Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 26

 

А.А-, С.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                         Н.Идэр

Ялтан                                              А.А-

                                                         С.Э-

Ялтны өмгөөлөгч                           Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн  53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан А.А-ын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сугарын Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-гийн А- нарт холбогдох эрүүгийн 201609000507 дугаартай 171/2017/0060/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Боржигон овогт Сугарын Э-, /РД:ТИ85061486/, 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 4-34 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч уг хаягт оршин суудаггүй, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2003 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

-2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 21 хоногийн хорих ял эдлэхээс өршөөн хэлтрүүлсэн,

2. Монгол Улсын иргэн, Боржигон овогт А-гийн А- /РД:ТВ73020173/, 1973 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлургийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 7-154 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч уг хаягандаа оршин суудаггүй, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-1996 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 65 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэн 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-2000 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан,

-2001 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3 сар 14 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 96 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн,

-2004 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 96а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

-С.Э- нь ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 17.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ-Орчин” төвд үйл ажиллагаа явуулах “Ганга-Эгмо” хүнсний дэлгүүрийн орчимд хамтран амьдрагч Д.Баатарсүрэнг өмөөрсний улмаас А.А-ыг архины шилээр хүзүүн тус газар нь зүсэж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,

-А.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 17.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ-Орчин” төвд үйл ажиллагаа явуулах “Ганга-Эгмо” хүнсний дэлгүүрийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан архины шилийг зэвсгийн чанартай ашиглан Д.Баатарсүрэнгийн эрүүн тус газар нь зүсэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Сугарын Э-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Боржигон овогт А-гийн Амаржаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сугарын Э-т 5 жил 1 сарын /таван жил нэг сар/ хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт А-гийн Амаржаргалд 5 жил 10 хоногийн /таван жил арав хоног/ хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч С.Э-ийн энэ хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/, шүүгдэгч А.А-ын энэ хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний үзүүрийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч С.Э-, А.А- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Э-, А.А- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус шийдвэрлэжээ.

Ялтан А.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд миний биед 1.4 промиль этилийн спирт илэрсэн гэх нь үнэн боловч Баатарсүрэн бид хоёрын хэрэлдэж, муудалцсаны сүүлд 15 цагийн үед уусан архины промиль юм.

Захын доод талын Эрүүл мэндийн 2 дугаар төвд хөлөө үзүүлээд картаа ээжид захиад байж байсан тэр үед согтууруулах ундаа хэрэглээгүйг эмч нотлох болно. Цагийн байдлыг хольж хутгаж, хэрэг учралын газарт согтуу байсан гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж байгаад гомдолтой байна. Баатарсүрэнгийн шүүх эмнэлгийн дүгнэлтэн дээр эрүүн доорх шарх хурц үзүүртэй зүйл багажаар үүсгэгдэх боломжтой гэсэн байдаг. Мөн шипрээр цохьсон гэдгээ хэлж байхад түүнийг нотлох баримтаар хүлээж аваагүй. Зүсэгдсэн хэсэг нь шипр, шил хоёрын аль болохыг ялгах нотолгоогүй, согтуу танхайрсан, хутга мэсний зүйлээр довтолсон гэж хүндрүүлж үзэж байгаад гомдолтой байна.

Цагийн байдлын зөрүү, эрүүл мэнд минь түр самуурсан хагалгааны нөлөө бүрэн гүйцэт гараагүй байхад мэдүүлэг авсан байдал зэргийг минь харгалзан үзэж өөрт тохирсон зөв зүйлчлэлийг оноож, бусдын адил эрх тэгш амьдрахад минь тусалж, хэргийг зөв шийдэж өгнө үү” гэжээ.

Ялтан А.А- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Д.Баатарсүрэн бид хоёрын хэрэг нэг цаг хугацаанд болсон, энэ талаар би мөрдөн байцаагчид хэлсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад мөнгө авах шаардлага байгаагүй, би зөвхөн гар утсаа авах гэж очсон. Надтай хамт харуул хийж байсан залуу ирж салгаж намайг авч явсан. Би утсаа орхичихож гэтэл намайг өглөө ирээд авчих гэж хэлсэн. Мөнгө авсан гэж худал хэлж байна. Би танхайраагүй” гэв.

Ялтан С.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...А.А-ын зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Ялтны өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Гэрч нар мэдүүлэгтээ “С.Э-, А.А- нарын хийсэн гэмт хэрэг нэг цаг хугацаанд болсон” гэж хэлдэг” гэв.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...А.А- нь удаа дараагийн ял шийтгэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ялтны гаргасан гомдол нь үгүйсгэгддэг. Гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр ял шийтгэл оногдуулсан тул ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Ялтан С.Э-ийг ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 17.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ-Орчин” төвд үйл ажиллагаа явуулах “Ганга-Эгмо” хүнсний дэлгүүрийн орчимд хамтран амьдрагч Д.Баатарсүрэнг өмөөрсний улмаас А.А-ыг архины шилээр хүзүүн тус газар нь зүсэж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, ялтан А.А-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ-Орчин” төвд үйл ажиллагаа явуулах “Ганга-Эгмо” хүнсний дэлгүүрийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан архины шилийг зэвсгийн чанартай ашиглан Д.Баатарсүрэнгийн эрүүн тус газар нь зүсэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дуүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд С.Э-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч А.А-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.Э-т 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар А.А-д 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх...” хуулийн шаардлагыг хангажээ.

Ялтан А.А- нь давж заалдах гомдолдоо “...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад мөнгө авах шаардлага байгаагүй, би зөвхөн гар утсаа авах гэж очсон. Мөнгө авсан гэж худал хэлж байна. Би танхайраагүй...” гэсэн нь хохирогч Д.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...модны сүүдэрт унтаж байтал гэнэт халаас тэмтрээд байхаар нь сэрээд хартал Амаржаргал миний хажууд сууж байсан. Тэр миний халаасанд байсан мөнгийг авсан байсан. “Мөнгө аваад ир” гэхэд “хоёулаа архи авч ууя” гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө авах гэтэл “сүртэй ш дээ зайл банди минь” гээд намайг цохичихоод яваад өгсөн. Гэтэл миний нүүр халуу дүүгэж эрүүнээс цус гарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-66-р тал/, гэрч Б.Болдын мөрдөн байцаалтанд өгсөн “...орой 16.00-17.00 цагийн үед намайг Шинэ орчин төвийн гадна сууж байхад Дунияа / жинхэнэ нэр нь Д.Баатарсүрэн/ Буян зах талаас эрүүгээ барьсан, эрүүнээс нь цус гарсан ирсэн. Тэгээд надаас “Иван Жагаад /жинхэнэ нэр нь Амаржаргал/ зүсүүлчихлээ, цус гараад тогтдоггүй, цус арччих юм байна уу?” гэж асууж ирсэн. Би халаасанд байсан 00-ын цаас гаргаж өгөхөд цусаа арчаад байж байсан.  Тэгтэл цаанаас Э- хогийн бункерын тэнд байсан архины шилийг авч бункерт цохиж хагалаад хагархай шилний орой хэсгийг нь гартаа барьж ирээд “Иван Жагаа хаана байна, яахаараа хүнийг цус нөжтэй нь хольчихдог юм” гээд орилоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-83-84/, гэрч Д.Оюунаагийн “...16.00 цаг өнгөрч байхад Дунияа / жинхэнэ нэр нь Д.Баатарсүрэн/ нь “Иван Жагаа /жинхэнэ нэр нь Амаржаргал/ эрүү рүү цохичихлоо” гээд эрүүгээ дараад цусаа гоожуулаад ирсэн. Тэгтэл Э- энэ яриаг сонсоод “Иван Жагаа хаана байна, яахаараа хүнийг цус нөжтэй нь хольдог юм” гэж хашгираад хогийн бункерын тэнд байсан архины хоосон шилийг авч бункерт цохиж хагалаад хагархай шилний толгой хэсгийг барьж цаашаа орилоод явсан...” /хх-85-86-р тал/  гэх мэдүүлэг, хохирогч Д.Баатарсүрэнгийн биед доод эрүүн дэх шарх бүхий хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн №1066 дугаартай дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар няцаагдаж, А.А-ын согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэн Д.Баатарсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан болох нь тогтоогдсон байна.  

Анхан шатны шүүхээс болсон хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, хэргийн сэдэлт, гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс ялтан А.А-, С.Э- нарын үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тэдний үйлдсэн хэргийн шинж байдал, гэм бурууд тохирсон байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй, ялтан А.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                           Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                           Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ