Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 098

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002310141 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н.Т,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Т нь ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг 9-2-51 тоотод 2019 оны 02 сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр В.Цг зодож нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 19-ниы орой 21 цагийн орчимд утасны СИМ картаас болж гэр бүлийн хүн болох В.Цтай хэрүүл хийсэн тэгээд би манай хүүхэд Жг алгадсан мөн эхнэр В.Цг баруун нүдэнд гараараа цохисон мөн баруун гарын шуу хэсэгт гутлаар цохисон өөр зүйл болоогүй. Би утасны СИМ карт хаясан хэрүүлээс болж уурлаж бухимдсанаас болж эхнэрээ цохисон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөр байна. гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч В.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчимд Баянхонгор сумын 9 дүгээр баг 2-51 тоотод байх гэртээ нөхөр Н.Ттай ойр зуурын юм болох утасны сим картнаас болж үл ойлголцох явдал гарч хоорондоо хэрүүл хийсэн. Тэр үед манай нөхөр намайг түлхтэл би ширээ мөргөж унасан. Тэгээд босоод ирэхэд миний баруун нүдэнд цохисон тэр хэсэг улайсан мөн баруун гарын шуу хэсэгт гутлаар цохисон өөр зүйл болоогүй. Бид хоёр гэр бүл болоод 7 жил болж байна гэр бүлээ батлуулсан гурван хүүхэдтэй. Манай нөхөр архи ууж тамхи татаад байдаггүй ямар нэгэн хорт зуршил байхгүй. Манай нөхөр урьд өмнө нь танийг цохиж зодож байгаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/

4. Насанд хүрээгүй гэрч Ц.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 … 2019 оны 02 дугаар сарын 19-нд өдөр аав Т хотоос ирсэн тэр үед би утасны СИМ карт хаячихсан байсан тэр үед аав намайг утасны СИМ хаялаа гэж хэлээд ээжтэй юм яриад байсан би юм яриад тоглоод байна гэж бодож байсан чинь аав ээжийг сандал руу түлхэж унагаасан ээж Ц сандал руу толгойгоороо унасан тэгээд босоод ирэхэд аав ээжийг толгой руу нь цохиод байсан би тэр үед би хичээлээ хийж байхад миний толгой руу баруун шанаа орчимд гараараа цохисон тэгээд аав гэртээ жоохон сууж байснаа уур нь хүрсэн байх ээжийг гутлаар цохиод байсан тэгээд унтаад өгсөн. Тухайн үед аав эрүүл байсан. Урьд өмнө нь аав ээжийг нэг удаа цохиж зодож байсан тэгээд аав ээжээс уучлалт гуйж эвлэрсэн. Аав намайг цохиж зоддоггүй. гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн:

1. В.Цгийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн бугалагад цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, чамархай. дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тог онги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 17-18/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн:

1. Ц.Жгийн биед баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Иргэн Ц.Жгийн биед 2019.02.19-ны өдрөөс өмнө үүссэн гэх гэмтэл үгүй байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 12-13/ болон хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Н.Тын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 57-61 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Н.Тын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 44-45 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байгаа болохыг илэрхийлсэн болно.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Тыг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр В.Цг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Н.Т нь эхнэр В.Цг урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож байгаагүй бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эхнэр В.Цтай утасны сим картнаас болж тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлговол зохино.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Н.Т нь тохиолдын шинжтэй нөхцал байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр эхнэр В.Цд хөнгөн хохирол учруулсан байх тул хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг 9-2-51 тоотод 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр В.Цг зодож нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч В.Ц мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Ж нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 159, 161 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Ийм учраас шүүхээс шүүгдэгч Н.Т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Н.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Н.Тад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Ц нь нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Тын эзэмшлийн Noke маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Н.Тад буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Н.Т нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх тул түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бэсүд овогт Н.Тад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Бэсүд овогт Н.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Н.Тыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Н.Тыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэргийн учир шүүгдэгч Н.Т нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Н.Тын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Тад хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ