| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0874/э |
| Дугаар | 0884 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 0884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Т.Мөнх-Амгалан
хохирогч: Р.Э
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Д.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д У холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906017320934 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д У, 19 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.У нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-Эхийн 27 дугаар гудамжны тоотод оршин суух Р.Э гэрт байхдаа 32 инчийн зурагт, кабелын төхөөрөмж, Самсунг маркийн гар утас,12 м дээлийн торго, торгон дан дээл, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 529.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б дэлгүүрт байж байсан чинь М гэдэг эгч нэг ахтай хамт орж ирээд архи аваад энэ ахынд нь очиж архи ууя эгч нь архи авчихлаа гэж хэлсэн. Тэгээд Бархаа дэлгүүрийн ард очиж нэг татчихаад гэнэт болилоо эгч нь хөл өвдөөд байна явлаа гэсэн. Тэгээд тэр ах манайд очиж ууя гэж хэлсэн. Тэгээд тэр ахын гэрт ороод 0.75 литрийн архины ихэнхийг нөгөө ах уусан. Би гайгүй байсан. Гэтэл нөгөө ах надтай унтая гээд байсан. Тэгээд бид хоёр архиа уугаад дууссан. Гэтэл нөгөө ах нь зурагтаа ломбарданд тавьчихая гэж хэлсэн. Тэгээд би зурагтыг нь авч гарч байгаад цагдаа тааралдсан. Би зурагтыг нь буцаагаад өгсөн. Өөр авсан зүйл байхгүй гэв.
Хохирогч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр 9.00 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон чинь хаалганы гадна талын бариул дарагдсан байсан. Намайг ороход гэрийн хамаг юм буулгасан байсан. Тэгээд 0.75 литрийн архины шил байсан. Манай нөхөр тасарсан хэвтэж байсан. Тэгээд би дуудаж, сэрээгээд хамаг юмаа алдсан байна юу болсон бэ гэхэд У гэдэг хүүхэнтэй архи хамт уусан гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. Алдсан зурагтаа буцааж авсан. Торгоны хувьд манай нүүрсний амбаарт оруулаад үлдээсэн байсан. Манайхаас одоо хас хээтэй мөнгөн бөгж, МБС кабел алга болсон. Би шүүгдэгчээс манай кабелийг олоод өгчих гэж хэлсэн чинь намайг элдвээр доромжилж, дарамталсан. Би орой гэртээ байхдаа айж байна гэв.
Шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын сүүлээр орой 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ану төвийн хажууд явж байгаад зүс таньдаг болсон хүнтэй таарсан. Тэнд уг залуу М эгчтэй хамт зогсож байсан. Намайг тэр хоёр дээр очиход тэр хоёр 2 шил архи авчихсан байж байсан. Тэгээд манайд очиж архи ууя гэсэн. Тэр үед М эгч бие өвдөөд байна гээд үлдчихсэн. Би уг хүнийг дагаад гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барх дэлгүүрийн ард талаар даваад буюу ертөнцийн зүгээр зүүн тийшээ нэг гудамжаар орсон. Тэгээд гэрт ороод 0.75 литрийн архийг хувааж уусан. Архиа ууж дуусаад дахин архи авах мөнгө байхгүй байсан чинь гэрийн эзэн би согтсон байна чи манай зурагтыг авч яваад ломбарданд тавиад архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь би тэднийхээс 32 инчийн ЛСД зурагтыг нь аваад гарсан. Тэгээд зурагтаа авч явж байгаад замын эсрэг талд Э таараад үүнийг ломбарданд тавиад мөнгө авий гэж хэлээд бариулчихсан байсан чинь цагдаа нар хүрч ирээд намайг аваад явсан. Энхбаяр бол манай нөхөр Баяржавын найз нь байгаа юм гэжээ. /хх-ийн 15/
Хохирогч Р.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би 09.00 цагийн орчимд ажилдаа явсан. Гэрт манай нөхөр А үлдсэн. Би урд өдөр нь сахиус буулгасан байсан болохоор архи байсан. Түүнийг уугаад үлдсэн. Намайг ажлаас ирэхэд гэрийн хаалга онгорхой гэрт нөхөр тасраад уачихсан дуудаад сэрэхгүй байсан. Тэгтэл манай гэрийн 32 инчийн зурагт мөн хүлээн авагч төхөөрөмж манай нөхрийн гар утас зэрэг зүйлс алга болсон байсан. Би нөхрийгөө сэрээж байгаад юу болсон талаар асуухад сэрэхгүй байсан. Би хамт архи уусан хүүхнийг нь өмнө нь харж байсан юм байлаа гэжээ. /хх-н 9-13/
Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай эхнэр сахиус буулгадаг ба 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би 13 цагийн орчимд тэнгэр хангайдаа өргөл өргөх зорилгоор Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хусхан дэлгүүрээс сүү, 0.75 литрийн архи аваад гарсан. Тэгээд гараад явж байтал 30 орчим насны эмэгтэй ирээд ахаа шартаж үхлээ наадхаасаа жоохон өгчихөөч гэсэн. Тэгээд би гудамжинд архи уудаг хүн биш ээ чи уумаар байвал манай гэрт очоод уучих гэж хэлсэн. Тэгээд манай гэрт орж ирээд уг архийг нөгөө хүүхэн бид хоёр хувааж уусан. Би тасарчихсан байналээ. Орой 22.00 цагийн орчимд манай эхнэр Энхтуяа ирээд намайг сэрээгээд хамаг юм чинь байхгүй болчихсон байна ш дээ гэсэн. Тэгэхээр нь бид хоёр цагдаад дуудлага өгсөн. Тухайн эмэгтэй ганцаараа явж байсан. Би уг эмэгтэйд зурагтаа өгч явуулаагүй. Намайг тасарчихсан байхад манай юмыг аваад явчихсан байсан гэжээ. /хх-н 16-17/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18/
Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: нийт эд зүйлийг 529.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 20-23/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд хохирогч, шүүгдэгч нарт танилцуулсан байна. /хх-н 24-25/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: Risun гэсэн бичигтэй зурагтыг хүлээлгэн өгсөн байна. /хх-н 26/
Д.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 17/,
Д.У хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 48-49/
Д.У Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 41/, прокурорын тогтоол /хх-н 42-43/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-47/ зэрэг болно.
Д.У нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-Эхийн дугаар гудамжны тоотод оршин суух Р.Э гэрт байхдаа 32 инчийн зурагт, кабелын төхөөрөмж, Самсунг маркийн гар утас,12 м дээлийн торго, торгон дан дээл, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 529.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Р.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Намайг ажлаас ирэхэд гэрийн хаалга онгорхой гэрт нөхөр тасраад уачихсан дуудаад сэрэхгүй байсан. Тэгтэл манай гэрийн 32 инчийн зурагт мөн хүлээн авагч төхөөрөмж манай нөхрийн гар утас зэрэг зүйлс алга болсон байсан. Би нөхрийгөө сэрээж байгаад юу болсон талаар асуухад сэрэхгүй байсан. Би хамт архи уусан хүүхнийг нь өмнө нь харж байсан юм байлаа гэсэн мэдүүлэг /хх-н 9-13/
Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 30 орчим насны эмэгтэй ирээд ахаа шартаж үхлээ наадхаасаа жоохон өгчихөөч гэсэн. Тэгээд би гудамжинд архи уудаг хүн биш ээ чи уумаар байвал манай гэрт очоод уучих гэж хэлсэн. Тэгээд манай гэрт орж ирээд уг архийг нөгөө хүүхэн бид хоёр хувааж уусан. Би тасарчихсан байна лээ. Орой 22.00 цагийн орчимд манай эхнэр Э ирээд намайг сэрээгээд хамаг юм чинь байхгүй болчихсон байна ш дээ гэсэн. Тухайн эмэгтэй ганцаараа явж байсан. Би уг эмэгтэйд зурагтаа өгч явуулаагүй. Намайг тасарчихсан байхад манай юмыг аваад явчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.У нь А очиж архи уугаад гэрийн эзнийг согтоод унтсаны дараа гэрээс нь эд зүйл авч явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.У нь зурагт, дээлийн торго зэргийг буцаан өгсөн ба хохирогч бусад зүйлсийг нэхэмжлэхгүй, харин МНВС төхөөрөмж, эсвэл үнийг нь нэхэмжлэнэ гэснийг Д.У гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.
Д.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.У 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Д.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-Эхийн 30 дугаар гудамжны тоотод оршин суудаг, /РД: / Д.У 245.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн дугаар хороо Дунддарь-Эхийн дугаар гудамжны тоотод оршин суух /РД: У/ Р.Э олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН