| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/02359/И |
| Дугаар | 210/МА2024/01720 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/01720
2024 09 06 210/МА2024/01720
Ц.Бат-Амгалангийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2024/03038 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.Бат-Амгалангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сибирь трейвэл ХХК, Ундран Арвижих зоос ХХК, Бэцү ХХК, Н.Наранжаргал нарт холбогдох
Гэм хорын хохиролд 35,207,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч Бэцү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан, хариуцагч Сибирь трейвэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбаатар, хариуцагч Ундран Арвижих зоос ХХК-ийн өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагч Бэцү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Ц.Бат-Амгалан нь Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувейтийн ам, Зуун модны замд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой Isuzu forward маркийн автомашин жолоодон явж байхад Сибирь трейвэл ХХК-ийн жолооч Т.Наянчулуун нь Hundai universe маркийн 92-16 УАХ улсын дугаартай автобусыг жолоодож яваад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд орж өөдөөс мөргөсөн.
1.2. Ослын улмаас олон хүн гэмтэл авч миний биед хүндэвтэр гэмтэл болон автомашинд 32,920,000 төгрөгийн хохирол учирсан. Ослын улмаас жолооч Т.Наянчулуун нас барж Тээврийн прокурорын газрын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.
1.3. Автотээврийн Үндэсний төвөөс Hundai universe маркийн 92-16 УАХ улсын дугаартай автомашины эзэмшигч нь Бэцү ХХК болох баримтууд ирсэн тул Бэцү ХХК-ийг автомашины өмчлөгч, эзэмшигчээр тодорхойлж, автомашинд учирсан хохирол 34,834,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Фидуцийн гэрээг үндэслэн автомашины оношлогооны төлбөр 150,000 төгрөгийг Ундран Арвижих зоос ХХК-иас, жолооч Т.Наянчулуун нь Сибирь трейвэл ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж явахдаа осол аваар гаргасан тул эрүүл мэндэд учирсан хохирол 188,100 төгрөгийг хариуцагч Сибирь трейвэл ХХК-иас гаргуулахаар шаардаж, хариуцагч Н.Наранжаргалаас татгалзаж байна.
2. Хариуцагч Сибирь трейвэл ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Кувейтийн ам, Зуун модны замд Isuzu forward маркийн 32-77 УАК улсын дугаартай автомашин жолоодож яваад зам тээврийн осолд өртсөн ба уг осолд Сибирь трейвэл ХХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэх нь тогтоогдохгүй байгаа. Осол болсон шалтгаан нөхцөл нь талийгаач Т.Наянчулуун 92-16 УАХ улсын дугаартай Hundai universe маркийн автомашинаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа нэхэмжлэгч Ц.Бат-Амгалангийн жолоодож явсан 32-77 УАК улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн гаргасан.
Осолтой холбоотой хэрэг бүртгэлтийн 220300709 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан нь Тээврийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор нотлогдоно.
2.2. Сибирь трейвэл ХХК нь талийгаач Т.Наянчулууны бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэл, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар, санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан үйлдлийн өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй. Осол болох үед Т.Наянчулууны жолоодож явсан 92-16 УАХ улсын дугаартай Hundai universe маркийн автомашин Ундран Арвижих зоос ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа болон гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог.
Талийгаач Т.Наянчулуун нь Сибирь трейвэл ХХК, Бэцү ХХК-д тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэтгэвэрт гарсан хүн байсан. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар Т.Наянчулуун нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байсан нь хавтаст хэргийн 156-160 дугаар хуудаст авагдсан баримтуудаар нотлогдоно. Т.Наянчулуун гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ аюулгүй байдлаа хангаж чадаагүйн улмаас Ц.Бат-Амгалангийн жолоодож явсан 32-77 УАХ улсын дугаартай автомашиныг мөргөж илтэд болгоомжгүй хэлбэрээр зам тээврийн осол гаргасан нь хэрэг бүртгэлтийн 220300709 дугаартай баримт болон Тээврийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор нотлогдож осолд хариуцлага хүлээвэл зохих этгээд нь Т.Наянчулуун гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч Сибирь трейвэл ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч Ундран Арвижих зоос ХХK-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх заалтад тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Ундран Арвижих зоос ХХК уг тээврийн хэрэгслийн осол аваарын үед эзэмшигчээр бүртгэгдээгүй, өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан. Эзэмшигч, өмчлөгч гэх ойлголт нь хууль зүйн үр дагаврын хувьд ялгаатай. Осол гаргах үед тээврийн хэрэгслийг Т.Наянчулуун гэх хүн эзэмшиж байсан.
3.2. Сибирь трейвэл ХХК-ийн төлөөлөгчийн хэлснээр Т.Наянчулуун нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасны дагуу бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байсан этгээд болно. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтад тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон тухай заасан байгаа.
3.3. Ундран Арвижих зоос ХХК болон Н.Наранжаргал нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 22121 тоот зээлийн гэрээ, фидукцийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт автомашин унаад явах нөхцөлтэйгөөр зээл олгоно гэж заасан. Тухайн автомашиныг Ундран Арвижих зоос ХХК-ийн бүртгэлд шилжүүлж авсан нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан. Түүнээс тухайн тээврийн хэрэгслийг бодитоор өмчилж, эзэмших хүсэл сонирхол байгаагүй. Ундран Арвижих зоос ХХК нь хууль ёсны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд учир эрх үүргийнхээ хүрээнд гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байх хугацаанд хор хохирол учирвал хэн хариуцах талаар талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний 2.8.1-2.8.4 дэх хэсэгт тусгайлан заасан. Зээлийн гэрээний 2.8.1-2.8.4 дэх хэсэгт зам тээврийн осол гарсан, торгууль төлөгдөөгүй гэх мэт тохиолдолд бүх хор хохирол, төлбөр тооцоог зээлдэгч бүрэн хариуцна хэмээн харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, Зээлдэгч тухайн тээврийн хэрэгслийн тухайн цаг үеийн үндсэн, шударга эзэмшигч юм. Мөн фидуцийн гэрээний 3.2.7 дах заалт, 5.3 дахь заалтад гуравдагч этгээдэд хохирол, гэм хор учруулсан тохиолдолд хэн хариуцах тухай тусгайлан зааж өгсөн.
3.4. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талийгаач Т.Наянчулуун нь Сибирь трейвэл ХХК-ийн ажилчдыг тээвэрлэж явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог тул Сибирь трейвэл ХХК төлбөрийг хариуцна.
Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 491 дүгээр зүйлийн 491.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Бат-Амгаланд учирсан хохирлыг хариуцагч Сибирь трейвэл ХХК, Бэцү ХХК нар хариуцах үндэслэлтэй тул Ундран Арвижих зоос ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Хариуцагч Бэцү ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Аваар осол гарах үед тээврийн хэрэгсэл Ундран Арвижих зоос ХХК-ийн нэр дээр байсан. Ундран Арвижих зоос ХХК нь хүний эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авч тухайн хөрөнгөтэй холбоотой маргаан гарахаар өөрсдөдөө хамааралгүй, эзэмшилтэй холбоотой гэх тайлбарыг хэлж байна. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан үүрэг биелүүлэхтэй холбоотой буюу үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон тухай үйл байдал уг маргаанд илрэхгүй байна гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзвэл тухайн маргаантай холбоотойгоор Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын Бэцү ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Бэцү ХХК-аас 34,834,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бат-Амгаланд олгож, хариуцагч Сибирь трейвэл ХХК-д холбогдох эрүүл мэндэд учирсан хохирол 188,100 төгрөг, хариуцагч Ундран Арвижих зоос ХХК-д холбогдох оношлогооны төлбөр 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.Бат-Амгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,985 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Бэцү ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 332,120 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бат-Амгаланд олгож, нэхэмжлэгч нь хариуцагч Н.Наранжаргалд холбогдох нэхэмжлэлээс татгалзсанг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч Бэцү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбилэгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгч Ц.Бат-Амгалангийн жолоодож явсан 32-77 УАК улсын дугаартай автомашиныг талийгаач Т.Наянчулуун өөрийн жолоодож явсан 92-16 УАХ улсын дугаартай Hundai universe маркийн автомашинаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь хэрэг бүртгэлтийн 220300709 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн Тээврийн прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №57 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарсан.
Дээрх зам тээврийн ослын улмаас Ц.Бат-Амгаланд учирсан нийт хохирол 35,207,000 төгрөг нэхэмжлэгч өөрөө тодорхойлон тогтоож холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Харин хариуцагч нарын тухайд нэхэмжлэлд холбогдох учир зүйн хувьд талийгаач Т.Наянчулуун өөрийн жолоодож явсан 92-16 УАХ улсын дугаартай Hundai universe маркийн автомашин нь Бэцү ХХК-ийн өмчлөлд байж байгаад түүнээс Н.Наранжаргалд олгосон итгэмжлэлийн дагуу Т.Наранбаатар итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд тэрээр Ундран Арвижих зоос ХХК-аас зээл авч зээл болон фидуцийн гэрээний үндсэн дээр дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Харин дээрх осол болох үед талийгаач Т.Наянчулуун нь Сибирь трейвэл ХХК-ийн бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг сайн дураараа биелүүлж үүрэг гүйцэтгүүлэгч талын ажилтнуудыг хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан гэдэг.
Талуудын хувьд гэм хорын улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролтой холбоотой мөнгөн дүн дээр маргадаггүй. Харин гагцхүү гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд нь хэн болохтой холбоотой асуудал дээр маргадаг.
6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.5-д ...92-16 УАХ тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Бэцү ХХК болох нь Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож, тээврийн хэрэгслийн өмчлөлийн хувьд Төгс даатгал-ын гэрээний дагуу нөхөн төлбөрт Миг даатгал ХХК-аас 3,939,999 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр захирал Д.Нармандах Хаан банк дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, тээврийн хэрэгслийн өмчлөгч Бэцү ХХК тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх хуулийн үндэслэлтэй байна... гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.
Мөн Үндэслэх хэсгийн 6.1-ийн төгсгөлийн параграфт иргэний хариуцагчаар ...Сибирь трейвэл ХХК-ийг, иргэний нэхэмжлэгч болон хохирогчоор Ундран Арвижих зоос ХХК-ийг тус тус тогтоож мэдүүлэг авсан болох нь баримтаар тогтоогдож, дээр үйл баримтад талууд маргаагүй... гэж дүгнэсэн нь нэн түрүүнд алдаатай байна.
Шүүх Ундран Арвижих зоос ХХК тухайн хэрэгт ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээвэл зохих этгээд биш буюу хариуцлага хүлээсэн ч хариуцлагын хэмжээ бусад хариуцагч нарын хүлээвэл зохих хэмжээнээс харьцангуй бага байх гэсэн байдлаар урьдчилсан дүгнэлт хийсэн байна гэж харахаар байна.
Харин хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Учир нь, Сибирь трейвэл ХХК-ийн зүгээс иргэний хариуцагчаар тогтоогдон мэдүүлэг өгсөн боловч Ундран Арвижих зоос ХХК-ийг мөн иргэний хариуцагчаар тогтоон мэдүүлэг авсан байхаас гадна Сибирь трейвэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж холбогдох бичгийн баримт материалыг хэрэг бүртгэлтийн 220300709 дугаартай хэргээс авахуулж хэрэгт хавсаргуулсан.
Харин ч Сибирь трейвэл ХХК-ийн зүгээс иргэний хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд нь Ундран Арвижих зоос ХХК буюу талийгаач Н.Наранжаргал гэсэн байр сууринаас маргасан байхад уг үйл баримттай холбоотой талууд маргаагүй гэжээ. Сибирь трейвэл ХХК ч мөн тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг үндэслэн хариуцагч Бэцү ХХК нь осол гаргасан жолооч Т.Наянчулууны жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм.
Тодруулбал, Хэрэгт авагдсан баримтуудаар итгэмжлэлээр тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Бэцү ХХК-аас талийгаач Н.Наранжаргалд шилжүүлж Н.Наранжаргал нь Ундран Арвижих зоос ХХК-тай зээл болон фидуцийн гэрээ байгуулснаар 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ундран Арвижих зоос XXK болсон.
Мөн Ундран Арвижих зоос ХХК болон талийгаач Н.Наранжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа болон үүрэг дуусгавар болохоос өмнө зам тээврийн осол гарсан үйл баримт хэрэт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
Өөрөөр хэлбэл, Ундран Арвижих зоос ХХК болон Н.Наранжаргал нарын хооронд байгуулсан гэрээний холбогдох зохицуулалтууд буюу зээлийн гэрээний..., фидуцийн гэрээний 4.2 дугаар зүйл, 5.1-5.3 дугаар зүйл, 5.7.4 дэх заалтуудаас харахад тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдал учруулсан гэм хорыг Н.Наранжаргал хариуцах буюу Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэсний дагуу Н.Нармандах болон Ундран Арвижих зоос ХХК нарын хооронд байгуулагдсан зээл болон фидуцийн гэрээнээс үзэхэд тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдын амь нас эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар хариуцлагыг Н.Нармандах хүлээхээр тохиролцсон ба өмчлөгч нь 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь Ундран Арвижих зоос ХХК гэж дүгнэх үндэслэлтэй.
Эндээс хариуцлага хүлээвэл зохих этгээд нь талийгаач Н.Наранжаргал юм.
Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэсэн зохицуулалтын хувьд тээврийн хэрэгсэл ашиглагч нь Н.Наранжаргал хэдий ч дээр хэлсэнчлэн тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан тохиолдолд гарах үр дагаврыг Н.Наранжаргал хариуцахаар гэрээндээ тохирсон.
Мөн Н.Наранжаргалыг тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломж нь өөрөө зээл болон фидуцийн гэрээний хугацаанд Ундран Арвижих зоос ХХК-аас шууд хамааралтай бөгөөд үүргийн гүйцэтгэлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах замаар хангуулах буюу захиран зарцуулах эрхтэй тул 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ундран Арвижих зоос ХХК гэдэг нь маргаангүй юм.
Фидуцийн гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ашигласан тохиолдол болохын хувьд автомашиныг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн зээлдүүлэгч өмчлөгчөөр бүртгүүлсэн. Ингэснээр зээлдүүлэгч нь жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй болно. Мөн Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдолын шимтгэл тооцох шаардлагатай ба Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх, татвар төлөх хэрэгтэй болно. Гэхдээ дээрх зардлуудыг зээлдэгчээр төлүүлэхээр фидуцийн гэрээнд тохиролцох нь нээлттэй.
Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг үндэслэж хэргийг шийдвэрлэхдээ буюу 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Бэцү ХХК-ийг тогтоон дүгнэхдээ даатгалын компаниас олгосон нөхөн олговрыг Бэцү ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн дансанд шилжүүлсэн үйл баримтыг иш болгон дурьддаг.
Гэтэл хавтаст хэргийн 1-р хавтас 230 дугаар хуудаст авагдсан баримт болох Миг даатгал ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №01/2-588 тоот албан бичигт 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр даатгуулагч Ундран Арвижих зоос ХХК-ийн эзэмшлийн 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 222060622655 дугаар тээврийн хэрэгслийн төгс даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 3,939,999 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.Нармандахын Хаан банк дахь 5005781719 тоот дансанд шилжүүлсэн болно. гэжээ.
Эндээс Д.Нармандах өөрөө сайн дураар буюу нэхэмжилж даатгалын гэрээний нөхөн төлбөр 4 сая орчим төгрөг авсан эсхүл Миг даатгал ХХК-аас даатгалын гэрээний нөхөн төлбөрийг андуурч Д.Нармандахын дээрх дансанд шилжүүлсэн буюу Д.Нармандах үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нэг мөр тогтоогдсон зүйлгүй. Миг даатгал нь Д.Нармандахыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр түүнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх эсэх нь түүний асуудал юм.
Осол гаргасан жолооч Т.Наянчулуун /талийгаач/ нь Бэцү ХХК болон Бэцү ХХК-аас итгэмжлэлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлж авсан Н.Наранжаргал нарын зөвшөөрөлгүйгээр 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явж жолоодон Сибирь трейвэл ХХК-ийг бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг сайн дураараа биелүүлсэн.
Энэ нь Бэцү ХХК-ийн захирал Д.Нармандах болон Сибирь трейвэл ХХК-ийн менежер нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй хавтаст хэргээс хасуулсан зүйлгүй. Цаашлаад бусдын тээврийн хэрэгслийн өмчлөгч эсхүл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж буй үйлдэл буюу харилцааг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг болгон хуульчилсан. Тодруулбал, энэ зүйлийн 1 дэх хэсэгт Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
Осол гаргасан жолооч Т.Наянчулуун /талийгаач/ нь ЭХТА-н 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн эсхүл тухайн гэмт хэргийг үйлдээгүй буюу 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч /эзэмшигч/-ийн зөвшөөрөл олгогдсон байсан эсэх, нөгөөтэйгүүр өмчлөгч эзэмшигч нарын буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгогдсон эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох нь зүйтэй.
Гэвч шүүхийн шийдвэрт уг үйл баримтыг хөдөлбөргүй нэг тогтоосон нотлох баримт авагдаагүй байхад Бэцү ХХК нь талийгаач Т.Наянчулуунд 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах зөвшөөрөл олгосон буюу томилсон, эсхүл уг үйл баримтад Бэцү ХХК буруутай болох нь тогтоогдсон мэт дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болсон.
Иймд шүүхээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул Бэцү ХХК-д холбогдох хэсгийг буюу бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна.
8. Давж заалдах гомдолд хариуцагч Сибирь трейвэл ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. Бэцү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж дэмжиж байна.
9. Давж заалдах гомдолд хариуцагч Ундран Арвижих зоос ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:
9.1. Гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль хэрэглээ болон нотлох баримтыг зөв үнэлсэн. Хариуцагч Бэцү ХХК-аас гаргасан гомдлын агуулга нь манайх хариуцагч биш, Ундран Арвижих зоос ХХК хариуцах ёстой байсан гэсэн гомдолтой байгаа юм байна. Ундран Арвижих зоос ХХК нь талийгаач Н.Наранжаргалд зээл олгосон, зээл олгохдоо хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Н.Наранжаргалын Бэцү ХХК-ийг төлөөлөх итгэмжлэлд үндэслээд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Тээврийн хэрэгслийн үндсэн өмчлөгч нь Бэцү ХХК байсан. Автомашинаа барьцаалаад унаад явах нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ зээлийн гэрээний харилцааны хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ундран Арвижих зоос ХХК нь эзэмшигч байсан. Тээврийн хэрэгслийн үндсэн өмчлөгч биш учир манай компани хариуцах үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад хариуцагч Бэцү ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ц.Бат-Амгалан нь хариуцагч Сибирь трейвэл ХХК, Ундран Арвижих зоос ХХК, Бэцү ХХК болон Н.Наранжаргал нарт холбогдуулан гэм хорын хохиролд 35,207,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Наранжаргалыг нас барсан үндэслэлээр түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Сибирь трейвэл ХХК-иас эрүүл мэндэд учирсан хохирол 188,100 төгрөг, Ундран Арвижих зоос ХХК-иас автомашины оношлогооны төлбөр 150,000 төгрөг, Бэцү ХХК-иас автомашинд учирсан хохирол 34,834,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжин оролцсон, хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Кувэйтийн ам гэх газарт Зуун модны замд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчимд 92-16 УАХ улсын дугаартай хьюндай юниверс /Hyundai universe/ маркийн автобусыг жолоодож явсан Т.Наянчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-т заасныг зөрчсөний улмаас гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалаас ирж явсан Ц.Бат-Амгалангийн жолоодож явсан Isuzu forward маркийн 32-77 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас автобусны жолооч Т.Наянчулуун нас барж, Ц.Бат-Амгалангийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, 29 зорчигчийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь Тээврийн Прокурорын газрын прокурорын 2023.04.05-ны өдрийн 57 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, техникийн шинжээчийн 2023.03.13-ны өдрийн 03/14 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2022.11.14-ний өдрийн 15365 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. /1хх-ийн 6-7, 14-17, 29-30, 42 дугаар тал/
3.2. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ц.Бат-Амгалангийн өмчлөлийн Isuzu forward маркийн 32-77 УАК улсын дугаартай автомашинд 32,920,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2022.11.18-ны өдрийн 1295 дугаартай хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна. /1хх-ийн 9 дүгээр тал/
3.3. Түүнчлэн, зам тээврийн осол гаргасан 92-16 УАХ улсын дугаартай автомашины жолооч Т.Наянчулуун уг зам тээврийн ослын улмаас нас барсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Тээврийн Прокурорын газрын прокурорын 2023.04.05-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор дээрх хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. /1хх-ийн 6-8 дугаар тал/
3.4. Хэргийн нотлох баримтаас үзэхэд Т.Наянчулууны жолоодож явсан 92-16 УАХ улсын дугаартай хьюндай юниверс маркийн автобусны өмчлөгчөөр 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бэцү ХХК бүртгэгдсэн байх ба осол болох үед уг тээврийн хэрэгслээр Сибирь трейвэл ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж явсан талаар талууд тайлбарласан, мөн энэ талаар цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэг буюу бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. /1хх-ийн 127-128, 137-142 дугаар тал/
Улмаар, Ундран арвижих зоос ХХК нь Н.Наранжаргалтай 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 22/121 дугаартай зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Бэцү ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 92-16 УАХ улсын дугаартай хьюндай юниверс маркийн автобусны өмчлөгчөөр 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгджээ. /1хх-ийн 163, 186-190, 2хх-ийн 3 дугаар тал/
3.5. Талууд осол болсон үйл баримтад маргаагүй, үүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах үүрэг бүхий этгээд хэн болох талаар маргасан байна.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4.1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүргийг нарийвчлан зохицуулсан бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч нь зам тээврийн осолд гэм буруутай эсэхээс үл хамаарч бусдад учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан хохирлыг гэм буруугүйгээр хүлээх бөгөөд өөрийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, мөн тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон аль ч тохиолдолд бусдад учирсан гэм хорыг хариуцна.
Хэдийгээр Ундран арвижих зоос ХХК нь маргаан бүхий автобусыг тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлэх замаар өмчлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд байх боловч энэхүү бүртгэл нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн эрхтэй болохыг баталгаажуулсан үйлдэл юм.
Харин дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан гэрээний дагуу фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болох талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан.
Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан журмаар маргаан бүхий тээврийн хэрэгслийн хувьд Ундран арвижих зоос ХХК-д өмчлөх эрх үүсч, хариуцагч Бэцү ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болох учиртай.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан гэрээний дагуу Ундран арвижих зоос ХХК-д 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх бүртгэгдсэн нь мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээр дурдсанаар хариуцагч Бэцү ХХК-ийн 92-16 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх дуусгавар болоогүй байх тул тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд энэ талаарх хариуцагч Бэцү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар Сибирь трейвэл ХХК болон Бэцү ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд нь хамаарал бүхий этгээдүүд байх бөгөөд дээрх тээврийн хэрэгслийг Сибирь трейвэл ХХК-ийн ажил, үүргийг гүйцэтгэхэд ашигладаг болох нь тогтоогдсон. Иймд зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг талийгаач Т.Наянчулуун жолоодож явсан нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг Бэцү ХХК хариуцахгүй байх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагч Бэцү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Мөн Ундран арвижих зоос ХХК болон Н.Наранжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээгээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг зээлдэгч хариуцан арилгахаар тохирсон нь тухайн гэрээний талуудын хооронд үүссэн маргаанд хамаарна. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах үүрэг бүхий этгээд нь зээлдэгч Н.Наранжаргал гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
4.2. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
Хэрэгт Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээнээс өөр баримтгүй тул анхан шатны шүүх тухайн баримтыг үндэслэн автомашинд учирсан хохирлын хэмжээг тогтоосон, түүнчлэн уг үнэлгээг хийхэд нэхэмжлэгчээс 1,914,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 1хх-ийн 10 дугаар талд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдсон байх тул хариуцагч Бэцү ХХК-иас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохиролд нийт 34,834,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.
Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг хариуцагч тус бүрээр тодорхойлж шаардсан ба автомашины оношлогооны төлбөрт төлсөн гэх 150,000 төгрөгийг Ундран арвижих зоос ХХК-иас, эрүүл мэндэд учирсан хохиролд 188,100 төгрөгийг Сибирь трейвэл ХХК-иас гаргуулахаар тус тус шаардсаныг анхан шатны шүүх дээрх хариуцагч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.
5. Түүнчлэн, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Наранжаргалыг нас барсан үндэслэлээр түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан, уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
6. Шүүх томилогдсон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хүрэлцэн очих боломжгүй талаараа мэдэгдсэн байх ба талуудын зөвшөөрлийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь өИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгтзаасантай нийцэж байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч Бэцү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2024/03038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Бэцү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Бэцү ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА