| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00191/И |
| Дугаар | 202 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 202
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Ганцоожид холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 301138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Ганцоож нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөрөө 2015 оны 07 дугаар сард 19800 төгрөг, 2016 оны 05 дугаар сард 40000 төгрөг тус тус төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 301138 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрны 56 тоотод оршин суух РД:СЩ 90012413 Боржигин овогт Очирын Ганцоож шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Байрны төлбөр 301138 төгрөгнөөс 40000 төгрөгийг төлсөн. Үлдэх 261138 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон шүүхэд гаргасан тайлбартаа: “О.Ганцоожийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч О.Ганцоожоос орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 301138 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ганцоож нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 301138 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 40000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж биелүүлж, үлдэгдэл 261138 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Хариуцагч О.Ганцоож нь нэхэмжлэлийн шаардлагаас 40000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж биелүүлсэн нь хариуцагчийн тайлбар, Төрийн банкны орлогын баримт зэргээр нотлогдож байна.
Иймд хариуцагч О.Ганцоож нь нэхэмжлэлийн шаардлага орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 301138 төгрөгнөөс 40000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 261138 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 301138 төгрөгөөс хариуцагч О.Ганцоож нь 40000 төгрөгийг төлж биелүүлж, 270138 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9684 төгрөгний тавин хувь 4842 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 4842 төгрөгийг хариуцагч О.Ганцоожоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР