Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэнэдэндоржын Болормаа |
Хэргийн индекс | 156/2023/00731/И |
Дугаар | 226/МА2023/00016 |
Огноо | 2023-09-17 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 226/МА2023/00016
2024 09 17 226/МА2024/00016
Н.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй,
хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газарт
холбогдох иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Нэхэмжлэгч Н.З,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 157/ШШ2024/00099 дугаар шийдвэртэй Н.З-ын нэхэмжлэлтэй Х-д холбогдох “Хэнтий аймаг дахь ...........Э.О-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай тушаалын хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Онарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
-Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Н.З би шүүхийн тамгын газарт жолоочоор ажиллаж байсан. Намайг 2023 оны 08 сарын 03-ны өдрийн Б/47 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, мөн удирдлага, албан хаагчидтай ёс зүйгүй харьцсан гэсэн боловч хуульд заасан журмын дагуу шалгаж намайг ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг тогтоогоогүй, шат дараатай арга хэмжээг авалгүй үндэслэлгүйгээр намайг халсан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.4 дэх заалтад “Шүүхийн ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан ба надад ёс зүйн хорооноос зөрчил гаргасан гэж дүгнэсэн, эсвэл ёс зүйн хороонд надад хамаатуулан ямар нэгэн гомдлыг гаргаж байгаагүй. Иймд ажлаас халсан тушаалын хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
-Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч Н.З нь Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6, 7, 8 дахь заалтуудыг зөрчсөн. Мөн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг, хариуцагч талаас гаргасан тайлбар, нотлох баримтуудаар түүний гаргасан зөрчил нь тогтоогдсон гэж үзэж байгаа. Хариуцагчийн тайлбарт дурьдагдсан зөрчлүүдийг гаргасан, шүүгч ажилчдаас гомдол гаргасан, өөрт нь сануулж мэдэгдэл өгч байсан. Н.З-ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа /хоёр буюу түүнээс дээш/ гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
-Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюун-Эрдэнийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.З-ыг урьд эрхэлж байсан ажил буюу Х-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 5,750,812 төгрөгийг хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч*******т олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар цалин хөлсний олговор 5,750,812 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Н.З-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг Х-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Н.З-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,423 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.З-т буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газраас 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
-Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
Анхан шатны шүүх нь Хэнтий аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Н.Зоригтбаатарыг жолоочийн ажлаас чөлөөлөх тухай" Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журамд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болсон.
Харин Н.З-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх дундаж цалин хөлс тодорхойлохдоо Н.З-ын үндсэн цалингаас бодогдсон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогийн албан татвар, урьдчилгаа цалинг хасч тооцсон. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогийн албан татвар нь иргэний үндсэн цалингаас тооцсон дүн бөгөөд дундаж цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу цалин хөлсний бүрэлдэхүүнд хамааран дүнг нэмсэн дүгнээс тооцох ёстой бөгөөд хууль болон журамд үндсэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогийн албан татварыг хассан дүнгээс тооцох зохицуулалт огт байхгүй. Мөн урьдчилгаа цалин бол үндсэн цалинд хамаарах цалин байтал түүнийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна.
...Дээрх тооцооллын дагуу Н.З-ын нэг өдрийн дундаж цалин хөлс нь 50,069 төгрөг болох ба ажилгүй байсан нийт 212 хоногт үржүүлвэл 10,614,628 /арван сая зургаан зуун арван дөрвөн мянга зургаан зуун хорин найм/ төгрөг болж байна. Иймд сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 157/ШШ2024/00099 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Н.З нь Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4, жолоочийн ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.5, мөн хуулийн дугаар зүйлийн 7.1.2, 7.1.10, 8 дугаар зүй зүйлийн 8.1.3-д заасан заалтуудыг зөрчсөн болох нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам жолоочийн ажлын байрны тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О тайлбар, жолооч Н.З сахилгын зөрчил гаргасан талаар хүргүүлсэн мэдэгдэл зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийг үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлээлцүүлэхээр буцаалгах гомдлоо дэмжиж оролцож байна.”гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
3. Х нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай тушаалаар Н.З нь Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, мөн байгууллагын удирдлага болон бусад албан хаагчидтай ёс зүйгүй харилцсан гэсэн үндэслэлээр Шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2, 87.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.2.6-д заасныг баримталж ажил олгогчийн санаачилгаар Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын жолооч Н.З-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж, ажлаас чөлөөлсөн байна.
4. Нэхэмжлэгч Н.З-ын нь Х-ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/47 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нь Н.З-ыг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргасан ба анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийг үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүх Н.З-ын ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж тус тус давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
7. Энэхүү маргааны хувьд ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-дэх заалтыг үндэслэл болгосон байх ба энэ нь ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан, түүнчлэн зөрчлийг давтан гаргасан гэх аль аль нөхцөл байдлыг хамааруулан зохицуулсан заалт бөгөөд ажил олгогч тал “ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр Н.З-ыг жолоочийн ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарт дурьдсан 6 зөрчлийг Н.З 2022 оны 09, 12 сард, 2023 оны 3, 6, 7 сард гаргасан /хх-35-36/, шүүгч ажилчидтай ёс зүйгүй харьцсан, маргасан, энэ талаар надад шүүгч ажилчдаас гомдол гаргасан, гомдлоо илэрхийлсэн гэж тухайн үйл баримтын талаар тайлбартаа дурьдаж, уг зөрчлийг нотлох нэр бүхий 8 хүнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Шүүхийн захиргааны ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль болон “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам”-ын 5.3-т “Энэ журмыг зөрчсөн үйлдлийн талаарх гомдол, мэдээллийг шүүгч, иргэн, хуулийн этгээд шүүхийн тамгын газрын даргад бичгээр ирүүлнэ ...шүүхийн тамгын газрын дарга уг гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороонд шилжүүлнэ” гэж, 5.6-д “Ажилтан энэ журмын 3.1, 4.1-д заасныг зөрчсөн бол шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн ...шүүхийн тамгын газрын дарга хуульд заасан сахилгын арга хэмжээ авна” гэж, талуудын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.1.4-т “Шүүхийн ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэгдсэн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах” гэсэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан заалтын хүрээнд сахилгын зөрчлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх журамтай ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүхийн тамгын газар нь шүүгч, ажилчдаас гаргасан гэх гомдлыг шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хороонд шилжүүлж нотлох ажиллагааг хийж гүйцэтгээгүй, ажилтны ямар харилцаа хандлагыг ёс зүйн зөрчилд тооцсон болох, Н.З шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийн аль заалтыг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй, хариуцагч талын татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
Шүүх талуудын ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан шаардлагад нийцсэн байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
8. Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг гаргахдаа ажилтны гарт олгох цалингаас унаа, хоолны хөнгөлөлтийг хасч нэг өдрийн дундаж цалинг тооцсон нь буруу байх тул зөвтгөх шаардлагатай гэж үзлээ.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1, 2.1.2, 2.3.5-д зааснаар Н.З-ын нэг сарын болон нэг өдрийн дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлс болох 2023 оны 7, 6, 5 дугаар саруудын /хх-ийн 111/ цалингаас бодлоо.
Тухайн сард олговол зохих цалин 2023 оны 7 сард 838,516 төгрөг, 6 сард 1,503,116 төгрөг, 5 сард 1,037,727 төгрөг байх ба үүнээс хоол унааны хөнгөлөлтийг хасч тооцоход нэг сарын дундаж цалин хөлс 1,051,453 төгрөг, нэг өдрийн цалин хөлс 50,069 төгрөг байна. Үүнийг ажилгүй байсан хугацаа болох 212 хоногоор тооцоход Н.З-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 10,614,628 /арван сая зургаан зуун арван дөрвөн мянга зургаан зуун хорин найм/ төгрөг болж байна. Тиймээс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 10,614,628 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
/833,516+1,398,116+922,727=3,154,359:3=1,051,453:21 хоног=50,069 х 212 хоног= 10,614,628 төгрөг/
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Н.З-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасан зохицуулалтад нийцсэн байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92800 төгрөгийг төрийн сангаас буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 157/ШШ2024/00099 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2,3 дахь заалтын “5,750,812” гэснийг “10,614,628” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92800төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
Р
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
О.БААТАРСҮХ