Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000040046 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт Д.М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Их тайга-2” караокены газарт 2018 оны 12 сарын 18-ны орой 21 цагийн орчимд иргэн Ж.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би Бтай хамт 1 жил гаран хамт амьдарч байгаад 2018 оны 12 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө би гэртээ хонолгүй найз Бынд архи ууж хоносон. Тэгээд 18-ны өглөө дахиад пиво архи уусан. Тэгтэл өглөө нь манай ажлын Б над руу утсаар залгаад “чамайг аргалсан байсан чинь авгай чинь ирж сураад ажлынхан худлаа гэдгийг мэдчихлээ” гэсэн. Тэгтэл 11 цагийн орчимд Б ирчихээд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явсан. Тэгээд би 13 цаг өнгөрч байхад Б руу утасдаж дуудсан. Б ирээд Бын гэрт орж ирэхээр нь би Бд “чи ажлаар яах гэж очсон юм дээ” гэж хэлсэн. Түүнээс би Бтай маргаагүй. Бын аав ээж нь ирсэн, Б унтаад өгсөн болохоор нь Би Бтай хамт гараад дэлгүүр орж пиво аваад нисэхийн орчимд очиж уусан. Тэнд байтал Б Б руу залгаад аавынд байна хүрээд ир гэхээр нь бид 2 эргэж Бын аавын очоод Быг аваад гол дээр очиж 3- уулаа пиво уусан. Гол дээр удсан байх гол дээр байхад Караоке ороё гэж Б хэлсэн ба эгч нь хөдөөнөөс ирсэн гээд 17 цагийн орчим Б өөрөө эгч рүүгээ залгаад 2 хүүхдээ сургуулиас авахуулахаар болсон. Тэгээд Б Б бид 3 манай ажлаас Бийг аваад Их тайга-2 гэдэг караоке руу орж тэнд караокед дуулж пиво уусан. Б гол дээр байхдаа нилээн халсан. Тэгээд өөрөө машинаа барьж явсан. Караокед дуулж байхад Б халчихаад Б руу дайраад “би та 2-ын ажил дээр очсон чинь та 2-т гай болсон уу” гээд агсараад байсан. би Быг тайвшруулаад байсан. Б бараг уугаагүй. Би нойл руу орчихоод буцаад караокены өрөө рүү ороход Б Б руу бас хэл дайрч байхаар нь би уурлаад “чи одоо болчих л доо” гээд пивоны шил аваад шидсэн чинь Бын хамарны дээр цохиод цохигдсон газар нь хагарч цус гарсан. Би 2-3 шил авч шидээд нэг нь Быг оносон. гэх мэдүүлэг /хх-ийн 102-104, 169-170 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд сургуулийн хүүхэд хүргэж өгөх гээд машинаа унаад хөдлөхөд Д.М над руу утсаар яриад “Чи хамаг байдгаараа хурдан хүрээд ир амьчуулд Б гэдэг найзындаа байна” гэхээр нь би 2 хүүхдээ сургуулийн харалдаа замд буулгаад яваад очиход Б гэдэг найзындаа 1 шил 0,75 литрийн ерөөл архи болон тал пиво тавьчихсан уугаад сууж байсан. Тухайн үед Бын ээж, аав нь бас байсан. М Бын аавтай нь архиа хувааж уугаад над руу хэл амаар агсараад байсан. Тэгтэл Бын аав ээж 2 нь Мийг “тэгж болохгүй муу эр эмдээ бар” гээд гайгүй болгосон. Тухайн үед Б согтуу бололтой унтаж байсан. Тэгээд М архиа Бын аавтай нь хувааж ууж дуусгаад надтай хамт гарсан. М бид 2 машинаар Алзахгүй дэлгүүр рүү явж би дэлгүүрээс ундаа аваад машиндаа ороод “хариад амар” гэж ярьж байхад миний утас дуугараад Б залгаад Мтой яриад дуудсан. М “найзтайгаа уулзамаар байна буцаад яв” гэхээр нь Бынд очиж Быг аваад гудамжны үзүүр дээр очиж М намайг “пиво аваад өг” гэхээр нь би дэлгүүрээс том пиво аваад тэр 2-т өгөхөд М Б 2 “голын зах гарая” гэхээр нь би машинаа унаад голын зах дээр очсон. Б М 2 гол дээр пивоо уугаад дуустал байсан. Тухайн үед 17 цаг болж байсан ба 2 хүүхдийн хичээл тарах цаг нь болж байсан. Тэгээд би 2 хүүхдээ авах боломж байхгүй Б М нартай гол дээр машинд байсан учир эгч ******* РУУ утасдаж хүүхдүүдийгээ авахыг гуйсан. Тэгтэл Б караокед ороё дуулмаар байна гэж уриалсан. Тэгтэл М “тэгье” гээд ажлынхаа Хуягаа гэдэг залуу руу залгаад ажил дээр нь очиж уулзан Хуягааг дагуулан Их тайга-2 гэдэг караоке руу очсон. Тэнд караокены өрөө аваад эхний 1 цаг бүгд дуулж байгаад дараагийн 1 цагийг сунгуулна гэж М гараад орж ирэхдээ 4 шил пиво бариад орж ирсэн. Тэр пивоноос нь бид уусан. Би бол хагас шил орчимыг л уусан. Тэгтэл М гарчихаад орж ирэхдээ уурлаад над руу ширээн дээр байсан пивоны шилийг аваад миний нүүр рүү шидсэн. Тэгтэл тэр шил нь миний 2 нүдний голд оноод цус гоожсон. М дахиад намайг өшиглөж зодсон. Хуягаа, Б нар Мийг цааш нь аваад хорьсон чинь М намайг дахиж зодох гээд дайрсан. Тэгтэл карокены ажилтан орж ирээд цагдаа дууд гэхээр нь би болиулсан. Мид өмнө зодуулж байхад тухайн үедээ өвдөж, хөндүүрлэж байгаад гайгүй болчихдог байсан. Тэр болгоныг эмчид үзүүлж байгаагүй. Одоо бол урдны зодуулсанаас болж хөндүүрлэж өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Саяны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Мид зодуулсанаас болж толгой өвдөж, 2 нүдний ухархай хатгадаг болсон. М 2017 онд надтай танилцаад манай гэрт ирэснээс хойш олон удаа зодсон. Тухайн бүрт нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Надад одоо бол гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл ч гэсэн байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 7-14, 140-143 /

4. Иргэний нэхэмжлэгч Ж.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Манай охин Б энэ М гэдэг хүнтэй 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын үед охин Б бид нар гэртээ орондоо унтах гэж байхад шөнө гаднаас М согтуу орж ирээд Быг орон дээрээс татаж унагаагаад нүүр рүү нь гараараа цохиж зодсон. Тэгж байхад гаднаас Мийн найз нь орж ирсэн. Тэгээд Быг М өшиглөх гэхэд нь болиулаад аваад гарсан. Дахиж тэр шөнөдөө орж ирээгүй. Тухайн үед дуудлага өгөөгүй. Дахиад 2018 оны 04 дүгээр сарын 17, 18-ны орчимд Быг М цээж рүү нь өшиглөж зодсон байсан. Тухайн үед би хөдөө байсан. Энэ талаар нь цагдаад дуудлага өгч шалгуулсан. Дараа нь М Бд агсам тавьж зодох гэж дайрсан байсан. Тэгэхдээ бол зодоогүй байна лээ. Тэгэхэд би хүүхдийнх нь хуралд сууж баигаад очиход М явчихсан байсан. Тэгээд хэргийг шалгаж байсан цагдаа нь ирж таараад хамгаалах байранд Б болон 2 хүүхдийн хамт намайг оруулж хонуулсан. Сая 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Быг М зодсон байсан. Б өдөр сургуульдаа 2 хүүхдээ хүргэж өгөх гээд гарсан. Орой хүүхдээ авах үедээ хүүхдээ авч чадахгүй нь гэж эгч *******даа хэлээд ******* Бын 2 хүүхдийг авсан. Тэгээд тэр шөнөдөө гэртээ ирж хоноогүй утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь өглөө Б нүүр нь хавдаж гуйвсан байдалтай орж ирсэн. Тэгэхдээ Б эхлээд “машин халтираад замын хашлага мөргөсөн” гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ирэхдээ Мид зодуулсан гэдгээ хэлсэн. Өглөө нь ирэхдээ машингүй ирсэн. Машинаа яасан гэхэд “машин өмнө байгаа” гэж байсан. Хүүхдээ хүргэж ирчихээд үнэн учраа хэлсэн. М нь цуг явсан юм шиг байна лээ тэгээд буучихаад буусаны дараа замд нь урдуур нь ороод гараа алдалхаар тормос гишгэсэн чинь халтираад замын хашлага мөргөсөн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 144- 148, 151-153/

5. Гэрч Л.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би эмнэлгийн дуудлагын тэрэг дотор сууж байхад 6-4-47 тоотоос дуудлага ирсэн. Тухайн үед 16 цаг өнгөрсөн байсан байх. Тэгээд 6-4-47 тоот хашааны үүдэнд очиход хашаанаас саарал пальтотой согтуу хүүхэн гараад ирсэн. Гартаа нэг юм лав барьсан байж байснаа шидчих шиг болсон. Тэгээд тэр хүүхэн бас нэг өөр хүүхэнтэй зодолдох гээд дундуур нь эрэгтэй хүн ороод байсан ба тэр залуу руу бас дайраад байсан. Тухайн саарал пальтотой хүүхнийг бид нар аваад эмнэлэг рүү явсан. Толгой руу цохичихлоо гээд үс нь цус болчихсон байсан. Хэн цохисоныг хараагүй. Миний нүдэн дээр тэр хүмүүс нэгнийгээ цохиж зодож харагдаагүй. Биднийг очихоос өмнө л зодоон хийсэн юм шиг байна лээ. Чулуугаар шидэлж байхыг анзаараагүй. Би машинаас гараагүй. Бид нар тэгээд эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

6. Гэрч С.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 12 сарын 18-ны өдөр намайг гэртээ байхад манай хүүгийн эхнэр нь намайг гэртээ хүрээд ир гэхээр нь эхнэрийнхээ хамт очтол манай хүү Б согтуу унтаж байсан. Тэднийд М байж байгаад эхнэрээ дуудаад эхнэр нь ирээд аваад явсан. Манайд байхдаа М нь эхнэртээ чи ажлын газрынханд янз бүрийн юм ярьсан байна гээд хэрүүл хийхэд нь манайх хэрүүл хийдэг газар биш гэж хэлсэн. Тэгэхэд М нь эхнэртэйгээ гараад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/

7. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 12 сарын 18-ны орой манай караокены газарт 3 залуу 1 эмэгтэй 4 хүн орж ирээд цаг авч дуулж байгаад нэг залуу нь ирээд пиво аваад өрөөрүү ороод удалгүй тас няс гээд дуугарахаар нь яваад ортол эмэгтэйгийнх нь нүүр нь цус болоод дух нүд орчим нь зүсэгдсэн байхаар нь цагдаа дуудах гэхэд эмэгтэй нь яах юм бэ эгч нь цусаа цэвэрлэчихээд явчихна манай нөхөр байгаа юм намайг хардаад ингэчихлээ гэж байсан. Тэгээд цусаа цэвэрлэчихээд гараад явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/

8. Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би ажлаасаа тарж байтал Мийн эхнэр Б над руу залгаад “ШТС дээр гараад ир” гэсэн. Би ажлын хажуугийн ШТС дээр очиход тэнд Б машинаа барьчихсан М, ******* гэдэг залуутай 3-уулаа байсан. Б ер нь л халчихсан машин нь битүү цан болсон байсан. Намайг ШТС дээр тэр 3-тай уулзах гээд очиход М “ганц нэг пиво уух уу” гэхээр нь би “за яахав би машиныг чинь барья” гэхэд Б “за яахав би өөрөө мэднэ” гээд Б жолоодоод шууд Их тайга-2 дээр очсон. Бид 4 Их тайга-2 дотор орчихоод 1 цаг дуулсан. Их тайга-2 руу явах замд Б надад “би чамтай ярих яриа байгаа” гэж байсан. Өмнө нь М 2 хоног ажилдаа ирээгүй болохоор нь би аргалж байгаад дарга мэдчихсэн юм. Тухайн үед манай ажлынхан бөөнөөр гадаа цас цэвэрлэж байхад дарга Мийг асуусан юм. Тэгэхэд хөдөө ажилтай гэж хэлсэн байсан. Тэгтэл Б ирээд “Хуягаа нааш ир М хааччихав 2 хоног гэртээ ирсэнгүй" гэсэн тэгтэл тэрнийг нь нягтлан мэдээд даргад хэлчихсэн. Тэгэхээр нь би Бд “чи яах гэж ирсэн юм би Мийг хөдөө явчихсан гээд хэлчихсэн байсан юм чамаас боллоо” гэж хэлсэн байсан юм. Тэрнээс үүссэн юм байлгүй Их тайга-2 дотор байхад М өрөөнөөс гарсаны дараа Б надаас хэрүүл гуйгаад “чи Мийг ажлаас нь гаргаж өөрийнхөө оронд танил авах гээд байгаа юм уу” гэсэн утгатай зүйл хэлээд байсан. тэгтэл гаднаас М орж ирээд “яагаад хэрүүл хийгээд байгаа юм чамд ямар хамаатай юм” гээд Бтай хэрэлдсэн. Тэр 2 хэрэлдэж байгаад М пивоны шил аваад шидсэн чинь Бын нүүрэнд нь оноод цус гарсан. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад үйлчлэгчээс нойлын цаас нойтон сальфетка аваад Б өөрөө арчсан. Тухайн үед Б нилээн согтуу байсан ба “намайг гайхаад байна уу би муухан эр хүнээс дутахгүй шүү” гээд орилоод Б гараараа ширээ чанга шааж аваад байсан тэгтэл ширээн дээр байсан. архины хундага ойчоод нэг нь хагарсан. М Быг гараараа зодож цохиогүй пивоны шил л аваад шидсэн. Тэгээд Мийг ******* нь бариад аваад гарсан. Бид нар тэндээсээ гараад би зам руу алхаж байхад араас Б өөрөө машинаа бариад М тэр 2 ирсэн. ******* нь алга болсон ' байсан. Тэгээд би машинд нь суугаад явж байхад замдаа засмал дээр бараг онхолдохоо алдсан. Б их хурдтай явж байсан. Тэгээд 1 дүгээр сургуулийн хажууд автобусны зогсоол дээр буугаад би найзтайгаа таарсан. М намайг буусан газар буугаад Б нь цаашаа давхисан. Нэг харахад Б машинаараа Тайхарын урдуурх уулзвараар урагшаа эргэж байсан М нь зам хөндлөн гарч байсан. Тэгээд Б урагшаа давхиад Амарын харалдаа урд замд М гарч ирэхэд Б Мийг дайрахаа алдаад хашлага мөргөөд зогссон. Би харж байхад Б эргэж ухарсан урагшаа давхиад явсан. М араас нь такси бариад явсан. Би тухайн үед ерөөсөө уугаагүй байсан. Б, М ******* нар хүний хоёр хоёр пиво, 0,75 литрийн 1 шил архи авч суусан юм. Тэр архинуудаа дуусгаад дахиад нэгийг авая гэж байсан юм. Тухайн үед тэр 3 адилхан согтуу байсан. М Быг урд өмнө нь зодож байсан эсэхийг мэдэхгүй. Быг би саяханаас мэддэг болсон. Намайг мэддэг болсоноос хойш Б нь архи уучихаад машинаа жолоодоол явж байдаг юм. гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/

9. Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би он сарыг нь мэдэхгүй байна шинэ жилээс өмнөхөн тэр үеэр байх бид 2 халамцуу явж байгаад М хадмындаа ороодхоё гэсэн. Тэгээд М хадмындаа ороод алга болчихоор нь араас нь орсон чинь Бтай маргалдаж байсан. Гэрт нь хадам ээж нь гээд нэг хөгшин байсан. Тэгэхээр нь би аваад гарсан. Быг зодоогүй байсан байх миний нүдэн дээр лав зодоогүй. Би ороод Мийг аваад гарсан. Намайг ороход зодолдсон шинж байхгүй байсан хэрэлдээд л байж байсан. 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр М нь Эрдэнэцогт руу манай гэрийг нүүлгэж Бын хамт явж байхдаа Б гол дээр өөрөө портер машинаа жолоодож очсон. Тэгээд машинд суучихаад Б нь” энэ нэг юм арчаатай бол унуулаад гол гаргачих юм сан даанч унаж чадахгүй юм” гэсэн. Тэгээд надаар жолоодуулаад машинаа гол гаргасан. Тэгж хэлэхэд нь М халамцуу байсан бөгөөд уурлаад Быг гараараа чих болон цээжний хажуу хэсэгт нэг нэг удаа цохиж байсан. Тэгэхээр нь би больцгоо гээд болиулсан. Тэгээд би гол гарчихаад цаашаа өөрийнхөө машиныг жолоодоод явсан. Гол гарсаны дараа Б машинаа жолоодож явсан. Тэгээд манайд оччихоод буцсан. М нь Б зоддог талаар сайн мэдэхгүй. Би ч нэг их уулзалдаад байдаггүй хаа нэг аймаг орж ирэхээрээ л Мтой уулздаг. Эхнэртэй нь уулзаад байдаггүй юм. Өмнөхөн нь М баривчилгаанд орсон. Тэгээд би сал гэж Мид хэлээд М салчихсан байдаг юм. Тэгээд Б нь ирээд Мийг аргаддаг юм уу яадаг юм эвлэрээд нийлчихсэн байдаг юм. Б нь аймаар ааштай байнга уурлааМийг загнаад байдаг бололтой харагдцаг. гэх мэдүүлэг /хх-ийн 44- 46, 161-162 /

10. Арван найман насанд хүрээгүй гэрч Н.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Ээжийг зодсон бид нарыг зодож байгаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би урлагын үзлэгтэй байсан. Тэгэхэд намайг өглөө гэртээ байхад М ах ээж рүү гутал аваад шидсэн чинь ээжийн нуруу руу цохисон. Тэгээд бас идэж байсан хоолоо цацсан. Тэгэхэд ээж болон дүү М бид нар л байсан. Мөн 2018 оны цагаан сарын үеэр М ээж рүү ундааны сав шидсэн. Мөн ээжийг гараараа 1 удаа алгадсан. Тэгэхэд мөн дүү бид 2 болон М болон ээж байсан. М гэдэг хүн ээжийг зодож байхад их муухай байдаг. гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

11. Гэрч Д.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Д.М 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ж.Быг зодсон эсэхийг мэдэхгүй. Б нь саяхан согтуу машинаа жолоодож байгаад цагдаад баригдаад хураалгасан гэсэн. Түүнээс зодсон асуудлыг нь мэдэхгүй. Бынх нь хамар нь халцарчихсан байсан. тэгэхэд орой харанхуй болсон хойно М Б 2 согтуу орж ирсэн. Тэгээд өөрийнхөө гэрт орж унтсан. Тэгээд орой нь орж ирсэний дараа Б нь согтуудаа “та дүүдээ хэлдэггүй юм уу” гээд надаас хэрүүл гуйгаад байхаар нь би юм яриагүй. Маргааш өглөө нь босож байтал Б орж ирээд “Та дүүдээ хэлэхгүй яасан юм давраагаад намайг зоддог” гэсэн. Тэгэхээр нь би “чи тэр үедээ хэлэхгүй яасан юм цагдаад хэлэхгүй яасан юм 30 гарсан хүнийг би хориод дийлдэггүй юм” гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл би хэлээгүй. Б уурлаад байсан. Тэгээд Б М 2 яваад өгсөн. М нь Быг зоддог эсэхийг мэдэх зүйл алга. Миний нүдэн дээр лав зодож байхыг нь би мэдэхгүй байна. Б нь өөрөө бас архи уудаг, өмнө нөхөрөөсөө салсан хүүхэн байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн:

1. Ж.Бын биед тархи доргилт, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, шуу, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд нь аюудгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн

хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.гэх дүгнэлт /хх-ийн 49-50/ болон хавтаст хэргийн 87-91 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Мийн эзэмшлийн гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Их тайга-2” караокены газарт 2018 оны 12 сарын 18-ны орой 21 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ж.Б иргэний нэхэмжлэгч Ж.Ж, арван найман насанд хүрээгүй гэрч Н.Э, гэрч Л.Г, С.Ж, Б.Б, Э.Б, Д.П нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 46 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж, бөгөөд торгох ял шийтгэл оногдуулах хүсэлтийг гаргасаныг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Моос гаргасан дүгнэлт болон хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Мийн эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.Мид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь өмнө нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ж.Бд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхдаа гартаа барьтж айлгаж байсан гэх хар өнгийн хутга нэг ширхэг, хадам ээж Ж.Жийн гэрийн цоожийг эвдэж байсан гэх шар өнгийн хоёр ширхэг цоож зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг хутга болон цоожнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Мид нь энэ хэргийн улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.М нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Д.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт Д.Мийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Мид хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан Д.М нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Д.М нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хар өнгийн хутга нэг ширхэг, шар өнгийн цоож хоёр ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож хутга болон цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Мийн эзэмшлийн “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Д.Мид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ