Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1425

 

М.**, Р.** нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00016 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.**, Р.** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.**д холбогдох

 

Гэрээний үүрэгт 19 500 000 төгрөг гаргуулах тухай,

2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.**ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч: С.**, Г.**

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.**д 18 000 000 төгрөгөөр ** улсын дугаартай Киа маркийн машин зарсан. Уг тээврийн хэрэгсэл нь хамтран нэхэмжлэгч Р.**ын нэр дээр байсан. Урьдчилгаа 5 000 000 төгрөгийг цувуулан төлсөн тул машины бичиг баримтыг Р.**аас С.**ийн нэр дээр шилжүүлж, үлдэгдэл 13 000 000 төгрөгийг сарын дотор төлөх баталгаа гарган нотариатаар батлуулсан ч өнөө хүртэл төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн.

 

Иймд үндсэн төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.**ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.**ын ** улсын дугаартай Киа маркийн машиныг М.** түр эзэмшиж байсан ба энэ хугацаанд С.**д         13 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон байдаг. Тиймээс Р.** нь уг машиныг Л.**ийн нэр дээр шилжүүлэх итгэмжлэлийг Б.**т олгож, түүний нэр дээр шилжүүлсэн. Хариуцагч нь машины урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөг өгсөн, үлдэгдэл 13 000 000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн тул С.**эс "Худалдах, худалдан авах" гэрээний үлдэгдэл төлбөрийн алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.** шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан хүнтэй ямар нэгэн санхүүгийн тооцоо байхгүй, бараг танихгүй хүн.

М.** нь өдөр бүр манай гэр болон ажил дээр 2-3 залуутай ирж н.**т өгөх ёстой мөнгө өг гэж дарамталдаг байсан. Сүүлдээ манай эхнэр хүртэл айх болсон ба эхнэрт минь болон гэр бүлд минь ямар нэгэн юм хийчих байх гэж айгаад 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ гэдгийг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан юм. Энэ нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна. Тухайн машины эзэмшигч нь Р.** гэгч бөгөөд түүнийг төлөөлөн н.**тай би машин худалдах, худалдан авах хэлцлийг хийсэн юм. Гэтэл М.** нь тухайн машины эзэмшигч биш төдийгүй автомашин худалдах, худалдан авах хэлцэлтэй ямар ч холбоогүй атлаа намайг дарамталж хэлцэл байгуулсан. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг байгуулахад М.** нь Р.**ыг төлөөлөх ямар нэгэн итгэмжлэлгүй байсан нь уг автомашины төлбөрийг нэхэх эрхгүй этгээд буюу Р.**ын нэрийн өмнөөс хэлцэл хийх эрхгүй гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл, уг автомашины төлбөр шаардах эрхгүй этгээд хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.**эс гэрээний үүрэгт 15 750 000 төгрөгийг гаргуулан, Р.**ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 750 000 төгрөг гаргуулах шаардлага болон М.**ын 19 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3 дахь заалт, тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч С.** нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болохыг нотолсон өвчний магадлагааг шүүхэд гаргаж өгсөн атал шүүх түүний хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн хуулиар олгосон шүүх хуралдаанд оролцох эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангалгүй, эрхийг нь ноцтой зөрчсөн.

Маргаж буй тухайн машины эзэмшигч нь Р.** гэгч бөгөөд түүнийг төлөөлөн н.**тай С.** нь автомашин худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байдаг. Иймд өмгөөлөгчийн зүгээс гэрч н.**ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргах ёстой гэх шалтгаанаар хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсан. Иймд талуудын маргаж буй машины үнийн дүнг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч мөн л шүүх хуралдаанаас өмнө хүсэлтээ гаргах ёстой гэдэг шалтгаанаар хүсэлтийг хэлэлцээгүй. Шүүх хуралдааны явцад шинжээч томилуулахаар хэдийд ч хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг шүүх ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн М.** нь тухайн машины эзэмшигч биш төдийгүй автомашин худалдах, худалдан авах хэлцэлтэй ямар ч холбоогүй гэдгийг шүүх тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг байгуулахад М.** нь Р.**ыг төлөөлөх ямар нэгэн итгэмжлэлгүй байсан нь уг автомашины төлбөрийг нэхэх эрхгүй этгээд буюу Р.**ын нэрийн өмнөөс хэлцэл хийх эрхгүй гэдгийг нотолж байна. Иймээс М.**, С.** нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах хэлцлийн дагуу Р.** нь анз шаардах эрхгүй атал шүүх алдангид              5 250 000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэлгүй хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Иймд алдангид гаргуулахаар шийдвэрлэсэн 5 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч М.**, Р.** нар нь хариуцагч С.**д холбогдуулан гэрээний үүрэгт 19 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргаажээ.

 

Хариуцагч С.** нь Р.**ын өмчлөлийн Киа маркийн ** улсын дугаартай автомашиныг Б.**аас аман хэлцлийн үндсэн дээр 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч Р.**аас Б.**т 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийн өмчлөлийн ** улсын дугаартай автомашиныг бусдад худалдах, нэр шилжүүлэх, барьцаалах гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог хийх, захиран зарцуулах бүрэн эрхийг олгож итгэмжлэл олгосон байна.

 

Р.**, С.** нар нь автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй байна. Дээрх автомашиныг нэхэмжлэгч Р.** нь 18 000 000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч С.** нь 16 000 000 төгрөг худалдан авахаар тохиролцсон гэж маргасан ба хариуцагч С.**ийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичсэн ** улсын дугаартай Киа маркийн автомшины үлдэгдэл төлбөр 10 500 000 төгрөгийг 2 хувааж төлөхийг тодорхойлсон тодорхойлолт, урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлсөн байдал,  2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэж гэрээний үнийг 16 000 000 төгрөг гэж шүүх тодорхойлсон нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Р.**, С.** нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдах авах гэрээний үүрэг үүссэн, хариуцагч            С.** гэрээний үлдэх төлбөрт 11 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Р.**ыг автомашины үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч С.** нь ** улсын дугаартай Киа маркийн автомашины өмчлөгчийг Р.** болохыг мэдэж байсан хэдий ч 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэгч М.**тай байгуулсан тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд анзын гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд шүүх хариуцагч С.**ийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн автомашины үлдэгдэл төлбөр 10 500 000 төгрөг, Төлбөр барагдуулах гэрээгээр тохиролцсон 0,5 хувийн алдангийг тооцож нийт 15 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Р.**ад олгож, хариуцагч С.**эс гэрээний үүрэгт 19 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.**ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Төлбөр барагдуулах гэрээг хийхдээ хүч хэрэглэж хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн өөрийнх нь тодорхойлолт болон хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн татгалзал, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх тухай зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй тул эрх зөрчсөн, нотлох баримт гаргуулах хугацаа олгоогүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний үнийг хэрэгт авагдсан бусад баримтаар тодорхойлох боломжтой тул шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь буруу биш байна.

 

Түүнчлэн хариуцагч С.** нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн байдлаа нотлоогүй, нотлох баримтаар гаргаж өгсөн эмнэлгийн магадлагаа нь эмнэлгийн тамгагүй, ерөнхий эмчийн гарын үсэггүй тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00078 тоот захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                        Ч.ОЮУНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА