| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/05808/И |
| Дугаар | 210/МА2024/01751 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01751
2024 09 13 210/МА2024/01751
Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03066 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК,
3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, хариуцагчийн өмгөөлөгч Ш.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
А ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бартерын гэрээ байгуулж, бараагаа нийлүүлсэн. А ХХК-ийн захирал дагуулж очоод Г ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Байр ашиглалтад орсны дараа байраа авахаар очиход А ХХК тооцоотой гээд байр өгөхөөс татгалзсан. Хариуцагчтай олон удаа уулзаж, бичиг өгсөн боловч шийдэж өгөөгүй. А ХХК нь Г ХХК-аас 5 байр авах ёстой гэсэн. Иймд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16090/, Хасбаатар гудамж, 504 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, Ү-2205082725 дугаарт бүртгэлтэй, 54.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг гаргуулж, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, Хаан банкны зээлийн барьцаанаас чөлөөлж, барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг барилгыг 2020 онд улсын комисст хүлээлгэн өгсөн. А ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажилласан. Нийт 360,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, 270,000,000 төгрөгийг бартераар өгөхөөр тохиролцоод 324,000,000 төгрөгийн байр өгсөн. А ХХК-ийн хүсэлтээр 5 байрыг гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. А ХХК-тай тооцооны үлдэгдэл байгаа нь үнэн. Н ХХК, А ХХК нь манай компанид мэдэгдэлгүй гэрээ хийсэн. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг иргэн Б.Н-тэй байгуулсан. Нэхэмжлэлийг компани гаргасан байгаа. Хэн шаардах эрхтэй вэ гэдгийг анхаарах нь зүйтэй. 802 дугаар байр нь 503, 00 дугаар байр нь 504 дугаартай болсон гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Банк нь Г ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан. Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16090/, Хасбаатар гудамж, 504 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, Ү-2205082725 дугаарт бүртгэлтэй, 54.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг баримтлан барьцаалсан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зээлийн үүрэг дуусгавар болох хүртэл барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй. Өмчлөгч хэн болохоос үл хамаарч барьцааны эрх хэрэгжих талаар шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Г ХХК-д Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16090/, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, Ү-2205082725 дугаарт бүртгэлтэй, 54.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Н ХХК-д шилжүүлж, уг орон сууцыг Х ХК-ийн зээлийн барьцаанаас чөлөөлж, чөлөөлсөн бүртгэлийг хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцнаас албадан чөлөөлүүлэхийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 675,775 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагаагүй.
Нэхэмжлэгч Н ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн бартер солилцооны журмаар бараа материал ханган нийлүүлэх тухай гэрээгээр шаардах эрхээ олж авсан гэж үзвэл тэрээр 89,925,000 төгрөгийн бараа материалыг А ХХК-д нийлүүлсэн гэх баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй.
Хэрэв нэхэмжлэгчийн шаардах эрхээ 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Бартер солилцооны журмаар бараа материал ханган нийлүүлэх тухай гэрээ-гээр олж авсан гэж шүүх дүгнэж байгаа бол шүүх хэрэгт байхгүй баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан болох юм.
5.2. Шүүх талуудын хооронд бий болсон харилцааг буруу дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Нэхэмжлэгч Н ХХК нь 89,925,000 төгрөгийн барааг биш 65,262,000 төгрөгт тооцогдох барааг шилжүүлсэн буюу гэрээний төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй нь 1-р хавтас хэргийн 40-57 дугаар хуудаст авагдсан байна.
Энэ нь Г ХХК ба иргэн Б.Н-тэй байгуулсан гэрээний 1.2-т зааснаар 89,925,000 төгрөгийн орон сууцны үнийг гэрээний 1.5-д Захиалагч нъ төлбөрийг 100 хувь төлж барагдуулах хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Г ХХК байна гэж заасныг зөрчсөн ба үүгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэг талаас хэлэлцэж тохиролцсон үнийг төлөх, нөгөө талаас биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэг биелэгдээгүй байсан гэж үзнэ.
Гэтэл шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг буруугаар тайлбарлаж нэхэмжлэгчийг үүргээ биелүүлсэн тул хариуцагчийг түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт болсон.
5.3. Хариуцагч болох Г ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээний дагуу маргаан бүхий орон сууц болон бусад орон сууцыг нийт 6.5 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. 2024 оны 03 дугаар сарын байдлаар зээлийн үлдэгдэл 3.5 тэрбум төгрөг бөгөөд талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан тул өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа.
Барьцааны зүйлийг зээлийн гэрээ дуусгавар болж, зээл бүрэн төлөгдөх хүртэл суллах боломжгүй гэсэн тайлбарыг шүүхэд өгсөөр байхад шүүх барьцаанаас чөлөөлүүлж, улсын бүртгэлд барьцаанаас чөлөөлсөн бүртгэлд хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хариуцагч Г ХХК-ийг зээлийн гэрээний дагуу 3.5 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулахыг даалгасан нь хуульд нийцээгүй.
5.4. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг зөв тодорхойлоогүй.
Нэхэмжлэгч Н ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ гэж тодорхойлсны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байхыг шаардана. Гэвч тус гэрээг авч үзвэл гэрээг нэг талаас гүйцэтгэгч болох Г ХХК болон захиалагч болох иргэн Болдбаатар овогтой Нямхүү нар харилцан байгуулсан.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно гэж заасан. Дээрх тохиолдолд иргэн Б.Н- нь Н ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах эрх олгосон хувьцаа эзэмшигчийн тушаал байхгүй, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан Б.Н- нь нэхэмжлэгч Н ХХК-г төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар томилсон тушаал хавсаргасан боловч уг тушаалыг үйлдсэн этгээд нь Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг мэдээлэл бичигдээгүй.
5.5. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн.
Иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь шаардлага тус бүрд холбогдох хэмжээний улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөхөөр заасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад нийт 818,180 төгрөгийг төлөхөөс 745,980 төгрөгийг төлсөн байна.
Тэмдэгтийн хураамж огт төлөгдөөгүй эсхүл дутуу төлөгдсөн байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 163, 164, 173 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл болохыг анхаарвал зохино.
Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүгнэж чадаагүй, талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, маргааны үл баримтыг зөв тодорхойлоогүй, тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бай шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь нэхэмжлэлийг болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ гагцхүү нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай бөгөөд хэрэв нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тохиолдолд шүүхээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн хувийг хариуцагч, гуравдагч этгээдэд гардуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргах эрхийг хангах бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх хуулийн шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй байхад үүнийг тодруулахгүйгээр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн гаргасан тайлбар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
Мөн нэхэмжлэгч Н ХХК болон хариуцагч Г ХХК нарын хооронд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16090/, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205082725 дугаартай, 54,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалгын болон орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, үүргийн ямар нэгэн харилцаа үүсээгүй, А ХХК нь нэхэмжлэгч Н ХХК-д шаардах эрхээ шилжүүлээгүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Х ХК-ийн зээлийн барьцаанаас чөлөөлж, чөлөөлсөн бүртгэлийг хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй талаар өөрчлөлт оруулж оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлын агуулгын хувьд нэхэмжлэгчийн эрхийг нь олон жил зөрчсөн, эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахад ярьдаг зүйлээ яриад эрхийг нь үргэлжлүүлэн зөрчиж, үл ялих шалтгаануудаар гомдол гаргаж байна. Түүнээс шүүхийн шийдвэрийг няцаах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16090/, Хасбаатарын гудамж, 504 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205082725 дугаартай, 54,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг гаргуулах, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
1.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХК-аас тухайн орон сууц нь манай банкны барьцаанд байгаа учир барьцаанаас чөлөөлөх боломжгүй, учир нь зээлийг төлж дуусаагүй гэжээ.
2. Хариуцагч Г ХХК болон А-ын хооронд 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр № II-19/15 дугаартай, Хөх сувд хорооллын 00 дугаар байрны сантехникийн болон бусад ажил хийлгэхээр 360,000,000 төгрөгийн үнэ бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан байна./1хх 33-35/
2.1. Н ХХК нь, А ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Бартер солилцооны журмаар бараа материал ханган нийлүүлэх тухай гэрээ-гээр сантехникийн/халаалт, халуун, хүйтэн цэвэр усны хоолой, холбох хэрэгсэл болон гадна дотор бохирын усны хоолой, холбох хэрэгсэл/ бараа материалыг нийлүүлж, оронд нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, бичил 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хөх сувд орон сууцны хорооллын 00 дугаар байрны 11 давхарын Д хаалга 54 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг авахаар талууд харилцан тохиролцжээ. /1хх7-8/
2.2. Нэхэмжлэгч Н ХХК-ийн захирал Б.Н- нь, Г ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, дээр дурдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хөх сувд хорооллын 00 дугаар байрны 11 дүгээр давхарт байрлах баруун тоот хаалга, 54.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 89,925,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцож, уг гэрээний хавсралт 1-д төлбөрийн хэлбэрийг Барилгын ажил гүйцэтгэх гэрээ № II-19/15 гэж заасан байна. /1хх11-13/
3. Нэхэмжлэгч болон хариуцагч Г ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүрэг үүсдэг. Мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилждэг.
3.1. А ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Г ХХК-д орон маргаан бүхий орон сууцыг төлбөр тооцоогүй болсон тул нэхэмжлэгч Н ХХК-д хүлээлгэн өгөх тухай албан бичгийг хүргүүлсэн байна./1хх6/
3.2. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үйлдсэн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ № II-19/15-ний хавсралт №1 тоот барилгын ажил гүйцэтгэлийн хуудсаар хариуцагч Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А болон ерөнхий инженер Д.О, менежер Ж.Н нараас маргаан бүхий орон сууц зэргийг олгохоор заасан байна./1хх37/
3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцож байсан А ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа манай компанийн зүгээс 2019 оны № II-19/15 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 11 дүгээр сарны 09-ний өдөр хүлээлгэн өгч Барилгын ажил гүйцэтгэлийн хуудсыг хамтран үйлдэж Г ХХК-ийн гүйцэтгэх захирал, төслийн менежер, инженерүүд нь гарын үсэг зурж үлдэгдэл төлбөр болон бартераар авч буй байрнууд болох нийт 4 байрыг олгохыг зөвшөөрсөн гэжээ./1хх 71/
3.4. Хариуцагч Г ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх 2019 оны № II-19/15 тоот гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь А ХХК-аас ирүүлсэн дээрх тайлбар болон дээр дурдсан баримтууд мөн уг гэрээтэй холбоотой ирүүлсэн бусад баримтуудаар тогтоогдсон байна./2хх44-3хх 21/
3.5. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
4. Зохигч гэрээнд тусгагдсан 00 дугаар байр нь эрхийн бүртгэлд 00 дүгээр байр болж хаягийн хувьд өөрчлөгдөн бүртгэгдсэн талаар маргаагүй байна.
5. Нэхэмжлэгч Н ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, дээр дурдсан 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-нд Н ХХК-ийн захирал Б.Н- гарын үсэг зурж, тухайн компанийн тамга дарагдсан байна. Мөн Н ХХК-ийн захирлын 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14/01 дугаар тушаалаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Б овогтой Н-г томилсон баримт хэрэгт авагдсан /1хх15/ байх ба гүйцэтгэх захирал нь компанийг төлөөлөн итгэмжлэлгүйгээр гэрээ хэлцэл хийх, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх нь Компанийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт нийцнэ.
6. Талуудын маргаж буй дээрх орон сууц нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205082725 дугаарт бүртгэгдэн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол/16090/, Хасбаатарын гудамж 504 дүгээр байрны 00 тоот хаягт байрлаж байх ба өмчлөгчөөр нь хариуцагч Г ХХК бүртгэгдсэн болох нь тогтоогдсон байна./1хх125-138/
6.1. Түүнчлэн, Г ХХК нь дээрх орон сууцыг Х ХК-тай байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/202045392817 тоот зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БГҮ/202045392817 дугаар барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. /1хх139-148, 215-224/
6.2. Гэтэл, анхан шатны шүүхээс Хаан банкны барьцаанд байгаа маргаан бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлж, чөлөөлсөн бүртгэл хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
6.3. Тодруулбал, гуравдагч этгээд Х ХК нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэх бөгөөд уг зохицуулалт үйлчилнэ.
7. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх хэсэг нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/03066 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 154 дугаар зүйлийн 154.6 дахь заалтыг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205082725 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол /16090/, Хасбаатар гудамж, 504 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, 54.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Г ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх орон сууцыг Х ХК-ийн зээлийн барьцаанаас чөлөөлөх, чөлөөлсөн бүртгэлийг хийлгэхийг даалгах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 675,775 гэснийг 607,575 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хариуцагчийн төлсөн 747,980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ц.АЛТАНЦЭЦЭГ