Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005550095 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт Н.У

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Баянхайрхан нэртэй караокены газарт 2018 оны 09 сарын 26-ны өдөр иргэн Э.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/  

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Н.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би хадам ах Дтэй хамт 3-р сургуулийн урд караокед орсон. Тэнд бид 2 пиво уугаад сууж байхад М орж ирсэн. Би тухайн үед Мыг танидаггүй байсан. Тэр залуу надтай маргасан би түүнийг караокены буйдан дээр заамдаж авсан. Тэгэхэд бармен болон Д 2 салгасан. Би Мтай караокенаас гараад гадаа үүдэнд түүнийг гараараа 1 удаа элэгдэж цохисон. Тэгээд Д шилтэй пиво аваад гараад ирсэн ба би Мтай хамт караокеноос цааш явж байхдаа пивоны шилээр Мын толгой руу нь хажуугаас нь цохисон. Тэгээд зугтаасан. Д бас зугтаасан. Д зугтааж байгаад хөлөө хугалсан. Би Мыг цохисон пивоны шилийг шонгийн модны цаана шидсэн. Би Мтай өмнө нь хэрэлдэж маргаж байгаагүй. Огт танидаггүй байсан. Өш хонзон байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Э.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн үед ганцаараа пиво уух гэж караоке руу орсон. Тэгэхэд зааланд 2 залуу наана нь зөөгч эмэгтэй, эрэгтэй 2 хүн байсан. эмэгтэй нь бармен юм шиг байсан. Тэгээд би ороод ганц пиво захиалчихаад барменаас утсыг нь гуйж ярьчихаад буцаагаад аваачиж өгөхөд бармен зааланд байсан залуучуудтай сууж байсан. Тэгтэл ******* гэдэг залуу босож ирээд намайг заамдаж аваад сандал дээр дарж унагаасан. Тэгээд толгой руу цохихоор нь бармен салгасан. Тэгтэл зөрөөд ******* гэдэг залуу нь намайг барьж аваад цохих гээд байсан ба тэнд байсан хүмүүс бүгд гадаа гарсан. Гадаа гараад үүдэнд дээр намайг ******* нь намайг элэг рүү цохиж унагаагаад бариад суугаад байсан. Тэгэхэд Бармен болон зөөгч залуу нь орчихсон байсан ба ******* нь ч бас орчихсон. Тэгээд би явья гэсэн чинь үгүй явуулахгүй пиво ууна гээд заамдаж аваад явуулахгүй байсан. Тэгтэл ******* нь шилтэй 3 пиво бариад гарч ирээд ******* нь зөрж ороод хувцсаа өмсөөд эргэж гарч ирээд ******* нь намайг цээж рүү 2-3 удаа гараараа цохиод цааш нь чирээд явсан. ******* нь араас толгой руу гараараа цохиод явж байхдаа пивоны шилээр миний толгой руу ар хажуугаас 1 удаа цохихоор нь би зугтаасан. Тэгээд би гэртээ хариад утсаар цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 21-25/,

4. Гэрч Э.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                        

…Би хүргэн *******тэй 2018 оны 09 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд байх Баянхайрхан нэртэй караокед орход караоке ажиллуулдаг хүүхэн нь нөхөртэйгээ байсан. ******* бид 2 ороод дуулаад пиво уусан. ******* бид 2 тэр караоке ажиллуулдаг хүүхэн болон нөхөртэй нь танилцаад хамт дуулж пиво уусан. Тэгж байтал нөгөө хүүхний нөхөр нь гараад удалгүй орж ирсэн. Түүний араас М гэдэг залуу орж ирсэн. Тухайн үед ******* нөгөө караокены хүүхэн болон түүний нөхрийн суусан ширээнд суучихсан би хажуугийн ширээн дээр сууж байсан юм. Тэгтэл М нь орж ирээд *******гийн сууж байсан ширээнд очсон. Зодоон юунаас болсныг мэдэхгүй нэг мэдэхэд ******* болон М нар хоорондоо барилцаад авсан. М нь *******г сандал дээр дараад авсан байсан. Тэгтэл Караокены хүүхэн болон нөхөр 2 нь салгах гээд байсан. Тэгээд би очоод хамт салгасан. ******* М нарыг салгаад бид нар караокенээс гарч гадаа гараад маргалдаж байгаад буцаж орсон. Тэгэхэд гадаа ******* М 2 үлдсэн. Би буцаж ороход караокены хүүхэн “одоо хаах цаг боллоо” гэхээр нь би пиво аваад гарсан. Гадаа гараад үүдэнд нь пивоо ******* М бид 3 уусан. М нь уухгүй гэхээр нь би түүнийг “уучихаач” гээд маргаж байгаад би Мыг заамдаад авахад ******* Мын араас пивоны шилээр толгой руу нь цохисон. Би караокеноос гарч ирээд гадаа Мтай маргаж байхдаа түүний цээж рүү 3 удаа гараараа цохисон. Тэгээд М шилээр цохиулчихаад зугатаагаад явсан. ******* зугатаагаарай гэхээр нь би зугатааж гүйж байгаад унаад хөлөө гэмтээсэн. Миний хөлийг хэн нэгэн хүн хугалаагүй би гүйж байгаад унаад өөрөө өөрийнхөө хөлийг хугалсан. ******* М 2 л хоорондоо барилцаж аваад байсан. нэг нэгийгээ тэр 2 цохиж аваагүй байх барилцаад зууралдаад байсан. Би Мын цээж рүү нь л 3 удаа гараа цохисон. ******* Мтай маргалдаад хэрэлдээд байсан. ******* түүнийг өшиглөж цохиж байсаныг сайн мэдэхгүй байна. Харин пивоны шилээр бол ******* Мын толгой руу 1 удаа цохиод цохисон. М нь тэгээд зугтаасан. гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

5.Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 558 дугаартай дүгнэлт:

1. Э.Мын биед тархи доргилт, баруун чихний сувгийн цус хуралт, зулгаралт, баруун чихний хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 32-33/ болон хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Н.У урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 50-53 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Н.Уын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Баянхайрхан нэртэй караокены газарт 2018 оны 09 сарын 26-ны өдөр иргэн Э.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан үйл баримт  болсон нь хохирогч Э.Мын мэдүүлэг, гэрч Э.Д нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 558 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Н.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Н.Ут ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин шүүгдэгч Н.Уын эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг хэрэгцээний дагуу эзэмшигч Н.Ут буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ут авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.У нь энэ хэргийн  улмаас  цагдан  хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус  дурдав.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн болохыг дурлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Уыг урьд нь ял шийтгүүлж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээлэл лавлагааны төвөөс лавлагаа ирүүлсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                          

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт Н.Уыг дөрвөн зуун тавин  / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин  мянган / 450.000 /  төгрөгөөр торгох ялаар    шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Н.Уыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр  тогтоож хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Н.У нь  бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.1,  36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Н.Уын эзэмшлийн  гар утсыг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг  хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Ут хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн   1.5-д   зааснаар шүүгдэгч Н.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Н.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ