Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 213

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух, /СК65031503/ регистрийн дугаартай Боржигон овогт Сэмпэнгийн Баярсайханы хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч С.Баярсайхан нар оролцов.

Т О ДО Р Х О Й Л О Х нь:

         Хүсэлт гаргагч С.Баярсайхан нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1965 онд Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн. Бага дунд сургууль төгсөөд “Дархан-Оргил” нэгдэлд малчнаар орж ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад 1981-1992 оны 12 сар хүртэл 11 жил ажилласан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй, ажиллаж байсан хугацааг нотлох хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргийг үндэслэн “Дархан-Оргил” нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан 11 жилийг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч С.Баярсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 8 дугаар ангиа төгсөөд буюу 1981 оны 10 сараас “Дархан-Оргил” нэгдэлд орж ажилласан. 1981-1982 онд эм хонь, 1982-1983 онд төлөг, 1984 оноос нөхөртэйгөө эм хонь маллаж байсан” гэв.      

Ү Н Д Э С Л Э Х нь:

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч С.Баярсайхан нь 1981 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн 1981 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдлээс цалин авч байсан талаарх архивын тодорхойлолт /хх-н 3 дугаар хуу/, гэрч Д.Цэнд-Очирын “С.Баярсайхан Хэнтий аймгийн Дархан сумын 8-н жилийн сургууль төгсөөд 1981 оноос эцэг, эхтэйгээ мал маллаж байгаад гэр бүлтэй болж Дархан сумын 2-р бригадад мал малласан. Голдуу 1 настай мал маллаж байгаад хувийн аж ахуйтан болсон...” гэх мэдүүлэг /хх-н 27 дугаар хуу/, гэрч С.Ялалтын “С.Баярсайхан Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд 1981 оноос мал маллаж эхэлсэн. Нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаж байсан. Нэгдэл 1992 онд тарсан байх...” гэх мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд С.Баярсайханы шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Баярсайханыг Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд 1981 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

                                                                          Т О Г ТО О Х нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Сэмпэнгийн Баярсайханыг 1981 оны 10 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ                                   Р.БАТБАЯР