Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 110

 

Б.Э, Б.Б, Л.Б,

Д.Г, В.Б, Б.Энарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цогтсайхан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27ы өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02ы өдрийн 06 дугаар магадлалтай, Б.Э, Б.Б, Л.Б, Д.Г, В.Б, Б.Энарт холбогдох 1922002260135 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б Э,

 

2. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, В Б,

 

3. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б Э,

 

4. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй,  Б Б,

 

5. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Л Б.

 

6. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д зааснаар 20 жил хорих ялаар шийтгүүлсэн, Д Г,

 

Шүүгдэгч Б.Э, В.Б, Б.Э, Б.Б, Д.Г, Л.Б нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Завгийн хэц” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан,

Шүүгдэгч Б.Э, Б.Э, В.Б, Б.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг "Завгийн хэц” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор тэсэлгээ хийх явцад хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас Б.У-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э, Б.Б, Л.Б, Д.Г, В.Б, Б.Энарыг бүлэглэн хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Э, Б.Б, В.Б, Б.Энарыг бүлэглэн бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.Э, В.Б, Б.Э, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, В.Б, Б.Э, Б.Б, Д.Г, Л.Б нарт тус бүрд нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Гт Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 04 сарын 12-ны өдрийн 147 дугаартай оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 4 хоногийн хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Гийн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 28 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, В.Б, Б.Э, Б.Б, Л.Б нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн молдокны хошуу 17 ширхэг, өрмийн хошуу 6 ширхэг, ногоон өнгийн өрөм хошуутай 1 ширхэг, молдок 1 ширхэг, цахилгаан мотор 1 ширхэг, татагч багаж 6 хөлтэй, тороостой 1 ширхгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын хамтран гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” 4-д “... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооход чиглэгдсэн байх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооход чиглэгдсэн байх учиртай.

Д.Г нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ... 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр цалин мөнгө гайгүй гэхээр нь барилгын ажил хийх гээд Баярмөнхий хамт Өмнөговь аймаг руу явсан. 20-ны орой Дундговь аймагт хоносон. 21-ний өдөр Цогт-Овоо суманд Э, Б, Э, У, Б нартай уулзсан. Уулзаад ганц нэг юм уугаад тэндээ хоносон. 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэг газар үзэх хэрэгтэй байна гэхээр нь сонирхож явсан, төөрч будилж явж байгаад тэр газар нь оройхон очсон. Тэндээ хоночихоод 23-нд ... хоол унд хийгээд өнжсөн. Үдээс хойш нь хэдэн шил архи уугаад хоносон. 25-ны өглөө дүү төрөх дөхсөн болохоор Баярмөнхтэй хот руу явсан”

Л.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр баях үдээс хойш Батхүү “барилгын хундамын ажил гараад, ажлын шаардлагаар хүн хүч хэрэгтэй байна. Өмнөговь аймаг руу явж байна, араас хүрээд ир” гэхээ нь Г хамт тэр өдрийн үдээс хойш 55-61 УНЗ улсын дугаартай Прадо 78 маркийн машинтай Улаанбаатар хотоос гарсан. Дундговь аймаг руу орж байхад Б утсаар яриад “ажил бүтэхээргүй болчихлоо, наанаа хүлээж бай” гэхээр нь Г бид 2 Дундговь аймагт хоносон. Маргааш нь Цогт-Овоо суманд нөгөө хэдтэй уулзахаар болоод очсон. Өмнөговиос Б, талийгаач, Э, Э, Б нар ирсэн, тэндээ хоносон. Тэгээд маргааш нь тэр хэдийг машинтайгаа дагаад явсан, нэг газар хоносон. Тэндээ хоол цайгаа идэж уугаад хоносон. 24-нд Ганзориг бид хоёр хоол унд хийгээд машин дээрээ байж байсан. Тэгээд би сүлжээнд гарч эхнэртэй утсаар ярьсан чинь “ажил төрөл чинь бүтэхгүй байгаа бол хурдан ир, сургууль соёл орох гээд байна, хүүхдийн хичээл номыг базаа” гэсэн. Тэгээд тэр шөнөдөө ууж шоудаж хоносон. Маргаа нь 25-ны өдрөө Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотоос барилгын газар шорооны ажил хийх гэж багаж авч очсон байх. Би араас хүрээд ир гэсэн болохоор нь очсон”

Л.Б, Д.Г нар нь Б.Бгийн дуудсанаар Өмнөговь аймаг руу барилгын ажил хийхээр 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр явсан бөгөөд Б нь Баярмөнхөд ажил бүтэхгүй болсон гээд Дундговь аймагт нийлсэн байдаг. Ингээд тэд хамт ажил хийхээр тохирсон байсан хүмүүстэйгээ 4 хоног хамт архи ууж, хоол унд идэж өнжөөд Л.Б, Д.Г нар нь хамтдаа Улаанбаатар хот руу буцсан.

Дээрх байдлаас үзэхэд Л.Б, Д.Г нар нь Өмнөговь аймаг руу барилгын ажил хийхээр явсан бөгөөд 4 хоноод Улаанбаатар  хот руу буцсан нь тогтоогдсон. Тэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр алт буюу ашигт малтмал эрэн хайх зорилгоор газар, газрын хэвлийд халдсан болох нь нотлогдохгүй, өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийн санаа зорилго буюу субьектив талын шинжгүй байна.

Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, бусад гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Тухайлбал гэрч Э.Баярцэцэг, М.Бүдээ нарын мэдүүлгүүдээс үзэхэд тэдний нөхөрүүд болох Б.Энхболд, В.Бат- Очир нар нь “Дундговь аймаг руу алт ухахаар явсан” талаар тодорхой мэдүүлдэг. Гэтэл Л.Б, Д.Г нарын тухайд Б.Бгийн дуудсанаар өөр санаа зорилготойгоор очсон талаар тодорхой мэдүүлдэг. Л.Б, Д.Г нар Улаанбаатар хотоос Дундговь аймагт очсон бөгөөд бусад шүүгдэгч нарын тухайд Өмнөговь, Дундговь аймгуудад очсон байсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э, Д.Г, Б.Бат- Очир, Б.Энхболд, Л.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э, Б.Б, Б.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д “... Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол...” гэж гэм буруутай гэж тооцож байгаа нь ойлгомжгүй буюу шүүгдэгч нар нь санаатайгаар нэгдэж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь өөрөө хуулийг буруу хэрэглэж, тайлбарлаж байна гэж үзэж байна.

Шүүгдэгч нар Д.Г, Л.Б нарыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Д.Г, Л.Б нар нь Эрүүгийн хуулийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оролцсон оролцоо байхгүй бөгөөд тухайн газарт очоод хоол унд идэж хоноод Улаанбаатар хот руу явсан байдаг ба энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг нэг бүрчлэн мөрдөн байцаалтын явцад нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх учиртай бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Г, Л.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой ба хэрэгт авагдсан нотлох баримт, яллах дүгнэлтийн хүрээнд үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтийг хийхэд Д.Г, Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Э, Б.Бр, Б.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д “гэмт хэргийн шинжгүй” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан шүүгдэгч Д.Г, Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан шүүгдэгч Б.Э, Б.Б, Б.Э, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цогтсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна. Хэрэгт авагдсан баримтаар Д.Г, Л.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оролцсон шинж байдал тогтоогдоогүй. Мөн бусад шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт зааснаар санаатай нэгдэж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Э, Б.Б, В.Б, Б.Энар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Л.Б, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр нэр бүхий 6 шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу Б.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Э, Б.Бат-Очир, Б.Энхболд, Б.Б, Д.Г, Л.Б нарыг амь хохирогч Б.У-ын хамт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тухай зөвшөөрөлгүй атлаа хувиараа алтны эрэл хайгуул хийж олборлох зорилгоор Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутагт “Завгийн хэц” гэх газар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тэсэрч дэлбэрэх бодис болох нь тогтоогдсон зүйл ашиглаж хууль бусаар газрын хэвлийд халдсаныг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Харин хууль бусаар ашигт малтмал хайж газрын гадаргуугаас доош 35.8 метрийн гүнд тэсэрч дэлбэрэх бодис ашиглан тэсэлгээ хийх явцдаа золгүй тохиолдлоор амь насаа алдсан хүний үхлийн шалтгаан, үр дагаварыг техник хэрэгслийг зөөх, суларсан шороог гаргах зэргээр туслах шинж чанартай ажил гүйцэтгэж байсан Б.Э, Б.Б, Б.Э Б.Б нарын үйл ажиллагаатай холбон буруутгаж, тэднийг хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Б.У-ын амь насыг хохироосон мэтээр дүгнэн ялласан нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь хууль бусаар алт олборлогч нэр бүхий шүүгдэгч нар нь амь хохирогчтой сайн дураар нэгдэн ажиллаж байсан бөгөөд тэд хэн алиныхаа өмнө эрх эдэлж, үүрэг хүлээсэн, ажил үүргээ хуваарилж зохион байгуулсан зүйл байхгүйн дээр амь хохирогч нь Налайхын уурхайд 10 жил тэсэлгээчин хийж байсан туршлагадаа тулгуурлан хуучин ухсан нүхэнд тэсэлгээ хийж байхдаа золгүй байдлаар амь насаа алджээ.

 

Энэхүү золгүй явдал нь үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй бөгөөд нэр бүхий 4 шүүгдэгчийн хэн нэгний  санамсар болгоомжгүй буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон, эсхүл урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Өөрөөр хэлбэл нэр бүхий 4 шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохирооход чиглэсэн аливаа нэгэн сэдэлт, санаа зорилго үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын шатны журмаар гаргасан гомдлын “... Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин нэр бүхий 6 шүүгдэгч нь тусгай зөвшөөрөлгүй атлаа газрын хэвлийд халдахаар цахилгаан гаргагч мотор, агааржуулах хоолой, татлага олс зэрэг тоног төхөөрөмж зориудаар бэлтгэж, улмаар тухайн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар газрын хэвлийд халдан тэсэлгээ хийж, суларсан шороог олборлож байсан нь шүүх хуралдааны явцад хөдөлбөргүй нотлогдсон тул тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27ы өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02ы өдрийн 06 дугаар магадлалын Б.Э, Б.Б, В.Б, Б.Энарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ц.Цогтсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан шүүгдэгч Б.Э, Б.Б, Б.Э, Б.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хангаж, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                     ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

 

                                                                    Б.БАТЦЭРЭН

 

                                                                                              Б.ЦОГТ

 

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН