Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгч И.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт И.Ж-т холбогдох эрүүгийн 1920000550040 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тогооч ажилтай, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт И.Ж,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч И.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний Замын-Үүд сумын 1-р баг Голомт банкны 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг И пабын тамхины өрөөнөөс хохирогч Б.О-н гээгдүүлсэн Самсунг галакси А-6 маркийн гар утсыг олж аван завшиж 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч И.Ж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орой 19 цагийн орчимд би өөрийн найз охин О-тэй утсаар ярихаар тамхи татах цэг рүү очсон юм. Намайг очиход тамхи татах цэгийн ширээн дээр 2 эмэгтэй тамхи татаад сууж байсан. Тэгэхээр нь шатаар доош буугаад 5 давхарт очиж утсаар ярьсан. Ойролцоогоор 3-4 минут ярьчихаар 6 давхарт гарч ирэхэд тамхи татах цэг гэрэлгүй байсан. Би шууд ресторанаар дамжин гал тогоо руу орсон. Намайг гал тогооны өрөөнд байж байтал манай рестораны VIP өрөөнд засвар хийж байгаа Г гэх ах гал тогоонд орж ирээд “Хоёулаа тамхи татах уу?” гэж асуусан. Тэгээд бид хоёр тамхи татахаар тамхины цэг дээр очсон. Бид хоёр ширээний 2 талын сандал дээр суугаад тамхиа татсан. Тамхи татаж байх явцад захирлын хамаатан М эгч орж ирээд Г ахтай юм ярьж байгаад гарсан. Араас нь Г ах ч гарсан. Түүнийг гарсны дараа би тамхиа татаж дуусгачхаад сандал дээрээсээ бостол миний сандлын буланд улаан өнгийн хавтастай гар утас байсан. Би түүнийг нь өмднийхөө халаасанд хийгээд гал тогооны өрөө рүүгээ орсон. Намайг гал тогооны өрөөнд байж байтал 10 орчим минутын дараа зөөгч О орж ирээд “Чи Г ахтай тамхи татахаар тамхины өрөөнд очихдоо гар утас харсан уу? Нэг хүн гар утсаа алга болгочихлоо гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Ямар утас юм бэ?” гээд тeкeн дээр очтол тамхины өрөөнд байсан 2 эмэгтэй камерын бичлэг шүүлгээд зогсож байсан. Тухайн үед би утсыг нь гаргаж өгмөөр байсан боловч ажлынхаа хүмүүсээс санаа зовоод байсан тул гаргаж өгч чадаагүй. Байсан газар нь буцаагаад тавьчихъя гэтэл тэд өмнө нь тамхины өрөөг шалгачихсан байсан болохоор мөн тавьж чадаагүй. Тэр өдөртөө нөгөө 2 эмэгтэй гараад явсан. Би тэр хоёр эмэгтэйг гарч явснаас хойш тамхины цэгийн шатны хажууд талд байсан пивоны авдар дотор нөгөө гар утсыг хийсэн. Өөрөөр хэлбэл гар утсыг нь гаргаж өгмөөр байсан боловч яг яаж өгөхөө мэдэхгүй байсан тул пивоны авдар руу унасан болгож харагдуулахаар тавьчихсан юм. Маргааш нь буюу 03 дугаар сарын 12-ны өдөр манай ажил дээр цагдаагийн ажилтан орж ирсэн. Тухайн үед нь би гал тогооны өрөөнд ажлаа хийж байсан юм. Цагдааг явснаас хойш Би Г ахад “Хоёулаа тамхины цэг дээр очиж нөгөө утас нь байна уу хайя” гэж хэлсэн. Ингээд Г ахыг дагуулж тамхины цэг дээр очиж пивоны авдарт хийсэн утсаа олж зөөгч О-т өгсөн. Түүний маргааш буюу 03 дугаар сарын 13-ны өдөр цагдаагаас намайг дуудсан. Би цагдаатай ирж уулзаад болсон явдлыг бүгдийг нь үнэн зөвөөр хэлж, буруугаа хүлээн зөвшөөрсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж бас ичиж байна. Дахин ийм үйлдэл хэзээ ч гаргахгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 22-24/,

- Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р багт нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг ба Улаанбаатар төмөр замын Замын-Үүд өртөөнд ажилтай. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би Б гэдэг танил эмэгтэйтэй 19 цагийн орчим Замын-Үүд сумын 5 дугаар баг борхойн 16 дугаар гудамжны үзүүрт таараад Голомт банкны 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг И пабд орсон. И пабд ороод би бинтэй хар шөл захиалж, Б 1 ширхэг сэнгүр нэртэй шар айраг захиалсан. Миний захиалсан хоол, Б-н захиалсан шар айраг ирээд би хоолоо идэж дуусаад, Б 2 ширхэг сэнгүр нэртэй шар айраг ууж дуусаад тамхи татахаар тамхины өрөөрүү явсан. И пабын тамхи татдаг өрөөнд ороонд ширээний хоёр талд байсан сандалны хаалган талын сандал дээр би сууж, цонхон талын сандал дээр Б суусан. Б бид хоёрыг тамхи татдаг өрөөнд байж байхад И пабд ажилладаг нэг залуу орж ирээд шатаар доошоо буусан. Б-г тамхиа татаж дуусахаар нь бид хоёр тамхи татдаг өрөөнөөс гарч бие засах өрөөрүү ороод, эргэж ширээн дээрээ ирж суугаад Б нэг ширхэг сэнгүр нэртэй шар айраг захиалж авч уусан. Ширээн дээрээ ирж суугаад 10 гаран минут болж байсан чинь гэнэт гар утас байхгүй байгаа мэт мэдрэмж төрөөд гар утсаа хаана тавьлаа гэж Б-с асуусан чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд лангуун дээр очоод хяналтын камерын бичлэг шүүлгэсэн чинь тамхи татдаг өрөөрүү орохдоо гар утсаараа оролдоод орж байсан ба гарахдаа гар утас бариагүй гарч ирж байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгээд тамхи татдаг өрөөрүү ороход миний гар утас байхгүй байсан. Би самсунг галакси А-6 маркийн гар утсаа 2018 оны 10 сард Мобикомын Замын-Үүд дэх салбараас 810,000 төгрөгөөр худалдан авч байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний самсунг галакси А-6 маркийн гар утсыг А ХХК-ний 510,000 төгрөгөөр үнэлсэн байсан надад үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

- Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Голомт банкны 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг И пабд 2019 оны 01 сараас зөөгчөөр ажиллаж байна. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр И пабыг 10 цаг нээж үйл ажиллагаагаа явуулсан. Орой 19 цаг өнгөрч байхад 2 эмэгтэй хүн орж ирж нэг номерын ширээн дээр суусан. Тэгээд 2 эмэгтэй нэг бинтэй хар шөл, сэнгүр нэртэй шар айраг захиалж уусан. 20 цаг 10 минутын орчимд нэг номерын ширээн дээр сууж байсан хоёр эмэгтэй тооцооныхоо хуудсыг авая гэхээр нь би тэр хоёр эмэгтэйн авсан зүйлүүдийн тооцоог бодож 22.000 төгрөгний тооцооны хуудас аваачиж өгсөн. Тэгээд лангууныхаа ар талд сууж байсан чинь нэг номерын ширээн дээр суусан хоёр эмэгтэйн арай өндөр биетэй эмэгтэй нь ирээд танайд хяналтын камер байдаг уу гэхээр нь би хяналтын камер байдаг юу болсон юм гэсэн чинь хяналтын камер асууж ирсэн эмэгтэй гар утсаа тамхи татдаг өрөөнд, бие засдаг өрөөний хаана нь тавьснаа мэдэхгүй байна гар утсаа алга болгочихлоо гэж хэлсэн. Тухайн үед манай төрсөн эгчийн нөхөр З ах, манай төрсөн эгч Б нар ирсэн байсан. Тэгээд би хүргэн ах З-г дуудан хяналтын камерын бичлэгийг шүүлгүүлж, гар утсаа алдсан гэсэн эмэгтэйд лангуу гадна талаас хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн. Гар утсаа алдсан гэсэн эмэгтэй лангууны гадна талаас хяналтын камерын бичлэг сайн харагдахгүй байна гэхээр лангууны дотор талд оруулж хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн. Тэгээд гар утсаа алдсан эмэгтэйтэй хамт явж байсан арай өндөр биетэй хүн лангууны дотор талаар орж ирэн хяналтын камерын бичлэгийг үзсэн. Манай И пабд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэг номерын ширээнд 19 цагаас хойш сууж үйлчлүүлсэн хоёр эмэгтэй хүнийг гар утсаа алдсан гээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзэж байхад нь би хажууд нь хамт зогсож байгаад үзсэн. Тухайн үед хяналтын камерын бичлэгт нэг номерын ширээнд сууж байсан хоёр эмэгтэй хүн тамхи татах өрөө рүү ороод, бие засах өрөөрүү орж байгаа харагдсан. Нэг номерын ширээн дээр сууж байсан хоёр эмэгтэй хүн тамхи татах өрөө рүү орох гэж явахдаа жижиг биетэй эмэгтэй нь гар утас бариад оролдоод явж байгаа бичлэг харагдсан. Намайг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр И пабд зөөгч хийж байхад нэг номерын ширээн дээр сууж үйлчлүүлсэн 2 эмэгтэй хүнээс өөр хүн үйлчлүүлээгүй. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирж манай эгч Б-т захиалга өгөөд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8,

- Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим Замын-Үүдийн хилээр БНХАУ-ын Эрээн хотруу гарч ойр зуурын эд зүйл худалдан аваад буцаад Замын-Үүдрүү орж ирсэн. 19 цаг өнгөрч байхад хамаатны дүү Б-н ажиллуулж байгаа И пабын ВИП өрөөнд орж БНХАУ-ын Эрээн хотоос авсан эд зүйлээ үзэж байгаад И пабын гал тогооны өрөөнд орсон чинь тогооч Ж байж байхаар нь би Ж-г тамхи татах уу гэж асуусан чинь Ж зөвшөөрч бид хоёр И пабын үүдэнд байдаг тамхи татах цэг гэсэн тэмдэгтэй өрөөрүү орж тамхи татсан. Тамхи татах өрөөнд байдаг ширээний 2 талд байдаг сандалны хаалган талын сандал дээр Ж суугаад, цонхон талын сандал дээр би суусан. Ж бид хоёрыг тамхи татдаг өрөөнд тамхи татаад сууж байхад хамаатны дүү М орж ирээд намайг гэрээрээ очоорой гэж хэлээд гарсан. Тэгээд байгаад би тамхиа татаж дуусаад тамхи татдаг өрөөнөөс гарч миний араас М гарч ирээд цахилгаан шатны үүдэн дээр очоод зогсож байхад нь тамхи татдаг өрөөнөөс Ж гарч ирсэн. Тэгээд Ж бид хоёр дотогш орж Ж гал тогооны өрөөрүү орж би лангуун дээр үлдсэн. Намайг лангууны хажуу талын сандал дээр сууж байхад үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй хүн хяналтын камер байдаг юмуу гар утсаа олдоггүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

- Эд хөрөнгө үнэлсэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-819/023 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-17/,

- Шүүгдэгч И.Ж-н иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-28/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч И.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний Замын-Үүд сумын 1-р баг Голомт банкны 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг И пабын тамхины өрөөнд хохирогч Б.О нь Самсунг галакси А-6 маркийн гар утсаа гээгдүүлсэн байсныг тамхи татахаар орохдоо авсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч И.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний Замын-Үүд сумын 1-р баг Голомт банкны 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг И пабын тамхины өрөөнөөс хохирогч Б.О-н гээгдүүлсэн Самсунг галакси А-6 маркийн гар утсыг завшиж 510,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч И.Ж нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний Замын-Үүд сумын 1-р баг Голомт банкны 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг И пабын тамхины өрөөнд хохирогч Б.О-н гээгдүүлсэн Самсунг галакси А-6 маркийн гар утсыг завшиж бага хэмжээнээс дээш буюу 510,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.О-н мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч И.Ж-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, торгуулийн ялаар шийтгэж, шүүгдэгч И.Ж нь ажил эрхэлдэг тул шүүхээс оногдуулах торгуулийн  ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч И.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт И.Ж-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ж-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч И.Ж нь 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч И.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н