| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00221/И |
| Дугаар | 241 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Х.Э нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 11-10 тоотод оршин суух, Л-д холбогдох нийгмийн даатгалын ажилгүйдлийн сангаас олгосон 2654625 /хоёр сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лхамхүү овогтой Дэлгэрмаа нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаасаа халагдсан тул ажилгүйдлийн тэтгэмж олгоно уу гэсэн өргөдөл гаргасан. Нийгмийн даатгалын хэлтэс нь тус даатгуулагчийн өргөдлийг хүлээн авч, холбогдох материалыг хянан шалгаж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн дагуу 76 хоногт ногдох 2654625 төгрөгийн тэтгэмжийг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд олгосон. Л.Дэлгэрмаа нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шүүхээс Л.Дэлгэрмааг ажлаас үндэслэгүй халсан байна, ажилд нь эргүүлэн тогтоож, тухайн хугацааны цалин /хөлс/-г нь нөхөн олгох шийдвэр гаргасан тул тус даатгуулагчийн ажилгүй байх хугацаа буюу 2015 оны 12, 2016 оны 1, 2 дугаар сарын цалин /хөлс/-г байгуулага нь шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу олгож, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг санд шилжүүлэн тооцоо хийсэн байна. Байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу цалин /хөлс/ олгосоор байтал Л.Дэлгэрмаа нь одоог хүртэл уг төлбөрийг барагдуулаагүй байна. Нийгмийн даатгалын хэлтэс нь дээрх төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан ‘’ажилгүйдлийн даатгалын сангийн тэтгэмж олгох, сургалтын зардал санхүүжүүлэх журам’’-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсгийн заалтыг үндэслэн тэтгэмж авагч Л. 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор санд буцаан төлөх хугацаатай мэдэгдэл өгсөн. Л.Дэлгэрмаа нь мэдэгдэлд заасан хугацаанд тэтгэмжийн төлбөрийг санд буцаан төлөөгүй тул өөртэй нь биечлэн уулзаж, төлбөрийг нэг удаа санд шилжүүлэх боломжгүй гэсэн хүсэлтийг харгалзан үзэж, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулах сарчилсан хуваарийг харилцан тохиролцож байгуулсан боловч төлбөрийг барагдуулахгүй удаашруулж байна. Иймд Нийгмийн даатгалын тэтгэмжийн санд учирсан 2654625 /хоёр сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг Л.р төлүүлж санг хохиролгүй болгох маргааныг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Л.Дэлгэрмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлсийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Л би нийгмийн даатгалаас ажилгүйдлийн мөнгө 2654625 төгрөгийн тэтгэмж авсан нь үнэн. Төлөх нь ч үнэн. Харин ойрын хугацаанд бөөн төлөх боломжгүй. Цалингийнхаа 30 хувиар төлөх хүсэлтэй байна. Учир нь цалингийн зээлтэй, цалингаас өөр орлогогүй. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналт шалгалтын улсын байцаагч Х.Эн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд даатгуулагч Л.Д нь ажилгүйдлийн тэтгэмж авах материал бүрдүүлж нийгмийн даатгалын сангаас 2.654.625 төгрөг гаргуулж авсан. Гэвч уг даатгуулагч шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орж, ажилгүйдлийн тэтгэмж авч байхдаа цалингаа нөхөн авсан байдаг. Одоо мөн уг ажилдаа ажиллаж байгаа. Улмаар даатгуулагч Л.Дажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй байдал бий болж ажилгүйдлийн тэтгэмжийг илүү авсан болох нь тогтоогдож байгаа юм. Мөн манай байгууллага уг даатгуулагчтай харилцан тохиролцохоор хугацаа зааж өгч, хэд хэдэн удаагийн албан шаардлага хүргэж байсан боловч түүнд олгосон 2.654.625 төгрөг нийгмийн даатгалын санд буцаж орж ирэхгүй байна. Энэ нь нийгмийн даатгалын сан, түүнээс тэтгэмж авдаг иргэдийг хохироож байна. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүссэн өргөдлийн маягтанд “Өргөдөл гаргагч нь хууль бусаар ажлаас халагдсан болох нь тогтоогдож байгаа этгээд ажилгүйдлийн тэтгэмж авсан тохиолдолд түүнийг буцаан төлж, хууль тогтоомжинд заасны дагуу хариуцлага хүлээхээ үүгээр нотлон, мэдэгдэж байна” гэж заасантай хариуцагч нь танилцаад гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч Л.Дэлгэрмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн учраас шүүх хуралд ирээгүй гэж ойлгож байна гэв.
Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Х.Энхжаргалын гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Л.Д нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Х.Э, хариуцагч Л.Д 2654625 /хоёр сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ажилгүйдлийн тэтгэмж 2654625 төгрөг авсан болон буцаан төлөхөө хүлээн зөвшөөрдөг боловч ойрын хугацаанд бөөнд нь төлж чадахгүй, цалингийнхаа 30 хувиар төлөх хүсэлтэй байгаа тухайгаа шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн байна.
Хариуцагч нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авсан ба буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Дс 2.654.625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б олгож, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул хариуцагчаас тэмдэгтийн хураамж 57424 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Л.Дд 2016 оны 8 сарын 25-ны өдөр шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг биечлэн гардуулсан ба хариуцагч нь шүүх хуралдаанаас өмнө хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан тодорхой бус хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Дас 2654625 /хоёр сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 57424 /тавин долоон мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.Х