Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 181/2024/01210/И |
Дугаар | 210/МА2024/01762 |
Огноо | 2024-09-13 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01762
2024 09 13 210/МА2024/01762
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/02354 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Т ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Л.М, М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Манай компани нь Т ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр №03-04 болон №03-06 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан ТВ коммершл, постер бүтээл хийлгэхээр харилцан тохиролцож, №03-04 гэрээний 3.3-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг, №03-06 гэрээний 3.3-т заасны дагуу 900,000 төгрөг, нийт 10,900,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 04-08-ны өдөр тус тус төлсөн. Захиалагч болох манай компанийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч нь гэрээний 2.2, 5.3-т заасан хамтран ажиллах зарчмын хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ цагт нь хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж манай компанид хохирол учруулсан. Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээний 4.8-д заасны дагуу хариуцагчид ажлыг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч ямар нэгэн үр дүн гаралгүйгээр гэрээний хугацаа дууссан учир 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр АБ-06/783 тоот Урьдчилгаа төлбөр буцаан төлөх тухай мэдэгдлийг хүргүүлж, хариуцагчаас 5,000,000 төгрөгийг буцаан авсан. Гэвч гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 5,900,000 төгрөгийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл манай компанид төлж барагдуулаагүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 5,900,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талаас тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 5,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-аас 109,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан Баримт №6 гээд 2024.05.21 өдөр танилцуулсан тухай гээд Хэргийн оролцогчдод Хоргол цамхаг нэхэмжлэлтэй Цэндхүү холбогдох 34 хуудаст хэргийг танилцуулав. Хариуцагч Б.Х-р 5/21 гэж гарын үсэг зуруулсан баримт байна. Өөрөөр хэлбэл, Хэрэг танилцуулсан тухай хуурамч баримт авагдсан.
4.2. Давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байхад хэргийг хавтаслаж архивласан. Энэ тухай хавтаст хэрэг дотор Баталгааны хуудас гээд Энэ хадгаламжийн нэгжид 49 (дөчин ес) хуудас дотоод ... бүгд хуудас 49 (дөчин ес) хуудас дугаарлав. ... Баталгааны хуудас бичсэн ажилтан ... Шүүгчийн туслах Г.Галдандагва, 2024.08.02 гээд Тоолов, Архивч О.Билигзаяа /гаргагдахгүй байв/ гэж гарын үсэг зурсан баримт байна. Ийнхүү илэрхий байдлаар анхан шатны шүүх процессын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж ноцтой алдаа гаргажээ. Хэрэг танилцуулсан баримт-ыг нотолгооны хэрэгсэл, бичмэл нотлох баримт гэж үзэхгүй юм бол Хэргийн тов мэдэгдсэн баримт ч бас нотолгооны ач холбогдолгүй болж болох юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
2.1. М ХХК нь Т ХХК-тай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 03-04 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр ТВ коммершл бүтээлийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хийлгэхээр, ажлын хөлсөнд 14,528,250 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ./хх7-10/
2.2. М ХХК нь Т ХХК-тай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 03-06 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр Постер бүтээлийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хийлгэхээр, ажлын хөлсөнд 1,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ./хх11-14/
2.3. Дээрх 2 гэрээний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч нь хариуцагч Т ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 439008911 тоот дансанд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 900,000 төгрөг шилжүүлсэн болох нь шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх16-17/
2.4. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн АБ-06/783 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нь хариуцагч компанид ажлыг хийж гүйцэтгээгүй тул урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэхийг мэдэгджээ./хх15/ Уг мэдэгдлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
3.1. Хариуцагч нь гэрээгээр ажлыг хүлээсэн хугацаанд хийж гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч талаас дээр дурдсанчлан гэрээнээс татгалзаж, хариуцагчаас нэхэмжлэгчид 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ.
4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, зохигчийн эрх үүрэгтэй танилцуулсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу тайлбар, татгалзлаа нотлох баримтаа ирүүлээгүй байна./хх30-31/
4.1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар тайлбар, татгалзлаа ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
5. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх тул ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 10,900,000 төгрөгийн үлдэгдэл 5,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Х-р хэргийн баримттай танилцуулсан тухай баримтад 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байх ба энэхүү баримт нь Хорол цамхаг нэхэмжлэлтэй, Цэндхүүд холбогдох гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна. Иймд хэрэг танилцуулсан тухай баримтыг хуурамч баримт гэх гомдлыг хангахгүй.
6.1. Хариуцагчийн төлөөлөгч Б.Х-р нь зохигчийн эрх үүрэгтэй танилцсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Х-рийн хэргийн материалтай хэдийд ч танилцах эрхтэй бөгөөд шүүхээс эрхийг нь ямар нэгэн байдлаар хориглосон, хязгаарласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
6.2. Мөн, хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад шүүгчийн туслах хэргийг архивт шилжүүлж амарсан байсан гэх гомдлыг хангахгүй. Учир нь тухайн шийдвэрлэгдсэн хэргийг архивт шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй.
7. Анхан шатны шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.Х-рд 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн байх ба тус шүүх хуралдаанд хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна./хх37/
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/02354 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ