Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 183/2021/02489/И |
Дугаар | 210/МА2024/01755 |
Огноо | 2024-09-13 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01755
2024 09 13 210/МА2024/01755
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/02512 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ө ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 159,590,385 төгрөг гаргуулах үндсэн, гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,575,487 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэхэд ашигласан барилгын гадна талын шатуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Х ХХК нь Ө ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр СӨМ-2020-38 дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч буюу Ө ХХК нь Грэйт Стоун Хилл гэр амралт цогцолборын 2,4,5,7,8,10,11,12 дугаар блокийн гадна фасадны ажил гүйцэтгэж, захиалагч буюу Х ХХК нь ажлын хөлс нийт 198,103,840 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу Х ХХК нь ажлын хөлс болох 198,103,840 төгрөгөөс урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ө ХХК-д шилжүүлсэн. Талууд харилцан тохиролцсоны дагуу ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан бүрэн дуусгахаар тохиролцсон боловч гүйцэтгэгч нь ажлын зарим хэсгийг буюу 70,734,990 төгрөгтэй тэнцэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Ө ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ үл биелүүлж ажлыг бүрэн гүйцэтгээгүй хэвээр байна. Бидний зүгээс Ө ХХК-ийн захирал Ү.Ганцэцэгтэй удаа дараа холбогдож 2-3 удаа биечлэн уулзахын зэрэгцээ нийт 6 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч бидэнд хариу ирүүлээгүй. Үүний улмаас бидний ажил зогсонги байдалд орж хохирол амсаад байна. Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлын үлдэх хөлс 29,265,010 төгрөг, гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 6.3-т Гүйцэтгэгч гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, гэрээний 7.1 дэх хэсгийг зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцүү хэмжээний торгууль төлөх бөгөөд тийнхүү зөрчсөнөөс захиалагч болон түүний харилцагчид учирсан аливаа зардал хууль зүйн болон үйл ажиллагааны, хохирлыг барагдуулна гэж заасан. Уг заалтад үндэслэн гүйцэтгэгчийг гэрээт ажлаа үндэслэлгүй орхиж явсан тул гэрээний үнийн дүн 108,103,840 төгрөгийн 30 хувь буюу 50,431,152 төгрөгийн торгууль бодогдсоноос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 29,265,010 төгрөгийн 50 хувиар тооцож торгууль 14,632,505 төгрөг, мөн гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 6.1-т Гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага. Гэрээний нөхцөлийг бүрэн хангасан ажлыг гэрээний хавсралт 4-т заасан ажил дуусгах хугацаанд багтаан дуусгаж, захиалагчид хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр тусгайлан хугацаа тогтоож, үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Уг заалтад үндэслэн гүйцэтгээгүй үүргийн дүн 29,265,010 төгрөгөөс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 358 өдрийн 0,5 хувийн алданги тооцоход 52,384,368 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 29,265,010 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 14,632,505 төгрөг болж байна.
Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгээгүй ажлын хөлс 11,595,900 төгрөг, алданги торгууль 40,217,365 төгрөг, учирсан хохирол 42,858,845 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №С01М-2020-021 тоот 3 дугаар блокны гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелүүлээгүйгээс алданги торгууль 4,881,745 төгрөг, учирсан хохирол 1,506,510 төгрөг, нийт 101,060,365 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч Ө ХХК-аас 159,590,385 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Манай компанийн зүгээс гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэх явцад гэрээнд заасан хугацаа хоцорсон зөрчил байгаа хэдий ч захиалагч талын зүгээс бараа материалыг цаг хугацаанд нь бэлэн болгоогүй шалтгаан мөн байсан. Бид захиалагчаас ирсэн албан шаардлагын дагуу гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэхээр очсон боловч захиалагч тал гүйцэтгүүлэхээс татгалзсан бөгөөд манай компанийн ажил гүйцэтгэхдээ ашиглаж байсан Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шатыг барьцаалаад өнөөдрийг хүртэл бидэнд өгөхгүй байгаа. Ажил гүйцэтгэхийг хориглосноос хойш бидний зүгээс Х ХХК-тай ажлын акт үйлдэж хийж гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээг тодорхойлоогүй. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан бөгөөд мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 232.4 дэх хэсэгт үүргийг гүйцэтгэлийг хангуулах аргын нэг болох анзыг Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна хэмээн тодорхойлон заасан. Иймд гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжилсэн алданги торгуулийг хамтад нь төлөх болон гэрээ байгуулснаас хойшхи хийж гүйцэтгэсэн ажилд нэхэмжлэгч талын зүгээс тооцоолон гаргасан үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Гадны фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,575,487 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэхэд ашигласан барилгын гадна талын шатуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагчид хүлээлгэн өгөхийг даалгуулна. Манай компани нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн СӨМ-2020-038 дугаартай Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн СӨМ-2020-021 дугаартай Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж нийт 134,149,480 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч Х ХХК нь 3 дугаар блокийн гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний нэг хувийг хадгалах үүргээ зөрчиж, уг гэрээний хувь байхгүй гэх нэрийдлээр бидний хийж гүйцэтгэсэн ажлыг 11,595,900 төгрөгөөр багасгаж, хэргийн үйл баримтыг үнэн бодитоор гаргахад саад учруулж үндэслэлгүй тооцоолол хийж байна. Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэж байх явцад Мэргэжлийн барилгын инженерүүдийн талбайн тооцооллоор блок бүрийн гадна фасадын талбайн хэмжээ өөр өөр байсан, энэ талаар мэдэгдэхэд гэрээнд заасан тогтмол дүнгээр тооцно хэмээн мэргэжлийн бус зүйл яригдсан, бид 400 м.кв будаад бусдыг нь дутуу үлдээх тийм мэргэжлийн бус зүйл гаргаагүй, тэгж болохгүй гэдгийг ойлгуулж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээрээ ажлаа дүгнүүлэх талаар мэдэгдэж байсан. Энэ нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтэд Газрын гадаргуугаас хамааран барилгын гадна фасадын хэмжээ өөр өөр байв. Иймд барилга тус бүрд хийсэн ажлын тоо хэмжээг гаргах шаардлагатай байна. Эдгээр тооцооноос талбайн өөрчлөлтэй гаргасан үнийг бодит байдалд нийцнэ гэж үзлээ хэмээн тус тус дурдсан байгаагаар нотлогдож байна. Гэрээний урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг хүлээн авсан хэдий ч 134,149,480 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зөрүү 34,149,480 төгрөгийг гаргуулна.
Талуудын гэрээнд тохиролцсон ажлын хөлсний хэмжээг багасган тооцсон зөрүү бол нийт 21,205,129 төгрөг ба хийж гүйцэтгэсэн ажил бөгөөд захиалагч үр дүнг хүлээж авсан тул ийнхүү нэхэмжлэх нь зүйтэй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Х ХХК-аас Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт нийт 41,575,487 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн ажил гүйцэтгэхэд ашигласан шатыг маань гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хугацааны хувьд анх гэрээний хавсралтад тохироод явах байсан боловч наадмын дараа буюу 07 дугаар сарын 31-ний өдөр дахин хугацааг тогтоосон. Манайхаас удаасан барилгын материалыг өгөөгүй, удаасан барилгын материалыг аваагүй зүйл байгаагүй. Манай зүгээс бүх ажлаа хийгээд дуусгачихсан, гадна фасадны ажлыг л хийх байсан.
Шинжээчийн дүгнэлт дээр 8,000,000 төгрөг илүү гарч байгаа. Шинжээчийн дүгнэлтээс шалтгаалаад 21,000,000 төгрөгийн зөрүү гарсан. Энэ зөрүү тэр 8,000,000 төгрөгтэйгөө давхцуулаад шаардсан нь эргэлзээтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө ХХК-аас гүйцэтгээгүй ажлын үлдэх хөлс 29,265,010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 130,325,375 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ө ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барилгын талбайд үлдээсэн шатыг нэхэмжлэгч Х ХХК-аас буцаан гаргуулж, хариуцагч Ө ХХК-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч Х ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 41,575,487 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 955,600 төгрөг /450,600 + 443,000 + 63,000/, хариуцагч Ө ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 436,028 /365,828 + 70,200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас 304,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д, нэхэмжлэгч Х ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ө ХХК-д олгож, зохигчийн хэн алинаас нь 1,250,000 төгрөгийг тус тус гаргуулж, Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
6.1. Шүүх талуудын хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 14, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлыг хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэлд дурдсанаар тооцсон гэсэн байна.
Гэвч Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг гардан аваагүй бөгөөд, түүнийг нэхэмжлэгч тал хариуцагчид хүргүүлээгүй, түүнийг хүлээн аваагүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад удаа дараа тайлбарласан атал мэдэгдлийг үндэслэн шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх бөгөөд талууд тооцоон дээрээ маргаж тооцоо нийлээгүй байхад бидний хүлээн аваагүй мэдэгдэлд дурдсан хөлсөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн талууд хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн талаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд Х ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 603 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Гэвч шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй зөвхөн №29/2021 тоот мэдэгдлийг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
6.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд. Х ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 603 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд Гадна фасадын ажлын гүйцэтгэлийн гэрээ-ний ажлын гүйцэтгэлийг хэмжилтийн талбайгаар 108,774,458 төгрөг, гэрээний талбайгаар 103,707,418 төгрөг болохыг тус тус тооцсон байдаг.
Шинжээч дүгнэлт гаргахдаа талуудын хооронд Иргэний хуулийн 344-р зүйлд заасны дагуу ажлын хөлсний хэмжээг гэрээнд тохирсноос багасгаж тогтоосон нь хэргийн оролцогчийн эрх ашигт сөргөөр нөлөөлж хохиролтой тогтоогдсон тул гэрээнд заасан ажлын хөлсний хэмжээгээр зөрүү ажлын хөлсийг дараах байдлаар тооцох нь зүйтэй. Үүнд: нийт 3169 м.кв талбайд барилгын шат засах дагалдах материалыг хийж гүйцэтгэхэд 13,943,600 төгрөг болсон ба шинжээч 8,870,596 төгрөгөөр тооцсон тул зөрүү 5,073,004 төгрөг; нийт 121 м.кв талбайд барилгын дөрвөлжин хийцийн ажил гүйцэтгэсэн 4,356,000 төгрөг болсон, шинжээч 2,722,500 төгрөгөөр тооцсон тул зөрүү 1,633,500 төгрөг; нийт 635 м.кв талбайд барилгын хаалга цонхны ажил хийж гүйцэтгэсэн 11,430,000 төгрөг болсон ба шинжээч 7,572,375 төгрөгөөр тооцсон тул зөрүү 3,857,625 төгрөг; нийт 310 м.кв талбайд барилгын дээд хүрээний ажил хийж гүйцэтгэсэн 6,510,000 төгрөг болсон ба шинжээч 2,325,000 төгрөгөөр тооцсон тул зөрүү 4,185,000 төгрөг; нийт 320 м.кв талбайд барилгын дунд хүрээний ажил хийж гүйцэтгэсэн 6,720,000 төгрөг болсон ба шинжээч 3,264,000 төгрөгөөр тооцсон тул зөрүү 3,456,000 төгрөг;
Талуудын гэрээнд тохиролцсон ажлын хөлсний хэмжээг багасгаж тооцсон зөрүү бол нийт 21,205,129 төгрөг ба хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан. Мөн шүүгч шинжээчийн дүгнэлтэд дурдсан ажлын хөлсний хэмжээг талуудын гэрээний 3.1-д зааснаар багасгаж тооцсон нь үнэн болохыг шийдвэрийн тус үндэслэх хэсэгт дурдсан бөгөөд Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ-ний зөрүү ажлын хөлс нь нийт 21,205,129 төгрөг болохыг үндэслэлгүй гэж үзээгүй болно.
Талуудын гэрээнд тохиролцсон ажлын хөлсний хэмжээг багасгаж тооцсон зөрүү бол нийт 21,205,129 төгрөг ба хийж гүйцэтгэсэн ажил бөгөөд захиалагч үр дүнг хүлээн авсан. Иймд хариуцагч нь гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,575,487 төгрөгийг шаардах эрхтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.3. Талууд гэрээний 1.2 дахь хэсэгт гэрээний хавсралтуудыг батлахаар заасан хэдий ч талууд гэрээний хавсралт огт батлаагүй бөгөөд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрээний хавсралтууд нь нэхэмжлэгч талын үйлдсэн баримт бөгөөд хариуцагч Ө ХХК-д хүргүүлж байгаагүй, талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй.
Нэгэнт талууд маргаан үүссэн тул тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж хийж гүйцэтгэсэн ажлыг бодит байдлаар үнэлүүлсэн бөгөөд шүүхээс түүнийг үнэлээгүйд нь гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ...хариуцагчаас 29,265,010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож... гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шүүгч нь ажил гүйцэтгэх гэрээнд талуудын зөвшөөрлийг харгалзан үзэж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг тооцно гэж дүгнэсэн тул үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид албан бичиг хүргүүлэхдээ ажлыг хийж гүйцэтгэхгүй тохиолдолд тооцоо нийлж, акт үйлдэж өгөхийг шаардсан бөгөөд гуравдагч этгээд ажлыг хийж гүйцэтгүүлэх талаар мэдэгдсэн. Мөн тооцоо нийлсэн актаар албан бичигт тусгагдсан үнийн дүн болох 70,734,990 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд яаралтай хариу мэдэгдэл ирүүлэхийг шаардсан. Гэвч уг албан бичигт хариу ирүүлээгүй тохиолдолд 70,734,990 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөнд тооцох талаар мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн. Хариуцагчийн зүгээс тухайн албан бичигт хариу өгөөгүй учраас уг тооцоог хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн 2020 оны 08 дугаар сараас хойш хариуцагчид нэхэмжлэгчтэй тооцоо нийлэх олон боломж байсан. 2021 онд хариуцагчид мэдэгдэл хүргүүлэхээс өмнө 5 мэдэгдлийг хүргүүлж байсан. Хариуцагчийн зүгээс 41,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 108,000,000 төгрөгөөр үнэлсний зөрүү 8,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 159,590,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41,575,487 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэхэд ашигласан барилгын гадна талын шатуудыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагчид хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгуулах-аар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ө ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Грэйт стоун хилл гэр амралт цогцолборын 3 дугаар блокын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2,4,5,7,8,10,11,12 дугаар блокын гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, ажлын хөлсөнд 198,103,840 төгрөгийг Х ХХК-аас төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /1хх8-23, 2хх91-97/
2.1. Х ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 22, 29-ний өдрийн албан мэдэгдлээр гадна фасадны ажлыг 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэж дуусгах талаар, мөн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан мэдэгдлээр ажил гүйцэтгэх хуваарийг үндэслэн алданги тооцох тухай, түүнчлэн Х ХХК-аас 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ажлын тооцоо нийлж, хүлээлгэж өгөх талаарх мэдэгдлийг Ө ХХК-д хүргүүлсэн. Уг мэдэгдэлд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хийгдсэн ажлын гүйцэтгэлийн дүн нийт 70,734,990 төгрөг болж байгаа тул тооцоо нийлж, хүлээлгэж өгнө үү. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэхэд тооцоо нийлэхгүй бол бид үнийн дүнг зөвшөөрсөн гэж гуравдагч этгээдэд ажлыг хүлээлгэж өгнө гэсэн агуулгатай мэдэгдлүүдийг хүргүүлж байсан болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл болон уг мэдэгдлүүдээр тогтоогдсон байна./1хх24-28, 2хх58-59/
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв. Талууд дээрх гэрээг цуцлагдсан болон ажлын хөлсөнд 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй харин, ажлын гүйцэтгэлийн талаар маргасан байна.
4. Анхан шатны шүүхээс дээр дурдсан 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн албан мэдэгдэлд заасан ажлын гүйцэтгэлийн дүнд үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зөв гэж үзлээ. Учир нь, хариуцагч дээрх мэдэгдлүүдийг хүлээн аваагүй гэх боловч анхан шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Г гэх хүний А-хаягтай харилцсан Ц-ийн Г-хаягт үзлэг хийхэд дээрх албан мэдэгдлүүдийг мэйлээр хариуцагч талд хүргүүлсэн болох нь тогтоогдсон байна. /2хх58-59/
4.1. Иймд нэхэмжлэгч талаас ажлын хөлсөнд шилжүүлсэн 100,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн мэдэгдэлд дурдсанчлан хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 70,734,990 төгрөгөөр тооцон, хариуцагчаас 29,265,010 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.
5. Ажлын гүйцэтгэлийн дүнг шүүхээс томилогдсон шинжээч Х ХХК 108,774,458 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх тухайн дүнг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй гэх хариуцагч талын гомдлыг хангахгүй. Учир нь, хариуцагч талаас гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ба уг дутуу ажлыг Ж.У, Т ХХК, П ХХК-аар нөхөн гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон ажлын хөлс шилжүүлсэн баримтуудаар нотлогдсон тул шинжээчийн дүгнэлтэд гуравдагч этгээдийн хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүн багтсан ба хариуцагч компанийн хийж гүйцэтгэсэн ажлаас ялган зааглах боломжгүй нөхцөлд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн маргааныг шийдвэрлэх боломжгүй.
6. Мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч талд гүйцэтгэсэн ажлын төсөв нэмэгдсэн талаар мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй байх тул уг алдааг залруулан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/02512 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт гэж нэмж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 513,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ