Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 369

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Б.М нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/14 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: 

1.1 Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Б.М, нөгөө талаас Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу хэргийн оролцогчдын зөвшилцөл, харилцан тохиролцоог үндэслэн дараах нөхцөлтэйгээр байгуулав. 

1.2. Б.М 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/14 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийн талууд сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин олговор, тухайн хугацаанд ногдох амралтын олговор, албан тушаалын 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжтэй тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад гэрээний зорилго оршино.

1.3. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталснаар захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

2.1. Хариуцагчаас дараахь хэмжээний олговор, нөхөн төлбөр нийт 6.734.534 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор тохиролцов. Үүнд:

2.1.1. 2017 оны 02, 03, 04 дүгээр сард ажилгүй байсан хугацааны  цалин олговорт 2.731.896 төгрөг  / 910.632*3=2.731.896 төгрөг/

2.1.2. Ногдох амралтын мөнгө 506.666 төгрөг  /760.000/12*8=506.666 төгрөг/

2.1.3. Ажлаас халагдсаны тэтгэмж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр буюу 1.884.066 төгрөг      /628.022*3=1.884.066 төгрөг/

2.1.4. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжтэй тэнцэх хэмжээний олговор олгох 

/760.000төгрөг*0.6:21,5*76 ажлын өдөр=1.611.906 төгрөг/

3.1 Б.М нь Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны даргын албан тушаалд ажиллахаас татгалзах үүрэг хүлээнэ.

4.1 Хариуцагч гэрээгээр тохиролцсон мөнгөн төлбөрийн

4.1.1 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3.495.972 төгрөгийг

4.1.2 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3.238.562 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцов.

5.1. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч, хариуцагч нар шаардах эрхтэй.

5.2 Талууд гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд гэрээний талууд тус бүр нэг хувийгхадгалж, үлдэх хувийг захиргааны хэргийн шүүхэд хүргүүлнэ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байна.  

Иймд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/14 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаас татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид зохих олговор олгохоор эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                     Ц.МӨНХЗУЛ