Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 365

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би иргэн П.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Д.Шийтэр нарын бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэг талаас Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 50-35 тоот хаягт оршин суух Пунцагдоржийн Байгалмаа /Нэхэмжлэгч/, нөгөө талаас Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хангарьд ордонд байрлах Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Д.Шийтэр /Хариуцагч/ нар нь Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасны дагуу болон 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож талуудын хүсэл зоригоо бүрэн илэрхийлсний үндсэн дээр дараах нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний зорилго

1.1 Иргэн П.Байгалмаа нь Улаанбаатар хотын Захиргаанд хураалгасан гэх байраа буцаан гаргуулах болон дээд шатны албан тушаалтны орон сууц хуваарилах шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож орон сууц олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах асуудлыг шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

1.2 Энэхүү гэрээг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч захирамж гаргаснаар гэрээ хүчин төгөлдөр болно. 

                                                    Хоёр. Гэрээний нөхцөл

2.1 Нэхэмжлэгч тал хураалгасан гэх байраа буцаан авах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах бөгөөд хөтөлбөрийг зохицуулсан журмын дагуу Түрээсийн орон сууц суларсан, шинээр бий болсон тохиолдолд эхний ээлжинд түрээсийн орон сууцанд орох асуудлыг хариуцагч тал шийдвэрлэх үүрэгтэй.  

2.2 Нэхэмжлэгч тал Түрээсийн орон сууцанд хамрагдах журмын бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түрээсийн орон сууцанд орсон тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүртгэлд байгаа орон сууц хүссэн өргөдлийг шийдвэрлэгдсэнд тооцож хаахыг хүлээн зөвшөөрсөн болно.

2.3 Нэхэмжлэгч тал энэхүү гэрээг үндэслэн гарсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, мөн энэхүү асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохоо ойлгож хүлээн зөвшөөрсөн болно.

2.4 Энэхүү гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шүүхэд хүргүүлж, нэхэмжлэгч, хариуцагч нар тус бүр нэг хувийг хадгална” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн П.Байгалмаа нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн болон 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2 өрөө байр олгох тухай шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож дээрх шийдвэрийн дагуу орон сууц олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагчтай эвлэрснээ илэрхийлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Д.Шийтэр нартай бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. 

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 01/1685 тоот итгэмжлэлээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хууль, эрх зүйн мэргэжилтэн Э.Уянга, Орон сууц хариуцсан мэргэжилтэн Д.Шийтэр нарт нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх олгосон байх тул тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ хүчинтэй байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-д “нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан, эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснээр уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрлийг баталж, иргэн П.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн болон 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2 өрөө байр олгох тухай шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож дээрх шийдвэрийн дагуу орон сууц олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                              

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ШҮҮГЧ                 Н.ДОЛГОРСҮРЭН