| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0883/э |
| Дугаар | 0880 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 0880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ч.Батбаяр
шүүгдэгч: Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б Г Т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906023831046 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Г Т, 19 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй. түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 6-132 тоотод өмнө нь хамтран амьдарч байсан Т.Ц бусадтай хардсаны улмаас галын дэгээ төмрөөр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв
Шүүгдэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө 03.00 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 6-132 тоотод байдаг нийтийн байранд амьдарч байсан хамтран амьдрагч Т.Ц очсон. Намайг гадаа нь очиход гэрэл нь унтраастай байсан. Тэгэхээр нь би амбаарын хаалгаар нь ороод хаалгыг нь татсан чинь төмөр нь унаад хаалга нь онгойсон. Намайг ороход Ц оруулахгүй гээд түлхээд байсан тэгэхээр нь цааш нь түлхчихээд гэрлийг нь асаатал Ц орон дотор нэг эрэгтэй хүн нүцгэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би юун хүн юм бэ гээд асуутал Ц чамд ямар хамаатай юм гэсэн. Миний уур хүрээд дэгээ төмөр барьж байгаад нөгөө залуугийн хөл рүү цохисон. Тэгээд би наад залуутайгаа жаргаарай гэж хэлчихээд гараад явсан. Гэрлүү явж байхад Ц залгаад янз бүрээр доромжлоод байхаар нь би утсаа салгасан. Гэртээ очоод утсаа нээтэл баахан мессэж бичсэн байсан. Тэгээд хавирга хугарсан байна гэхээр нь би эргээд гэрт нь иртэл цагдаа нар ирчихсэн байсан юм гэжээ. /хх-ийн 8/
Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 6-132 тоот гэртээ хамаатны дүү Д түүний 2 найз залуугийн хамт пиво уусан. Тэгээд Д 23.00 цагийн орчим нэг залуутай хамт яваад өгсөн. Манай гэрт Д найз Н гэдэг залуу хонохоор үлдсэн. Н гэр нь Багануурт байдаг бөгөөд хотод хонох газар байхгүй гэхээр нь гэртээ хонуулж байсан юм. Тэгтэл манай гэрт 03.00 цаг өнгөрч байхад хаалга дуугараад Т орж ирсэн. Тэгээд үг дуугүй миний толгой руу галын дэгээ төмрөөр нэг удаа цохиод унтлагын өрөө рүү ороод Н миний орон дээр сууж байтал юу хийж байгаа юм гээд дэгээ төмрөөр цохиод байх шиг болсон. Тэгээд гэрээс гарахдаа миний гэдэс рүү өшиглөөд тэр чигээрээ зайлаарай гээд явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би толгойдоо 4 оёдол тавиулсан. Би 2015 онд Түвшинтөртэй танилцаад 2018 оны 12 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Гэр бүлийн баталгаа байхгүй. 2018 оны 12 дугаар сараас хамт амьдрахаа больсон. Намайг хардаад цохиж байсан явдал бий. Намайг гэртээ хүн авчирч хонууллаа гэж зодсон юм гэжээ. /хх-н 11-14/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4474 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Т.Ц биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 18/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/
Г.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/,
Г.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 21-22/
Г.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 23/, прокурорын тогтоол /хх-н 24-25/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/ зэрэг болно.
Г.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 6-132 тоотод өмнө нь хамтран амьдарч байсан Т.Ц очиход нь гэртээ өөр нэг хүнтэй хамт байхад нь таарч галын дэгээ төмрөөр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай гэрт 03.00 цаг өнгөрч байхад хаалга дуугараад Т орж ирсэн. Тэгээд үг дуугүй миний толгой руу галын дэгээ төмрөөр нэг удаа цохиод унтлагын өрөө рүү ороод Н миний орон дээр сууж байтал юу хийж байгаа юм гээд дэгээ төмрөөр цохиод байх шиг болсон. Тэгээд гэрээс гарахдаа миний гэдэс рүү өшиглөөд тэр чигээрээ зайлаарай гээд явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би толгойдоо 4 оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би амбаарын хаалгаар нь ороод хаалгыг нь татсан чинь төмөр нь унаад хаалга нь онгойсон. Намайг ороход Ц оруулахгүй гээд түлхээд байсан тэгэхээр нь цааш нь түлхчихээд гэрлийг нь асаатал Ц орон дотор нэг эрэгтэй хүн нүцгэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би юун хүн юм бэ гээд асуутал Ц чамд ямар хамаатай юм гэсэн. Миний уур хүрээд дэгээ төмөр барьж байгаад нөгөө залуугийн хөл рүү цохисон. Тэгээд би наад залуутайгаа жаргаарай гэж хэлчихээд гараад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Г.Т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирогч Т.Ц шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Тг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөг хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН