Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 183/2023/04804/И |
Дугаар | 210/МА2024/01649 |
Огноо | 2024-08-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/01649
2024 08 23 210/МА2024/01649
Т.*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/02752 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т.*******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.*******т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 842,300,000 төгрөг, хохирол 99,970,648 төгрөг нийт 942,270,648 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******, Б.*******, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие нөхрийн хамт ширээний теннисний клуб ажиллуулах зорилгоор 2022 оны 11 сараас заалны зориулалтаар ашиглаж болох талбай худалдаж авахаар хайж эхэлсэн. Ингээд фэйсбүүкээс ...ХУД, Удирдлагын академийн зам дагуу, үйлчилгээний зориулалттай 234 м.кв үл хөдлөх эд хөрөнгө худалдана гэх зарын дагуу Б.*******тай утсаар холбогдож цаг товлоод очиж үзсэн. Б.*******аас бид үйлчилгээний талбай нь зоорийн давхарт байрладаг тул хөрсний ус нэвтэрдэг үү, ямархуу байдаг вэ? гэж асуухад ...хөрсний ус нэвтрэхгүй, би хөрсний ус тусгаарлалтын ажил хийдэг туршлагатай, БНСУ-д мэргэшсэн Ц.******* гэх хүнээр бүх ханыг тойруулж шалнаас дээш 1 метр, шалаа бүтнээр нь бетондож, ус нэвтрүүлдэггүй мембрамаар бүрүүлж засуулсан, Ц.*******той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тэр хүн хийсэн засварын ажлын үр дүнд насан туршийн баталгаа өгсөн, ажлын хөлсөнд 30,000,000 төгрөг зарцуулсан гэж гэрээ байгуулахыг шавдуулж байсан. Б.******* ажил гүйцэтгэх гэрээ өгч, баталгаатай, ус огт орохгүй, найдвартай засвар хийсэн гэж итгэл үнэмшил төрүүлэхээр тайлбарлаж байсан тул үйлчилгээний талбайг худалдан авахаар болсон.
1.2. Бид 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, -р байр зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 234 м.кв талбайг орон сууц оролцуулан зөрүү төлбөрийг бэлнээр төлж арилжих гэрээ байгуулсан. Б.******* үйлчилгээний 234 м.кв талбайг 1 м.кв 3,600,000 төгрөгөөр тооцож, нийт 842,300,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ч татвар бага төлмөөр байна гэсэн хүсэлтийнх дагуу гэрээний 2.1-т үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 742,400,000 төгрөг гэж тусгасан.
1.3. Миний бие Б.*******т гэрээний төлбөрт өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, байр тоот хаягт байрлах 60.1 м.кв орон сууцыг 310,000,000 төгрөгт тооцож, 2023.02.16-ны өдөр 99,900,000 төгрөг, 2023.02.17-ны өдөр 202,400,000 төгрөг, нийт 302,300,000 төгрөг шилжүүлж, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2023.02.16-ны өдрийн ЗГ/RСС230210006-1 тоот зээлийн гэрээгээр зээл авч 230,000,000 төгрөг, нийт 842,300,000 төгрөг бүрэн төлж барагдуулсан.
1.4. Мөн сарын 4 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг хувь хүнээс 30,000,000 төгрөгийн зээл авч засвар үйлчилгээ, тавилга хийлгэж тохижуулсаар 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Гэтэл 2023 оны 07 сарын 23-ны өдөр Нийслэлд орсон борооны улмаас манай зааланд хөрсний ус нэвчин бидний тохижуулсан тавилга, засвар усанд автсан. Бид Онцгой байдлын 105 дугаарын утсанд дуудлага өгч, онцгой байдлын ажилчид ирж усыг насос, техникээ ашиглаж соруулсан ч ус татрахгүй, доороосоо ус гарч ирээд усны ундрагатай юм байна, соруулаад нэмэргүй гэж 2023 оны 07 сарын 24-ний үүрийн 03.00 цаг хүртэл соруулаад орхиод явсан.
Үүний дараа манай нөхөр хонон, өнжин соруулсан ч ус татраагүй, Б.******* руу залгасан боловч утсаа аваагүй, Ц.******* ирж 3-4 хоног ус соруулж байгаад засварлах боломжгүй, засварлахад маш их хэмжээний зардал гарна гэсэн тайлбар бичиж өгсөн.
Хэд хэдэн хөрсний ус тусгаарлалт хийдэг компанид хандаж яаж засварлах вэ? гэхэд байшингийн хана, шал, зааг залгаагаар ус нэвчдэг юм байна, нилээн өндөр дүнгээр засварлана гэхдээ 3 жилийн баталгаа өгнө, түүнээс цааш тусгаарлалт нь тэсвэрлэхгүй, цууралт гарна гэсэн. Ингээд тус талбайг засварлаж, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болохыг олж мэдсэн.
1.5. Б.******* нь усны ундарга дээр баригдсан болохыг нуун дарагдуулж ашиглалтын шаардлага хангахгүй доголдолтой эд хөрөнгө худалдсан байна. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтын шаардлага хангахгүй, доголдолтой хөрөнгийг буцаах талаар мэдэгдэл хүргүүлэхэд Б.*******аас 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...боломжгүй гэсэн хариу өгч, бичгээр болон аман байдлаар шүүхээр яв гэсэн.
Иймд Б.*******тай 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ-нээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 842,300,000 төгрөгийг гаргуулах, засвар хийсэн зардлын 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Уг мөнгийг Б. гэх хүнээс зээлж авсан бөгөөд түүний хүүнд 2,160,000 төгрөгийг, Худалдаа хөгжлийн банк ХХК-аас 2023.02.16-ны өдрийн №3Г7RCC230210006-1 тоот зээлийн гэрээгээр 230,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүнд 2023.02.17-2023.10.30-ний өдрийг хүртэл хугацаанд 26,618,982 төгрөгийг төлсөн, хөрсний ус нэвтэрсний дараа зааланд 2,000,000 төгрөгийн нэмэлт зардал гаргаж засвар хийсэн. Мөн үйлчилгээний талбайг худалдан авахаас өмнө миний дансанд байсан 302,300,000 төгрөгийг 2023.02.16-2023.11.08-ний өдрийг хүртэлх 10 сарын хугацаанд банкинд хадгалсан бол хадгаламжийн хүүнээс олох байсан орлого 25,191,666 төгрөг, үйлчилгээний талбайд хөрсний ус нэвчээгүй теннисний талбай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол 2023.07.23-2023.09.30 өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 14,000,000 төгрөгийн олох байсан.
Иймд гэрээний үүрэгт шилжүүлсэн 842,300,000 төгрөг, хохиролд 99,970,648 төгрөг нийт 942,270,648 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2023.01.11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжих гэрээ-ний дагуу Хан-Уул дүүргийн 1-р хороо, Стадион оргил /17011/, Зайсан гудамж дүгээр байрны зоорийн давхарт байрлах 234 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.*******ы өмчлөлд шилжүүлэн өгсөн.
2.2. Миний бие 2022.05.27-ны өдөр БТД-БЭ 001 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г Ц.*******той байгуулан зоорийн давхарт байрлах дээрх үл хөдлөх эд хөрөнгөд шингэн мембрам түрхэж хөрсний ус тусгаарлалтын иж бүрэн ажлыг нийт 30,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлж, гүйцэтгэгч нь уг ажилд Гэрээний 11.1-д гүйцэтгэгч нь ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд хүлээлгэн өгч, гэрээний 3.3-р зүйлд заасан үлдэгдэл төлбөрийг төлснөөс хойш 10 жилийн баталгаат хугацаа гаргах ба баталгаат хугацааны туршид ашиглалтын буруугаас шалтгаалаагүй бусад эвдрэл, гэмтэл, доголдлыг гүйцэтгэгч өөрийн зардлаар засаж хэвийн болгох үүрэг хүлээнэ. гэсэн баталгааг гаргаж өгсөн.
Ц.******* нь мэргэжлийн хүн бөгөөд уг ажлыг БНСУ-д гүйцэтгэж байсан туршлагатай, бидний хийсэн ажил найдвартай байдаг хэмээн 10 жилийн баталгааг гаргаж өгсөн.
2.3. Өнгөрсөн зун үер, усны аюул ихтэй байсан буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн асуудлыг надад хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй, хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Анх ус орохдоо үүднийх нь подвалиар орж дараа нь хаалгаар ороод подваль нь өөрөө дотроосоо усанд автсанаас энэ байдал бий болсон байх. Тэгэхдээ энэ давагдашгүй хүчин зүйл болсноос ийм нөхцөл байдалд хүрсэн. Шууд гэрээгээ цуцална, буцааж ав гэсэн. Ерөнхийдөө онцгой байдлын дүгнэлт, аж үйлдвэрийн танхимын батламж дээр үерийн ус орж ирсэн гэсэн. Мөн даатгалаас үерийн ус орж ирсэн гэсэн бүх нотолгоо баримтууд нь байгаа юм. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205.7 дахь хэсэгт заасныг баримтлан Т., Б.******* нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээг цуцалж, хариуцагч Б.*******аас 888,935,645 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53,335,003 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.*******т Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Стадион оргил /17011/, -р байр зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 234 м.кв талбайг болон түүний өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч Т.*******д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5,254,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,602,628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх: ...үл хөдлөх эд хөрөнгийг худалдсаны дараа дээрх доголдол бүхий нөхцөл байдал илэрсэн нь түүнчлэн уг эд хөрөнгө нь хэвийн ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалтад нийцэх чанарын шаардлага хангахгүй, биет байдлыг доголдолтой болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ц.*******ийн мэдүүлэг, фото зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогджээ. гэж дүгнэхдээ хэргийн баримтыг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, фото зураг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нь эд хөрөнгийг доголдолтой гэдгийг хангалттай нотлох баримт болж чадахгүй. Тодруулбал,
Нэхэмжлэгчийн тайлбар: Нэхэмжлэгч талаас анх надад мэдэгдэхдээ болон нэхэмжлэлдээ борооны орсны улмаас хөрсний ус гараад байна гэх үндэслэлийг хэлдэг байсан энэ талаар нэхэмжлэл болон 2023.07.31-ний өдрийн мэдэгдэлдээ: 2023.07.23-ны өдрийн борооны улмаас хөрсний ус нэвчин... гэсэн байдаг. Харин уг объект руу үерийн их хэмжээний ус орсон тухай ерөөсөө хэлж байгаагүй, нуун дарагдуулж, энэ асуудлаас займчсаар ирсэн. Гэтэл ХХК-аас даатгалын нөхөн төлбөр авахдаа үерийн ус гараажийн хаалгаар нэвтэрсэн, байгалийн эрсдэл учирсан хэмээн нөхөн төлбөр гаргуулан авсан байсан. Тодруулбал, Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх ёстой атал ийнхүү бодит байдлыг өөрт ашигтайгаар гуйвуулж тайлбарласаар ирсэн нэхэмжлэгч талын тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоож чадаагүй.
Гэрчийн мэдүүлэг: Анхан шатны шүүхээс гэрч Ц.******* мэдүүлэхдээ тухайн агуулах бүхий талбайд ороход эхлээд олон жилийн чийг үнэртсэн тийм газар байсан бөгөөд Б.*******тай тохиролцож, тухайн засварын ажлыг хийсэн. Яг энэ зоорийн талбай 3 хэсгээс бүрдсэн, 3 өөр эзэнтэй байсан би зөвхөн Б.*******ын хэсэгт тусгаарлалт хийсэн гэхдээ би Б.*******т энийг нийтэд нь засах хэрэгтэй юм байна гэж хэлж байсан. Эдний ганц аюултай тал нь бохирынх нь хоолой нь аягүй өндөр, тэгээд зам руу асгараад хэл аманд орох гээд байдаг юм билээ гэж мэдүүлсэн байна хэмээн уг мэдүүлгээр эд хөрөнгө доголдолтой гэдгийг нотлоно гэж үзсэн нь үндэслэлгүй, гэрчийн мэдүүлгийг үнэн зөвөөр, бодитоор үнэлж чадаагүй гэж үзэж байна.
Учир нь худалдсан объект нь өөр хоёр хүний өмчлөлийн объекттэй залгаа, гэрч Б.*******ын өмчлөлийн объектод засвар, хамгаалалтын ажлыг гүйцэтгэсэн болохоо хэлсэн бөгөөд бусад өмчлөгчдийн талбайд ус тусгаарлалтын ажил хийгээгүй гэж хариуцагчийг буруутгах нь яавч байж болохгүй зүйл. Гэтэл хариуцагчийг бусдын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай холбоотой үүрэг хүлээлгэж бусдын өмчлөлийн хөрөнгийг өөрийн зардлаар засах, хамгаалах ёстой мэтээр дүгнэж буруутгаж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй.
Түүнчлэн гэрчийн Эдний ганц аюултай тал нь бохирынх нь хоолой нь аягүй өндөр, тэгээд зам руу асгараад хэл аманд орох гээд байдаг юм билээ гэх мэдүүлгийг эд хөрөнгийн доголдолтой гэдгийг нотлогдох мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд гэрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Суурь нь устай барилга жил бүр суулт өгдөг үү гэж асуухад: Ер нь гайгүй байдаг. Эдний ганц аюултай тал нь бол бохирынх нь хоолой нь аягүй өндөр, тэгээд зам руу асгараад хэл аманд орох гээд байдаг гэсэн хариултыг өгсөн. Өөрөөр хэлбэл энэ нь засвар үйлчилгээтэй холбоогүй, харин барилга суулт өгөх эсэхтэй асуудлаар өгсөн түүний хариулт болох шүүх хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа болно.
Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл: Нэхэмжлэгч Т.******* нь 2023.11.10-ны өдөр шүүхэд гаргасан Нотлох баримтад үзлэг хийлгэх тухай хүсэлтэд 2023.07.23-ны өдрөөс хойш хөрсний ус нэвтэрсэн үйл баримтыг тухайн үед бичлэг үйлдэн, зураг авч баримтжуулсан. Флашинд хуулсан гээд флашинд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Гэтэл уг флашин дээрх бичлэг нь анхдагч эх сурвалж биш буюу анх бичлэг хийж баталгаажуулсан төхөөрөмж дээр үзлэг хийгээгүй, нэхэмжлэгчийн хуулбарлаж ирсэн флаш дээрх бичлэгт үзлэг хийсэн. Нэхэмжлэгч талаас гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргаж, үзлэгийн тэмдэглэл хөтлөсөн боловч үзлэг хийхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж байхгүй.
Өөрөөр хэлбэл уг ажиллагааг гүйцэтгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн уг флаш дискэн дээрх бичлэгийг нэхэмжлэгч талаас тус объектод хөрсний ус гарч байгаа зэргийг нотлоно гэж тайлбарлаж байгаа боловч бичлэг дээрх үйл явдал хэзээ, хаана болоод байгаа нь ойлгомжгүй, хаанаас ямар байдлаар ус алдаад, эсхүл үерийн ус ороод, эсхүл хөрсний ус гараад усанд автсан байгаа юу гэдэг нь тодорхойгүй бөгөөд бичлэгээр уг шалтгаан нөхцлийг тогтоох ч боломжгүй юм.
4.2. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээнүүдийн дагуу Хан-Уул дүүргийн 1-р хороо, Стадион оргил /17011/, Зайсан гудамж дүгээр байр, зоорийн давхар тоот хаягт байрлах 234 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.*******ы өмчлөлд шилжүүлэн өгсөн.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ус тусгаарлалтын ажлыг Ц.******* гэх хүнээр гүйцэтгүүлсэн тухай хэлж, түүнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч талд өгсөн ба талуудын хооронд байгуулагдсан 2023.01.11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээний 2.12-д худалдан авагчид уг ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрх шилжүүлэхээр заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч талаас нуун дарагдуулсан зүйл байхгүй бөгөөд харин ч энэ талаар талууд гэрээ байгуулах үед ярилцаж, тодорхой нөхцөлүүд гэрээнд тусгагдсан.
2023.07.23-ны өдөр худалдсан үл хөдлөх эд хөрөнгө усанд автсан нь эд хөрөнгийн доголдол биш бөгөөд байгалийн давагдашгүй хүчний шинжтэй үер, усны аюулд өртсөн. Тодруулбал, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2023.12.27-ны өдрийн албан бичигт: ...2023.07.23-нд Улаанбаатар хот орчмоор 25-86 мм дуу цахилгаантай усархаг, ширүүн аадар бороо орж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан болохыг Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Улаанбаатар хотын Улаанбаатар, Хан-Уул өртөөний ажиглалтын мэдээнд үндэслэн тодорхойлов гэж, 2023.09.04-ний Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 15/09 дугаартай актад: Нэг. Аюулт үзэгдэл тохиолдсон шалтгаан: Нийслэлийн хэмжээнд 2023.07.23-нд хүчтэй орсон хүчтэй борооны улмаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн далан сэтэрч, дунд гол үерлэн усны төвшин нэмэгдсэн. гэж, МҮХАҮТ-ийн 2024.01.19-ний өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр тус тус нотлогдох юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь даатгалаас үерт өртсөн хэмээн нөхөн төлбөр авсан болох нь тогтоогдсон бөгөөд ийнхүү даатгалын нөхөн төлбөр авахдаа үерт өртсөн болохоо мэдүүлсэн дараах баримтууд авагдсан. ХХК-ийн Шуурхай албаны авсан даатгалын тохиолдол болсон үеийн анхан шатны аман мэдүүлэгт: Гараажийн хаалгаар эхлээд ус шүүрээд клуб маань усанд автсан. гээд Я.******* гарын үсэг зурсан, даатгалын компанийн 230731012 дугаартай нөхөн төлбөр шийдвэрлэх хуудсанд: 2023.07.23-ны борооны улмаас ХУД, Удирдлагын академийн хойно В1 давхарт байрлах өөрийн үйл явуулдаг объект руу үерийн ус орсон гэж, нэхэмжлэгч Т.*******ы ХХК руу илгээсэн и-мэйлд 2023.07.23-ны өдөр борооны ус нэвтэрч даатгалын тохиолдол учирсан тул даатгалын нөхөн олговор олгоно уу гэсэн байдаг.
Гэрч Ц.*******оос Уг подвальд үерийн ус орсон байсан уу, ямар үйл явдал болсон бэ гэж асуухад ... нам дор газар учраас подваль руу их хэмжээний үерийн ус орж ирсэн гэж мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан дээрх баримтуудаар байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал бий болсон, тус объект нь үерт өртсөн, үерийн усанд автсан болох нь хангалттай тогтоогдох тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний өр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна. гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 255.1.3-д заасны дагуу гэрээг цуцлах шаардах эрхээ алдахаар заасан.
4.3. Анхан шатны шүүх: Шүүх хэрэг авагдсан баримтуудаар тухайн хөрөнгөд засварын зардалд 23,905,963 төгрөгийн зардал гарсан гэж үзэхээр байх ба даатгалын нөхөн төлбөрт олгосон 6,049,300 төгрөгийг хасаж нийт 17,856,663 төгрөгийг, банкны болон зээлийн хүүнд төлсөн 28,778,982 төгрөгийг нийт 46,635,437 төгрөгийг хангах үндэслэлтэй байна. гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгч нь засварийн зардал 30,000,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд үүнээс 23,905,963 төгрөгийн зардлыг ямар учраас гаргуулахаар шийдвэрлэсэн, үлдэх зардлыг ямар учраас хасч тооцсон талаар ямар нэгэн үндэслэл дурдаагүй байна. Нэхэмжлэгчийн дээрх зардлууд 2023.02.28-2023.04.03-ны өдрийг хүртэл хугацаанд гаргасан зардал байх бөгөөд уг засвар, тавилга, эд хөрөнгөд хохирол учирсан, үрэгдсэн гэмтсэн эсэх, хэвийн ашиглах боломжгүй болсон талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул хохирол учирсан гэдэг нь тогтоогдоогүй байхад зардал гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Нөгөө талаас Даатгалын компаниас учирсан хохирлынхоо хэмжээнд нөхөн төлбөрөө гаргуулж авсан гэж үзэхээр байна.
2023.02.27-ны өдрийн Б.той байгуулсан зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгөөс нэг сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэх боловч зээлийн хүүнд төлсөн төлбөрийн баримт байхгүй, бусадтай байгуулсан зээлийн гэрээний хүүг хохиролд тооцох үндэслэл байхгүй. Түүнчлэн байгалийн давагдашгүй хүчний шинжтэй бий болсон ямар ч хохирлыг надад хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй талаар.
5.1.1. Зохигчийн хооронд 2023.01.11-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил /17011/, байрны зоорийн давхарт байрлах, үйлчилгээний зориулалттай 234 м.кв, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч Б.******* нь 2022.05.27-ны өдөр Ц.*******той Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хөрсний ус тусгаарлалтын ажил хийх, бетонон шал цутгах ажлыг холбогдох хууль тогтоомж, норм стандартын дагуу хийлгэж, ажлын хөлс 30,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлсөн. Гэрээт ажлын үр дүнгийн чанарт ажил гүйцэтгэгч нь 10 жилийн баталгаа гаргасан нь уг гэрээний 11.1-д бичигдсэн ба баталгаат хугацааны туршид ашиглалтын буруугаас болоогүй бусад эвдрэл, гэмтэл, доголдлыг гүйцэтгэгч өөрийн зардлаар засаж, хэвийн болгох үүрэг хүлээнэ гэж заасан.
5.1.2. Нэхэмжлэгч Т.*******той 2023.01.11-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө арилжих 2 гэрээний 2.12-т 2022 онд үйлчилгээний зориулалттай уг үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн засварт А тал нь ажил гүйцэтгэгчийн гаргасан хугацаанд баталгаа гарган өгч байна. А талын ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн шаардах эрх Б талд давхар шилжинэ. гэж талууд тохиролцсон болно. Гэрээний 2.12 дахь заалт нь Иргэний хуулийн 123.8-д бүрэн нийцсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн ажлын үр дүнгийн доголдлын талаарх шаардах эрхээ хариуцагч нь Т.*******д гэрээгээр шилжүүлсэн. Шаардах эрхийг шилжүүлснээр Т.*******д Иргэний хуулийн 349, 352 дугаар зүйлд заасан захиалагчийн эрх бүхэлдээ шилжсэн. Түүнчлэн ажил гүйцэтгэгч Ц.*******ид хандан гүйцэтгэсэн ажлынх нь үр дүнгийн доголдлын талаар Т.******* шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа одоо ч дуусаагүй байна.
5.1.3. Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлдээ 2023.07.23-ны өдөр орсон борооны улмаас хөрсний ус нэвчсэн ... Б.******* нь усны ундарга дээр баригдсан доголдолтой хөрөнгө болохыг нуун дарагдуулж, ашиглалтын шаардлага хангахгүй эд хөрөнгө зарсан... гэжээ. Талуудын хооронд 2023.01.11-ний өдөр байгуулагдсан гэрээний зүйлийн чанар байдлын талаар нэхэмжлэгчид үзүүлж, тайлбарласан ба Ц.*******той байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч Б.******* нь ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнгийн талаар гаргасан баталгаат 10 жилийн хугацаанд шаардах эрхээ Т.*******д шилжүүлснийг тэрээр зөвшөөрч, гэрээндээ 2.12 дахь заалтаар баталгаажуулсан.
Гэвч шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргааны зүйл болж байгаа гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар шаардлага гаргах эрх бүхий этгээд Т.******* нь уг эрхээ хэрэгжүүлсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна Иргэний хуулийн 343.1-д заасан гэрээний захиалагч тал болох Б.******* нь уг гэрээний захиалагчийн шаардах эрхээ Иргэний хуулийн 123.1, 123.8-д зааснаар нэхэмжлэгчид бүрэн шилжүүлснээс энэ гэрээний талууд өөрчлөгдсөн талаар эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасанд гомдолтой байна.
5.1.4. Эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Үүнд: Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зүйлийн биет байдлын доголдолтой эсэх талаар Б.******* нь нэхэмжлэгчид тодорхой байдлаар мэдээлж, Т.******* нь гэрээ байгуулахдаа доголдолгүй эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бөгөөд их хэмжээний бороо орсны улмаас илэрсэн доголдлын үр дагаврыг хариуцуулах нь бусдын өмчлөлийн зүйлийн аливаа усанд автсан гэдгийг ч шүүхэд өөрөө тайлбарласан. Иргэний хуулийн 243.1-д заасан гэрээний зүйлийг хүлээн авах үед доголдолгүй байх нь энэ талаар шаардлага гаргах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг бөгөөд нэгэнт доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн бол худалдан авагчийн ашиглалтын явцад эрсдлийг худалдагч үүрэх шударга бус нөхцөл байдлыг үүсгэх юм. Худалдсан эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үед доголдол үүссэн байсан гэдгийг худалдан авагч нотлосон гэж үзэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь өөрийн хүссэн зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулсан гэдгээ шүүхэд тайлбарласан. Нэхэмжлэгч Т.******* нь ажил гүйцэтгэгч Ц.*******ийн татгалзсан эсэхээс үл хамааран өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 251 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 123, 349 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэж гомдож байна.
5.1.5. Нэхэмжлэгч Т.******* нь гэрээний зүйлийн доголдлыг их хэмжээний бороо орох үеэр мэдсэн гэж шүүхэд тайлбарласан. Иргэний хуулийн 255.1.3-т Тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасан. Хариуцагч Б.******* нь гэрээний зүйлийг хэвийн ашиглах нөхцлийг хангаж, зохих засвар хийлгэсэн, нэхэмжлэгч нь ч өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд хэзээ, хаана, ямар эрсдэлт нехцел бий болохыг хэн аль нь мэдэх боломжгүй, мэдсэн ч хүний хүсэл зоригоос үл хамаарч бий болсон нөхцөл байдлыг өөрчлөх, зогсоох ямар ч аргазүй, учир өмчлөгчийн шаардах эрхийг хуулийн энэ заалтаар хязгаарласан байна. Хариуцагч тал шүүхийн мэтгэлцээнд хуулийн дээрх зохицуулалтыг иш татан тайлбарласныг шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Зоорийн давхарын нийт талбай нь хэсгээс бүрдсэн, 3 этгээдийн өмчлөлд байдаг ба хариуцагч Б.******* нь зөвхөн өөрийн өмчлөлийн талбайд уснаас хамгаалах тусгаарлагч хийх ажлыг 30,000,000 төгрөгөөр хийлгэж, тухайн ажлыг гүйцэтгэгч нь урт хугацааны ашиглалтын баталгаа гаргаж өгснөөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7-д хариуцагчийг буруутгаж, засварын ажлыг хийлгэхдээ доголдлыг дахин үүсгэхээргүй хэмжээнд хийлгэж, эрсдэл бүхий байдлаас сэргийлсэн гэж үзэхээргүй байна. доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж дүгнэжээ. Гэрээгээр гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнгийн доголдлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцахаар н.******* нь 10 жилийн баталгаа гаргасан нь хэргийн баримтад авагдсан, энэ талаар талууд мэтгэлцэж, гэрч мэдүүлэг өгсөн байхад хариуцагчийг доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх хуулийн үндэслэлгүйгээс гадна Б.******* нь бусад 2 этгээдийн өмчлөх эрхэд халдаж, өмчлөлийн эд хөрөнгөдөө засвар хийхийг шаардах эрхгүй юм.
5.1.6. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.*******аас 99,970,648 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардсаныг шүүх шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, заримыг хангасан нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч Т. ******* нь өөрийн эд хөрөнгөдөө ямар зардал гарган засвар хийх, өмчлөлийн зүйлийг худалдан авахдаа хаанаас хэдэн төгрөг зээлж, хэр хэмжээний хүү төлөх зэрэг нь өмчлөгчийн эрхийн асуудал бөгөөд түүний гаргасан гэх зардлыг хохирол тэж тооцохын тулд хариуцагч Б.******* нь гэм буруутай байх, түүний гэм буруу нотлох баримтаар тогтоогдсон бол хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Эдийн ба эдийн бус хохирол шаардах эрхийн үндэслэл нь гэм хор учруулаачийн гэм буруутай хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс хохирол, хор уршиг учирсан, гэм буруугийн санаатай ба болгоомжгүй хэлбэрээр үйлдэл, эс үйлдэхүйдээ хандсан шалтгаант холбоотой байх гэсэн хуулийн агуулгыг илэрхийлдэг. Ер нь хохирол гэж үзэхийн тулд дээрх бүрэлдэхүүний элемент бүрэн тогтоогдсон байхыг шаарддаг гэдгийг эрх зүйчид бүгд л мэддэг энгийн ухагдахуун юм. Өмчлөгч Т.******* нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө тусгай зориулалтаар ашиглахаар гаргасан зардал нь гэрээний зүйлийг зохих ёсоор ашиглахад зориулагдсан зайлшгүй зардалд хамаарахгүй, өмч хөрөнгөтэй болох зорилгоор бусдаас хүүтэй мөнгө зээлсэн явдалд хариуцагч Б.******* ямар гэм буруутай болох нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.*******аар гүйцэтгүүлэх шийдвэрийн үндэслэлээ шүүх хуулийн зохицуулалтаар тайлбарлаж чадаагүй.
5.1.7. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205, 225 дугаар зүйлийн зохицуулалтын агуулгыг хольж хутган, буруу тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хуулийн энэ зохицуулалтуудыг хэрэглэх үндэслэл, журам, хугацаа, үр дагавар харилцан адилгүй учир өөр өөр заалт болгон хуульчилсан байдаг. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээг цуцлахыг шаардсан нэхэмжлэл гэж шүүх дүгнэсэн атлаа гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан зүйл, заалтыг баримталсан байх ба Иргэний хуулийн 205.1 заалтаар хариуцагч Б.******* нь өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгө болох зоорийн давхрын 234 м.кв талбайг нэхэмжлэгчээс буцаан авах юм. Зүй нь талуудын хооронд маргаантай харилцааг тусгайлан зохицуулсан заалт хуульд байгаа тохиолдолд тэрхүү зүйл, заалтыг шүүх хэрэглэж, маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Т.******* өмч хөрөнгөтэй болох зорилгоор банкнаас авсан зээл, хүү төлөх үүрэг, тухайн үүргийг гүйцэтгэхгүй бол барьцааны хүчин төгөлдөр гэрээний дагуу барьцаалагдсан эд хөрөнгөөр нэхэмжлэгчийн өр, зээлийг Б.******* төлөх агуулгатай шийдвэрийг шүүх гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хуулийн дээрх зохицуулалтын утга санаа нь гэрээнээс татгалзах үндэслэлтэй бол талууд гэрээгээр шилжүүлсэн зүйлээ, үр шимийн хамт харилцан буцаах үр дагавартай гэж тайлбарлагддаг Хариуцагч Б.******* ч нэхэмжлэгчээс 310,000,000 төгрөгт тооцон авсан 60,1 м.кв талбай бүхий орон сууц, бэлнээр авсан 302,300 төгрөгийг буцаах үүрэг үүсэх юм.
Гэтэл шүүх гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаа гэсэн шийдвэр гаргасан атлаа зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний үнэ болон хохирлын нийлбэр дүн 888,935,645 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь огт ойлгомжгүй шийдвэр болжээ. Шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт заахдаа нэхэмжлэгчээс авсан эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхийг Б.*******т даалгаагүйгээс үзвэл арилжигдаж ирсэн 60,1 м.кв талбай бүхий орон сууц, гэрээний зүйлийн үнэ төлбөрт авсан менгийг Т. *******д буцаах үүрэггүй байх гэх эргэлзээ төрж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж заасны үндэслэл бүхий байх шаардлагыг анхан шүүхийн шийдвэр хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх гэдэг нь хэргийн бодит байдлыг бүрэн хангалттай тогтоосон байх, тогтоогдсон гэх нөхцөл байдал нь баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байх тухай ойлголт бөгөөд анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна.
5.2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар.
5.2.1. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь заалтад нийцүүлэн дүгнээгүй.
Зохигчийн хооронд 2023.01.11-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээний зүйл болох 234 м.кв талбай бүхий зоорийн давхарын үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн гэрээ байгуулах үед биет байдлын доголдолтой байсан эсэх, эд хөрөнгийг барихад холбогдох зөвшөөрөл, дүгнэлт, ашиглалтын хугацаа зэрэг хөрөнгийн чанар байдлыг нотлох бичмэл баримтууд хэрэгт авагдсан. Түүнчлэн хэрэгт авагдсан дараах баримтууд шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Үүнд:
-Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 2023.09.04-ний өдрийн 15/09 дугаартай акт,
-Цаг-Уур, орчны шинжилгээний газрын 2023.12.27-ны өдрийн 01/1222 дугаартай тодорхойлолт,
-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2024.01.19-ний өдрийн 02/11 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJEURE/-ийн гэрчилгээ,
-Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулсан даатгалын гэрээ, даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлт, нөхөн төлбөр олгосон шийдвэр, хохирлын үнэлгээ зэрэг хэргийн оролцогч талуудаас болон талуудын хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлсэн.
Гэвч эдгээр бичмэл нотлох баримтын талаар шүүх эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй ба эдгээр бичмэл нотлох баримтуудад энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй мэдээлэл агуулагдсан болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ гэж найдаж байна.
5.2.2. Шүүх хуралдааны явцад гэрч Ц.******* мэдүүлэхдээ тухайн зоорийн давхарт их хэмжээний үерийн ус орж ирсэн гэсэн ба үерийн усанд автаж, эд хөрөнгийн хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь даатгалын байгууллагаас 6 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр авсан, хөрсний ус гарсан, эсхүл их хэмжээний үерийн ус зоорийн давхарт орсныг ялгаж хөдөлбөргүй тогтоосон баримт хэрэгт авагдаагүй.
5.2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нотлох баримтыг нэрлэн зааж, хэргийн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа тухайн баримт хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй.
5.2.4. Шүүх хэт нэг талыг барьж, талуудын амаар болон бичгээр мэтгэлцсэнээр тогтоогдсон үйл баримтын талаар эрх зүйн бүрэн, хангалттай дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн нэрийг Ч.*******, Ч., хоёр өмгөөлөгч орсон атал хариуцагчийн өмгөөлөгч гэж бичиж хайнга хандсан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дээрх байдлаар ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь заалтын ... шийдвэр хууль ёсны байх ... шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Шийдвэр хууль ёсны байх гэдэг нь материаллаг болон процессын заалтууд зөрчигдөөгүй, хуулийн заалтыг буруу хэрэглээгүй байх ойлголт юм.
Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулгаар хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/02752 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.4-т зааснаар хүчингүй болгож, Т.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Хариуцагч талын гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх шийдэж захирамж гаргаагүй гэж маргадаг. Гэтэл тухайн хүсэлт нь үзлэг хийлгэх тухай хүсэлт байсан ба шүүх хүсэлтийг хангаж үзлэг хийсэн. Хэрэв хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаагүй гэж үзсэн тохиолдолд үзлэгийг хийхгүй байх байсан ба шүүгч захирамж гаргаагүй гэх гомдолд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй. Бидний зүгээс хэрэгт авагдсан Засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын нэгдсэн бүртгэлийн санд тухайн хөрөнгийн лавлагаа авагдсан байгаа ба тухайн баримтад анх объектыг агуулахын журмаар 300,000 төгрөгөөр авч байсан атлаа ус алдсаны дараа 800,000,000 төгрөгөөр зарсан нь гэм буруутай үйлдэл. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, шаардлагатай нотлох баримтуудыг үнэлж, шаардлагагүй нотлох баримтыг үнэлэх эсэх нь эрх хэмжээнийх нь асуудал.
6.2. Хариуцагч тал зөвхөн тухайн зун үер болсны улмаас ийм нөхцөл байдал үүссэн гэж тайлбарладаг. Гэтэл бодит нөхцөл байдал огт өөр буюу бороо орох болгонд ус ордог талаарх видео бичлэг байгаа.
6.3. Хууль буруу хэрэглэсэн гэх тухайд анхан шатны шүүх хуулийг огт буруу хэрэглээгүй ба хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглэж шийдвэрээ гаргасан. Бидний зүгээс тухайн объектын талаар хариуцагчид гомдлоо хэлэхэд хариуцагч нь тэгвэл цааш нь өөр хүнд зарчих гэж хэлсэн, өөр хүнд зарснаар дахин гэм буруугүй иргэн хохирох нөхцөл байдал үүснэ.
Худалдах, худалдан авах гэрээнд ажил гүйцэтгэгчийн гаргасан баталгааг шаардах эрхийг Т.*******д шилжүүлсэн гэж хариуцагч тал хэлдэг. Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1 дэх хэсэгт доголдолгүй эд хөрөнгө худалдсан нь хариуцлага хүлээхгүй байх эсхүл хязгаарлах зохицуулалт хүчин төгөлдөр бус гэж заасны дагуу энэ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус зохицуулалт гэж үзэж байна. Хариуцагч нь тухайн нөхцөл байдлыг хөрсний ус биш үерийн ус гэж тайлбарладаг боловч талууд тайлбар татгалзлаа өөрөө нотлох ёстой ба үерийн ус буюу гэнэтийн давагдашгүй хүчин зүйл байсан гэх тайлбараа огт нотлоогүй, эсрэгээрээ хөрсний ус байсан болох нь нэхэмжлэгчийн зүгээс инженер геологийн судалгааны баримтыг шүүхэд гаргаж нотолсон. Иймээс маргаан бүхий барилга баригдахаасаа өмнө тухайн барилгын доорх хөрсийг шинжилдэг бөгөөд инженер геологийн судалгаа нь тухайн барилга доороо хөрсний устай болохыг хангалттай нотолж байгаа гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, гэрээний үүрэгт төлсөн 842,300,000 төгрөг, хохирол 99,970,648 төгрөг нийт 942,270,648 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ-гээр худалдагч Б.*******ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Стадион оргил /17011/, Зайсан гудамж, -р байр зоорийн давхарт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 234 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.*******ы өмчлөлд шилжүүлэн өгөх, Т.******* нь гэрээний үнэ болох 742,400,000 төгрөгийг хэлэлцэн тохирсон хугацаанд төлөх, үүнээс 310,000,000 төгрөгт тооцож, Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Стадион оргил /17013/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, байр тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 60.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууц шилжүүлэх, урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөгийг дансанд байршуулж, үлдэгдэл 234,400,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр харилцан тохирчээ. /1хх-ийн 5-6 дугаар тал/
3.2. Дээрх гэрээний дагуу Т.******* нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 432,400,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, Б.******* нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Стадион оргил /17011/, Зайсан гудамж, -р байр зоорийн давхарт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 234м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Т.*******д шилжүүлж, өмчлөх эрхийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх-ийн 49, 231-232 дугаар тал/
3.3. Түүнчлэн, хариуцагч нь 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 99,900,000 төгрөгийг бэлнээр, 310,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгчээс хүлээн авсан асуудлаар маргаагүй байх тул гэрээний нийт үнийг 842,300,000 төгрөг гэж тогтоож, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогджээ.
3.4. Талуудын маргааны зүйл нь эд хөрөнгө доголдолтой эсэх асуудал болсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний зүйл доголдолтой байсан, үүний улмаас гэрээнээс татгалзах үндэслэл, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах нөхцөл бүрдсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаарх дүгнэлт болон үүнтэй холбогдуулан зээлийн хүүг хохиролд тооцсон нь үндэслэл муутай болсныг залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна. Мөн маргааны зүйлийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.
4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт зөв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх бөгөөд уг хөрөнгийн доголдолтой холбоотойгоор худалдан авагч гэрээнээс татгалзах шаардлага гаргах эрхийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зохицуулсан.
Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нийслэлд орсон борооны улмаас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөд хөрсний ус нэвчиж, доголдол илэрсэнтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж, түүний үр дагавар болон учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргажээ.
4.2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар талууд 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч төлбөрийг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэн авснаас хойш 5 сар 7 хоногийн дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр их хэмжээний бороо орж, үл хөдлөх эд хөрөнгө усанд автсан үйл баримт тогтоогджээ. /1хх-ийн 22-29, 69-70 дугаар тал/
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч дээрх усанд автсан дуудлагын дагуу мөн өдөр хяналт шалгалт хийж, акт тогтоосон байх бөгөөд 2023.09.04-ний өдрийн 15/09 дугаартай актад ...Тус дүүргийн 18 дугаар хороо Стадион оргил зайсан гудамж, байрны В1 давхар усны төвшин нэмэгдсэнээс хөрсний ус гарч, усанд автаж хохирол учирсан гэж дүгнэсэн.
Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй барилгын зураг төслийг боловсруулахад зориулан хийсэн ХХК-ийн 2006 оны инженер, геологийн судалгааны дүгнэлтийн 4.3-т Төлөвлөж буй барилгын талбайд хөрсний ус илэрч 3.5 метрийн гүнд тогтсон. Дээрх хөрсний ус нь Туул голын устай гидравлик холбоотой бөгөөд түвшин нь улирлын чанартай хэлбэлздэг. Зун, намрын хур бороотой улиралд усны түвшин 1.0-1.5 метрээр түр дээшилнэ, 4.9-д ...суурийг хөрсний уснаас хамгаалах асуудлыг зураг төслийн үед анхаарах ба суурийн котлованийг нээсний дараа зохиогчийн хяналт хийлгэх хэрэгтэй гэж тусгажээ.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолтой гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, инженер-геологийн судалгаагаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй барилгын газрын хөрсний ус нь голын устай холбоотой, бороотой улиралд усны түвшин дээшлэх, үүнээс суурийг хамгаалах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд голын усны түвшин нэмэгдсэнээс худалдан авсан эд хөрөнгөд хөрсний ус нэвтэрч доголдол илэрчээ.
Дээрх доголдлыг худалдан авагч буюу нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 5 сар 7 хоногийн дараа мэдсэн, энэ талаар эрх бүхий мэргэжлийн байгууллага болон худалдагчид мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацаанд буюу зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн байна.
Энэ тохиолдолд тухайн доголдол худалдан авагчид эрсдэл шилжих үед байсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот орчмоор 25-86 мм дуу цахилгаантай усархаг, ширүүн аадар бороо орж, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас тодорхойлсон байх ба энэ нь эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө гэж дүгнэх үндэслэл болохгүй. /1хх-ийн 82 дугаар тал/ Дээрх цаг агаарын үзэгдлийн улмаас эд хөрөнгийн доголдол /суурь хөрсний уснаас хамгаалагдсан байдал/ мэдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн асуудлыг хариуцахгүй гэх агуулга бүхий хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Түүнчлэн, хэрэгт авагдсан ХХК-ийн даатгалын тохиолдлын үзлэгийн баримтад даатгуулагчийн мэдүүлэг болон ослын шалтгааны хэсэгт ...үерийн ус орж байгаад хөрсний ус болсон гэх агуулга тусгагдсан байхаас гадна даатгалын тохиолдол үүссэн шалтгааныг хэрхэн үнэлэх нь даатгалын гэрээний талуудад хамааралтай. Иймд үл хөдлөх эд хөрөнгө усанд автсан нөхцөл байдал нь хөрсний ус гарсантай холбоогүй болох нь дээрх баримтаар тогтоогдсон гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
4.3. Харин эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасан.
Хуулийн дээрх зүйл, хэсгээр худалдан авагч нь анхаарал болгоомжтой байх үүргийн хүрээнд ердийн нөхцөлд, хялбар байдлаар мэдэх боломжтой эд хөрөнгийн доголдлыг мэдээгүй эд хөрөнгийг хүлээн авсан бол тухайн хөрөнгийн доголдолтой холбогдох шаардлага гаргах эрхээ алдах болохыг зохицуулсан.
Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгөд хөрсний ус тусгаарлалтын иж бүрэн ажлыг хийж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн гэх боловч энэ нь эд хөрөнгө худалдан авагчид шилжсэний дараа доголдол илэрсэн, улмаар уг доголдол худалдан авагчид эрсдэл шилжихээс өмнө байсан үйл баримтыг үгүйсгэхгүй.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий эд хөрөнгөд хөрсний ус тусгаарлалтын засварын ажил хийлгэсэн талаар хариуцагчийн мэдэгдсэнээр нэхэмжлэгч мэдсэн, энэ талаар тухайн үед асууж байсан нь худалдан авагчийн хувьд анхаарал болгоомжтой байх ерөнхий үүргээ хэрэгжүүлсэн явдал бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т зааснаар тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэжээ.
Дээрх тохиолдол нь эрсдэл шилжих үед байсан доголдолд хамаарахгүйгээс гадна үүссэн доголдол нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн байх учиртай.
Хэргийн баримтаар их хэмжээний борооны улмаас голын усны түвшин нэмэгдэж, хөрсний ус дээшлэх нөхцөл бүрдсэн боловч хөрсний ус үл хөдлөх эд хөрөнгөд нэвтэрч буй байдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалтай холбоогүй, энэхүү доголдол худалдан авагчид эрсдэл шилжих үед байсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар болон гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол хангагдахгүй.
Иймд нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдаагүй байх тул гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжтой.
4.4. Гэрээний зүйл доголдолтойн улмаас гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 842,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.
4.5. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдуулан өөрт учирсан хохирлыг үл хөдлөх эд хөрөнгөд анх засвар хийсэн зардал 30,000,000 төгрөг, банк болон бусад этгээдээс авсан зээлийн хүү 28,778,982 төгрөг, олох байсан орлого 39,191,666 төгрөг, усанд автсаны дараах засварын зардал 2,000,000 төгрөг гэж тодорхойлон нийт 99,970,648 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх олох байсан орлого 39,191,666 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.
Харин гэрээний үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах үр дагаврын хүрээнд тус гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв боловч хэрэгт авагдсан ямар баримтуудыг үнэлж дээрх зардлыг 23,905,963 төгрөг гэж тогтоосон талаараа заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс засварын зардалтай холбогдох баримтуудыг үнэлж, хэмжээг тодорхойлов.
Хэргийн 1 дүгээр хавтасны 118-161 дүгээр талд авагдсан баримтуудаар нийт 30,504,350 төгрөгийн гүйлгээнээс утга тодорхойгүй болон хаяг, толь, тавилгын үнэ зэрэг нийт 15,760,000 төгрөгийг хасаж, ажил гүйцэтгэх гэрээ, барилгын материалын зарлагын баримт, уг баримтын дагуу төлбөр төлсөн баримт болон дансны хуулгыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг баримтаар нотлогдсон хэмжээнд 14,744,350 төгрөгөөр тогтоон, үүнээс уг эд хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрт олгосон 6,049,300 төгрөгийг хасаж, засварын зардалд 8,695,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Гэрээнээс татгалзсантай холбогдох хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар тодорхойлох ба тухайн зохицуулалтаар шаардах эрх нь үүрэг зөрчсөн гэм буруутай байх, үүргийн зөрчил болон учирсан хохирол шалтгаант холбоотой нөхцөлд хэрэгжинэ.
Хэргийн баримтаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлын талаар хариуцагчийг мэдэж байсан, ийнхүү мэдсээр атлаа нуун дарагдуулсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийг худалдан авах болон засвар хийх зориулалтаар бусад этгээдээс авсан зээлийн хүүг хохиролд тооцон шаардах эрхгүй. Иймд зээлийн хүүд төлсөн гэх 28,778,982 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
Мөн дээрх үндэслэлээр зөвхөн засварын ажилд холбогдох зардлыг гаргуулж, хаяг, толь, тавилгын үнийг хасаж тооцсон болохыг дурдах нь зүйтэй.
5. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 842,300,000 төгрөг, уг хөрөнгийн засварын зардал 8,695,050 төгрөг, нийт 850,995,050 төгрөг гаргуулж, үлдэх 91,275,598 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.7, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт нийцнэ.
6. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөөрчлөлт орно.
7. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дараах хэсгийг хангахгүй орхив.
7.1. Анхан шатны шүүх гэрч Ц.*******ийн мэдүүлгээр эд хөрөнгийн доголдол тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу талаарх хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан бусад баримтаар маргаан бүхий эд хөрөнгө доголдолтой болох нь тогтоогдсон тул дээрх дүгнэлт хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
7.2. Нэхэмжлэгч нь гэрээний үнээс 310,000,000 төгрөгт тооцож, өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчид шилжүүлсэн ба гэрээний гүйцэтгэлийг буцаан өгөх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн үнийг мөнгөн дүнгээр илэрхийлж шаардсан нь хууль зөрчихгүй. Иймд арилжигдаж ирсэн орон сууц, гэрээний зүйлийн үнэ төлбөрт авсан мөнгийг нэхэмжлэгчид буцаах үүрэггүй байх эргэлзээ төрүүлж байна, ... энэ талаарх шүүхийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна гэх гомдол үндэслэлгүй.
7.3. Нэхэмжлэгчээс 2023.07.23-ны өдрөөс хойш хөрсний ус нэвтэрсэн байдлыг бичлэг хийж баримтжуулсан, үүнд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2023/20895 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байх тул үзлэг хийхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамжгүй байхад уг ажиллагааг гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн гэх гомдлыг хангах боломжгүй.
7.4. 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гэрч олдохгүй байгаа үндэслэлээр, түүнийг асуухтай холбоотой гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн эрхэд хамааралтай, мөн энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхино.
7.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс гаргаж буй эрх зүйн актад хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******ын нэрийг Ч.*******, Ч. гэж өөрөөр бичсэн техникийн шинжтэй алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх гомдол хангагдахгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/02752 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...888,935,645 гэснийг 850,995,050 гэж, 53,335,003 төгрөгийг гэснийг 91,275,598 төгрөгт холбогдох хэсгийг гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...4,602,628 гэснийг 4,412,925 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,625,642 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА