Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01717

 

 

 

 

 

 

  2024 09 06 210/МА2024/01717

 

******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/02726 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******т холбогдох

******* ТБАГ-ын эзэмшлийн ******* судар, ******* гэх судруудыг хууль бус эзэмшлээс гаргуулах, хууль ёсны эзэмших эрхийг хангуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл шинжээч, эрдэмтэн Ж.******* агсан 2014 онд *******ын хөрөг баримал, түүний өмсөж байсан ******* болон Зш судрыг манай музейд хандивласан юм. Энэхүү 5 дурсгалт зүйлийг зохих заавар, журмын дагуу музейн үзмэрт бүртгэн авч хувийн дугаар өгч хадгалсан.

1.2. Ж.******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аар дамжуулан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр *******н захиргаанд хандаж Ж.******* нь өөрийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах болсон тул 2014 онд *******-д хүлээлгэн өгсөн ******* судар, ******* гэх судруудыг түр хугацаагаар эзэмшүүлж тусална уу гэх утга бүхий хүсэлтийг гаргасан.

1.3. Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.*******ын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/5227 тоот зөвшөөрөл, Богд хааны Ордон Музейн захирал О.*******ы 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/36 тоот тушаалыг тус тус үндэслэн ******* судар /хэмжээ 22х9,5см, хуудас22/, БОМ2014.5.3 хувийн дугаартай ******* /хэмжээ:43х16см, хуудас 63/ гэх нийт 2 ширхэг судрыг Ж.*******гийн зохион байгуулах гэж буй үзэсгэлэнд оролцуулахаар Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ-г 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн *******тай байгуулж, дээрх судруудыг Б.*******т хүлээлгэж өгсөн.

1.4. Уг гэрээ нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал нийт 6 сарын хугацаатай байгуулагдсан хэдий ч гэрээний хугацаа дуусгавар болоход Б.******* нь гэрээгээр хүлээж авсан ******* судар, ******* гэх судруудыг *******-д хүлээлгэж өгөөгүй.

Гэрээний хугацаа дууссанаас хойш Б.*******т аман болон бичгийн хэлбэрээр хандаж гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байсан боловч 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ-ний 5.1 дүгээр зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан Гэрээ дуусгавар болоход Эд өлгийн зүйлүүдийг эх төрх, бүрэн бүтэн байдлаар буцаан Эд өлгийн зүйлийг эзэмшигчид албан ёсоор хүлээлгэн өгөх үүрэгтэй гэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Б.*******т судруудыг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээний хугацаа дуусаж, Б.******* нь судрыг өгөхгүй байгаа тул Б.******* нь тухайн судруудыг хууль бусаар эзэмшиж байна. Тиймээс тухайн судруудын эзэмшигч болох ******* ТБАГ нь эзэмшигчийн үүднээс тухайн судруудыг Б.*******ын хууль бус эзэмшлээс гаргуулж авах хүсэлтэй байна. Ж.******* нь нас барсан бөгөөд дээр дурдсан судрууд нь одоо Б.*******т байгаа болно.

1.5. Иймд ******* ТБАГ-ын эзэмшлийн ******* судар /хэмжээ 22х9,5см, хуудас22/, БОМ2014.5.3 хувийн дугаартай ******* /хэмжээ: 43х16см, хуудас 63/ гэх 2 ширхэг судрыг хууль бус эзэмшигч Б.*******аас гаргуулж, дээрх судруудын хууль ёсны эзэмшигч болох ******* ТБАГ-т олгож, ******* ТБАГ-ын дээрх судруудыг эзэмших эрхийг хангаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Иргэн овогтой ******* би өөрийн авга ах Ж.******* агсны хүсэлтээр 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэлийн дагуу *******-д хадгалагдаж байсан , судруудыг эргүүлэн авахтай холбоотой асуудлыг хөөцөлдөн 2017 оны 6 дугаар сарын 28-нд гэрээ байгуулж хүлээн авч ах Ж.*******д хүлээлгэн өгсөн.

2.2. Миний авга ах Ж.******* өөрийн аав болон нутгийн бусад хоёр хүнээр /бүгд 1930-аад оны дунд үе хүртэл Манханы хийдийн лам нар байсан/ дамжин ирсэн, 60-аад жил нууцлан хадгалж байсан Ойрдын тай холбоотой түүхэн дурсгалт зүйлсийг өөрийн санаачилгаар 2014 оны 1 дүгээр сарын 03-нд *******-д ямар нэг үнэ, төлбөргүйгээр хүлээлгэн өгсөн.

Гэтэл үүний дараахнаас ахын минь бие муудаж бусдын дэмжлэггүй явж чадахгүй болсон төдийгүй өөрийн төрсөн охин нь өвчний улмаас нас барсан. Энэ байдал ахад минь хүндээр нөлөөлж бие нь доройтож байв. Үүнээс шалтгаалан музейд өгсөн зүйлс дунд байсан өөрийнх нь хэлснээр өөрийнх нь аавынх нь уншдаг байсан, үзмэрт холбогдолгүй дээрх судруудыг эргүүлэн авч буян үйлдэх зорилгоор хэрэглэх хүсэлтэй байгаагаа надад хэлж улмаар энэ хүсэлтээ 2016 оны 9 дүгээр сарын 29-нд бичгээр тухайн үеийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд байсан н.Батсуурьт надаар дамжуулан өгсөн болно. Тухайн үед сайд энэ өргөдлийг Соёлын газрын дарга н.*******од шийдэж өгөх үүрэг өгөн шилжүүлсэн бөгөөд н.******* энэ асуудлыг яамны дэргэдэх Соёл урлагийн зөвлөлд хэлэлцүүлсэн ба надад хэлснээр тус зөвлөлөөс удахгүй болох улсын тооллогоор оруулан хасаж, эргүүлэн өгөх зөвлөмж гаргасан. Тухайн үед тооллогыг хариуцан хийх байгууллага нь Хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар байсан тул Ж.******* ах 2017 оны 01 дүгээр сарын 30-нд тус агентлагийн дарга Г.ад уг асуудлаар хандан хүсэлт гарган, хүсэлтийг би биечлэн өгч, учир байдлыг тайлбарласан.

Энэ асуудлаар тухайн үед музейн захирал байсан О.*******тай байнга харьцан ярилцаж байсан ба *******-н захиргаанд 2017 оны 5 дугаар сарын 04-нд дээрх судруудыг шашин номын зориулалтаар түр авах, энэ асуудлыг өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрөө хөөцөлдөх боломжгүй байгаа тул надаар өөрийгөө төлөөлүүлэх өргөдөл гаргасан. Удаан хөөцөлдсөний дүнд 2017 оны 6 дугаар сарын 28-нд хоёр судрыг түр эргүүлэн олгох болсныг надад хэлж би тус музейд очсон боловч хүсэлт гаргаж өөрөө ирэх боломжгүй бол албан ёсны итгэмжлэл бүхий хүнд өгнө гэсний дагуу зохих итгэмжлэлийг бүрдүүлж уг судруудыг хүлээн авч тэр даруй Ж.******* ахад гэрт нь хүргэж өгсөн болно.

2.3. Эдгээр түүхийн үнэт зүйлийг миний ах нууцлан хадгалж ирсэн бөгөөд 2010 онд Ж.******* ахын бичиж би хэвлэлтийг нь хариуцсан Захчины товчоон нэртэй захчин олны түүх, уламжлалт ёс заншлын тухай номонд анх оруулан, зургийг нийтэлснээс хойш хүмүүс холбогдож асууж, сурж эхэлсэн төдийгүй гаднаас ч хүмүүс ирж уулзах болсон. Тухайлбал Оросын Холбооны Улсын Халимаг улсаас тус улсын ерөнхийлөгч байсан Илэмжиновын бие төлөөлөгч ирж худалдан авах хүсэлт тавин, 1 сая$ санал болгож байсан ба Дилав хутагтийн сангаас сүм барих, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шиньжан дахь Ойрд судлалын төвөөс хамтран судлах, Хөх Нуурын Дээд монголчууд, Шиньжан дахь ойрд, торгуудуудаас тэнд авчирч мөргөл үйлдүүлэх хүсэлт ирж байсан ч зөвшөөрөөгүй. Манай зарим нэг хүмүүс ч зарвал өндөр үнэ хүрэх талаар надад хэлж байсан.

Үүнээс гадна 1990-ээд оны эцсээр Манхан суманд байдаг манай хамаатнууд суманд шинээр байгуулагдсан хийдэд дээр үеэс хадгалагдан ирсэн алтадмал Майдар бурхан хандивласан боловч хулгайд алдсан байдаг. Эдгээр мэдээллийг энд хавсаргасан үзмэрүүдийг музейд өгөх үед хийсэн ярианы тэмдэглэлээс үзэж болно. Энэ бүхнийг дурдах учир нь энд яригдаж буй судруудыг ах маань ямар нэг өөр зорилгоор аваагүй гэдгийг нотлох гэсэн юм. Хэдийгээр бид эдгээр үнэт зүйлсийг хуулийн дагуу бүртгүүлээд өөрсдөө хадгалж байж болох байсан ч олон нийтэд үзүүлж, хүргэх, үүднээс музейд өгөхөөр шийдсэн юм.

Эдгээр дурсгалуудыг бид музейд өгөхдөө хэрхэн хадгалах, музейн аль хэсэгт байрлуулах, ямар зорилгоор ашиглахгүй байх гэх мэт тодорхой нөхцөлүүдтэй өгсөн бөгөөд энэ заалт нөхцөлүүдийг тодорхой заасан, хэрэв зөрчсөн тохиолдолд ар гэр хамаатнууд бид буцаан авах заалтыг тусгасан гэрээ байгуулж баталгаажуулахаар тохиролцсон боловч одоо хүртэл ямар нэг гэрээ хийгдээгүй буюу өөрөөр хэлбэл эдгээр үнэт зүйлсийг өгсөн, хүлээж авсан үйл явц хоёр талын эрх үүрэг, эзэмших, өмчлөх эрхийн харилцаа баталгаажаагүй гэсэн үг юм. Иймээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлд ...хууль ёсны эзэмшигч... хэмээн өөрийгөө тодорхойлсон нь ямар нэг хууль эрхийн актаар баталгаажаагүй гэж үзэж байна.

Үзмэрүүдийг өгөх үед тохиролцсон зөвхөн Хааны өвлийн ордонд байрлуулах, ямар нэг засвар хийх үед бидэнд өгч хадгалуулж байх, өгсөн зүйлсэд багтсан Гэгээнтний шавийнх нь бичсэн Сарны гэрэл гэх Зая Гэгээний намтрыг хэвлүүлэх гэх мэт олон асуудлууд /эдгээр нөхцөлүүдийг энд хавсаргасан Ж.******* ах үзмэрүүдийг өгөх талаар өөрийн бичсэн хүсэлт, ССАЖ-ын сайд асан Ц.д гаргасан хүсэлтээс харж болно/ зөрчигдөж, өнөөдрийн байдлаар гэхэд үзмэрүүдийг өвлийн ордноос гарган номын сангийн сүмд шилжүүлсэн төдийгүй уг барилга нь засварт орсон тул үзмэрийг бусдад үзүүлэх боломжгүй хаалттай байна.

Гэрээ байгуулагдаагүйгээс наад зах нь үзмэрүүдийг өгөх үеийн ярианы уулзалтын тэмдэглэлд байгаа хадгалуулах гэсэн тодорхойлолт, Ж.******* ахаас ССАЖ-ын сайд асан Ц.д гаргасан хүсэлтэд тэмдэглэсэн хамтран эзэмшигч гэдэг тодорхойлолт, хүлээн авсан талын хүлээлцэх акт, судруудыг түр авах гэрээн дэх бэлэглэсэн гэдэг зөрүүтэй тодорхойлолтуудын аль нь зөв болох нь тодорхойгүй байна. Бидэнд байгаа үзмэрүүдийг хүлээлцэх үеийн ярианы тэмдэглэл, музейд эд өлгийн зүйлс хүлээн авсан акт, хүлээн авсан гэрээ нь гарын үсэг, тамга тэмдэггүй баталгаажаагүй байдаг.

Үүнээс гадна эдгээр дурсгалт зүйлсийг авахдаа музейн зүгээс Ж.******* ахад яамны батламж, 20-30 сая төгрөгийн урамшуулах олгуулахаар амалж байсан ба би энэ амлалтын талаар яамдын сайд, дарга нарт хэлж байсан ч биелээгүй. Ж.******* ахын энэ талаар гаргасан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн өргөдлийг нэхэмжлэгч талаас ирүүлсэн материалд хавсаргасан байсан.

2.4. Судруудын асуудлаар музейгээс утсаар нэг удаа судруудыг авчирч тоолуулах талаар хэлсэн бөгөөд надад албан бичгээр 2019 оны 3 дугаар сарын 29-нд хандсан. Энэ үед ахын бие муудаж, хэвтэрт орсон, харвалтын улмаас ярьж чадахгүй болсон байсан ба надад олгосон итгэмжлэлийн 1 жилийн хугацаа 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дуусаж би ямар нэг төлөөлөх эрхгүй болсон.

2.5. 2023 онд *******-н нэхэмжлэхийн дагуу намайг Эрүүгийн цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан ба н.******* ахын хүү, зээ нартай уулзаж асуусан. Цагдаагаас надад хэлсний дагуу би ахын гэрт нь очиж үлдсэн номууд бичиг цаас бүхий хайрцаг савыг үзэж хайсан боловч дээрх судрууд байгаагүй. Цагдаагаас дуудсаны дараа би Соёлын сайд Ч.Номинтой уулзаж бүх болсон зүйлийг танилцуулан судруудын талаар нааштай шийдвэр гаргаж өгөхийг хүссэн ба сайд энэ асуудлаар судалж шийдвэр гаргана гэсэн ч одоо болтол ямар нэг хариу өгөөгүй.

Би судруудыг авч өгснөөс хойш энэ талаар ахаас асууж сураагүй бөгөөд хэрхсэн талаар ямар нэг таамаг алга. Гэрт нь хуучин хамт ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажилтнууд, өөрийнх нь сүүлд гаргасан номыг нь хэвлэлд бэлтгэсэн хүмүүс, орон нутгаас ирсэн лам нар, музейн ажилтан зэрэг хүмүүс ирж уулзаж эргэж байсан.

Эдгээр судрууд нь ямар нэг алт, мөнгө, үнэт зүйлсэн чимэглэл, зураг дүрсгүй, энгийн цаасан дээр бэхээр гараар бичсэн байсан ба хэрэглэж байсныг нотлох наалт, скочны мөртэй, нилээд элэгдсэн байсныг энд хавсрагдсан 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Үзмэр худалдан авах зөвлөлийн тэмдэглэл мэргэжлийн хүмүүсийн тодорхойлтоос үзэж болно.

*******-н нэхэмжлэхэд эдгээр судрууд надад байгаа мэтээр дурдсан нь үндэслэлгүй бөгөөд миний 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэлд зааснаар би ...музейн Захиргаанд хүсэлт гаргах, эд зүйлсийг хүлээн авахтай холбоотой... Ж.******* ахыг төлөөлөх эрхтэй байсан.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.*******ын хууль бус эзэмшлээс ******* судар, ******* судрууд-ыг гаргуулах тухай ******* ТБАГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ******* ТБАГ-ын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс ******* ТБАГ-ыг маргааны зүйл болох ******* судар, ******* гэх судруудын өмчлөгч биш гэж үзсэн. Дээрх хоёр судрыг Ж.******* нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ******* ТБАГ-т бэлэглэсэн. Нэр бүхий хоёр судар болон түүнтэй хамт өгсөн эд өлгийн зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч протокол хөтөлсөн байдаг ба эдгээр баримтууд нь хавтас хэрэгт тусгагдсан. Ж.******* нь тухайн хоёр судрыг ******* ТБАГ-т бэлэглэсэн үйл баримт бүрэн нотлогддог ба хавтас хэрэгт тусгагдсан.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. гэж бэлэглэлийн гэрээг тодорхойлж өгсөн. Хуулийн уг заалтаас харвал бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн өмчлөлд тодорхой хөрөнгийг шилжүүлдэг. Ж.******* нь ******* ТБАГ-д тухайн хоёр судрыг ямар нэгэн хариу төлбөргүй шилжүүлсэн нь талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсаныг нотлох буюу тухайн судрууд ******* ТБАГ-ын өмчлөлд шилжсэн. Мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.2. Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан байх эд өлгийн зүйл болох судрыг бэлэглэхэд гэрээг заавал бичгээр хийнэ гэсэн хуулиар тогтоосон хэлбэр байхгүй учраас Ж.*******гоос бэлэглэсэн эд өлгийн зүйлсийг хүлээн авахдаа гэрээг бичгээр хийгээгүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх ******* ТБАГ-ийг нэр бүхий хоёр судрын өмчлөгч биш гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсгийн 7.9-т хариуцагч Б.******* нэхэмжлэгч ******* ТБАГ нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн нь тодорхойгүй зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр Ж.*******гийн нэрийн өмнөөс гэрээний харилцаанд орсон, одоо маргаан бүхий судрууд нь хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа эсэх нь нотлогдоогүй, судрууд хаана байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Ж.******* нь өөрийн үзэсгэлэнгээ гаргахаар болж нэр бүхий хоёр судрыг үзэсгэлэндээ гаргамаар байна гэсэн хүсэлтийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээнд нэг талаас ******* ТБАГ, нөгөө талаас Б.******* гэх хүн гарын үсэг зурж тухайн судруудыг Б.******* өөрийн биеэр хүлээн авч буцаан хүлээлгэж өгнө гэж хэлж авч явсан. Б.******* нь Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ-нд гарын үсэг зурж гэрээний нэг тал болж үүрэг хүлээсэн этгээд байхад Б.******* нэхэмжлэгч ******* ТБАГ нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн нь тодорхойгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Энэ асуудал ******* ТБАГ-ын хариуцлагагүй үйл ажиллагааны илрэл. Манай ах Ж.******* өөрийн санаачилгаар 50 гаруй жил хадгалж байсан шашны эд зүйлсээ музейд өгсөн бөгөөд 2 тал ямар эрх, үүрэг хүлээх талаарх саналаа 2 удаа ярилцаж протоколд тэмдэглээд гэрээ байгуулахыг хүссэн боловч ******* ТБАГ гэрээ байгуулаагүй. ******* ТБАГ эзэмшигч гэдгийг нь тодорхойлох албажсан гэрээ хэлцэл байхгүй. Ж.******* ахын бие муу байсан учраас би 1 жилийн хугацаатай итгэмжлэл авсан. Итгэмжлэлээр 2 судрыг авах ажлыг надад даалгасан, тус итгэмжлэлд судрыг захиран зарцуулах эрх үүрэг байгаагүй. Нэг удаа утсаар ярихдаа авчирч тоолуул гэж хэлсэн, би Ж.******* ахад дамжуулж хэлсэн. 2019 онд итгэмжлэл авч байсан, үүнээс хойш 1 жилийн гаруй хугацааны дараа надад хандсан. Төлөөлөх эрх байхад надад албан бичгээр хандах болон өөр байдлаар мэдэгдсэн зүйл байхгүй. Эрүүгийн цагдаагийн газраас намайг дуудаж мэдүүлэг авсан. Надад судар байхгүй, хүсэлтийнх нь дагуу би судрыг хайсан боловч олоогүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* ТБАГ нь хариуцагч Б.*******т холбогдуулан тус музейн эзэмшлийн ******* судар, ******* судруудыг хууль бус эзэмшлээс гаргуулах агуулга бүхий шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

3.1. Талуудын маргааны зүйл болсон *******, ******* гэсэн нэртэй 2 судрыг иргэн Ж.******* нь *******д өгөх хүсэлт гаргаж, өөрийн хүсэлтийн дагуу 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр дээрх судруудыг хүлээлгэн өгсөн гэж зохигч хэн аль нь тайлбарласан, энэ талаарх баримтууд хэргийн 15, 17-28, 36-39 дүгээр талд авагджээ.

Түүнчлэн дээрх 2 судрыг иргэн Ж.******* нь хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор түр буцаан авах хүсэлтийг хожим илэрхийлж, түүнээс Б.*******т олгосон итгэмжлэлийг үндэслэн, талууд 2017.06.28-ны өдөр Эд өлгийн зүйлийг түр хугацаагаар эзэмшүүлэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу маргаан бүхий 2 судрыг хариуцагч Б.*******т хүлээлгэн өгсөн үйл баримтад зохигч маргаангүй.

4. Талуудын тайлбараас үзвэл маргааны зүйл болсон 2 ширхэг судар нэхэмжлэгчийн эзэмшлээс хариуцагчид шилжсэн байх ба хариуцагчийн бодит эзэмшилд одоо байгаа эсэх асуудал нь маргааны зүйл болж, уг асуудалтай холбоотой хариуцагчийн тайлбараас өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон судруудыг хариуцагчийн эзэмшилд байгаа талаар нотлох баримт гарган өгөөгүй, хариуцагчийн эзэмшилд бодитой байгаа эсэх талаар нотлоогүй, мөн судрууд хаана байгаа нь тодорхойгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу тогтоосон гэж үзэхээр байна.

Учир нь, судруудтай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгуулсан гэх асуудлыг талууд хэн аль нь тайлбарласан, хариуцагч Б.*******ын хувьд дээрх 2 судрыг Ж.*******д хүлээлгэн өгснөөр итгэмжлэлээр олгосон эрх, үүрэг дуусгавар болсон, Ж.******* нь 2022 онд нас барсан бөгөөд эдгээр судартай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч, тус байгууллагын хүсэлтээр Ж.*******гийн гэрээс судруудыг хайсан, одоо түүний нэг хүүхэд, мөн нэг зээ нь байдаг гэж тайлбарласан байна. Шүүх талуудын маргаж буй асуудалтай холбогдон эдгээр нөхцөл байдлыг тодруулаагүй, талуудыг мэтгэлцээнд чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтын талаар тодруулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

5. Дээрх үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/02726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА