| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/03925/И |
| Дугаар | 210/МА2024/01768 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01768
2024 09 13 210/МА2024/01768
С.Бы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02829 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.Бы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б, Д.Д нарт холбогдох,
2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Ө, С.Б нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Э ХХК-ийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах болон Б.Б, Д.Д нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, өмгөөлөгч Х.Б, хариуцагч Д.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Н.М М.Ц, Г.А, хариуцагч Х.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
С.Б миний бие 30 хувийг, Ч.Ө 70 хувьтайгаар Э ХХК /РД:2787989/-ийг эзэмшиж байсан. 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр С.Б миний бие Ч.Өтай 01 тоот гэрээг байгуулж, хувьцаа эзэмшигчээс гарсан.
Э ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлэх болсон гол үндэслэл болсон 01 тоот гэрээ нь шүүхээр хүчингүй болсон тул уг гэрээг үндэслэж байгуулсан бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Дээрх маргаан шүүхээр хянагдаж байх явцад Ч.Ө 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөд болж /нас барсан/, түүний хууль ёсны өв залгамжлагч эхнэр Б.Бд Э ХХК-ийн бүх хувьцаа шилжсэн. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар Б.Ө С.Б нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Э ХХК-ийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Бд даалгаж өгнө үү.
...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Б нь "Э" ХХК-ийн 100 хувийн хувьцааг өвлөн авч, хувьцаа эзэмшигч болоод 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Дамдинсүрэн овогтой Дд шилжүүлжээ.
Б.Б нь Э ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмших эрхгүй байж, Д.Дд шилжүүлсэн нь хууль зөрчсөн юм. Иймд, Б.Б, Д.Д нарын байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Бгийн татгалзал, тайлбарын агуулга:
Ч.Ө нь 2017 онд нас барсны дараа С.Б нь шүүхэд тус компанийн нэр бүхий тусгай зөвшөөрлүүдтэй холбоотойгоор маргаан үүсгэж байсан боловч шүүхийн шийдвэрээр 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 гэрээг хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон бөгөөд уг хүчин төгөлдөр бус хэлцлээр Э ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй бөгөөд харин бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр хувьцаа эзэмших эрх шилжсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах эрхгүй юм.
Миний хувьд өнөөдөр Э ХХК-ийн ямар ч хувьцааг эзэмшдэггүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нэр бүхий хэлцлүүдтэй хамааралтайгаар нэхэмжлэлд дурдсан 01 тоот гэрээ нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдсон, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр компанийн хувьцаа эзэмших эрх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Өв залгамжлалаар хуульд заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг хариуцагч өвлөж авсан нь хууль зөрчөөгүй, тус компанийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Ч.Өын эзэмшлийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Б.Бд шилжүүлсэн бүртгэл үнэн зөв төдийгүй хариуцагч нь өөрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд аливаа байдлаар С.Баас зөвшөөрөл авах, хууль бус гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй учраас Б.Б, Д.Д нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдах авах болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Д.Дын татгалзал, тайлбарын агуулга:
...Б.Б, Д.Д нарын байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар Ч.Ө болон С.Б нарын 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Э ХХК-ийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг С.Бд буцаан шилжүүлэхийг даалгах, Б.Б болон Д.Д нарын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Д.Д нараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
С.Б болон Ч.Ө нарын хооронд байгуулсан 2009 оны 01 тоот буюу Э ХХК-ийн 30 хувьтай тэнцэх хувьцааг Ч.Өт өгөх, харин үүний төлбөрт 3 лиценз, тоног төхөөрөмж өгөх тохиролцоог хууль зөрчсөн тохиролцоо хэмээн шийдвэрлэсэн.
Үүнээс шалтгаалж С.Б нь 2009 онд шилжүүлсэн гэх Э ХХК-ийн 30 хувьтай тэнцэх 30,000,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Ч.Өс буцаан шаардах асуудал үүссэн буюу Ч.Ө энэхүү хувьцааны хууль ёсны эзэмшигч биш юм.
С.Б мэдээгүй маргаантай байхад Ч.Ө нас барснаас 4 сарын дотор Б.Б нь өвлөх эрхийн гэрчилгээ авч, 8 сарын дотор Д.Дд "Э ХХК-ийн хувьцааг нууцаар шилжүүлсэн байна. Гэтэл үүнийг хариуцагч Б.Б болон Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс С.Баас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй, эсхүл мэдэгдэх ёсгүй хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй.
Ч.Ө 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан ба тэдгээр нь дундаасаа 3 хүүхэдтэй ба нас барснаас 4 сарын дараа тэдний 2 хүүхэд болох Ө.Ж, Ө.А нар өвлөхөөс татгалзсан талаар хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нотариатад гаргаж, Ө.Ж гэх хүүхэд нь хүсэлт гаргаагүй байхад нотариатын зүгээс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 24 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг.
Үүгээрээ нотариатаас олгосон өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны эсэхэд эргэлзээтэй байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй.
С.Бы зүгээс Б.Б болон Д.Д нар үгсэн хуйвалдсан гэж үзэж буй нь тэдний хооронд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Э ХХК-ийн эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн. Энэ нь 1-р хавтаст хэргийн 96-98 дахь талд байгаа.
Гэтэл тухайн гэрээ байгуулах үед Б.Б өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй байхдаа яарч энэ гэрээг байгуулсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй. Учир нь, С.Б маргаад яваад байна гэдгийг хангалттай мэдэж байсан.
Мөн Б.Б, Д.Д нар дээрх гэрээ байгуулснаас 1 жилийн дараа худалдах- худалдан авах гэрээ гэгчийг байгуулж, өөрсдийн хууль бусаар С.Бы 30 хувийн хувьцааг шилжүүлсэн үйлдлээ халхавчлахын тулд худалдах-худалдан авах гэрээ гэгчийг мөн байгуулсан байдаг. Үүнийг мөн шүүх анхаараагүй учраас дүгнэлт ч өгөөгүй.
Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу С.Б хэрэв Ч.Өыг нас барсан, мөн яаралтайгаар Б.Б нь өмчлөх эрхийн гэрчилгээ авч, Д.Дд компанийн хувьцааг шилжүүлэх гэж буйг мэдсэн бол энэхүү хууль бус үйлдлүүдийг таслан зогсоохоор шүүхэд хандах бүрэн боломжтой байсан.
Одоо шүүхийн хэлж буйгаар дээрх үйл баримтыг нотлоогүй гэж байгаа нь С.Быг мэргэ төлөгч, далдыг үзэж харж ёстой гэсэн цаг хугацааны үйл баримтыг хүчээр нотлуулах гэсэн хэт хариуцагч талуудад ашигтай дүгнэлт өгсөн гэж үзэхээр байна.
Дээрх үйл баримтаар Б.Б нь 2009 онд хууль зөрчиж шилжсэн С.Бы 30 хувьтай тэнцэх хувьцааг Д.Дд шилжүүлсэн мөн хууль зөрчсөн болох бөгөөд үүнийг С.Б буцаан шаардах, мөн өөрийн хувьцааг шилжүүлсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
Иймд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02829 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтад С.Бы ...Э ХХК-ийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг С.Бд буцаан шилжүүлэхийг даалгах, Б.Б болон Д.Д нарын хооронд байгуулсан 2019 оны 01 сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Д.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
2009 оны 04 дүгээр сарын 06 болон 10-ны хэлцлүүд нь тус тусдаа өөр, өөр хэлцэл байдаг. Энэ нь шүүхийн шийдвэрт тодорхой байдаг учраас дахин давтах шаардлагагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг хэлцэлтэй хамаарал, холбоотой учраас бид нар энэ хэлцлийг өмнөх хэлцэлтэй хамааруулж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг тайлбарладаг. Гэтэл энэ нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд цаг хугацааны хувьд хамааралгүй, хийсэн гэх хэлцэл нь хийгдсэн гэх хэлцлээсээ цаг хугацааны өмнө байсан. 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хэлцэл гэдэг нь 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хэлцэл байсан. Өмнө нь хийгдсэн хэлцэл гэдэг нь талуудын тайлбараар тогтоогдсон. Б.Баас Д.Д буюу Б.Б нар ямар хуулийн аль заалтыг үндэслэн ямар учраас зөвшөөрөл авах ёстой вэ гэх асуудал үүссэн. 2009 оны хэлцлээс улбаатай 10 жилийн дараа өвлөх эрхийг гэрчилгээний үндсэнд талийгаачийн эхнэр тухайн компанийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж авсны үндсэнд өөр этгээдтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэн авах гэрээ хийх эрхтэй. 10 жилийн өмнө Э ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч байсан этгээдээс яагаад зөвшөөрөл авах вэ гэдэгт талууд маргадаг. Анхан шатны шүүх 2009 оны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохдоо нэхэмжлэлийн шаардлагаар хальж шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянсан. Тийм учраас гомдолд тайлбар гаргая. Хууль хяналтын байгууллагаар иргэний хэргийн шүүх, захиргааны хэргийн шүүх, эрүүгийн журмаар шалгалдах явцад маргаантай байсан учраас Ч.Өс Б.Бд, Б.Бгаас Д.Дд шилжсэн үйл явцыг ингэж шилжих ёсгүй гэх гомдол гаргадаг. Энэ хоёр өөр төрлийн маргаан, хоёр өөр төрлийн хэлцлийг хянан шийдвэрлэж байсан ба иргэн болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан.
Эрүүгийн журмаар залилсан гэх асуудлыг хуулийн байгууллага шалгасан. Үүнтэй холбоотой эрх бүхий хууль хяналтын байгууллагаас эрх бүхий хязгаарлалт тогтоогдоогүй мөн захиргааны болон иргэний журмаар Э ХХК-ийн хувьцаа эзэмших эрх бусад эрхэд аливаа байдлаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ болон хязгаарлалт тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй. Ийм учраас Б.Бгаас Д.Дд компанийн хувьцааг шилжүүлж буй ажиллагаа хууль ёсны дагуу хууль зөрчөөгүй хийсэн хэлцэл учраас улсын бүртгэлийн байгууллага бүртгэдэг. Давж заалдах журмаар гаргаж буй гомдлууд үндэслэлгүй. Б.Б болон Д.Дд нарын хооронд үгсэн хуйвалдаж хийсэн хэлцэл гэдэг мөн өмгөөлөгчийн нэрийг оруулдаг. Энэ нь ямар байдлаар, яаж үгсэн хуйвалдсанаас энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм уу эсвэл хэрэгт авагдсан ямар баримтаар уг нөхцөл байдал тогтоогдсоныг гомдол гаргаж буй тал нотлох үүрэгтэй. Энэ нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй учраас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү
Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд нийцсэн. Өвлөх эрхийн гэрчилгээг цаг хугацааны хувьд буруу явагдсан, нууцаар шилжүүлсэн гэх агуулгаар гомдол гаргасан байдаг. Өвтэй холбоотой компанийн хувьцаа Б.Бд шилжсэн асуудал нь Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1.1-т нийцсэн байдаг. Мөн өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагад өвтэй холбоотой шаардлага байхгүй. Тэгэхээр энэ талаах гаргасан гомдол нь үндэслэлгүй. Өв нь буруу байсан тийм учраас өвтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээ хууль ёсны болж чадаагүй гэх агуулгаар нэхэмжлэл шүүхэд гаргаагүй. Уг асуудлыг энэ хэргээс тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй. Уг агуулгаар гаргасан гомдол хэрэгт чухал ач холбогдолгүй. Худалдах, худалдан авах гэрээг хийхэд Б.Б надаас зөвшөөрөл авах ёстой байсан гэх шаардах эрх нь хэзээ яаж юугаар үүссэнийг нотолж чаддаггүй. Мөн Чингэлтэй дүүргийн 2022 оны шүүхийн шийдвэрийг ярьдаг.
Уг шийдвэрт хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг шийдэх боловч хэлцлээр шилжүүлсэн зүйл байхгүй гэдэг нь тогтоогдсон үйл баримт байдаг ч маш олон үйл баримт хэрэгт бий болсон тэдгээрийг хооронд нь холиод яриад байдаг. Б.Б болон Д.Д нар үгсэн хуйвалдаж хэлцэл хийсэн гэх асуудал яригддаг. Гэтэл үгсэн хуйвалдан хүний эд хөрөнгийг шилжүүлсэн асуудал иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудал биш энэ нь эрүүгийн журмаар явах ёстой асуудал. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай тодруулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаа гаргасан үүнийг зөвтгөөд явж болох байх. Энэ нь худалдах, худалдан авах гэрээг бэлэглэлийн гэрээ гэх агуулгаар техникийн алдаатай дүгнэлт хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 161 дүгээр зүйлийн үндэслэх хэсэгт хамаарахгүй гэжээ.
6. Хариуцагч Х.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийн тухайд талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг өмнө нь шүүх хурлаар хүчин төгөлдөр бус гэж тогтоосон. Уг үндэслэлээр Э ХХК-ийн 30 хувийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байдлаа алдсан гэж үздэг нь үндэслэлгүй. Учир нь Ч.Ө, Б.Б нарын хооронд бэлэглэлийн гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан. Уг гэрээ цаг хугацаа болон агуулгын хувьд ч 01 тоот гэрээтэй огт холбоо хамааралгүй. 01 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус. Иймд, Ч.Ө маргаан бүхий 30 хувийн хувьцаа эзэмшигч биш болсон гэж үздэг нь үндэслэлгүй. Яагаад гэхээр хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ байдаг. Гэрээний 4-т Б.Б эргэж буцаж маргахгүй гэж тохиролцон байдаг. Б.Б нөхрийнхөө Э ХХК-ийн хувьцааг өвлөх эрхийн үндсэнд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж авсан. Үүнийг хариуцагч 04 сарын дотор шилжүүлж авсан гэдэг гэтэл Иргэний хуулийн 541 дүгээр зүйлийн 541.2 дахь хэсэгт 1 жил гэж заасан мөн хуулийн 531.3 дахь хэсэгт гурван хүүхэд буюу Ө.Ж, Ө.Ж Ө.А нар нь өвлөх эрхээсээ татгалзсан. Ийм учраас баттай баримт байх тохиолдолд хуулийн хугацаанаас нь өмнө өвлөх эрхийг олгож болон гэх хуулийн зохицуулалт байдаг. Иймд, Б.Б хууль ёсны дагуу өвлөх эрхийг авч хэнд хэрхэн ямар байдлаар зарах эсэх асуудал нь Б.Бд хамааралгүй. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ Б.Б, Д.Д нарын хоорондын компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр юм. Давж заалдах гомдолд хугацааны хувьд зөрүүтэй байдлаар тайлбар хийдэг. Энэ нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, мөн 2018 оны 03 дугаар сарын 28-ны хооронд өвлөх эрхийн гэрчилгээ авсны дараа уг гэрээг байгуулсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Ө, С.Б нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Э ХХК-ийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Д болон Б.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан баримтаар С.Б нь 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ч.Өтай бэлэглэлийн гэрээ байгуулж Э ХХК-ийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг бэлэглэхээр харилцан тохиролцож, улмаар мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээгээр хувьцаагаа шилжүүлжээ /1 х.х-ийн 160-165, 168, 169/.
Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ч.Өыг энэхүү гэрээний дагуу Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн үйл баримтын талаар маргаагүй боловч гэрээ хүчин төгөлдөр болон С.Б нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа анхнаасаа бэлэглэх хүсэл зоригтой байсан эсэх талаар маргасан байна.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, бэлэглэлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний төрөл бөгөөд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчид хариу төлбөр төлөх үүрэг хүлээхгүйгээр бэлэглэсэн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авдаг.
4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/03609 тоот шийдвэрээр С.Б болон Ч.Ө нарын хооронд 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Э ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/00449 тоот магадлалаар хэвээр үлдээжээ /1 х.х-ийн 8-25/.
Тодруулбал, шүүх дээр дурдсан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр Э ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ......, ......, ...... тоот тусгай зөвшөөрлүүдийг Ч.Ө нь С.Бд шилжүүлэхээр тохирсон энэхүү тохиролцоог Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн байна.
5. Тухайн гэрээний 1 дүгээр зүйлд С.Бы Э ХХК-ийн хувь нийлүүлэгчээс гарахдаа өөрт ногдох хөрөнгө болгон авсан ашигт малтмалын ашиглалтын ......, ......, ...... тоот тусгай зөвшөөрлийг захиран зарцуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино гэж, 2 дугаар зүйлд А тал нь ...тоот тусгай зөвшөөрлийн эх хувь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой геологийн баримт материалыг Б талд гүйцэт хүлээлгэн өгнө гэж тус тус заажээ. /2 х.х-ийн 14/.
Хэрэгт цугларсан бусад баримтаар Ч.Ө болон С.Б нар 2009 оны 04 дүгээр сарын 06-ны бэлэглэлийн гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр компанийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай эдгээр гэрээг байгуулахаас өмнө буюу 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хувьцаа эзэмшигчийн хуралдаанаар С.Быг компанийн хувьцаа эзэмшигчээс гарахыг хэн аль нь зөвшөөрч байжээ /1 х.х-ийн 168-169/.
Үүнээс үзвэл С.Б нь Ч.Өт Э ХХК-ийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг үнэ төлбөргүй бэлэглэх хүсэл зориг байгаагүй, харин талууд тухайн хэмжээний хувьцааг ашигт малтмалын ......, ......, ...... тоот тусгай зөвшөөрлөөр арилжихаар тохирсон гэж дүгнэхээр байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус зааснаар талуудын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн компанийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээг тус тус хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан тайлбарлахад дээр дурдсанаар С.Б, Ч.Ө нар бэлэглэлийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдов.
6. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж, 274.2-т Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд С.Б нь өөрийн эзэмшлийн Э ХХК-ийн 30 хувийн хувьцааг Ч.Өт шилжүүлэх, Ч.Ө нь тус компанийн эзэмшлийн ......, ......, ...... тоот тусгай зөвшөөрлийг С.Бд шилжүүлэх үүргийг тус тус хүлээнэ.
Гэвч талуудын байгуулсан компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хэлцлийг хууль зөрчсөн учраас хүчин төгөлдөр бус гэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул арилжаатай холбоотой 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ мөн адил дээрх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болно.
Анхан шатны шүүх талуудын байгуулсан энэхүү гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ биш гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон ч өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь алдаатай болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулна.
7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж, 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус зааснаар Ч.Ө, С.Б нар 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Хэрэгт цугларсан баримтаар Ч.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нас барсан, түүний эхнэр Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр нөхөр Ч.Өын эзэмшиж байсан Э ХХК-ийн 1,000,000 ширхэг 100,000,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг өвлөн авч, улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна /1 х.х-ийн 65, 118-130/.
Улмаар Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Дтой хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Э ХХК-ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,000,000 ширхэг хувьцааг түүнд худалдаж, тухайн гэрээний дагуу Д.Д тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгджээ /1 х.х-ийн 71-72, 92-94, 96-97/.
Хэдийгээр С.Бы зүгээс Б.Бг Э ХХК-ийн 30 хувийн хувьцааг Д.Дд худалдах эрхгүй гэж маргадаг боловч Ч.Ө нь энэхүү компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан, түүнийг нас барсны дараа Б.Б нь өвлөх эрхийн гэрчилгээгээр өв залгамжлан авсан байх тул өөрийн өмчийн зүйлийг худалдах эрхгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.
8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.
Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл бүрийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдсэн байх учиртай.
Хэрэгт цугларсан баримтаар С.Б болон Ч.Ө нар 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, мөн 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус тус бэлэглэлийн болон компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ байгуулсан бол үүнээс хойш 10 жилийн дараа Б.Б нь өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан дээрх компанийн хувьцааг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Дд худалдсан байх тул цаг хугацааны хувьд хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант холбоотой нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Б.Б нь Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байсан учир түүнийг өмчлөгч этгээд гэж Д.Дын зүгээс итгэх эрхтэй.
Энэ талаар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заажээ.
9. Б.Б болон Д.Д нарын хувьцаа худалдах, худалдан авах гэрээний огноог 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэж, харин компанийн эрх шилжүүлэх гэрээний огноог 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэж өөр, өөрөөр тэмдэглэжээ.
Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дагаж байгууллагддаг гэрээ болохын хувьд бие даасан хэлцэл гэж үзэхгүйгээс гадна тухайн гэрээг гэрчилсэн нотариатын тэмдэг дээрх он, сар, өдрийн талаарх тэмдэглэлд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэсэн байх тул дээрх эрх шилжүүлэх гэрээний огноог 2018 гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзнэ.
Тиймээс Б.Бг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авахаас өмнө Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй атлаа тус компанийн хувьцааг Д.Дд худалдсан гэсэн нэхэмжлэгч С.Бы гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Д.Дыг Ч.Өтай байгуулсан бэлэглэлийн гэрээ болон компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг, мөн энэ талаар талууд маргаантай байгаа гэдгийг тус тус мэдэж байж Б.Бгаас компанийн хувьцааг худалдан авсан нь шударга бус гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Дыг Э ХХК-ийн хувьцааг шударга бусаар хандаж худалдан авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учир Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж зааснаар түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.
Анхан шатны шүүх Б.Б, Д.Д нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт бэлэглэлийн гэрээ гэж бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулах бөгөөд энэхүү магадлал нь хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсантай холбоотой хохирол нэхэмжлэхэд саад болохгүй.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/02829 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5-д тус тус заасныг үндэслэн Ч.Ө болон С.Б нарын 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Э ХХК-ийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах болон Д.Д, Б.Б нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,229,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР