| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00205/И |
| Дугаар | 216 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 216
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Арвижих Актив” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч П.Бат-Оюунд холбогдох 10.419.103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Арвижих Актив” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Бат-Оюун нь тус ББСБ-тай 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №00160063 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу хэсэгчлэн төлөлт хийхээр харилцан тохиролцож бизнесийн зээлийн нөхцөлөөр 7.000.000 төгрөгийг сарын 6.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээл ашиглалтын хугацаанд Бор-Өндөр сумын 1-р багт байрлах гал унтраах 049 дүгээр ангийн зүүн талд байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбайтай 2 өрөө 2 давхар /ГД-000215321, Ү-1804001354/ тоот улсын бүртгэлийн дугаартай байшинг барьцаалсан бөгөөд уг Үл хөдлөх хөрөнгийн газрын гэрчилгээг барьцаалуулаагүй авч үлдсэн бөгөөд өөр барьцаалуулан зээлдүүлэх газарт мөнгөний барьцаанд тавьсан гэсэн хариулт өгөөд байгаа билээ. Уг газрын газрын гэрчилгээг мөн гаргуулж авах хүсэлтэй байна. Зээлдэгч рүү удаа дараа залгахад утсаа авахгүй, холбогдохгүй, мөн ямар ч боломжгүй байна гэсэн хариулт өгсөөр байгаа бөгөөд сүүлдээ утсаа авахаа больсон. 2016 оны 01 дүгээр сарын 2-ний өдрөөс зээлийн төлөлт хийхгүй 195 хоног хугацаа хэтэрсэн. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, зээлийн хүү 3.419.103 төгрөг , нийт 10.419.103 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 10 тоотод оршин суух ЛД84022703 регистрийн дугаартай Оровгой овогт Павагжавын Бат-Оюун шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Арвижих Актив ББСБ-аас 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 6.9 хувийн хүүтэй бизнесийн зээлийн нөхцөлөөр авсан. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 сарын хүү 414.000 төгрөгийг төлсөн. Зээл авах үед бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад оны өмнө зогсонги байдалд орсон тул үргэлжлүүлэн төлөх боломжгүй болсон. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 1.437.960 төгрөг, нийт 7.437.960 төгрөгний зээл хааж эргүүлэн 7.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай хувааж төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Уг мөнгийг хүүгийн хамт хоёр хувааж эхний төлөлтийг 2016 оны 12 дугаар сарын 20-нд 4.000.000 төгрөг, үлдсэн 6.419.103 төгрөгийг 2017 оны 03 сард төлж барагдуулна” гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие хариуцагч П.Бат-Оюуны шүүхэд гаргасан тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Арвижих Актив" ББСБ нь хариуцагч П.Бат-Оюунаас 10.419.103 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч П.Бат-Оюун нь 10.419.103 төгрөгийг “Арвижих Актив” ББСБ-д төлөх үүрэгтэй болох нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №00160063 тоот зээл олгох гэрээ, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч П.Бат-Оюун нь нэхэмжлэлийн шаардлага 10.419.103 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч П.Бат-Оюун нь нэхэмжлэлийн шаардлага 10.419.103 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4.000.000 төгрөгийг, үлдэх 6.419.103 төгрөгийг 2017 оны 03 сард төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч “Арвижих Актив” ББСБ-ын нэхэмжилсэн 10.419.103 /арван сая дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун гурав/ төгрөгийг хариуцагч П.Бат-Оюун нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Арвижих Актив” ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 181656 төгрөгний тавин хувь 90828 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 90828 төгрөгийг хариуцагч П.Бат-Оюунаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Арвижих Актив” ББСБ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч П.Бат-Оюун нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР