Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 25

 

Н.Мандахбаярт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх, Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга             Г.Намуунзул

 Прокурор                                  Л.Мөнхбаяр

 Ялтны өмгөөлөгч                     Ж.Чинзориг, М.Энхтуяа

 Ялтан                                        Н.Мандахбаяр нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Н.Мандахбаяр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Ж.Чинзориг нарын давж заалдах гомдлоор Н.Мандахбаярт холбогдох эрүүгийн 201611000116 дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЕ83072274 регистрийн дугаартай, Шарайд овогт Нармандахын Мандахбаяр.

Н.Мандахбаяр нь 2012 оны 7 сарын 09-ний өдөр Б.Оюунбилэгт "хугацаатай хадгаламжийн дансанд мөнгө байгаа боловч авч болохгүй байна" гэж хуурч мэхлэх аргаар 7000000 төгрөгийг залилан мэхэлж авсан, мөн давтан үйлдлээр 2012 оны 12 сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Б.Оюунбилэгт мал, мах авч өгнө гэж итгэл эвдэх аргаар 42450000 төгрөгийг, нийт 49450000 төгрөгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Мандахбаярт холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2013 оны 2 сарын 18-ны өдөр 4500000 төгрөгийг, 2013 оны 11 сарын 1-ний өдрийн хоёр удаагийн үйлдлийн тус бүр 150000 буюу нийт 300000 төгрөгийг тус тус залилан мэхэлсэн гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, Нармандахын Мандахбаярыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч Нармандахын Мандахбаярын хувьд ногдох 40000 төгрөгийн үнэ бүхий "Леново" маркийн гар утсыг хураан улсын орлогод оруулж, 10 /арван/ жил 1 /нэг/ хоногийн  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  52.5-д зааснаар ялтан Н.Мандахбаярт оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, ялтан Н.Мандахбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Н.Мандахбаяраас 33010000/Гучин гурван сая арван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн зардлын 5000000 төгрөг, олох ёстой байсан орлого 7445700 төгрөгийг тус тус иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, ялтан Н.Мандахбаярын эзэмшлээс 40000 төгрөгийн үнэ бүхий "Леново" маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 сарын 22-ны өдрийн  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Н.Мандахбаярын ЖЕ83072274 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд энэ даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Н.Мандахбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг  2017 оны  02 сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Н.Мандахбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Н.Мандахбаяр давж заалдах гомдолдоо: Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би Оюунбилэгээс 27 удаагийн гүйлгээгээр нийт 99511285 төгрөг авч, 6 удаагийн гүйлгээгээр нийт 56410800 төгрөгийг шилжүүлж 43100458 төгрөг өгөөгүйгээс 2012 оны 12 сарын 25-ны өдөр бонус гэж шилжүүлсэн 341285 төгрөгийг хасаад 43441770 төгрөг өгөөгүй. Үүнээс би 25000000 орчим төгрөгийг хувьдаа ашигласан буюу эгч, ээж хоёртоо өгсөн. Үлдэгдэл 18441770 төгрөгөөс найз Одбаярт 5000000 төгрөг, 22 хүнд мал авна гэж 10610000 төгрөг өгсөн бөгөөд мал болон мөнгөө буцааж авч чадаагүй байгаа. Б.Оюунбилэг бид хоёр бүх гүйлгээг дансаар хийсэн учраас мөнгөний тал дээр ямар нэг маргаан гарахгүй. ...Би хүнд мал авах гэж мөнгө өгсөн үүнийг минь тогтоож өгнө үү гэдэг хүсэлтийг шүүх хурал дээр хэлсэн боловч хүлээж аваагүй. ...Б.Оюунбилэгт өгөөгүй мөнгөний хэдийг нь өөрөө авсан, хэдийг нь мал авах гэж хүнд өгөөд авч чадаагүй нь миний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бол дээр нэр дурдсан хүмүүст мал авах гэж мөнгө өгсөн эсэхийг шалгаж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: ...Мандахбаярын хэрэгтэй танилцахад хохирогчийн мэдүүлэг, сэжигтэн, яллагдагчийн би мөнгийг авсан нь төлөх нь үнэн гэсэн мэдүүлэг л яллах үндэслэл болсон байна. ...Олон хүнтэй харьцаж дахин дахин мөнгөөр мал авч, мөнгө хүнд урьдчилан өгч өөртөө тэмдэглэн тооцоо хөтөлж, Оюунбилэгтэй тооцоо хийж байсан нь нотлогдож байна. Тэрхүү тэмдэглэл тооцоогоо алга болгосноос болж нарийн тооцоогоо гаргаж чадахгүй байгаагаа мэдүүлсэн ба мөнгө тараасан хүнээ зааж өгөхөөр мэдүүлсэн. Түүний дагуу шалгах ажиллагаа хийгдээгүй. ...Хэдий үеэс залилах санаа сэдэлттэй үйлдэл хийсэн, бусад хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхийг нягтлан шалгаж ажиллагаа хийгдээгүй байна. Шалгах ажиллагааг бүрэн бус хийснээс хэргийн зүйлчлэл үндэслэлтэй тогтоогдож чадаагүй. Шилжүүлсэн мөнгөөр авсан малын үлдэгдэл байсан. Түүнийг залилж авсан мөнгөний дүнд оруулж тооцсон, төлсөн мөнгөний зарим хэсгийг ч залилсан мөнгөний дүнд оруулж тооцсон байна. Энэ бүхнээс үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80-р зүйлд заасан 80.1.1, 80.1.3, 80.1.5-д заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. Энэ шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий, тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зарчим алдагдахад хүргэх сөрөг үр дагавар үүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтыг зайлшгүй хийлгэх шаардлагатай байдлыг харгалзан шийдэж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Чинзориг давж заалдах гомдолдоо: ...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

Мөрдөн байцаалтын ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулан гүйцэд биш хийсэн,

Хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй,

Тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй буюу тогтоолд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааралгүй орхигдуулсан гэж үзэж байна. ...Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг хохирогчийн мэдүүлгээр тогтоосон, өгөөгүй бүх мөнгөн дүнг залилан мэхэлсэн, ялтны мөрдөн байцаалтын шатанд бусдад мөнгө тараасан гэх мэдүүлгийг худал, М.Одбаярт өгсөн мөнгөө буцааж авсан гэх мэдүүлгийг үнэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийгдсэн гэж үзэж байгаа бөгөөд хүмүүст мал авна гэж мөнгө өгсөн эсэх, М.Одбаярт ямар зорилгоор мөнг өгсөн, өгсөн мөнгөө буцааж авсан эсэх, 2013 оны 10 сарын 04-ний өдөр шилжүүлсэн 2.140.00 төгрөг залилан мэхэлсэн үйлдэлд хамаарах эсэхийг тогтоох нь ялтны эрх зүйн байдалд онцгой ач холбогдолтой байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцааж мал авна гэж хэн, хэнд, хэзээ, хэдэн төгрөг өгснийг, М.Одбаярт өгсөн 5000000 төгрөгийг ямар зорилгоор өгсөн, буцааж авсан эсэх, аваагүй бол ямар шалтгааны улмаас гэдгийг, 2013 оны 10 сарын 04-ний өдөр шилжүүлсэн 2.140.000 төгрөг нь хэнээс, юуны, ямар хэлбэрээр авч Б.Оюунбилэгт өгснийг тогтоож өгнө үү гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Мөнхбаяр дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Үйл баримтын талаарх давж заалдах

 шатны шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Н.Мандахбаяр нь 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Б.Оюунбилэгт  “хугацаатай хадгаламжийн дансанд мөнгө байгаа, авч болохгүй байна” гэж хэлж,  7 000 000 төгрөг авсан боловч одоо хүртэл буцаан өгөөгүй болох нь  дансны хуулга /хх-ийн 157-р тал/, Б.Оюунбилэг болон Н.Мандахбаяр нарын мэдүүлгээр нотлогдсон бөгөөд Н.Мандахбаяр нь тухайн үед хугацаатай хадгаламжгүй байсан болохыг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад арилжааны банкуудаас лавлагаа авч нотолсон байна. Н.Мандахбаяр нь “уг мөнгийг эгчийнхээ өрийг төлөхөд зарцуулсан” гэж мэдүүлэг өгчээ. /хх-ийн 199-р тал/

            2012 оны 9 сард Б.Оюунбилэг, Н.Мандахбаяр нар нь хамтарч мал махны бизнес хийхээр амаар тохиролцсон, тодруулбал  Дашбалбар сумаас мал авч, мах болгоод, Улаанбаатар хотод борлуулж ашгийг хувааж авах, хөрөнгийг Б.Оюунбилэг санхүүжүүлэх, мал авч борлуулах ажлыг Н.Мандахбаяр хийхээр тохиролцсон, ба улмаар Б.Оюунбилэг нь Н.Мандахбаяртай харилцах 5007787673 тоот данс үүсгэж, уг дансаар 2012.09.17-ны өдрөөс эхлэн санхүүжилтийг хийж бизнес эхэлсэн байна. 

            Тухайлбал, Б.Оюунбилэгээс Н.Мандахбаярын данс руу: 2012.09.23-нд 2,000,000 төгрөг, 2012.09.28-нд 6,000,000 төгрөг, 2012.10.23-нд 7,500,000 төгрөг, 2012.11.16-нд 20,000,000 төгрөг, 2012.11.16-нд 12,000,000 төгрөг, 2012.12.13-нд 620,000 төгрөг,  2012.12.19-нд 1,600,000 төгрөг буюу нийтдээ 49,720,000 төгрөгийн санхүүжилт хийсэн бол Н.Мандахбаяраас Б.Оюунбилэгийн данс руу: 2012.11.07-нд 5,159,300 төгрөг, 2012.12.09-нд 19,615,000 төгрөг, 2012.12.24-нд 24,846,500 төгрөг буюу нийтдээ 49,620,800 төгрөгийг мах борлуулалтын орлого гэж шилжүүлжээ. /хх-ийн 145-т хохирогчийн мэдүүлэг, 153-т Б.Оюунбилэгийн дансны хуулга/

Хохирогч Б.Оюунбилэг мэдүүлэхдээ /хх-ийн 146, 16-р тал/:  «2012.12.24-ний өдрийг хүртэл бид хоёр наймаагаа хэвийн явуулаад мөнгө төгрөгөө өгч авалцаад тохирсон ёсоор явж байсан. Гэтэл 2012.12.24-нөөс хойш би 20 удаагийн гүйлгээгээр  42,791,285 төгрөгийг шилжүүлсэн боловч Н.Мандахбаяр нь “мал туранхай байна, мал цуглуулахаар хүмүүст мөнгө тараасан байгаа, хүмүүс нь малаа өгөхгүй байна, бөөнд нь ачна, малаа цуглуулчихвал очно, махны ханш муу байна, нэмж мал авах хэрэгтэй байна” гэх мэтээр худал хэлж намайг итгүүлэн нэг ч төгрөг өгөхгүй болохоор нь би Н.Мандахбаярт хандан “би чамд 40 гаран сая төгрөг явуулж байхад ямар ч мал махны борлуулалт хийсэнгүй, ямар учиртай юм бэ, би ямар ч эргэлтийн хөрөнгөгүй боллоо” гэхэд Н.Мандахбаяр надад 2013.10.04-нд 2,140,000 төгрөг, 2013.11.01-нд 150,000 төгрөг буюу нийт 2,290,000 төгрөг шилжүүлсэн байсан. Н.Мандахбаяр нь 2012.12.24-ний өдрөөс хойш дандаа худал хэлж мөнгө авсан байна лээ. 2013 оны зун намайг Дашбалбар суманд очиход хөрөнгө оруулалтаар авсан мөнгөөрөө авсан мал гээд хонь харуулахаар нь би итгэсэн. Гэтэл тэр нь худлаа, надад хадам ахынхаа малыг харуулсан байна лээ» гэж мэдүүлжээ.

            Хохирогчийн дээрх мэдүүлэг бодитой эсэхийг бусад баримтуудтай харьцуулан үзвэл: Б.Оюунбилэгээс Н.Мандахбаярын дансанд 2012.12.25-нд 3,000,000 төгрөг, 2012.12.25-нд 341,285 төгрөг, 2012.12.29-нд 2,200,000 төгрөг, 2013.01.08-нд 400,000 төгрөг, 2013.01.16-нд 2,000,000 төгрөг, 2013.01.18-нд 1,800,000 төгрөг, 2013.01.22-нд 2,600,000 төгрөг, 2013.01.28-нд 2,200,000 төгрөг, 2013.02.05-нд 3,000,000 төгрөг, 2013.02.18-нд 4,500,000 төгрөг, 2013.03.06-нд 4,000,000 төгрөг, 2013.03.07-нд 1,000,000 төгрөгийг 5720537336 дансаар, 2013.04.08-нд 6,500,000 төгрөг, 2013.04.16-нд 600,000 төгрөг, 2013.04.23-нд 1,400,000 төгрөг, 2013.05.01-нд 6,300,000 төгрөг, 2013.06.07-нд 250,000 төгрөг, 2013.09.24-нд 400,000 төгрөг, 2013.11.01-нд 150,000 төгрөг, 2013.11.01-нд 150,000 төгрөг буюу нийт 42,791,285 төгрөг шилжүүлсэн; ба Н.Мандахбаяраас Б.Оюунбилэгийн дансанд 2013.10.04-нд 2,140,000 төгрөг, 2013.11.01-нд 150,000 төгрөг буюу нийт 2.290.000 төгрөг шилжүүлсэн нь Б.Оюунбилэгийн дансны хуулгаар /хх-ийн 154-р тал/ нотлогдсон байна. Түүнчлэн  Н.Мандахбаяр нь хохирогч Б.Оюунбилэгийн дээрх тооцоог хүлээн зөвшөөрсөн ба тэрээр «Б.Оюунбилэгээс авсан мөнгөнөөс 25,0 сая орчим төгрөгөөр нь ээж, эгч хоёрынхоо өрийг дарахад хэрэглэсэн, 30,0 орчим сая төгрөгийг мал мах авахаар хүмүүст тараасан боловч мөнгө тараасан тэмдэглэлийн дэвтрээ алга болгочихсон, 2013 оны зун Оюунбилэг Дашбалбар суманд ирээд “шилжүүлсэн мөнгө төгрөгөөр юу авсан юм харъя” гэхээр нь би айлын хонинд миний цуглуулсан хэдэн хонь байсан учраас тэр айлын хонийг “энэ цуглуулсан хонь” гээд харуулсан» гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 43-47,117-118, 142-143, 147-150, 199-р тал/

            Хэрэгт хамааралтай фактууд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр бүрэн тогтоогдсон тул “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх шүүгдэгч Н.Мандахбаяр, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Ж.Чинзориг нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хоёр.Хууль хэрэглээний талаар давж заалдах

шатны шүүхийн дүгнэлт

 

Прокурор, Н.Мандахбаярын 2012.07.09-ний өдөр Б.Оюунбилэгээс 7,000,000 төгрөг аваад буцааж төлөөгүй үйлдлийг “хадгаламжийн дансанд мөнгө байгаа, авч болохгүй байна гэж хуурч мэхлэх аргаар 7,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан” гэж,  2012.12.25-наас 2013.11.01-ний хооронд Н.Оюунбилэгээс  нийт 20 удаагийн шилжүүлгээр мөнгө авсан үйлдлээс 2012.12.25-ны өдрийн “2012 оны 10 %-ийн бонус” гэж шилжүүлсэн 341,285 төгрөгийг хасч, бусад 19 удаагийн үйлдлийг “давтан үйлдлээр мал мах авч өгнө гэж итгэл эвдэх аргаар 42,450,000 төгрөгийг залилан мэхлэж авсан” гэж, улмаар энэ хэргийн улмаас хохирогч Б.Оюунбилэгт 49,450,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан гэж тус тус дүгнэн ,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хавтаст хэргийн 62-р талд авагдсан Н.Мандахбаярын дансны хуулган дээр 2013 оны 2 сарын 18-ны өдөр Н.Мандахбаяраас 5029913728 данс руу 4,500,000 төгрөг шилжүүлсэн баримт, Н.Мандахбаярын шүүх хуралд гаргасан «Б.Оюунбилэг надад 2013.02.18-ны өдөр 4.500.000 төгрөг шилжүүлсэн боловч тэр өдөртөө “аавын эмчилгээний зардалд мөнгө хэрэг боллоо” гэж хэлээд буцаагаад авсан» гэх мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чинзоригоос шүүх хуралд гаргасан 5029913728 дансны эзэмшигч нь Б.Оюунбилэг мөн болохыг баталсан баримт/хх-ийн 246-р тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Мандахбаярын холбогдсон хэргээс “2013.02.18-ны өдөр 4,500,000 төгрөг залилан мэхлэж авсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон; 2013.11.01-ний өдөр 2 удаа тус бүр 150,000 төгрөг авсан үйлдлийг “150,000 төгрөгийг давхардсан гэдэг шалтгаанаар өдөрт нь Н.Оюунбилэгт буцаан шилжүүлсэн, үлдэх 150,000 төгрөг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан бага бус хэмжээний хохиролд хүрэхгүй” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон; ба Н.Мандахбаярыг 2012.07.09-ний өдөр хохирогч Б.Оюунбилэгийг хуурч мэхлэх аргаар 7,000,000 төгрөгийг залилан мэхлэж авсан, 2012.12.25-наас 2013.09.24-ний хооронд нийт 16 удаагийн давтан үйлдлээр хохирогч Б.Оюунбилэгийн итгэл эвдэх аргаар 37,650,000 төгрөгийг залилан мэхлэж авсны улмаас нийтдээ онц их хэмжээний  44,650,000 /37.650.000+7.000.000/ төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэжээ.

 Анхан шатны шүүх, Н.Мандахбаярын 2012.07.09-ний өдөр Б.Оюунбилэгээс 7,000,000 төгрөгийг зээлж авсан үйлдлийг: “хадгаламжийн дансанд мөнгө байгаа, авч болохгүй байна гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Залилан мэхлэх гэмт хэргийн нэг шинж нь: хохирогч гэмт этгээдийн худал мэдээлэлд итгэсэн явдал нь түүнд эд хөрөнгөө шилжүүлэх гол шалтгаан болох ба хэрэв гэмт этгээд худал мэдээллээр хохирогчийг төөрөгдүүлээгүй бол түүнд эд хөрөнгөө шилжүүлэн өгөхгүй байсан явдал юм. Хэдийгээр Н.Мандахбаяр 7,000,000 төгрөг зээлэхдээ “хугацаатай хадгаламжийн дансанд мөнгө байгаа, авч болохгүй байна” гэж худал хэлсэн боловч Б.Оюунбилэг хадгаламжийн хугацаа хэзээ дуусах, мөнгийг хэзээ буцааж өгөх зэргийг лавлан асуугаагүй, Н.Мандахбаяр түүнд хуурамч хадгаламжийн дэвтэр, сертификат, дансны хуулга  үзүүлээгүй  зэргээс дүгнэн үзвэл “хадгаламжид мөнгө байгаа” гэх худал мэдээлэл нь хохирогчийг түүнд мөнгө зээлдүүлэх гол шалтгаан болоогүй ба харин, Б.Оюунбилэгийн танилын харилцаанаас үүдсэн, мөнгийг буцаан өгөх боломжтой гэсэн итгэл нь Н.Мандахбаярт мөнгө зээлдүүлэхэд хүргэсэн байна. Түүнчлэн залилан мэхлэх гэмт хэргийн өөр нэг шинж нь: “хохирогчийн эд хөрөнгийг буцааж өгөхгүй” байх гэмт этгээдийн субъектив санаа юм. Н.Мандахбаяр Б.Оюунбилэгээс 7,000,000 төгрөг зээлж авснаас хойш түүнтэй хамтарч бизнес хийхээр харилцан тохирч, 2012.12.24-ний өдрийг хүртэл бизнесийн харилцаандаа шударгаар хандаж ирснээс дүгнэн үзэхэд дээрх 7,000,000 төгрөгийг  авах үедээ, “буцааж төлөхгүй, бүр мөсөн өөрийн болгох” санаатай байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Н.Мандахбаярыг 2012.12.25-наас 2013.09.24-ний хооронд нийт 16 удаагийн үйлдлээр 37,650,000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан гэж үзсэн нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад цугларсан нотлох баримтад үндэслэсэн, үндэслэл бүхий дүгнэлт болсон байна.

Иймд Н.Мандахбаярын 2012.07.09-ний өдөр 7,000,000 төгрөг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгон, уг мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх үнийн дүнд шилжүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн давтан үйлдлүүдийн хамгийн сүүлийн үйлдэл болсон 2013.09.24-ний өдөр  нэг сарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байсан ба гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 37,650,000 төгрөг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан их хэмжээний хохиролд хамаарч байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ял шийтгэл оногдуулан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирлын тооцоог шинэчлэн хийж тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тухайлбал хохирлын бага бус хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 150,000 төгрөг болон гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 7,000,000 төгрөгийг тус тус гэмт хэргийн шууд хохирлоос хасаж, иргэний журмаар нэхэмжлэх дүнд шилжүүлэх, түүнчлэн 2013.11.01-ний өдөр шилжүүлсэн даруйдаа буцаан авсан 150.000 төгрөгийг хохирлын дүн болон шүүгдэгчийн буцаан төлсөнд тооцох 2.290.000 төгрөгийн аль алинаас нь хасч тооцох шаардлагатай байна.

Ийнхүү тооцвол гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол  37,650,000 төгрөгөөс 2013.10.04-нд Б.Оюунбилэгийн дансанд буцаан шилжүүлсэн 2,140,000 төгрөг /шилжүүлсэн өдрөө буцаан төлсөн 150,000 төгрөгийг оруулахгүйгээр/, малаар төлсөн 9,500,000 төгрөгийг тус тус хасаж, 26,010,000 төгрөгийг шүүгдэгч Н.Мандахбаяраар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.                                   

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

А/ тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “...яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс” гэсний дараа “2012 оны 07 сарын 09-ний өдөр 7000000 төгрөгийг,” гэж нэмсүгэй.

 Б/ тогтоох хэсгийн 2 дугаар заалтаас “онц” гэснийг хассугай.

В/ тогтоох хэсгийн 3 дугаар заалтад “148.4-т” гэснийг “148.3-т” гэж, “10 /арван/ жил 1 /нэг/ хоногийн”  гэснийг “5 /таван/ жил 1/нэг/ сарын” гэж өөрчилсүгэй.

Г/ тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад “ 10 /арав/ жил 1/нэг/ хоногийн ” гэснийг “ 5 жил /таван/ жил 1 /нэг/ сарын ” гэж өөрчилсүгэй.

 Д/ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялтан Н.Мандахбаярт оногдуулсан хувьд ногдох 40000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, 5 жил 1 сарын хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн 41 дэх заалт нэмсүгэй.

Е/ тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “33010000 /гучин гурван сая арван мянга/” гэснийг “26.010.000 /хорин зургаан сая арван мянган/” гэж өөрчлөн; тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “олох ёстой байсан орлого 7445700 төгрөгийг” гэсний дараа “зээлдүүлсэн 7.000.000 төгрөгийг” гэж нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 70 дугаар зүйлийн 70.1-д тус тус зааснаар Н.Мандахбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Ялтан Н.Мандахбаяр нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор нийт 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                              Л.НАРАНБАЯР

                                     ШҮҮГЧИД                                 О.БААТАРСҮХ

                                                                                       Б.СҮХГОМБО