Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2022/0153/з |
Дугаар | 001/ХТ2023/0083 |
Огноо | 2023-10-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2023/0083
“Э И С т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын
Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын
байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0511 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0529 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 408 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагч Б.М, Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай.
2.Хэргийн нөхцөл байдал: Татварын улсын байцаагч нар ““Э И С т” ХХК нь 2020 онд толгой компаниас шилжиж ирсэн чиргүүлүүдийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг дутуу ногдуулсан” гэх үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
3.Нэхэмжлэгчээс “... чиргүүл, зүтгүүрийн татварын хэмжээг хуулиар тус тусад нь тогтоосон” гэж, хариуцагч нараас “... автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар нь жинд бус даацад ногддог” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “ ... “Чирэгч болон чиргүүл нь тус тусдаа улсын дугаар олгогддог, татвар төлдөг тээврийн хэрэгслүүд, гаалийн байгууллагын мэдээлэлд үндэслэн нэг удаагийн тээвэрлэлтийн даацыг тооцон гаргаж акт ногдуулсан нь зөв” гэсэн үндэслэлээр Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... “чиргүүл нь хуульд зааснаас бага хэмжээний даацтай болох нь тогтоогдсон, чиргүүлүүд дунджаар хэдэн тонн ачаа тээвэрлэж байснаас үл хамааран тээврийн хэрэгслийн гэрчилгээнд дурдсан даацын хэмжээгээр автотээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг тодорхойлж татвар ногдуулна“ гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 7, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Т.О нар гомдолдоо:
6.1.Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 5 дугаар зүйлийн 3, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 6/06 дугаар тогтоолоор 70-80 тоннын даацтай ачааны автомашины жилийн татварын хэмжээг 400,000 төгрөгөөр тогтоосон.
6.2.“Э И С т” ХХК-ийн нэг тээврийн хэрэгсэл нэг удаагийн тээврээр 2020 онд дунджаар 70,000-74,000 кг ачаа тээвэрлэсэн нь тогтоогдсон.
6.3.Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хариуцагчаас гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь шүүх хуралдаанд оролцох боломжийг орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 408 дугаар тогтоолоор хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
9.Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Э И С т” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “2020 онд толгой компаниас шилжин ирсэн 28 чиргүүлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг дутуу ногдуулсан” гэж үзэн, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актаар 4,843,600 төгрөгийн нөхөн татвар, 1,453,080 төгрөгийн торгууль, 968,720 төгрөгийн алданги, нийт 7,265,400 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж, үндэслэлээ “гааль болон татварын байгууллагуудын болон 2020 оны нүүрс тээврийн экспортын мэдээллүүдэд “Э И С т” ХХК-ийн нэг тээврийн хэрэгсэл нэг удаагийн тээврээр дунджаар 70,000-74,000 кг ачаа тээвэрлэсэн байсан“ гэж дүгнэжээ.
10.Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “ ...автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасан, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Татварын хэмжээг өөрчлөн тогтоох тухай” 6/06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6-д “70-80 тонны даацтай ачааны автомашин 400,000”, 10-д “Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 6,000” төгрөг байхаар тогтоосон.
11.Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “”автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг;” ойлгохоор, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1/-д “бүх төрлийн ачааны автомашин”, 7/-д “авто чиргүүл”-д тус тус албан татвар ногдуулахаар заажээ.
12.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Удирдамж батлах тухай” А/10 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгсэл эзэмшигч, татвар төлөгчийг албан татварт хамруулах, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг хураах ажлыг зохион байгуулах ажлын удирдамжийн 4.3.5-д “Уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгслийн хувьд Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны ... MNS 6278:2011 стандартыг баримтлан даацын хэмжээг 65 тонн ба түүнээс дээш хэмжээгээр тооцож автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг ногдуулах; Үүнд: Уул уурхайн хүнд даацын Howo, Sino truck, LTC, CIMC, JIDONG гэх мэт маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүл хамаарна. ...” гэж,
Монгол Улсын ”Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн шаардлага MNS 6278:2011” стандартын 4.2-т “чиргүүл босоо ачааллын нэг хэсэг нь тулгуурын хэсгээр дугуйнд, нөгөө хэсэг нь холбоосоор дамжин чирэгч тээврийн хэрэгсэлд өгөгдөхөөр тоноглогдсон хүнд даацын автотээврийн хэрэгсэл”, 4.3-т “хагас чиргүүл зүтгүүр машинд эмээлээр холбогдсон, нийт массын үлэмж хэсэг нь холбоосоор дамжин зүтгүүр дээр ирэх хүнд даацын чиргүүл”, 4.4-д ”автоугсраа нэг ба хэд хэдэн бие даасан хүнд даацын чиргүүл болон хагас чиргүүлийг холбосон бүрэлдэхүүн”-ийг хэлэхээр, 9.1-д “Хүнд даацын зүтгүүр автомашин, хагас чиргүүл бүхий автоугсрааны бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-г тогтоожээ.
13.Хариуцагч нар нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж байсан “Э И С т” ХХК-д татварын хяналт шалгалт хийж, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2020 онд 4843600 төгрөгөөр дутуу ногдуулсан, өөрийн эзэмшлийн 28 чиргүүлийн даацыг буруу тооцсон гэж үзээд чиргүүлүүдийн даацыг улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн хэмжээгээр бус “Э И С т” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүд Монгол Улсын хилээр нэвтрэхдээ гаалийн байгууллагад мэдүүлсэн экспортын мэдүүлэгт үндэслэн “2020 онд нэг тээврийн хэрэгсэл нэг удаагийн тээврээр дунджаар 70,000-74,000 кг ачаа тээвэрлэсэн” гэж үзэн тэдгээрт ногдох татварын хэмжээг тооцон гаргасан нь ойлгомжгүй байна.
14.Зүй нь хариуцагч татварын улсын байцаагч нар “Э И С т” ХХК-ийн эзэмшилд буй автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “зүтгүүр”-ээр бүртгэгдсэн чиргүүлийг чирэгч автотээврийн хэрэгсэл болон тусдаа чиргүүлээр бүртгэгдсэн авточиргүүл нь хамтдаа, түүнчлэн Монгол Улсын ”Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн шаардлага MNS 6278:2011” стандартад тусгагдсан “автоугсраа” зэрэг нь Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан “ачааны автомашин”-д хамаарах эсэх, эсхүл тус тусдаа “ачааны автомашин”, “тусгай зориулалтын автомашин”, “авточиргүүл” гэдэгт хамаарч татвар төлөх эсэхийг тодорхой болгосны эцэст авточиргүүлд ногдох татварыг үнэн зөв тооцсон эсэхэд дүгнэлт өгөх байжээ.
15.Давж заалдах шатны шүүхээс маргааны дээрх үйл баримтад дүгнэлт өгөлгүй, чиргүүлийн албан татварыг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд дурдсан даацын хэмжээгээр тодорхойлж ногдуулах ёстой үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь учир дутагдалтай болжээ.
16.“Э И С т” ХХК-ийн 2020 онд тээвэрлэлт хийсэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг зөв тодорхойлох, ялангуяа чиргүүлийг чирч байгаа “чирэгч толгой” нь дангаараа, эсхүл чиргүүлийн хамт хуульд заасан “ачааны автомашин”, эсхүл “тусгай зориулалтын автомашин”-ы алинд хамаарахаас шалтгаалж автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг тодорхойлохоор байна. Тухайн ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл татварын улсын байцаагч нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.
17.Иймд дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
18.Хариуцагч албан тушаалтан шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0529 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн НА-22210000087 дугаар нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, магадлалын Тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.БАТБААТАР