Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01628

 

 

 

 

 

 

  2024 08 19 210/МА2024/01628

 

М.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02546 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.*******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон алдангид 60,000,000 төгрөг гаргуулах үндсэн,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Э.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр аман хэлцэл байгуулан 40,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлсэн. Зээлдэгч Э.******* зээлээ огт төлөөгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлийн төлбөр барагдуулах хэлцэл хийж гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Хэлцэл байгуулсан өдрөөс хойш өнөөг хүртэл үндсэн зээл, алдангийг огт төлөөгүй. Иймд үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2020 онд анх хамтарч өвс хадах зорилгоор ажлыг эхлүүлсэн. Бүгд хувь хувьдаа хөрөнгө гаргасан. Миний хувьд 50,000,000 төгрөг, н.******* 70-80 сая орчим төгрөг гаргасан. Ингээд ажил эхлээд, 70, 30 гээд яриад байгаа юмнаас болоод, мөн нэгэнт шатах нь тодорхой болсон гээд хаяад явсан. Би ажиллуулсаар байгаад сүүлд нь ямар ч ашиг олох боломжгүй болсон нь мэдэгдээд, Улаанбаатар хот руу өвсөө татаж байхад мөнгөний хэрэг болоод М.******* ахад мөнгө хэрэгтэй байна гэсэн чинь надад ийм боломж байна, би зээлчихье, тэгээд өвсөө зарахаар өгье, төлье гэдэг байдлаар энэ төлбөрүүдийг өгсөн. Ашигласан нийт төлбөр тооцоо 40,000,000 төгрөгөөс хасагдвал би үлдэгдэл 25-26 сая төгрөгийг өгье. 40,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүд нийт 7,500,000 төгрөгийг төлсөн, мөн 1560 боодол өвс өгсөн. Энэ нь ойролцоогоор 8,000,000 орчим төгрөг болсон. Мөнгө болон өвсөөр төлсөн төлбөрийг хасаад үлдэх дүнг төлөх саналтай байна.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. 2022 оны 12 сард М.******* нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст намайг залилан мэхэлсэн гэх асуудлаар өргөдөл гаргасан. Тухайн үед хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч М.*******тэй гэрээ байгуулчих, тэгвэл хэргийг чинь хэрэгсэхгүй болгоод шийдээд өгье. Гэрээ байгуулахгүй бол шоронд орно шүү гэж удаа дараа дарамт шахалт үзүүлж байсан тул аргагүйн эрхэнд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нотариатын газар орж, Төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан. 

3.2. Дээрх төлбөр барагдуулах хэлцлийг сайн дураараа байгуулаагүй бөгөөд мөрдөн байцаагчийн дарамт, шахалтын дагуу аргагүй байдалд орж байгуулсан явдал нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасанд нийцэж байх тул уг хэлцийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.*******аас 48,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т заасныг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 401,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний төлбөр 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаас дансаар шилжүүлэн авсан 40,000,000 төгрөгөөс буцаан төлсөн 7,500,000 төгрөг, 1560 боодол өвсний төлбөр болох 8,000,000 төгрөгийг тус тус хасаж тооцон 25,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргалдсан юм. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зээлийн үлдэгдэл төлбөр 32,500,000 төгрөг, алданги 16,250,000 төгрөг, нийт 48,750,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үнийн дүн болох 25,5 сая төгрөгөөс илүү гарсан 23,250,000 төгрөгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

5.2. Шүүх талуудын хооронд Зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч, хариуцагч нар өвс хадахаар хамтран ажилласан. Тэр нь бүтэлгүй болсон... гэж тайлбарласан бөгөөд хариуцагч ч гэсэн шүүхэд гаргасан тайлбартаа ... нэхэмжлэгч М.*******гээс гадна найз н.*******, н.******* нартай хамтарч хадлан авахаар ажиллаад, бүгд гаргасан хөрөнгөөрөө хохирол хүлээсэн... гэж тайлбарласан зэргээс харахад талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах харилцаа үүссэн гэж дүгнэх боломжтой юм.

5.3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас өвс хадах ажилд хамтарч байсан нэр бүхий этгээдүүдийг гэрчээр асуух хүсэлтийг 2 ч удаа гаргасан боловч, шүүхээс хүлээн аваагүй.

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах, өөрийнхөө хувь, хураамжийг бусдаас зээл авч өгсөн гэж ярьж байсан бөгөөд хамтын үйл ажиллагаа нь бүтэлгүйтсэн, алдагдалд орсны дараа уг мөнгөө нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх заалтад ...хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг... талууд хамтран хариуцна... гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байгаа юм.

Мөн хариуцагчаас гэрч оролцуулах хүсэлт гаргаж, хамтран ажилласан талаар тайлбар гаргуулах, хэдэн төгрөг нийлүүлсэн талаар баримт гаргуулах зэрэг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримтыг хуульд заасан эрхийн хүрээнд бүрдүүлэх талаар гаргасан хүсэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал юм.

5.4. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон гол баримт бол талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ бөгөөд уг гэрээний дагуу алданги гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч талаас уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл-д тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч, шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тухайн гэрээг байгуулах цаг хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчийг залилан мэхэлсэн гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, дарамт шахалт үзүүлж байсан тул уг гэрээг байгуулахаас өөр аргагүй байдалд орсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ... иргэний эрх үүргийн үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэлийг хэлцэл гэнэ... гэж заасны дагуу талууд өөрсдийн сайн дурын үндсэн дээр тохирч гэрээ байгуулахыг ойлгохоор байна.

Гэтэл гэрээ байгуулах тухайн нөхцөл байдалд талуудын хооронд таарамжгүй харьцаатай байсан, ямар нэгэн байдлаар дарамт, шахалтаар төлбөр барагдуулах гэрээ байгуулсан болох нь Баянгол дүүргийн прокурорын газрын архивт байгаа баримтаар тогтоогдож байгаа юм. Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд ... талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэж... хэргийг шийдвэрлэсэн гэсэн байх бөгөөд хариуцагч нь Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхийн тулд дарамт, шахалтанд орж Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй юм. Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.2-т ... хэрэгт хамааралтай бөгөөд хууль заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана... гэж заасан байна.

Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч талаас гаргасан хамтран ажиллаад алдагдалд орсон, цагдаагийн байгууллагаас гэрээ байгуулаад ирвэл өргөдлийг нь хаана гэх тайлбарыг бусад баримттай хэрхэн дүйцэж байгаа талаар бодитойгоор харьцуулан үзэж, дүгнээгүй, гэрч оролцуулах хүсэлтийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02546 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаагүй. Харин алданги өндөр байна гэж маргадаг бөгөөд зээл авсан нь үнэн гэдэг байдлаар тайлбарладаг. Харин ч анхан шатны шүүх М.******* болон Э.******* нарын хооронд дансаар хийгдсэн бүх гүйлгээг алдангид тооцож хасч өгсөн. Хариуцагч Э.******* зээлийн төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн. М.******* 6,400,000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, алдангиасаа хасуулсан. Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн бүх гүйлгээг хянаж үзээд 7,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, алдангитай нь тооцож шийдвэрлэсэн.

6.2. Сөрөг нэхэмжлэлийн хувьд цагдаагийн байгууллага дарамталж байгаад Э.*******ыг төлбөр барагдуулах гэрээ хийлгэсэн тул тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тайлбар гаргадаг боловч Э.*******ын зүгээс дарамталсан гэдэг асуудал ярьдаггүй, хүчинд автаж гэрээ хийсэн гэдэг агуулгаар ярьдаг. Сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.******* нь зээлийн үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, зээлийн хүүд 7,500,000 төгрөг төлсөн, 8 сая орчим төгрөгийн 1,560 боодол өвсийг хасаж, үлдсэнийг төлөх агуулгатай тайлбар гаргаж, харин 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч М.*******гээс хариуцагч Э.*******т 40,000,000 төгрөгийг Зээл олгов утгаар шилжүүлсэн. /хх-31 дүгээр тал/

3.2. Талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл-ийг байгуулж, уг хэлцлээр Э.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр аман хэлцэл байгуулан 40,000,000 төгрөгийг зээлж авсан, уг төлбөрийг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-5 дугаар тал/

3.3. Талуудын маргааны зүйл нь дээрх хэлцлийн хүчин төгөлдөр байдал, алданги шаардах эрхийн үндэслэл, төлбөрт тооцож 1,560 боодол өвс өгсөн эсэх асуудал болсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

4.1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбарыг үндэслэн нэг талаас мөнгө зээлдүүлэх, нөгөө талаас мөнгийг тодорхой хугацаанд ашиглаж буцаан төлөх хүсэл зориг илэрхийлэгдэж, зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр уг гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

Хариуцагч дээрх гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар тайлбарласан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

4.2. Хариуцагч Э.******* гэрээний үүргээ тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгээгүй болох нь түүний тайлбараар тогтоогдсон байна. Шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хүү, орлого, анхаагаас гэх утгаар хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нийт 7,500,000 төгрөгийг зээлийн үүргээс хасаж, гүйцэтгээгүй үүргийг 32,500,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул дээрх үнийн дүнг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ. /хх-ийн 47-54 дүгээр тал/

4.3. Хариуцагч нь 1,560 боодол өвсийг нэхэмжлэгч авсан, энэ нь 8,000,000 орчим төгрөг болно гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул уг дүнгээр зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт нотлох үүргийн зарчмыг зөрчөөгүй байна.

4.4. Дээрх хэлцлээр талууд зээлийн төлбөр төлөх хугацааг тогтоож, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцжээ.

Гэрээгээр тогтоосон хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх талаар Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт заасан.

Улмаар, гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах үндэслэл болно.

Иймд хариуцагчийн хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг болох 32,500,000 төгрөгөөс талуудын тохиролцсоны дагуу алдангийг нэхэмжлэл гаргах хүртэл тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн үндэслэлээр хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр алдангийг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

5. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хариуцагчийн хүсэл зоригийн дагуу хийгээгүй, мөрдөн байцаагчийн зүгээс дарамт шахалт үзүүлсний улмаас хийсэн хүч хэрэглэсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж хариуцагч маргасан.

5.1. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хүч хэрэглэж хийсэн хэлцэл болох талаарх тайлбар, татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ.

5.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид 40,000,000 төгрөг зээлүүлсэн боловч эргэж өгөлгүй залилсан гэх агуулга бүхий гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасныг Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 154 дугаар тогтоолоор М.*******гийн мэдүүлэг, 2022.12.16-ны өдөр М.*******, Э.******* нарын хооронд хийгдсэн төлбөр барагдуулах хэлцэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 38 дугаар тал/

Түүнчлэн, дээрх ажиллагааны явцад Э.*******аас авсан гэрчийн мэдүүлэг хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг баримтад 40,000,000 төгрөгийг 2023.01.16-ны өдөр дансанд шилжүүлэхээр тохиролцож 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан гэжээ. /хх-ийн 72 дугаар тал/

Талууд хэрэг бүртгэлтийн хэргийг хаахаас өмнө Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хийсэн нь хариуцагчийг дарамт, шахалтад оруулсны улмаас уг хэлцлийг байгуулсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Харин бодит заналхийлэл байгаа нь тодорхой үйлдэл болон эс үйлдэхүйгээр илэрхийлэгдсэн, энэхүү нөхцөл байдал баримтаар нотлогдсон байх учиртай.

Хэргийн нотлох баримтаар гуравдагч этгээдийн буюу мөрдөгчийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Талуудын дээрх тохиролцоог хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн цагдаагийн байгууллагаас гэрээ байгуулаад ирвэл өргөдлийг хаана гэх тайлбарыг бусад баримттай хэрхэн дүйцэж байгаа талаар харьцуулан дүгнээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

6. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчийн төлвөл зохих зээлийн үлдэгдэл төлбөр болон алдангийн хэмжээг зөв тогтоож, нийт 48,750,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах дараах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

7.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ нь ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд талууд хамтран ажиллах тохиролцоо хийж, харилцан үүрэг хүлээх зарчмаар байгуулагдана. Энэ гэрээг байгуулагдсан гэж үзэх нөхцөл нь хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх зорилгыг тодорхойлж, үүнд хүрэхийн тулд гэрээний талууд ямар үүрэг хүлээж оролцохыг тодорхойлсон байх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх юм.

Хариуцагчийн өмгөөлөгч нь зохигчийг өвс хадахаар хамтран ажилласан гэх боловч уг үйл ажиллагааг ямар зорилгоор явуулсан, хэн, ямар үүрэгтэй оролцох нь тодорхойгүй зэрэг талуудын үүрэг оролцоог тодорхойлж чадаагүй байх тул тэдний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, талуудын хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээ гэж шүүх зөв дүгнэсэн.

7.2. Түүнчлэн, хариуцагч нь 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн талаар тайлбарласан байхад түүний өмгөөлөгч үүнээс өөр байр суурь илэрхийлж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.6, 34.3.7 дахь хэсэгт нийцэхгүй бөгөөд хариуцагчийн тайлбартай адилтган үнэлэх боломжгүй. Иймд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

7.3. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан гэрчээс мэдүүлэг авах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ гэрч нарын хувийн мэдээлэл байхгүй гэх үндэслэлийг заажээ. Гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжоор хангах нь хэргийн оролцогчийн үүрэг тул дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн зүйл, хэсэг баримталсан нь оновчтой бус болсныг залруулан, өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02546 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...282 дугаар зүйлийн 282.3 гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА