Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/03227/и |
Дугаар | 1209 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 1209
МАГАДЛАЛ
2016 оны 06 дугаар сарын 22 Дугаар 1209 Улаанбаатар хот
ХХ-ийн нэхэмжлэлтэй
Иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03227 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,
Худалдсан барааны үнэ 2 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн төлөөлөгч Х
Нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би “ХХХ” ХХК-ийн хүсэлтээр 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр эдний Зүүн хараад барьж байсан үйлчилгээний төвийн барилгад зориулж өөрийн барилгын материалын лангуунаас 3 133 000 төгрөгийн барилгын материалыг зээлээр өгсөн бөгөөд уг материалын үлдэгдэл төлбөр 2 700 000 төгрөгийг одоо болтол төлөхгүй байна. Хариуцагч байгууллагын ерөнхий захирал ХХХХ-тэй 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлнө гэж тохиролцсон боловч өгөхгүй байна. Би очиж уулзахад мөнгө орж ирэхээр өгнө гэдэг байсан, энэ захирал эвлэрүүлэн зуучлагч дээр ирээд мөнгийг төлөх ёстой гэж хэлж байсан, сарын өмнө утсаар ярихад өгнө гэж байсан. Одоо хариуцагч байгууллагаас худалдсан барилгын материалын үлдэгдэл төлбөр 2 700 000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа хотод барьсан барилгын ажилд бусдаас зээлээр бараа материал аваагүй. Нэхэмжлэгч ХХ манай охин компани болох “ХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ХХХХ-г таньдаг байсан бөгөөд ХХХ очиж нэхэмжлэгчийн дэлгүүрээс барилгын материал зээл авсан гэсэн. ХХХ манайд ажиллаж байхдаа манай компанийн нэрийг барьж бараа материал болон мөнгө бусдаас авсан байдаг. ХХоос барилгын материал авсан баримт манай байгууллагын тайлан тооцоонд байхгүй, баримт шаардлага хангахгүй байгаа тул манайх хүлээж аваагүй гэсэн үг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ХХХХ нь "ХХХ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал байгаа юм гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “ХХХ” ХХК-иас 2 700 000 төгрөгийг гаргуулан ХХид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “ХХХ” ХХК-иас 58 150 төгрөгийг гаргуулан ХХид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэд хоорондоо байгуулсан аливаа гэрээ хэлцлээс үүсэх үүргийг компани хариуцахгүй гэдгийг тодорхой тусгасан. Мөн компанийн архивт тухайн гэрээ, хэлцэлтэй холбоотой санхүүгийн ямарваа нэг баримтгүй. Нэхэмжилж байгаа санхүүгийн баримт нь хоёр өөр тамгатай, нэхэмжлэлийн дүн зөрүүтэй хүчингүй баримт юм. Баримтаар тогтоогдохгүй байгаа иргэд хоорондын хэлцлээс үүсэх үүргийг нэхэмжилж байгаа нь буруу юм.
Түүнчлэн xapиуцагч "ХХХ” ХХК-ийн захирал ХХХХ-ийг тухайн өр барагдуулах тухай эвлэрүүлэн жуучлалд хийгдсэн гэрээнд үндэслэж шийдвэр гаргаж буй нь нэг талыг баримталсан шийдвэр байна. Учир нь тухайн гэрээнд хоёр талын ашиг сонирхол байр суурь хийгдсэн гэдэг нь шүүхийи маргааны явцад эргэлзээтэй байна. Хэрэв шүүх маргааныг нэхэмжлэгч ХХ, хариуцагч "ХХХ” ХХК нарын хооронд энэхүү гэрээнээс үүссэн маргаан гэж үзэж байгаа бол Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаap зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзэх нь зүйтэй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т "Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тодорхой тусгажээ. Гэтэл нэхэмжлэгчээс "ХХХ” ХХК нь бараа материал авсан гэх хугацаа нь 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байна. Ийнхүү Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл дээрх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх үндэслэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдсан барилгын материалын үлдэгдэл төлбөр 2 700 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч “…барааг зээлээр аваагүй, өмнө нь захирлаар ажиллаж байсан ХХХ нь зээлээр бараа авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Хариуцагч "ХХХ” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчээс барилгын материал худалдан авч 3 133 000 төгрөг төлж, 2 700 000 төгрөгийг өгөөгүй болох нь зарлагын баримтаар тогтоогджээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна./хх-ийн 19/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХ нь бараа материалыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин худалдан авагч буюу хариуцагч "ХХХ” ХХК нь бараа материалын үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс үлдэгдэл төлбөр 2 700 000 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм.
Зохигчид өмнө нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч ХХХХ нь зээлээр авсан материалын үлдэгдэл төлбөр 2 700 000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлөх талаар хариуцагч компанийн төлөөлөгч илэрхийлж байжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Хийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/03227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Хийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ХХХ” ХХК-ийн төлсөн 58 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
М.НАРАНЦЭЦЭГ