс татаад бос, эгчийг оролдлоо, ямар даварцан юм бэ гээд Л агсарсан. Тэр өрөөнд миний цаана Л-н эгч Н унтаж байсныг нь би мэдээгүй. Намайг эгчийг нь дээрэлхлээ гээд Л уурлаж намайг татаж чангаан үүд рүү чирсэн. Л бид 2 гал тогооны өрөөнд хоорондоо нилээн маргасан. Бие биерүүгээ хэлэх, хэлэхгүй үгээр дайрцгаасан. Намайг хөөж тууж байхдаа Л баруун гартаа жижигэвтэр хутга барьсан байсан. Хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй. Ишийг нь харж чадаагүй. Гуяныхаа араар хийгээд байсан. Зайл ална шүү гээд дайрахаар нь би та яасан гэж ингээд байгаа юм бэ, за за би явлаа гээд гадагшаа гарахад нуруу руу цохьсон. Тэгээд би тэднийхээс гараад засмал зам руу такси барихаар алхтал нуруу руу лугшаад эхэлсэн. Яасан юм бол гээд гараа хийж үзтэл цус гарсан байсан. Л хутга барьчихсан байсныг санаад гарахад араас цохьсон нь хутгалсан болж таарсан. Яах билээ гээд шоконд ороод тамхи гаргаж татаад буцаад орж хэлэх үү, цагдаа руу явах уу, эхлээд эмнэлэг орох уу гэж эргэлзээд зам руу гартал цагдаагийн машин таарсан. Тэгээд намайг сая хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Цагдаа шууд аваад эмнэлэг рүү хүргэж өгсөн. Эмнэлэгт үзүүлээд цагдаа дээр ирэхэд А, Г, Л, О нарыг эрүүлжүүлэхэд хийсэн гэж байсан. Р.Л-т гаргах гомдол алга. Р.Л-с нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,

- Гэрч Р.Л мөрдөн шалгах ажиллагаанд: ”... 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ 7 настай хүү Л.А найз А, О, Г, эгч Н /Н эгч бид нартай архи уугаагүй, гадуур уучихсан ирсэн/ нарын хамт Март-8 нь тэмдэглэж 2-3 шил архи хувааж уусан. Тэгээд Г бүрэнхий болж байхад гэрээс ганцаараа гараад явсан. Гэрт манай хүү, А, О, эгч Н бид нар үлдсэн. Н манайд ирэхдээ архи уучихсан байсан ба гэрт ирээд жижиг өрөөнд унтаад өгсөн Харанхуй болсон байхад Г гаднаас Г, бас өөр 2 танихгүй залуу дагуулж орж ирсэн. Тэд архитай ирсэн байсан ба архинаас 1 татаад танихгүй залуу нь явлаа шүү гээд явцгаасан. Ард нь үлдсэн бид нар авчирсан 1 Шил архи нь хувааж уусан. Г-г би огт танихгүй, манайд ирэхэд нь танилцсан Г тасраад том өрөөнд газар унтаад өгсөн. А, О нар арай тасраагүй байсан. Би нилээн согтсон. Г бас согтсон байсан ба Г-г авч явах гээд зуураад байсан. Г сэрэхгүй байсан чинь Г тэрүүгээр холхиж байгаад гараад явчих шиг болсон. А, О бид үлдсэн архийг дуусгах гээд уугаад сууж байтал жижиг өрөөнд Н эгч хашхираад хэн бэ, писда энэ тэр гээд орилсон. Би жижиг өрөөнд ороод очтол гэрэл унтаастай байхаар нь гэрлээ асаасан. Тэгтэл гэрээс гарсан гэж бодсон Г жижиг өрөөнд Н эгчийн дээр нь хэвтчихсэн, Н эгч доор нь орилчихсон уурлаад түлхээд байж байсан. Тэр 2 аль аль нь хувцсаа тайлаагүй хувцастай байсан. Тэгэхээр нь би Г-г хараагаад татаж гэрээс хөөсөн Г би улаан махны хэрэг хийх хүн биш энэ тэр гээд элдвээр дайрч давшилсан. Н эгч босч ирээд Г руу уурлаж хараасан. Тэгтэл Г би ийм ал сонирхдоггүй, ийм хөгшин ал тоож шаадаггүй гээд эгч бид 2луу зодох гээд гал тогоонд дайрч давшилсан. Энэ үед том өрөөнд А, О нар байсан. Г бас том өрөөнд байсан ба тасраад унтсан хэвээрээ л байсан. Манай бага хүү том өрөөнд утсаар тоглоод сууж байл уу зурагт үзээд байсан байл уу, тэнд л байсан. Том хүү маань тухайн үед гэрт байгаагүй, ажил дээрээ байсан. Ингээд Н эгч жижиг өрөө рүү буцаах орчихсон ба би Г-г гэрээс гаргах гээд гал тогооны өрөөнд маргасан Г гарахгүй өөдөөс дайраад байхаар нь айлгах гээд модон иштэй жижиг хутгаа гал тогооны түмбүүшигнээс авсан. Тэгээд нэг хэсэг юу болсныг санахгүй байгаа юм. Ямар ч байсан Г-н нуруу руу түлхэж гэрээс гаргаад хаалгаа цоожилсон. Том өрөө рүү ороход А, О нар яасан, гаргачихсан уу гээд сууж байсан. Г унтаж л байсан. Ингээд удаагүй байтал цагдаа на гэрт ирээд бид нарыг авч яван эрүүлжүүлэхэд хийсэн. Би Г-г гэрээсээ хөөхдөө айлгах гэж л хутга барьсан, хаалгаар түлхэж гаргахдаа гартаа байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “2019 оны 03 дугаар сарын 06-ны орой Улаанбаатар хотоос Замын-Үүдэд ирсэн. Найз Р.Л-д зочилж ирсэн юм. Тэр өдрөө Л-д очсон ба тэрнээс хойш тэднийд байгаа. 2019 оны 03 дугаар сарын 08-нд Р.Л-н байж байхад 11-12 цагийн үед гаднаас Р.Л-н хуурай дүү нь гэх Г нь А гээд залууг дагуулж ирсэн. Ингээд бид нар Март-8 тэмдэглээд тэдний авчирсан архи, пивийг ууцгаасан. Яг ямар, хичнээн архи, пиво ууснаа сайн санахгүй байна. Би урд өдөр нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан болохоор амархан согтсон. Илүү дутуу юм анзаараагүй. Би хэсэг зуур унтаад сэрэхэд Н эгч ирчихсэн жижиг өрөөнд унтаж байсан. Нөгөөдүүл архиа ууж байсан ба би А-н хамт гадагш гарч 1 шил архи авчирсан. Оройхон Г гадагшаа гараад удаагүй Г гээд залууг, бас өөр 2 танихгүй залууг дагуулж орж ирсэн. 2 танихгүй залуу нь удалгүй шууд гараад явсан. Ингээд бид тэдний авчирсан архийг Г, Г, А, Л бид нар юм ярингаа хувааж уусан. Н эгч жижиг өрөөнөөс гарч ирээгүй унтаж л байсан. Удаагүй Г тасраад том өрөөнд бид нарын хажууд унтаад өгсөн. Г явах гээд Г-г авч явна гээд зууралдаад л байсан, Г сэрээгүй. Би Л-н хүүхэд А-г саатуулаад том өрөөний зурагтны хажууд сууж байсан. А хажууд ширээнд сууж байсан. Би архи уучихсан байсан болохоор ерөнхийдөө өөрийгөө л хянаад бусдыг тоогоогүй. Хүүхэдтэй утсаар оролдоод хажууд юу болж байгааг нэг их анзаараагүй, Л, Г нар маргаад л байх шиг байсан, юунаас болж маргасныг анзаарах сөхөө байгаагүй, Том өрөө, гал тогооны өрөөнд маргаад байх нь сонсогдсон. Юу гэж маргаад байгааг нь бас тогтож сонсоогүй, Л чи яв, би гэртээ танихгүй хүн унтуулахгүй энэ тэр гэж байсныг нь сайн санаж байна. Би сүүлд нь хүүхдийн хажууд битгий хэрэлдээд байгаач гэж сууж байсан газраасаа тэдэн рүү хандаж хараад хэлсэн. Тэгэхэд тэд үүдэнд байсан. Тэгээд нэг хэсэг юу болсныг мэдэхгүй байна, гэнэт цагдаа нар ороод ирсэн. Тэгээд юу юугүй бүгдийг нь авч яваад л эрүүлжүүлэхэд хийчихсэн. Г-г яг хэзээ нь Л гэрээсээ хөөж гаргаад хэзээ нь гэртээ эргэж орж ирснийг нь би мэдээгүй. Эрүүлжүүлэхэд Л хамт байхдаа би Г-г хутгалчихсан юм байх даа, санадаггүй ээ, тасарчихсан байж гэж ярьж байсан. Г Н эгчийг оролдсон гэнэ үү, тиймэрхүү зүйлийг Л яриад байсан. Надад бол ямар ч мэдэх зүйл байхгүй байдаг. Г-г ч Н эгчийн унтаж байсан жижиг өрөөнд орсныг би мэдээгүй байсан. Энэ бүгдээс харахад би тасраад уначхаагүй л болохоос ухаан бараг тасарчихсан юм шиг байна. ухаан санаа орж гараад юм хумаа хагас хугас санаад байна. Г-тай Л-с өөр маргасан хүн байхгүй байхаа тэгж л санаад байна. А хүнтэй маргаж муудаад байхаар хүн шиг санагдаагүй. Г бол унтаад сэрэхгүй байсан. Цагдаа ирэхэд л би ч бас юу болов гээд ухаан сэргээд ирсэн. Миний мэдэж, санаж байгаа зүйл энэ л байна. би угаасаа надад хамаагүй бол бусад зүйлийг огт анзаарч тоодоггүй тийм зантай хүн л дээ /хх-ийн 24-25/,

- Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд: “2019 оны 03 дугаар сарын 08-нд 11-12 цагийн үед найз Г-н хамт түүний хуурай эгч Р.Л-н гэрт очсон. Тэднийд Л, хүүхэд нь, бас О нар байсан. Г бид 2 Март-8 гээд тэдэнд ганц том пивотой очсон Тэрийгээ бүгд хувааж уусан ба дараа нь Л намайг явуулж 1 шил архи, 1 том пивотой авчруулсан. Бас хувааж ууцгаасан. Ахиад О би хамт гарч 2 том пиво авчирч уусан. Л-н эгч Н нь өдөр гаднаас согтуу ирээд тэдний жижиг өрөөнд унтсан, бид нартай нийлж архи уугаагүй. Тэгээд бүрэнхий болж байхад Г бид нарыг үлдээгээд утсаар яриад гараад явсан. Би согтуу нь бол согтуу, гэхдээ нам унахааргүй согтуу байсан. Удаагүй Г гаднаас Г гээд залууг, бас 2 танихгүй залууг дагуулж орж ирсэн. Тэд орж ирэхдээ 1 том шилтэй архи барьж орж ирсэн. 2 танихгүй залуу нь архинаас нэг нэг амсаад явлаа, маргааш уулзацгаая гээд гараад явсан. Ингээд бид нар үлдэж өнөөх архийг бага багаар ууж эхэлсэн ба Г тасраад том өрөөнд бид нарын хажууд буйдан дээр доошоо хараад унтаад өгсөн. Г Г-г явъя гээд татаж чангаагаад байсан, Г сэрээгүй. Тэгээд байж байтал Г унтана гээд Н эгчийн унтаж байсан жижиг өрөө рүү ороод явчихсан. Миний санаж байгаагаар Л гэнэт энэ муу яахаараа манайд унтдаг юм гээд жижиг өрөө рүүгээ орсноо чи эндээс зайл, чамайг гэртээ хонуулахгүй, гэртээ байлгахгүй, чиний яриа, үйл хөдлөл чинь таалагдахгүй байна гээд хэрэлдээд өөд өөдөөсөө харчихсан гарч ирсэн. Гал тогоонд хоорондоо хэрэлдээд пизда наахуудаа тулаад байсан. Би хүний газар яршиг даа гэж бодоод хэл аманд орооцолдолгүй, биеэ хянаад суугаад байсан. О том өрөөнд зурагтын хажууд Л-н хүүг өвөр дээрээ суулгаад утсаараа оролдоод сууж байсан, би гал тогооны эсрэг хараад сандал дээр ширээнд суучихсан архи бага багаар хундагалаад байж байсан. Нутгийн хүмүүс учраа олох байлгүй гэж бодоод тийшээ ойртоогүй, бие биеийгээ таньж мэддэг хүмүүс байх л гэж бодсон. Л, Г 2 хэсэг маргалдаж байгаад больсон, хаалга дуугараад Л том өрөөнд ороод ирэхээр нь би явуулчихав уу гэж асуусан. Явчихсан, явчихсан гээд Л ширээнд суугаад архинаас 1-2 удаа татацгаасан. 20 орчим л минут болсон байх хаалга нүдсэн. Л бас ямар гай нь ирж байгаа юм бол гээд хаалгаа нээхээр явсан ба цагдаа нар ороод ирсэн. Тэгээд Г, О, Л бид 4-ийг авч яваад л эрүүлжүүлэхэд хийсэн. Гэрт Л-н хүүг аваад Н үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,

- Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “2019 оны 03 дугаар сарын 08-нд 11-12 цагийн үед найз А-н хамт хуурай эгч Р.Л-н гэрт очсон. Тэднийд Л эгч, түүний хүүхэд А, найз О нар нь байсан. Ингээд бид нар Март-8 гээд ганц том пиво хувааж уусан. Дараа нь А 1 шил архи, 1 том пивотой авчруулсан. Бас хувааж ууцгаасан. Би архинаас нь бараг уугаагүй, тасрах гээд байсан. Би хурдан согтдог болчихоод байгаа юм. Тэгээд ухаан санаа орон гаран болчихсон Н эгч өдөр гаднаас халамцуу орж ирж байсан. Жижиг өрөөнд унтлаа гээд орж байсныг санаж байна, бид нартай хамт бол суугаагүй. Тэгээд орой болж байхад Г залгаад хаана байна, яваад очъё, уулзъя гэхээр нь Б плазагийн гадаа хүрээд ир гээд тэнд уулзсан. Г бид 2 гадаа 1 шил архи Э архи хувааж уусан. Би согтоод арай гэж Л эгчийнд ороод Г-г танилцуулчхаад тасраад унасан. Нэг сэрсэн чинь эрүүлжүүлэхэд байсан. Яагаад эрүүлжүүлэхэд орсон юм бол гээд бостол А, О, Л нар бас эрүүлжүүлэхэд байсан. Гайхаад асуутал Г-г Л хутгалсан юм шиг байна гэсэн зүйл цагдаа нараас сонссон. Би тасарчихсан байсан болохоор үнэхээр юу ч мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

- Гэрч Р.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нь би гэртээ нөхрийн хамт Март тэмдэглэж жаахан согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд оройхон хэрд дүү Р.Л-н гэрт баярын мэнд хүргэхээр очсон. Гадаа салхинд яваад би согтсон байсан. Л-н гэрт ороод шууд жижиг өрөөнд ороод унтсан тэднийд ороход 3-4 хүн архи уугаад сууж байсан. Таньдаг хүн харагдаагүй тогтож хараагүй. Согтоод байсан болохоор унтахын түүс болоод шууд л жижиг өрөөнд ороод буйдан дээр хэвтээд өгсөн. Л-н гэрт байсан хүмүүстэй би архи хувааж уугаагүй, уух ч тэнхэлгүй болчихсон, согтоод, толгой эргээд байсан Ингээд унтаж байсан чинь /цаг хэд болж байсныг мэдэхгүй байна/ гэнэт хун хажууд ирж суугаад татаж чангаагаад эхэлсэн. Дээрээс тонгойгоод, дээр гарчих гээд чангагаад  эхлэхээр нь би хэн бэ, яах гээд байгаа юм гээд орилсон. Өрөөний гэрэл тэр үед унтраалттай байсан. Тэгтэл том өрөөнөөс Л орж ирээд гэрэл асаагаад намайг татаад байсан залууг өрөөнөөс түлхээд хараагаад аваар гарсан. Намайг татаад байсан тэр залууг танихгүй, халзандуу толгойтой бор царайтай, махлагдуу залуу байсан. Нилээн согтуу юмуу гэж анзаарсан. Би босоод тэр залууг Л-н хамт жижиг өрөөнөөс гаргаад гал зуух руу хөөсөн. Миний толгой тархи өвдөөд байсан болохоор би буцаад жижиг өрөөнд ороод хэвтсэн удалгүй унтсан байсан. Юу болсон талаар мэдээгүй унтаж байтал цагдаа нар ирээд үзлэг хийж эхэлсэн. Тэгээд манай охин ирээд би гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/0156 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. О.Г-н биед нурууны шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
  3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 40/,

- Р.Л-н иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ам бүлийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-57/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Р.Л нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баг өөрийн гэртээ согтуугаар хохирогч О.Г-тай маргалдаж улмаар түүний нуруун тус газар нь хутгалсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Р.Л-г 2019 оны 03 дугаар сарын 08-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баг өөрийн гэртээ согтуугаар хохирогч О.Г-тай маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Р.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч О.Г-н “...Намайг хөөж тууж байхдаа Л баруун гартаа жижигэвтэр хутга барьсан байсан. Хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй. Ишийг нь харж чадаагүй. Гуяныхаа араар хийгээд байсан. Зайл ална шүү гээд дайрахаар нь би та яасан гэж ингээд байгаа юм бэ, за за би явлаа гээд гадагшаа гарахад нуруу руу цохисон. Тэгээд би тэднийхээс гараад засмал зам руу такси барихаар алхтал нуруу руу лугшаад эхэлсэн. Яасан юм бол гээд гараа хийж үзтэл цус гарсан байсан. Л хутга барьчихсан байсныг санаад гарахад араас цохисон нь хутгалсан болж таарсан...” гэсэн, гэрч Д.О-н “...Г-г яг хэзээ нь Л гэрээсээ хөөж гаргаад хэзээ нь гэртээ эргэж орж ирснийг нь би мэдээгүй. Эрүүлжүүлэхэд Л хамт байхдаа би Г-г хутгалчихсан юм байх даа, санадаггүй ээ, тасарчихсан байж гэж ярьж байсан. Г Н эгчийг оролдсон гэнэ үү, тиймэрхүү зүйлийг Л яриад байсан...” гэсэн, гэрч Д.А-н “...Л, Г 2 хэсэг маргалдаж байгаад больсон, хаалга дуугараад Л том өрөөнд ороод ирэхээр нь би явуулчихав уу гэж асуусан. Явчихсан, явчихсан гээд Л ширээнд суугаад архинаас 1-2 удаа татацгаасан. 20 орчим л минут болсон байх хаалга нүдсэн. Л бас ямар гай нь ирж байгаа юм бол гээд хаалгаа нээхээр явсан ба цагдаа нар ороод ирсэн. Тэгээд Г, О, Л бид 4-ийг авч яваад л эрүүлжүүлэхэд хийсэн...” гэсэн, гэрч М.Г “...Би согтоод арай гэж Л эгчийнд ороод Г-г танилцуулчхаад тасраад унасан. Нэг сэрсэн чинь эрүүлжүүлэхэд байсан. Яагаад эрүүлжүүлэхэд орсон юм бол гээд бостол А, О, Л нар бас эрүүлжүүлэхэд байсан. Гайхаад асуутал Г-г Л хутгалсан юм шиг байна гэсэн зүйл цагдаа нараас сонссон...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 02/0156 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Р.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Р.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутгыг устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Р.Л-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Р.Л-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.Л-т оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Р.Л нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Р.Л нь улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 15,3 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н