Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/01791

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 18 210/МА2024/01791

 

 

ЖГ-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/03332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЖГ-ыннэхэмжлэлтэй

Хариуцагч Т ХХК, Б.Б-, А.О-, Б.Ц, Л.Г-, Б.Н-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27,405,169.05 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлдэгч Т ХХК болон түүнийг төлөөлөн А.О- хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ц- нар нь ЖС-гаас 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 88/2018/3-63 тоот зээлийн, 88/2018/Б-63 тоот барьцааны гэрээ байгуулан 210,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй гутлын үйлдвэрийг өргөжүүлэх төслийн зориулалтаар зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож зээлийн барьцаанд:

1. Л.Г-, Б.Н- нарын өмчлөх эрхийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 45 гудамж 0 хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-22000 дугаарт бүртгэлтэй, 234,5 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Л.Г-ийн өмчлөх эрхийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 45 гудамж 0 хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2202017141 дугаарт бүртгэлтэй, 18640318564568 нэгж талбарын дугаартай, 522 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан.

Зээлдүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарыг хамтран хариуцагчаар татсан болно. Зээлдэгч Т ХХК нь зээлийн гэрээнд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж эргэн төлөлтийн хуваарийг 6 сараар хойшлуулсан боловч зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байсан тул шүүхэд хандсан.

Иймд Ж болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т ХХК-аас үндсэн зээлийн төлбөрт 28,970,363.71 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 12,052,505.34 төгрөг, нотариатын зардал 30,500.00 төгрөг, нийт 41,053,369.05 төгрөг гаргуулах, энэхүү зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Т ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,648,200 төгрөг, нийт 14,648,200 төгрөгийг төлсөн учраас 41,053,369.05 төгрөгөөс хасч үлдэх 27,405,169.5 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.

Иймд хариуцагч Т ХХК, Б.Б-, А.О-, Б.Ц- нараас зээлийн гэрээний үүрэгт 27,405,169.5 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч Л.Г-, Б.Н- нарын хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Манай компани нь 2018 оны 10 дугаар сард гутлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төсөл бичиж 210,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд 2020 оны 10 дугаар сараас эхэлсэн цар тахалтай холбоотой борлуулалт эрс буурсан тул зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болон 2021 оны 02 дугаар сард албан тоотоор хандаж байсан болно. 2021 оны 03 сард нэхэмжлэгчээс цар тахлаас үл хамаарч зээлээ эргэн төлөлтийг хийхийг шаардсан албан тоотыг хүлээн авсан.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу ЖГ-аас 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх 3,048,738 төгрөгийн хүүгийн алдангийг төлж барагдуулсан тохиолдолд цар тахлын үеийн зээлийн хүүг тооцохгүй байх тушаалд хамруулах тухай манайд утсаар мэдэгдсэний дагуу уг төлбөрийг тус сангийн дансанд шилжүүлсэн боловч гүйлгээ нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шилжсэн үндэслэлээр ХХААХҮЯ-ны сайдын тушаалд ороогүй үлдсэн.

ЖГ-аас тушаалд хамрагдаагүй нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг газар дээр нь нягтлан шалгах комисс манай компани дээр ажиллаж холбогдох судалгаа зураг авалтыг хийн улмаар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан зээлийн хяналтын хорооны хурлаар манай компанийг зээлийн дагуу хийсэн ажлаа танилцуулах үүрэг өгсний дагуу бид танилцуулгаа хийсэн.

Хурлын дараа өдөр нь нийт хуримтлагдсан өр 54,000,000 төгрөг байгаагаас 50 хувь буюу 27,000,000 төгрөгийг яаралтай төлж барагдуулсан тохиолдолд үлдэгдэл 27,000,000 төгрөгийн авлагыг үлдэгдэл зээл дээр нэмж зээлийн шинэчилсэн гэрээг байгуулах шийдвэр гарсан тухай утсаар мэдэгдсэний дагуу бид 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөгийг ЖГ-ындансанд шилжүүлсэн болно. Улмаар шинэчилсэн гэрээг авах талаар удаа дараа хандаж байсан боловч удаасаар байгаад 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ЖГ-ындарга баталснаар бид гардаж авсан. Үүний дагуу шинэчилсэн гэрээний тусгагдсан сар бүрийн төлөлт болох 4,648,200 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийж явж байхад нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1/925 тоот дугаартай зээлийн хүү алдангийг барагдуулах албан шаардлага хүлээн авсан ба 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр энэхүү өр төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй нягталж өгөхийг хүссэн тухай албан тоотыг удаа дараа хүргүүлсэн боловч хариу огт өгөөгүй болно.

2023 оны туршид нэхэмжлэгчтэй очиж дээрх асуудлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа очиж уулзсан боловч хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сард хуулийн хэлтэст өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг товч дурдан асуудлыг яагаад 2021 оны туршид үлдэгдэл зээлийн асуудлыг шийдсэн гэж мэдэгдсэн атлаа хүү алданги тооцсон, энэ хугацаанд санхүү хэлтэст ажиллаж байсан ажилтнууд ажлаас гарсан, ажлын уялдаа холбоогүй байдал тэдгээрийн хариуцлагагүй байдлаас үүдэж зээлийн хэвийн төлөлттэй аж ахуйн нэгжид дарамт үүсгэж байгаа нь хариуцлагагүй гэж үзэж байгаа тул энэхүү зохиомол хүүгийн алданги үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК, Б.Ц- нараас зээлийн гэрээний үүрэгт 27,374,669.05 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,500 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч А.О-, Б.Б- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК, Б.Ц- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд:

Л.Г-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-2202017141 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 гудамж, 00 тоот хаягт байршилтай, 18640318564568 нэгж талбарын дугаартай, 522 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

Л.Г-, Б.Н- нарын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-22000 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 гудамж, 00 тоот хаягт байршилтай, 234.5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Т ХХК, Б.Ц-, Л.Г-, Б.Н- нараас улсын тэмдэгтийн хураамжид 433,264 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шинэчилсэн гэрээний дагуу эргэн төлөлтийг хийж байсан атал ЖГ-ын2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/925 дугаартай зээлийн гэрээний хүү, алдангийг барагдуулах шаардлагыг хүлээн авсан ба 2022 оны 06 дугаар сарын 16, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр уг өр төлбөрийн асуудлыг нягталж өгөхийг хүссэн албан бичгийг бид тус газарт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй.

Улмаар ЖГ-ындотоод үйл ажиллагаа, ажлын уялдаа холбооноос шалтгаалж гэрээ шинэчилнэ гээд бид даруй шинэчилж өгөхийг удаа дараа хүсэлт тавьсаар байтал 6 сар удаасан бөгөөд энэ хугацааны алдангийг биднээс шалтгаалаагүй учир төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцохоор очихдоо замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалан шүүх хурлын товоос 10 минут хоцорч очсон нь үнэн бөгөөд нөхцөл байдлыг танилцуулан шүүх хуралдаа оролцохыг хүссэн ч шүүгч оролцуулаагүй. Шүүх хуралд оролцохоор товын дагуу ирэх явцад өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хурлаас 10 минут хоцорсон ч түүний үнэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралд биеэр оролцох эрхийг хангах боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч байгууллагын зүгээс Т ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 4/71 дугаар албан бичгийг хүргүүлсэн ба үүний дагуу хариуцагч Т ХХК-аас уулзалтын тэмдэглэл хөтөлж, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Т ХХК-ийн менежер Г.С ирж, хүсэлтээ өгсөн ба манайхаас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нь өөрчлөлт оруулж, зээлийн хуваарийг 6 сараар хойшлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хариуцагч тал нь шүүхэд хариу тайлбар болон нотлох баримтаа ирүүлэх ёстой байхад хариуцагч талаас алдангиас бууруулах буюу алданги тооцоолсон талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй. Түүнчлэн, хариуцагч тал нь анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ЖГ- нь хариуцагч Т ХХК, Б.Б-, А.О-, Б.Ц-, Л.Г-, Б.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 41,053,369 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 13,648,200 төгрөгийг хасч, 27,405,169.05 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, хэрэглэвэл зохих хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн байна.

 

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №49 дүгээр Агентлаг байгуулах тухай тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №А-273 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар ЖС-гийн ажлын албыг татан буулгаж, түүний чиг үүргийг ЖГ-т шилжүүлжээ.

 

2.2. ЖС-гаас Т ХХК, Б.Ц- нар нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, 210,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлэхээр талууд харилцан тохиролцжээ./хх5-8/

 

2.3. Талууд мөн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /Ипотек/-ны гэрээ-гээр дээрх зээлийн гэрээний барьцаанд Л.Г-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Г-2202017141 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 45 гудамж, 00 тоот хаягт байршилтай, 18640318564568 нэгж талбарын дугаартай, 522 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, уг хаягт байрлах Л.Г-, Б.Н- нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22000 дугаарт бүртгэгдсэн, 234.5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх15-18/

 

2.4. Түүнчлэн, талууд уг зээлийн гэрээнд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний 1.9.1, 1.9.3, 1.9.6, 1.9.7, 4.2.6, 9.1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг энэхүү гэрээний хавсралт 1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны сар бүрийн төлөлт хийх огноо, хүү тооцох хоног, хүүгийн төлбөр, үндсэн зээлийн төлбөр, сарын төлбөрийн дүн, зээлийн үлдэгдэл зэрэг эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, энэхүү гэрээ нь 141/2018/3-63 тоот зээлийн гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг, нэгэн адил дагаж мөрдөхөөр харилцан тохиролцжээ./хх 9-11/

 

3. Зээлийн 210,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

4.1. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээний 1.5-д Зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцно гэж тохиролцсон байна.

 

4.2. Хариуцагч нь нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, алдангийг зохиомол хүү, алданги гэж нэрлэн төлөхгүй гэж тайлбарласан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4.3. Хариуцагч талаас цар тахалтай холбоотойгоор борлуулалт эрс буурсан тул зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талд мэдэгдсэн, гэрээг шинэчлэхгүй удаасан гэх үндэслэлүүд нь хариуцагч нарын авсан зээл, зээлийн хүү, гэрээгээр тохиролцсон алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангахгүй.

 

5. Иймд анхан шатны шүүхээс хариуцагч нараас үндсэн зээлд 28,970,363.71 төгрөг, алданги 12,052,505.34 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 41,053,369.05 төгрөг нэхэмжилснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас төлсөн нийт 14,648,200 төгрөгийг хасч, нотариатын зардалд нэхэмжилсэн 30,500 төгрөгийг нотлох баримтгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үлдэх 27,374,669.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцжээ.

 

6. Түүнчлэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн байх боловч тухайн өдрийн хуралдааны товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/03332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ