Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0593

 

Г.М-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагч Г.М, хариуцагч А.Цэцэгдэлгэр нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор Г.М-ын гомдолтой, Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц-т холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Амьтны тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ын “Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1722000003 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Гомдол гаргагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ан агнах эрхтэй, жил бүр татвар хураамжаа төлсөн баримтаа хэрэгт өгсөөр байтал, шүүхийн шийдвэрт товчлохдоо “Г.М-ын зөвшөөрөл төлбөр хураамж төлөлгүй чоно буудан агнасан үйлдлийг зөрчилд тооцож шийтгэл оногдуулах нь зүй ёсны бөгөөд, түүний үйлдсэн зөрчлийн нөхцөл байдал, зөрчлийн шинж нь хуульд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцлийг хангажээ” гэж дүгнэсэн нь бодит байдалтай болон хэрэгт ирсэн баримтуудтай зохицохгүй байгааг анхаарч үзнэ үү. Миний бие чоно агнаснаа үгүйсгээгүй атал шүүхийн шийдвэрт эрс өөрөөр дүгнэсэн. Чонын үнэлгээ болон чонын тоо толгой экологийн тэнцвэрт байдлын талаар зааж байгаа нь ойлгомжгүйгээс гадна тухайн газрыг тусгай хамгаалалттай бүс гэдгийг тогтоосон, тэмдэглэсэн зүйл тухайн үед байгаагүй. Энэ талаар багийн Засаг дарга н.А-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны мэдүүлэгт заасан байдаг. Мөн бусад гэрчүүд үргээлгэнд дуудсан гэж мэдүүлсэн байдаг. Би аймгаас бензин тос гарздаад, буу сум аваад үргээлгэ хийх гэж очих уу? Би ажлыг хариуцсан албан хаагч ч биш. Мал идээд хороо бууц руу дайрч байна, та нар ирж  чоно агнаж өгөөч гэж хүссэн байдаг. Иймд энэ хүсэлтийг давж заалдах шатны шүүх анхаарч хянаж өгнө үү. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар улсын байцаагч А.Ц анхнаасаа зөв ажиллаагүйг мөн шүүх анхаарч өгнө үү. Хавтаст хэрэгт тусгай хамгаалалттай газрын фото зураг анх байгаагүй. Сүүлд шүүхэд өгсөн материалд фото зургийг оруулж өгсөн байдаг нь буруу. Иймээс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр давж заалдах гомдолдоо энэ талаар дэлгэрэнгүй бичсэнийг шүүх анхаарна уу. Гурвансайхан сумын Элгэн багийн Засаг дарга н.А-ийн 2017 оны 12 дугаар 01-ний 234 тоот албан бичигт тус уулын чоно олон болж, малчид иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээс олноор хороож, малчдын амьдралд маш их гарз учруулж байна. Энэ байдалд арга хэмжээ авч өгнө үү гэсэн малчид иргэдийн нэр болон гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн, малын тоо зэргийг гаргасан бичгийг холбогдох байгууллагад удаа дараа хүргүүлсэн боловч арга хэмжээ авч өгөөгүй нь үнэн болохыг тодорхойлсон бичиг хэргийн материалд өгсөн боловч үүнийг хэрхсэн талаар надад ойлгогдсонгүй. “Г.Мягмар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагааг зөрчин түүнд Зөрчлийн тухай хуулийн 7.17.2-т заасан шийтгэл оногдуулах боломжтой байх боловч  уг зүйлд заасан санаа нь түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүйгээр байна” гэж заасан атлаа “...үйлдсэн зөрчлийн нөхцөл байдал шинж нь Зөрчлийн тухай хуулийн 1.3.1-д заасантай нийцсэн, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцлийг хангажээ” гэсэн нь хоорондоо зөрчилдөж ойлгомжгүй байдал үүсгэж байгааг шүүх анхаарна уу. Иймд дээрх үндэслэлүүдээр гаргасан гомдлыг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон улсын байцаагч А.Ц-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны 1722000003 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.М нь “Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цэцэгдэлгэрийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1722000003 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Маргаан бүхий байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Ц-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1722000003 тоот шийдвэрээр Г.М-ыг “тусгай хамгаалалттай газар нутагт 2 чоно агнасан” зөрчилд 150.000 төгрөгийн торгууль ногдуулж, амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж 2.220.000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 32.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж тус тус заасан байх тул зөрчилд ногдуулсан шийтгэл болон нөхөн төлбөрийн хэмжээ хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г.М нь тусгай хамгаалалттай газар нутагт 2 чоно агнасан болох нь нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь зөрчлийн талаар маргахгүй гэдгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул тус шүүх зөрчил үйлдэгдсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

Харин “Гурвансайхан сумын Элгэн багийн Засаг дарга, нутгийн малчид, иргэдийн хүсэлтээр очиж чоно агнасан, үргээлгэнд тэр хавийн иргэд олноор оролцож 2 чоно агнасан тул төлбөрийг ганцаараа барагдуулах боломжгүй, үргээлгэнд оролцсон бусад хүмүүстэй хувааж төлөх ёстой” гэж маргаж байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан хамтран гүйцэтгэгчээр чоно агнахад үргээж өгсөн нутгийн иргэдийг хамааруулан ойлгох боломжгүй юм.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх зөрчлийн тухайд чоно агнах шууд үйлдэл хийсэн хүнд хариуцлага ногдуулсан нь хуульд нийцнэ.

Хэдийгээр тухайн зөрчлийг үйлдсэн шалтгаан нь нутгийн иргэдийн хүсэлтээр, тэдний үргээлгэ хийж өгсөн тусламжтайгаар чоно агнасан нь нотлогдож байгаа ч, Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэгч Г.М-т ногдуулсан торгууль болон нөхөн төлбөрийг багасгах боломжгүй, харин нутгийн иргэд сайн дураар хамтран нөхөн төлбөр төлөхөд энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 495 дугаар тушаалаар хариуцагч А.Ц-т Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалал зөрчигдөөгүй, маргаан бүхий шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.     

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                ШҮҮГЧ                                                 С.Мөнхжаргал  

                ШҮҮГЧ                                                  Ц.Сайхантуяа    

                ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН