Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 182/2024/01714/И |
Дугаар | 210/МА2024/01786 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/01786
2024 09 18 210/МА2024/01786
МЗ-
З-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/03117 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч МЗ-З-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Л ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 5,201,141,893 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, О.Б, Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.Ш, хариуцагчийн өмгөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
МЗ-З- нь З-чиглэлийн төмөр замын дээд бүтцийн барилгын ажил гүйцэтгэх ОГ/22/221 дугаар гэрээг Л ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Гэрээгээр бид төмөр замын үе тавьж угсрах, төмөр замын дээд бүтцийн 2 дугаар үеийн буталмал чулуу дэвсэх, буталмал чулуун чигжээс чигжээслэх, өргөх, чиг татах ажлыг хийж гүйцэтгэх, Л ХХК нь ажлын хөлсийг төлөх үүргийг хүлээсэн. Бид ажлыг бүрэн хийж дуусган 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн ба нийт гүйцэтгэлийн дүн нь 13,147,317,746 төгрөг болсон. Үүнээс 7,946,175,852.87 төгрөгийн төлбөрийг тус компани төлсөн бөгөөд үлдэгдэл 5,201,141,893.13 төгрөг болсон. Үлдэгдэл төлбөрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-гаар /МТЛ ХХК-09/30/02/ 3,787,614,343.13 төгрөгийн тооцоог хүлээн зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд хоппер дозатор вагоноор /ХДВ/ шебень тээвэрлэсэн тээврийн тооцооны 1,413,527,550 төгрөгийн тооцоог Л ХХК хүлээн зөвшөөрөхгүй маргаантай байх тул тооцооны үлдэгдлийг баталгаажуулан гарын үсэг зураагүй. Иймд Л ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 5,201,141,893.13 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,201,141,893 төгрөгөөс 3,787,614,343 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тооцоо нийлж, хуваарь гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,687,614,343.13 төгрөгийг төлсөн. Маргаж байгаа Хоппер дозатор вагоноор /ХДВ/ шебень тээвэрлэсэн тээврийн 1,413,527,550 төгрөгийн тооцоог нийлсэн ба 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр акт үйлдэж үүнээс санамж нээсэн 315,187,350 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин 1,098,340,200 төгрөгийг төлөх үндэслэлгүй. З-ын өөрийн дотоод асуудлаас болоод гэрээг дутуу хийгдсэн. Нэхэмжлэгч тал өөрийн загвараар хийсэн гэрээн дээр ингэж маргаан үүсгэж байна. Хариуцагчийн зүгээс санамж дээр хоорондын замд вагоноо татаж аваагүй зогсоосон үед цаг хугацаагаар нь вагон ашиглалтын мөнгө төлдөгтэй санал нийлж байна. Учир нь вагон ашиглалт гэдэг нь гэрээн дээр зааснаар бид Сайншанд өртөөнөөс ачилт хийгээд З-чиглэлийн өртөөн дээр З-ын 47 км суурь бүтцээр тээвэрлэлт хийгээд очиж байгаа. Сайншанд өртөөн дээр ачилт хийхэд санамж нээж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ дээр ачилт хийхэд хэдий хэр хугацаанд вагоныг ашигласан бэ гэдэг хугацаа гарна. Энэ нь нэг төрлийн санамж нээгдэж байгаа юм. Мөн 2 дахь санамж нь З-чиглэлийн өртөөнөөс МТЛ 113 км яваад, манай З-салбар зам нээгдэж байгаа тул манайх санамжийн хувьд Сайншанд өртөөн дээр ачилтанд вагон зогсоосон санамжийг хүлээн зөвшөөрч байна. Зүүнбаян өртөөн дээрээс санамж нээхээр вагон маань ажил хийх гээд салбар зам руугаа орчихож байгаа ба тэнд З- өөрсдөө гүйцэтгэл хийж байгаа юм. Гүйцэтгэл хийж байгаа гэдэг нь манай ул шороон дээр баланс дэвсээд зам төмрийн сараалжийг өргөж чигжээд хоппер асгана гэж гэрээнд заасан. Гэтэл өөрсдөө гүйцэтгэж байгаа ажлыг манайхаас шалтгаалсан зогсолт гэсэн ор үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл өгч байна.
Тэгэхээр ажил гүйцэтгэж байгаа байгууллага нь З- бөгөөд манайх захиалагч байгууллага юм. Бид зөвхөн хоппер вагон ашиглалт гэдэг нэмэлт зардлыг тусгаж байгаа нь гэрээнээс гадуур болсон маргаантай холбоотой. Тухайн технологи хугацааны дагуу үнэлгээ гаргаад гэрээнд тусгачихсан зардлыг хэлж байгаа юм. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаар тушаалаар батлагдсан авто зам, замын байгууламжийн барилга засварын ажлын төсөв бодох дүрмийн дагуу тооцоологдсон. Тэгэхээр энэ Зам тээврийн хөгжлийн сайдын баталчихсан төсөв бодох дүрэм дээр машин механизм ашиглалтыг, тээврийн зардлыг бүгдийг нь дүрэмлээд өгчихсөн байна. Бид гэрээн дээр ийм маргаан үүсэхээс сэргийлж гэрээний 5.8.1, 5.8.2, мөн 2.1.4-т дэх хэсгийг тусгайлан оруулж өгсөн. Мөн 6.2.3-д технологи ажиллагааг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, талууд хоорондоо технологи үндэслэж гэрээний үнийг тохирсон. Мөн гэрээнд тавигдсан үнэ хөлс нь дүрэм журмаар явагдана. Мөн нэмэлт вагон ашиглалтын мөнгө авахгүй гэдгийг гэрээнд тодорхой заачихсан. Бид нэхэмжилсэн 5,201,141,893 төгрөгөөс 3,787,614,343 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тооцоо нийлж, график гаргасан бөгөөд үлдэгдэл төлбөр дээр 1,098,340,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л ХХК-аас 3,513,527,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МЗ-З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,687,614,343.13 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,163,659.46 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 17,725,588 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МЗ-З-д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Тус гэрээний хэрэгжилт нь гэрээ байгуулагдсан өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 11,707,124,519.09 төгрөгийн ажлыг гүйцэтгэгч тал гүйцэтгэж, үүний дагуу захиалагч тал гэрээт ажлыг хүлээн авсан.
Гэтэл МЗ-З-ын зүгээс тооцоо нийлж баталгаажуулаагүй, гэрээний дагуу хийгдээгүй ажлын төлбөрийг нэмж шүүхэд нийт 5,201,141,893.13 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба илүү 1,098,340,200 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнийг хариуцагч Л ХХК төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа болно.
Нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй, мөн 2022, 2023, 2024 онуудын тооцооны баталгаажуулалтад огт тусгагдаагүй зардал нэмэгдүүлэн нэхэмжилсэн ба шүүх үүнийг хангаж шийдвэрлэсэн нь шударга үнэнд нийцэхгүй байна. Иргэний эрх зүйн харилцаанд хожим ямар нэгэн эрсдэл, маргаан үүсгэхгүй байхаас сэргийлж зохих хууль, тогтоомжид нийцүүлэн гэрээг байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулдаг.
Мөн шүүх гэрээний 5.8.1-т заасны дагуу хариуцагч Л ХХК төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн. Гэтэл тус заалт нь өөрөө гүйцэтгэгч тал тайлан гаргаж өгөхөөр заасан ба гүйцэтгэгч З-аас илүү нэхэмжилж буй 1,098,340,200 төгрөгтэй холбоотой хийгдсэн ажлын ямар ч тайлан гаргаж ирүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, З- нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 11,472,155,537 төгрөгийг үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ албан ёсоор тайлагнасан. Уг албан ёсны тайлангийн дагуу захиалагч Л ХХК нь төлбөрийг төлөхөө илэрхийлсэн ба З- нь илүү нэхэмжилж буй 1,098,340,200 төгрөгийг шаардахгүй эрхгүй болно.
4.2. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3,787,614,343.13 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрдөг ба үлдэх 1,413,527,550 төгрөгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ийнхүү шүүхийн шатанд талууд урьдын харилцаагаа бодон эвлэрэх санал гарган нэхэмжлэлд дурдагдсан мөнгөн дүнгээс хийгдсэн ажлын талаарх анхан шатны баримтыг үндэслэн дахин тооцоолол хийгдэх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. Уг хуралдаан хойшилсон хугацаанд талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчид уулзаж эвлэрэх санал солилцсон ба хариуцагчийн хувьд маргаан бүхий 1,413,527,550 төгрөгөөс 315,187,350 төгрөгийг төлөөд эвлэрэх боломжтой гэж үзсэн ба үлдэх 1,087,340,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийг шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шижир нь шүүхэд төлөөлөх эрхийнхээ хүрээнд эвлэрэх саналаа илэрхийлсэн ба хариуцагч Л ХХК-ийг төлөөлж гэрээний талаар тооцоо нийлэх эрхгүй юм.
Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн нийт 5,201,141,893.13 төгрөгөөс гэрээний дагуу бодитоор гүйцэтгэсэн ажлын хэмжээнд зохих төлбөрт 4,102,801,693 төгрөг төлөхийг зөвшөөрдөг. Харин 1,098,340,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэрээгээр гүйцэтгэсэн бодит ажлын талаар тайланг нэхэмжлэгч тал өөрөө шүүхэд гаргаж өгсөн ба талууд гэрээний хэрэгжилтийн явцад болон шүүхэд маргаан үүсэх хүртэл гэрээний тооцооны үлдэгдлийг дараах байдлаар он тус бүрт баталгаажуулж ирсэн. Ийнхүү дээрх тооцооны баталгаажуулалтууд болон хэрэгт авагдсан З-ын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/311 дугаар “Төлбөр төлүүлэх тухай” албан бичиг гэх зэрэг нотлох баримтуудад нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанаас шүүхэд хандах хүртэл дурдаад байгаа хоппер вагоноор /ХДВ/ шебень тээвэрлэсэн тээврийн зардал гарсан талаар хариуцагчид огт мэдэгдээгүй, акт үйлдэн баталгаажуулаагүй, уг ажлыг гэрээний хүрээнд гүйцэтгээгүй юм.
Харин гэрээ хэрэгжих явцад ХДВ болон тээвэрлэлтэй холбоотой зардлыг нийт төлөх төлбөрт оруулж тооцоолсон нь хэрэгт авагдсан 1 км замын өртөг нийт 79,600,467 төгрөг буюу уг хүснэгтийн 11, 12 дугаар баганад тээврийн зардал, машин механизм, тоног төхөөрөмж ашиглалтын зардлууд гэх мэт бүгд багтсан. Үүнээс үүдэн хэрэгт авагдсан Төмөр замын дээд бүтцийн угсралтын ажлын баталгаажсан тоо хэмжээний дагуух гүйцэтгэлийн тайланд ХДВ буталмал чулууны ажил гэх тооцоолол хүснэгтийн эхний 3 багананд тусгасан ба нэгж үнэ 79,600,457 төгрөг буюу нийт үнэ 11,472,155,537 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тухайгаа нэхэмжлэгч З- тайлагнасан болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчлөх буюу хүчингүй болгож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 3,513,527,550 төгрөгөөс 1,098,340,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2,415,187,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон 5.8.1-т зааснаар тайланг гаргаж өгөх үүргийг биелүүлсэн. Зам тээврийн сайдын баталсан төмөр замаар ачаа тээвэрлэх журмын дагуу хариуцагчаас нэхэмжилдэг санамж нээсэн хаасан төлбөр Улаанбаатарт Замын даргын баталсан тарифаар гаргасан тооцоолол бөгөөд хариуцагчийн тайлбарладаг гэрээний үнэд орсон өөрчлөлтөөс үүссэн төлбөр биш, гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн төлбөр. Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч МЗ-З- нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,201,141,893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. МЗ-З- нь Л ХХК-тай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ОГ/22/221 дугаар “З-чиглэлийн төмөр замын дээд бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Л ХХК-иудын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “З-чиглэлийн төмөр замын төсөл”-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх /DBOT/ концесын гэрээний дагуу зураг төслөөр З-чиглэлийн шинээр барих нийт 226,9 км урттай 286,9 км дэлгэмэл урттай замын шугамын дээд бүтцийн барилгын ажлыг захиалагч талын даалгавар зураг төслийн дагуу гүйцэтгэгч тал хийж гүйцэтгэх, захиалагч тал нь ажлыг хүлээн авч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх7-19/
2.1. Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын гүйцэтгэлийн талаар талууд тооцоо нийлж, “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтаар, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Л ХХК нь 3,787,614,343.13 төгрөгийн өртэй байгаа болохыг харилцан баталсан байна.
2.2. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.
3. Талууд дээр дурдсан тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэнээс хойш хариуцагч нь 3,787,614,343.13 төгрөгөөс 1,687,614,343 төгрөгийг төлж, 2,100,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа тухайд маргаагүй, харин талууд ХДВ вагон ашиглан буталмал чулуу дэвсэх ажилд ХДВ вагоны тээврийн нэмэлт тооцоо 1,413,527,550 төгрөгийг төлөх эсэх талаар маргасан байна.
4. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 5.8.1-д “буталмал чулуун чигжээсний тээврийг төмөр замаар тээвэрлэх зардлыг захиалагч тал хариуцах бөгөөд гүйцэтгэгч тал тайлан гаргаж өгнө” гэж заасан байна.
4.1. Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч талаас тайлан ирүүлээгүй боловч төмөр замаар чигжээс тээвэрлэсэн талаарх “санамж” буюу З-ын хүснэгт гэсэн баримтуудыг ирүүлсэн байна. /1хх36-114/
4.2. Хариуцагч тал нь ажил гүйцэтгэх гэрээний тооцоо нийлсэн 3,787,614,343.13 төгрөгт уг тээврийн төлбөрийг багтсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
4.3. Зохигчид 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дээрх буталмал чулуун чигжээс тээвэрлэх вагоны тээврийн ажлын талаар “Эвлэрлийн гэрээний саналын дагуу талууд тооцоо нийлж акт” үйлдсэн байх бөгөөд хариуцагч талаас Зүүнбаян өртөөнөөс “санамж” нээж тооцсон 1,098,340,000 төгрөгийг хасч 315,187,350 төгрөгийг төлөх саналыг, харин нэхэмжлэгч талаас 1,098,340,000 төгрөгийн 50 хувийг хасч, 864,357,450 төгрөгийн хэмжээгээр тооцож төлөх саналыг тус тус гаргасан байна./2хх 12/
4.4. Гэрээний 5.8.1 дэх заалт болон дээрх буталмал чулуун чигжээс тээвэрлэх вагон тээврийн ажлын талаар талууд тусдаа тооцоо нийлсэн байдал зэргээс үзэхэд, чигжээс тээвэрлэх зардал ажлын гүйцэтгэлийн тооцоонд багтсан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна. Иймд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр чигжээс тээвэрлэсэн вагоны тээврийн талаар тооцоо нийлсэн актыг үндэслэн тээврийн хөлс 1,098,340,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
5. Дээрх үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны үлдэгдэл 2,100,000,000 төгрөг, чигжээс тээврийн хөлс 1,098,340,200 төгрөг, нийт 3,198,340,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/03117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3,513,527,550 /гурван тэрбум таван зуун арван гурван сая таван зуун хорин долоон мянга таван зуун тавь/” гэснийг “3,198,340,200” гэж, “1,687,614,343.13” гэснийг “2,002,801,693” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “17,725,588” гэснийг “16,149,651” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,649,651 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ц.АЛТАНЦЭЦЭГ