Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01672

 

 

 

 

 

 

  2024 08 26 210/МА2024/01672

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/03492 дугаар  шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.*******ид холбогдох

14,599,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар 40 мянгат, 12 дугаар байр ******* хаягт байршилтай, 331,4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай Ч.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг рестораны зориулалтаар нэг сарын төлбөр 8,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.

1.2. Түрээсийн гэрээний 2.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эхний 2 сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тооцон 10,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг Ч.*******ийн Хаан банкны дансанд 2023 оны 6 дугаар сарын 21-22-ны өдөр шилжүүлсэн. Рестораны ашиг орлого муу байсан тул 9 сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөг болгохоор харилцан тохиролцож, Ч.*******ийн зөвшөөрлөөр 5,000,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр түүний Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.

2023 оны 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг өмнөх саруудад нь бага багаар цувуулан Ч.*******ийн Хаан банкны ******* тоот данс руу 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 22,500,000 төгрөгийг тус тус аnhаа гүйлгээний утгатайгаар шилжүүлж, 2023 оны 12 дугаар сард гэрээний үүргээ биелүүлсэн.

1.3. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний бүх төлбөр тооцоог бүрэн барагдуулсны дараа Ч.******* нь түрээсэлж буй рестораны хаалганы голыг сольж өөрийн санаачилгаар түрээсийн гэрээг цуцалсан.

Түрээсийн төлбөрөө цаг тухайд нь өгөөгүй гэх үндэслэлгүй шалтгаанаар 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр рестораны байранд ирж хаалганы гол сольсноос үүдэн рестораныг онгойлгож, үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж 10 хоног зогсонги байдалд орсон. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хаалганы шинэ түлхүүрийг надад хүлээлгэн өгсөн учир энэ өдрөөс үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. 2023 оны 7, 8, 9, 10, 11 сарын нийт өдрийн дундаж орлогоор тооцож нэг өдрийн орлого нь 360,000 төгрөг болох ба 10 хоногийн 3,600,000 төгрөг юм.

Мөн Ч.******* болон түүний нөхөр рестораны үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 215,400 төгрөгөөр үйлчилгээ авч төлбөрийг төлөөгүй, рестораныг түрээслэж эхлэхэд 2023 оны 5, 6 сарын усны төлбөр болох 144,500 төгрөгийг мөн төлсөн.

Иймд барьцаа төлбөр 8,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үйл ажиллагаа зогсоосон үеийн түрээсийн төлбөрийг 30 хоногт хуваан тооцвол 2,600,000 төгрөг, олох байсан орлого 3,600,000 төгрөг, 2023 оны 5, 6 сарын усны төлбөр 144,500 төгрөг, ресторанаас Ч.*******ийн нөхөр үйлчилгээ авсны төлбөр 215,400 төгрөг нийт 14,559,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Г.******* нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ирж уулзаад энэ салбарт 5-6 жилийн хугацаанд рестораны менежмент хариуцан ажиллаж байсан туршлагатай, хамт ажиллах баг хамт олон байгаа учраас танай рестораныг түрээслэн үйл ажиллагаа явуулмаар байна, хэрэв гэрээгээ байгуулна гэвэл одоо шууд урьдчилгаагаа төлөх боломжтой гэж хэлсэн тул бид харилцан тохиролцож Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2-р 40 мянгат, 12 байрны ******* хаягт байрлах, Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн гэрээг жил бүр дүгнэх, эхний 2 сарын түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, цаашид түрээсийн нэг сарын төлбөр 8,000,000 төгрөг байх, түрээсийн төлбөрийг 2 сарын хугацаагаар урьдчилан төлөх нөхцөлтэйгөөр 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №23/01 дугаартай Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулж, мөн өдрөө нотариатаар гэрчлүүлсэн.

2.2. Г.******* нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр барьцаа 8,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхний 2 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг төлж, гэрээг баталгаажуулан, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийг, зориулалтын дагуу ашиглах боломжтой, рестораны зориулалттай тавилга эд хогшил, ахуйн болон гал тогооны хэрэгслүүдийн хамт хүлээн авсан бөгөөд бид рестораны үл хөдлөх дотор байсан 165 төрлийн эд зүйлсийг тоо ширхэг, төрлийн шинжээр нь нэг бүрчлэн тодорхойлж, түрээсийн гэрээний хавсралтаар эд хөрөнгийг хүлээлцсэн.

2.3. Г.******* нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр рестораныг хүлээн авч, миний зүгээс 4 хоногийн хугацаанд түрээс тооцохгүй, үйл ажиллагаандаа бэлтгэх хугацаа өгч, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс түрээсийн төлбөр тооцохоор болсон ба Г.******* нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулахдаа түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй удаа дараа хугацаа хожимдуулж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай нь танилцахад рестораны үйл ажиллагаа явуулах боломжгүй, гал тогоо нь байнга ажилладаггүй, эргэлтийн хөрөнгө, бараа материалгүй, нэг л ажилтантай зэрэг хэвийн үйл ажиллагаа явуулах, цаашид түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй байсан тул 2023 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 01 цагийн орчимд үл хөдлөх хөрөнгөө хүлээн авч, үүнээс хойш 21 хоногийн дараа буюу 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хоёр тал байлцаж, үл хөдлөх эд хөрөнгийг болон доторх эд зүйлсийг тоолж хүлээлцсэн.

2.4. Түрээсийн гэрээний дагуу төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 10,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 16,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 16,000,000 төгрөг буюу нийт 42,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр байх ба үүн дээр 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 4 өдрийн түрээсийн төлбөр нэмэгдэж, 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шөнө рестораныг хааж, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажил эхлэхээс өмнө рестораныг түлхүүрийг өгсөн тул /12.03, 12.04, 12.05, 12.06, 12.07, 12.08, 12.09, 12.10-ны өдрүүд/ нийт 8 өдрийн төлбөр хасагдаж тооцохоор байна.

Дээрх байдлаар тооцоход нийт 42,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрөөс 4 өдрийн түрээсийн төлбөрт ногдох /8,000,000:31*4/ 1,032,260 төгрөг хасагдаж, Г.*******гаас авбал зохих түрээсийн төлбөр нь барьцаа төлбөрийг оролцуулахгүйгээр 40,967,740 төгрөг болж байна.

Г.******* нь рестораныг хүлээлгэн өгөхдөө 2023 оны 12 дугаар сарын ашиглалтын зардлыг төлөөгүй орхигдуулсан бөгөөд үүнийг барьцаа хөрөнгөөс нь суутган төлсөн ба үүнд: 1. Үл хөдлөх эд хөрөнгийн ус, дулааны төлбөр 684,070 төгрөг, 2. Цахилгааны төлбөр 365,050 төгрөг, 3. 2023 оны 11, 12 сарын Скаймедиа интернэт ашиглалтын төлбөр 117,000 төгрөг, хогны төлбөр 480,000 төгрөг буюу нийт 1,646,120 төгрөгийг суутгасан.

2.5. Мөн Г.******* нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр рестораны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тавилга эд хогшил, ахуйн болон гал тогооны хэрэгслүүдийн хамт хүлээн авсан бөгөөд үүнээс 27 төрлийн эд зүйлсийг энгийн хэрэглээний бус байдлаар элэгдэж, хорогдуулсан, хагалж, эвдэлж гэмтээсэн тул ресторанд учирсан хохиролд эд зүйлсийн элэгдэл хорогдол тооцсон үнэлгээгээр тооцож үзэхэд 3,000,000 төгрөгийн хохирол учирсан.

Иймд миний бие түрээсийн төлбөр 40,967,740 төгрөг, ашиглалтын зардалд 1,646,120 төгрөг, ресторанд учруулсан хохиролд 3,000,000 төгрөг, нийт 45,613,860 төгрөгийг Г.*******гаас надад өгсөн түрээсийн төлбөр болон барьцаанд өгсөн 45,500,000 төгрөгийг тооцож авсан. Мөн Г.******* нь 2023 оны 5, 6 дугаар сарын усны төлбөрийг төлсөн гэх 144,500 төгрөг, ресторанаас үйлчилгээ авсан гэх 215,400 төгрөгийг баримтаар тогтоогдсон тохиолдолд төлөхөд татгалзах зүйлгүй.

Харин 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд олж болох байсан ашиг орлого гэх 3,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Г.******* нь бодит байдал дээр ийм хэмжээний ашиг олж байгаагүй болох нь тодорхой харагдаж байгаа. Хэрэв ийм хэмжээний ашиг олж байсан бол удаа дараа гэрээнд заасныг зөрчиж, байнга түрээсийн төлбөрийг хоцроох нөхцөл байдал үүсэхгүй байх байсныг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.*******оос 3,625,613 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,907,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, түүний хүчин төгөлдөр байдал болон талуудын харилцан тохиролцсон эрх, үүрэгтэй хамааралтай асуудлыг үнэн зөвөөр дүгнэсэн боловч түрээслэгдсэн эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан хугацааны тооцооллыг буруу хийсэн, нэхэмжлэгч Г.*******гийн рестораны эд хөрөнгийг хэвийн бус байдлаар элэгдүүлж, хорогдуулсан, хагалж гэмтээсний улмаас учирсан хохирлын дүнг зөвхөн нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

4.1.1. Түрээсийн гэрээний хугацаа, төлбөрийн тооцооллын талаар:

Хариуцагч Ч.******* миний бие нэхэмжлэгч Г.*******тай 2023.06.22-ны өдөр №23/01 дугаартай түрээсийн гэрээг бичгээр байгуулж, мөн өдрөө нотариатаар гэрчлүүлсэн. Түрээсийн гэрээний дагуу 4 өдрийн хугацаанд түрээсээс чөлөөлж, түрээсийн төлбөрийг 2023.06.26-ны өдрөөс эхлэн тооцохоор тохиролцсон ба түрээслэгч Г.******* нь 2023.12.29-ний өдрийг хүртэл буюу 6 сар 4 хоногийн хугацаанд Success ресторан, караокег түрээслэн үйл ажиллагаа явуулсан ба энэ хугацаанд миний бие 8 хоног үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан нь үнэн. Өөрөөр хэлбэл Ч.******* миний бие Г.*******гаас нийт 5 сар 26 хоногийн түрээсийн төлбөрийг авах эрхтэй бөгөөд энэ талаараа шүүхэд гаргасан хариу тайлбартаа тодорхой тусгасан.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Г.*******гийн рестораныг түрээслэн үйл ажиллагаа явуулсан 6 сар 4 хоногийн хугацааг 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан мэтээр тусгаж, хариуцагч Ч.******* миний бие 6 сарын түрээсийн төлбөр 42,000,000 төгрөг, 4 хоногийн түрээсийн төлбөр /8,000,000:30*4/ 1,066,666 төгрөг буюу нийт 43,066,666 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Г.*******гийн шилжүүлсэн түрээсийн төлбөрөөс суутган авах эрхтэй байхад 4 хоногийн хугацааг тооцоонд оруулахгүйгээр тооцооллыг буруу хийж, нэхэмжлэгч Г.*******д 1,066,666 төгрөгийг илүү гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түрээс тооцох хугацаа: 2023.06.26-2023.07.25-ны өдрийн хооронд 1 сар, 2023.07.26-2023.08.25-ны өдрийн хооронд 1 сар, 2023.08.26-2023.09.25-ны өдрийн хооронд 1 сар, 2023.09.26-2023.10.25-ны өдрийн хооронд 1 сар, 2023.10.26-2023.11.25-ны өдрийн хооронд 1 сар, 2023.11.26-2023.12.25-ны өдрийн хооронд 1 сар, 2023.12.26-2023.12.29-ний өдрийн хооронд 4 хоног, нийт 6 сар, 4 хоног. Хасаж тооцох хугацаа: 2023.12.23-2023.12.10-ны өдрийн хооронд 8 хоног.

4.1.2. Түрээслэгчийн үйлдлийн улмаас учирсан хохирол, түүний үнэлгээний талаар:

Хариуцагч Ч.******* миний бие шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа өөрт байгаа бичгийн нотлох баримтуудыг хавсаргаж, нэхэмжлэгч Г.*******гийн түрээслэсэн эд хөрөнгийг хүлээн авсан биет байдлаар хүлээлгэн өгөөгүй, рестораны эд зүйлийг эвдэж гэмтээсэн, хэвийн бусаар элэгдүүлж, хорогдуулсан хохирлыг зах зээлийн үнээр тооцоод 3,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан ба түрээслэгч Г.*******гийн рестораны эд хөрөнгийг хэвийн бусаар элэгдүүлж хорогдуулсан, эвдэж гэмтээсэн зэрэг нь хариуцагч Ч.******* надад учирч буй эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэлд хамаарч байгаа юм.

Миний бие шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа эвдэрч гэмтсэн, хэвийн бусаар элэгдэл хорогдол үүссэн эд зүйлийн жагсаалтыг гарган өгсөн. Мөн нэхэмжлэгч этгээдийн хувьд ч эд хөрөнгөд үүссэн элэгдэл хорогдол, гэмтлийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрдөг боловч үнийн хувьд харилцан зөрүүтэй байдаг. Иймд хариуцагч Ч.******* миний бие өөрийн татгалзлыг нотлох зорилгоор шүүхээс хараат бус, хөндлөнгийн, тусгай мэдлэгтэй этгээдийг шинжээчээр томилуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт хэргийн оролцогч ... шинжээч томилуулах... тухай хүсэлт гаprax эрхтэй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн элэгдэл хорогдол учирсан, гэмтэл үүссэн, тодорхой хэмжээнд хохирол учирсан талаар харилцан маргаангүй, гагцхүү учирсан гэх хохирлын дүнгийн хэмжээнд маргаантай байхад энэ талаар шинжээч томилж, хохирлын дүгнэлт гаргуулахгүй хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч Г.*******гийн гаргасан хэт бага үнийн дүнтэй буюу 361,600 төгрөгийн хохирол учруулсан гэх тайлбарыг нотлох баримтаар үнэлж, бусад хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах боломжийг хязгаарласанд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.03-ны өдрийн 102/ШШ2024/03492 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч Г.******* миний бие нь гэрээнд заасан үндсэн үүрэг болох түрээсийн гэрээний төлбөр төлөх үндсэн гол үүргээ биелүүлсэн байхад барьцаа төлбөр 8,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үйл ажиллагаа зогсоосон үеийн түрээсийн төлбөрийг 30 хоногт хуваан тооцвол 2,600,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд олж болох байсан орлого, орлогын дундаж хэмжээ 3,600,000 төгрөг, 2023 оны 5, 6 сарын усны төлбөр 144,500 төгрөг, ресторанаас үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр 215,400 төгрөг, нийт 14,559,900 төгрөгийг хариуцагч Ч.*******оос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдсэнд гомдолтой байна. Талууд гэрээний 2.2.1 зааснаар түрээсийн төлбөрийг эхний 2 сар төлбөрийг барьцаа төлбөрийн хамт 18,000,000 төгрөг байхаар тохиролцож шилжүүлсэн байдаг.

Харин дараа сарын төлбөрийг ашиг орлого муу байсан учраас түрээслэгчээс санал тавьж 5,000,000 төгрөг төлөхөөр санал тавьсан түрээслүүлэгч саналыг хүлээж авсан. Иргэний хулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлцэн тохиролцсон бол хийгдсэн гэж үзнэ гэжээ. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 22-нд 5,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Гэтэл Анхан шатны шүүхийн шийдвэриийн 8 дахь хэсэгт хариуцагчаас өгсөн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэжээ. Нэхэмжлэгч нийт түрээсийн төлбөр 42,000,000 төгрөг шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарладаг. Энэ нь хариуцагчийн дансны хуулгаас харагдаж байгаа.

Түрээслэгчийн түрээсийн төлбөрийн тооцооллыг харвал нийт түрээсийн төлбөрт 9 сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тооцоход 39,000,000 төлөхөөр байгаа гэтэл 42,000,000 төлсөн нь дансны хуулгаар нотлогдоно. Түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн. Шүүхийн шийдвэрийн 8 дахь хэсэгт 45,500,000 төгрөгнөөс хасаж тооцсон тооцоолол нь ойлгомжгүй байна. Барьцаа 8,000,000 төгрөг нь түрээсийн төлбөр биш.

5.2. Шүүхийн шийдвэрийн 10 дахь хэсэгт заасан олох байсан орлогоо өөрөө нотлох үүрэгтэй гэжээ. Үйл ажиллагаа явуулаад орлого олж байсан учраас түрээсийн төлбөр төлж байсан. Түрээсийн төлбөрийг олж байсан орлого гэж үзэх боломжтой. Хариуцагч хуулиар болон гэрээний 4.1.1-т зааснаар түрээслэгчийн явуулж байгаа үйл ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг хүлээсэн. 10 хоног ямар нэгэн мэдэгдэл өгөлгүйгээр шууд хаалганы гол сольж байгаа үйлдэл нь орлого олоход саад учруулсан учраас нэхэмжилсэн. Шүүх ингэж дүгнэж байгаад гомдолтой байна. Тэгээд ч хариуцагч миний бүх баримт бичгийг буцааж өгөөгүй.

5.3. 2023 оны 5, 6 сарын усны төлбөр, хариуцагчийн нөхөр ресторанаас үйлчилгээ авсан төлбөрийг хариуцагч тайлбартаа нотловол өгнө гэж байгаа нь өөрөө хэр шударга ёсонд нийцэх вэ хариуцагч миний бүх төлбөрийн болон дансны баримтыг авчихаад өгөхгүй камер шүүж харъя гэхээр харуулахгүй байгаад гомдолтой байгаа. Харин миний бие бүх дутаасан эд хөрөнгөө буцааж өгье гэдгээ илэрхийлж байсан. Тэгээд эд хөрөнгийн үнийн дүнгийн тооцоололоо гаргаж өгсөн. Хариуцагч яагаад ийм шударга бус байгаад гомдолтой байна.

5.4. Шүүхийн шийдвэрийн 9 дэх хэсэгт рестораны үйл ажиллагааг зогсоосон үеийг яагаад, ямар үндэслэлээр 8 хоногоор тооцож зөвхөн хариуцагчийн өгсөн тайлбараар тооцож байгаа нь ойлгомжгүй. Рестораныг нээж өгөөгүй 10 хоног болсон. Миний бие нилээдгүй шаардсаны эцэст 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хаалганы шинэ түлхүүрийг надад хүлээлгэн өгсөн.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна. Уг гомдлыг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагчийн түрээс тооцох хугацаа гэх хүснэгтээр гаргасан баримтын тухайд 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 сар гэж тооцож байгаа бөгөөд гэрээний 2.2-т сараар тооцсон хугацааг яаж тоолох талаар тодорхойлсон. Сараар тооцох хугацаа гэдэг нь тогтоосон хугацаанд дараа сарын мөн өдөр дуусна гэж заасан байхад хариуцагчийн тооцооллоор 4 хоног гэж тооцсон нь үндэслэлгүй.

7. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гараагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ч.*******ид холбогдуулан 16,014,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14,559,900 төгрөг болгон багасгасан, уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө байх хугацааны төлбөл зохих төлбөрийг дутуу тооцсон алдааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой гэж үзлээ.

3.1. Талууд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г.******* нь Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12 дугаар байр ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай, 331.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай, рестораны зориулалтаар түрээслэх, сарын төлбөр 8,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, эхний 2 сарын төлбөр болон барьцааны хамт 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч урьдчилан төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 45,500,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /1хх-ийн 6-11 дүгээр тал/

3.2. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг рестораны зориулалтаар, үр шимийг хүртэж ашиг олох зорилгоор ашиглаж байснаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэвч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.3. Хэдийгээр талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус боловч нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгийг мэдэлдээ авч, эзэмшиж, ашиглаж байсан нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд нэхэмжлэгч эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны үнэ болон уг эд хөрөнгөтэй холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт нийцжээ.

Эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны үнийг эд хөрөнгийг хүлээн авснаас хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд тооцох бөгөөд нэхэмжлэгч түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан боловч уг хугацааг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс тооцож, эд хөрөнгө эзэмшиж, ашигласны төлбөрийг тооцох талаарх хариуцагчийн тайлбарыг анхаараагүйгээс нэхэмжлэгчийн төлбөл зохих төлбөрийг 42,000,000 төгрөг гэж анхан шатны шүүх буруу тодорхойлсон.

Мөн нэхэмжлэгч нь ашиг орлого муу байснаас 2023 оны 9 дүгээр сарын төлбөрийг 5,000,000 төгрөг болгохоор харилцан тохирсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул дээрх хугацааны төлбөрийг гэрээнд заасан үнээр тогтоох үндэслэлтэй. Иймд 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь эд хөрөнгө эзэмшиж, ашигласны төлбөрт 42,800,000 төгрөг төлөх үүрэгтэй байх тул уг төлбөрт 39,000,000 төгрөг төлнө гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн гомдол хангагдана.

3.4. Дээрх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн ус, дулааны төлбөр 684,070 төгрөг, цахилгааны төлбөр 365,050 төгрөг, 2023 оны 11, 12 дугаар сарын интернэт ашиглалтын төлбөр 117,000 төгрөг, хогны төлбөр 480,000 төгрөг нийт 1,646,120 төгрөг болж, уг төлбөрийг хариуцагч төлсөн болох нь хэрэгт авагдсан хэрэглэгчийн дансны хуулга, төлбөрийн нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон банкны дансны хуулгаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн төлбөл зохих төлбөрт тооцогдох талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.

Түүнчлэн, нэхэмжлэгч рестораны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тавилга, эд хогшил, гал тогооны хэрэгслүүдийн хамт хүлээн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байх ба харин үүнээс 27 нэр төрлийн эд зүйлсийг гэмтээж, үрэгдүүлсэн үндэслэлээр хариуцагч нь барьцааны төлбөрөөс 3,000,000 төгрөгийг суутган тооцно гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр 361,600 төгрөгийг суутган тооцохоор шүүх шийдвэрлэсэн нь нотлох үүргийн зарчмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч нь 27 нэр төрлийн эд зүйлсийг үрэгдүүлсэн, гэмтээсэн эд хөрөнгийн жагсаалт гэх нэхэмжлэгчийн гарын үсгээр баталгаажаагүй баримт гаргаж өгсөн байх ба уг баримтаар дээрх нөхцөл байдлыг нотолсон гэж дүгнэхгүй тул энэ тохиолдолд эдгээр эд зүйлсийн үнийг шинжээчээр тогтоолгох шаардлагагүй юм. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

Мөн нэхэмжлэгч нь түрээсийн эд хөрөнгийг өөрөөс үл хамаарах шалтгаанаар 10 хоногийн хугацаанд эзэмшиж, ашиглаж чадаагүй гэх боловч 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр рестораны үйл ажиллагаа явагдсан, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч түлхүүрийг өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгчийн төлбөл зохих төлбөрөөс 8 өдрийн төлбөрийг хасаж тооцон, уг төлбөрийн хэмжээг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байна.

3.5. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх үйл ажиллагаа зогсоосон хугацаанд олох байсан орлого гэх 3,600,000 төгрөгийн, 2023 оны 5, 6 сарын усны төлбөрт төлсөн гэх 144,500 төгрөгийн, хариуцагчийн нөхрийн рестораны үйлчилгээ авсан гэх төлбөр 215,400 төгрөгийн шаардлагатай холбогдох баримт гаргаж өгөөгүй байх тул дээрх шаардлагаа баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлагыг хариуцагч зөвшөөрөөгүй нөхцөлд уг шаардлагаа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх, цуглуулах нь түүний үүрэг бөгөөд талуудын маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэрлэнэ. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол хангагдахгүй.

4. Иймд дээрхийг нэгтгэвэл нэхэмжлэгчийн нийт төлсөн 45,500,000 төгрөгөөс төлвөл зохих 44,807,720 төгрөгийг хасаж, хариуцагчаас зөрүү болох 692,280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцнэ.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/03492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 3,625,613 ... гэснийг 692,280 гэж, 10,907,287 гэснийг 3,867,620 гэж,

2 дахь заалтын 72,959 гэснийг 21,165 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 230,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 72,959 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

  ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Т.ГАНДИЙМАА