Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/01723

 

 

 

 

 

 

  2024 09 06 210/МА2024/01723

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02165 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.*******д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, 7,240,000 төгрөг гаргуулах үндсэн, 2 сар, 13 хоногийн түрээсийн төлбөр 4,866,666 төгрөг, ашиглалтын зардал болон хохиролд 757,082 төгрөг нийт 5,712,748 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс А.*******гийн өмчлөлийн Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр ******* хаягт байрлах үйлчилгээний талбайг түрээслэхээр харилцан тохиролцож, Хаан банк дахь А.*******гийн эзэмшлийн ******* дугаар данс руу 3 сарын түрээсийн төлбөр 6,000,000 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үнэ 1,240,000 төгрөг, нийт 9,240,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2. Миний бие жирэмсэн байсан учраас түрээслүүлэгчид гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн. Гэтэл А.*******тэй биечлэн уулзаж түрээсийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар удаа дараа залгасан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

1.3. Дээрх түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх тул хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Иймд, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 4,000,000 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үнэ 1,240,000 төгрөг нийт 7,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хүнсний дэлгүүрийн чиглэлээр бусдад түрээслүүлэхээр олон нийтийн сүлжээнд зар тавьсан ба зарын дагуу олон хүмүүс удаа дараа хандаж байсан хэдий ч Б.*******гийн цаашид хүнсний дэлгүүр ажиллуулахад хүн хүч сайтай, нөхөр тусална гэх хүсэлтийг харгалзаж, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сарын 2,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр харилцан тохиролцож байгуулсан.

2.2. Гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алинд нь нээлттэй байсан. Энэ үүргийг зөвхөн А.******* хариуцахгүй. Б.******* нь тухайн үед дээрх шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзах боломжтой байсан. Иймд, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

2.3. Нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэдэг нь үндэслэлгүй. Гэрээний 7.5-д хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд 1 сарын өмнө нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчээс гэрээг цуцлах талаар огт мэдэгдээгүй. Бодит байдалд 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн байрыг хариуцагч өөрөө хүлээн авч, гэрээг цуцласан.

2.4.Түрээсийн гэрээ байгуулах үед Belverde 1 ширхэг 187,000 төгрөг, Serra 1 ширхэг 78,000 төгрөг, Glenmorange 1 ширхэг 207,000 төгрөг, Hennessy VSOP 1 ширхэг 247,000 төгрөг, Hennessy VS 1 ширхэг 186,000 төгрөг, Eden 3 ширхэг 96,000 төгрөг, Хоолны амтлагч, амттан печень 120,000 төгрөг, нийт 1,121,000 төгрөгөөр худалдаж авахаар хэлцэл байгуулсан, тухайн бараа бүтээгдэхүүнийг өнөөдөр очиж авсан ч болно. Иймд, 1,240,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөхгүй.

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар хариуцагч талд мэдэгдээгүй, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нь өөрөө очиж түрээсийн эд хөрөнгийг хүлээж авсан. Иймд, 2 сар 13 хоногийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

3.2.Түрээсийн байранд цэвэрлэгээ хийгээгүй, эд хогшлоо аваагүй, байрны түлхүүрийг өгөөгүй, улмаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид өөрт нь мэдэгдэж, түрээсийн байрыг мэргэжлийн хүнээр онгойлгуулж байраа хүлээж авсан. Хаалганы цоожны гол солиулахад 89,000 төгрөг төлсөн. Түрээсийн гэрээний 7.4.т зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацааны ашиглалтын зардал буюу СӨХ-ны төлбөр 136,800 төгрөг, цахилгааны төлбөр 450,438 төгрөг, ус, дулааны төлбөр 169,844.19 төгрөг, нийт 757,082 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд, түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, хаалганы цоожны гол солиулсан зардал нийт 5,712,748 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна.

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

4.1. Түрээсийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус буюу гэрээ байгуулагдаагүй учраас мэдэгдэх хуулийн зохицуулалт үйлчлэхгүй. Заавал 1 сарын өмнө мэдэгдэх шаардлагагүй.

4.2. Хариуцагчийн лангуун дээр үлдээгээд явсан барааг бидний зүгээс авъя гэдэг байр суурь илэрхийлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс СӨХ-ны даргаас тодорхойлолт авахад 1 сарын төлбөр нь 35,000 төгрөг гэж байсан. 1 сарын төлбөр нь 35,000 төгрөг байхад яагаад 2 сарын төлбөр 136,800 төгрөг байгаа юм. Цахилгааны төлбөр бол 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 450,448 төгрөгийг хасна гэж хариуцагч тайлбарладаг. Гэтэл 9, 10 дугаар сард хэдэн төгрөгийн төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхой харагдахгүй байна. Тэгэхээр энэ нь үндэслэлгүй юм. Ус дулааны мөнгө нийт 169,844 төгрөгийг нэхэмжилснээс 45,670 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Ашиглалтын зардалд 8, 9 дүгээр сарын ус, дулааны төлбөр 45,680 төгрөг 9 сарын тогны төлбөр 178,857 төгрөг СӨХ-ны төлбөр 8, 9 сарын төлбөр 70,000 төгрөг, нийт 294,538 төгрөгийг төлөх ёстой. Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс ашиглалтын зардал болох 294,538 төгрөг хасаж, нийт 6,945,462 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

4.3. Цоожны гол сольсныг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрт нь түлхүүрийн нэг хувь байсан. Удаа дараа залгасан, утсаа аваагүй, бичгээр ажлын байраа хүлээлгэж өгье, бүгдийг нь зөөчихсөн уулзъя гэдэг боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. н.*******, н.*******гийн хаан банкны дансны хуулгаас 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд посс машины орлогууд орсон, үүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй нь харагдана гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.*******гээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б.*******гээс 515,813.5 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 1,240,000 төгрөгийн хэсгийг, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,196,934.5 төгрөгийн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 200,990 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 106,355 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 15,740.4 төгрөг гаргуулж хариуцагчид, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 23,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Гэрээний талууд 2023 оны 08 сарын 02-ны өдөр Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан мөн хуулийн 318.3-т ...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, хуулийн шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан хэдий ч тухайн бүртгэлийн газарт бүртгүүлэх хүсэл зориг талуудын хувьд гэрээ байгуулах үед байгаагүй мөн хуульд заасны дагуу түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь түрээслэгч Б.*******, түрээслүүлэгч А.******* нарын хэн алинд нээлттэй байсан энэ үүргийг зөвхөн А.******* хариуцахгүй бөгөөд энэ нь Б.******* Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасны дагуу тухайн үед дээрх шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзах бүрэн боломжтой байсан хэдий ч татгалзаагүй гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны Б.*******гийн зүгээс хүсэл зоригоо илэрхийлж хийсэн учраас түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

6.2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийг ашигласан хугацааны буюу 2 сар 13 хоногийн төлбөр 4,866,666 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нэхэмжлэгчийн зүгээс өөрийн болон Ш.Сумъяатулгын эзэмшлийн дансны хуулгыг нотлох баримтаар хавтаст хэрэгт гаргаж өгч, 2023 оны 09 сарын 07-ны өдрөөс хойш дэлгүүрийн орлогын гүйлгээ хийгдээгүй буюу уг өдрөөс хойш дэлгүүрийг ашиглаагүй болохоо нотлон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, хариуцагч нь ...2023 оны 10 сарын 15-ны өдөр өөрөө түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд нэвтэрч хаалгыг мэргэжлийн хүнээр онгойлгуулсан... гэх тайлбар гаргаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг 2023 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл дэлгүүр ажиллуулсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар хийсэн үзлэг буюу хэрэгт авагдсан фэйсбүүк чатад хийсэн фото зурагт хар хөргөгч, мөн кассын машин гэх мэт нэхэмжлэгч өөрийн эд зүйлийг аваагүй мөн түрээсийн байрыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, шүүх хуралдаанд гэрч Н.******* нь үзлэгт харагдаж байгаа хар хөргөгч, кассын машин нэхэмжлэгчийн эд хөрөнгө гэдгийг хэлж байсан бөгөөд нэхэмжлэгч түрээсийн байрыг цэвэрлээд дууссан гэж 2023 оны 10 сарын 07-ны өдөр үзлэг хийсэн нүүрномын чатаар зураг илгээж байсан мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гар утасны зурваст Б.******* 10 сарын 07-ны өдөр тооцоогоо дуусгамаар байна гэж зурвас бичиж байсан бөгөөд хэдийгээр дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй боловч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэн аль маргаагүй баримт гэж үзэж байгаа бөгөөд 2023 оны 10 сарын 07-ны өдрөөс хойш түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүй элдэв шалтгаан хэлж биечлэн уулзаж хүлээлгэж өгөөгүй тул арга буюу 2023 оны 10 сарын 15-ны өдөр цоожны гол солиулж орсон, хариуцагч талаас 2023 оны 10 сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан тул 2023.08.02-ны өдрөөс 2023.10.15-ны өдрийг хүртэл 2 сар 13 хоногийн түрээсийн төлбөр 4,866,666 төгрөгийг суутгаж тооцох үндэслэлтэй төдийгүй хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гэрээ цуцалсан буюу 2023.10.15-ны өдрийг хүртэл хугацаанд дэлгүүр ажиллуулсан гэх үйл байдалд дүгнэлт өгөөгүй нэгэнт талууд түрээсийн гэрээ байгуулж А.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээслэсэн бол албан ёсоор хүлээлгэж өгөх үүрэгтэй гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байхад шүүхээс 2023.08.02-ны өдрөөс 2023.09.07-ны өдрийг хүртэл дэлгүүр ажиллуулсан харин 10 сарын 15-ны өдрийг хүртэл дэлгүүр ажиллуулаагүй гэх тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчид хохиролтой нэгэнт түрээсийн гэрээ байгуулсан бол дэлгүүр ажиллуулах, ажиллуулахгүй байх эсэх нь Б.*******гийн эрхийн асуудал төдийгүй шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага цоожны гол солиулсан 89,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүйгээр хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.

6.3. Түрээсийн гэрээний 7.4-т Түрээсийн гэрээ байгуулагдснаас хойшхи түрээслэгдэж буй эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, сөх, кабель, интернетийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамжийг түрээслэгч хариуцна гэж заасны дагуу ус, дулааны төлбөр 2023.10.01-ний өдрөөс 2023.10.31-ний өдрийг хүртэл хугацаа буюу бичилт хийсэн огноо 2023.10.15-ны өдрийг хүртэл 124,163,94 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үндэслэлтэй.

6.4. Түүнчлэн цахилгааны төлбөрийн хувьд 2023 оны 8, 9 дүгээр сарын төлбөр хэд болох нь тодорхой бус байх тул цахилгааны төлбөр шаардсан хэсгийг хангах боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хэрэгт хариуцагчаас Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023.10.30-ны өдрийн 283,738 төгрөг, мөн 2023.11.15-ны өдрийн 166,700 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх баримтууд буюу 283,738 төгрөгийг баримт нь 2023.08.02-ны өдрөөс 2023.09.30-ны өдрийн цахилгааны төлбөр, 2023.11.15-ны өдрийн 166,700 төгрөг 2023.10.15-ны өдрийг хүртэлх цахилгааны төлбөр бөгөөд өмнөх сарын цахилгааны төлбөрийг дараа сард төлдөг энэ нийтэд илэрхий баримт байхад үндэслэлгүйгээр тодорхой бус гэж хангахгүй орхисон нь эргэлзээтэй байх тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02165 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2023.08.02-2023.10.15-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 4,866,666 төгрөгөөс 5 хоногийн 333,333.5 төгрөгийг хасаж 4,533,332.5 төгрөг, ус дулааны төлбөр 124,163.94 төгрөг, цахилгааны төлбөр 450,438 төгрөг, цоожны гол солиулсан 89,000 төгрөг, нийт 5,196,934.5 төгрөгийг хасаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,196,934.5 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Цоожны гол сольсон тухайд хариуцагч нь над руу дараагийн хүн орох гэж байна, чи ирж түрээсийн байрыг хүлээлгэж өг гэх тухай огт ярьж мэдэгдээгүй ба миний зүгээс хоёулаа тооцоогоо дуусгаж, та дараагийн хүндээ түрээслэ гэх саналыг удаа дараа хэлсэн боловч хариуцагч нь ямар нэгэн байдлаар шалтаглаж уулзахаас татгалзсан. 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг авна гэж маргаж байгаа хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь, 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд дараагийн түрээслэгч нь орсон байсан ба барааг шинэ түрээслэгчид хүлээлгэн өгч мөнгийг нь авсан байсан.

7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Нэхэмжлэгч Б.******* би Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 20 байр, *******од байрлах 45,23 м.кв /өргөтгөлтэй/ үйлчилгээний талбайг хүнсний дэлгүүрийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээслэхээр болж, тухайн үед хариуцагч А.******* нь намайг нэгэнтээ дэлгүүр ажиллуулж байгаа тул энд лангуун дээр өмнө нь байсан бараа бүтээгдэхүүн болох архи согтууруулах ундаа болон амтлагч, печенийг байрлуулаад худалдчих, асуудалгүй зарагдчихна гээд бараа бүтээгдэхүүний төлбөр гэж 1,240,000 төгрөгийг хариуцагчийн Хаан бакны ******* тоот дансанд шилжүүлсэн болно.

Тухайн бараа бүтээгдэхүүн нь дэлгүүр ажиллуулах 1 сарын хугацаанд худалдан борлуулагдаагүй бөгөөд миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид аж ахуйн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй, уг үл хөдлөх хөрөнгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түрээслэн ажиллуулах боломжгүй талаар, ажлын байрыг яаралтай хүлээлгэн өгөх мөн бараа бүтээгдэхүүнийг буцаан өгөх талаар мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсэнээс хойш хугацаанд би урьдчилж шилжүүлсэн бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг буцаан авч ажлын байрыг бүрэн хүлээлгэн өгөх, цаашид үргэлжлүүлэн түрээслэхгүй талаарх бичгээ өгөх гэж удаа дараа залгаж, уулзая гэсэн боловч түрээслүүлэгч талаас залгах бүрт элдэв шалтгаан тоочиж, заримдаа утсаа авахгүй өөрийн буруутай үйлдлийн улмаас ажлын байрыг хүлээлцэж аваагүй болно. Нэхэмжлэгч би 2023.09.07-ны өдрөөс хойш хугацаанд уг ажлын байранд ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа огт явуулаагүй, дэлгүүрээс бараа материалаа нүүлгэсэн, уг ажлын байр эзэнгүй байсан. Худалдан авсан бараа бүтээгдэхүүн болох 1,240,000 төгрөгийн үнэ бүхий архи согтууруулах ундаа, амтлагч, печень зэргийг түрээсийн байрны лангуун дээр нүүхдээ үлдээсэн болно.

Хариуцагчийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг үлдээсэн гэдэгт огт маргадаггүй бөгөөд шүүх хуралдааны үеэр ч гэсэн бараа бүтээгдэхүүнээ үлдээсэн нь үнэн гэж тайлбарласан. Бараа бүтээгдэхүүнийг эсхүл барааны үнэ болох 1,240,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид буцааж өгөөгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7.2. Тухайн бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжлэгч би хариуцагчид бүрэн төлсөн, хариуцагчтай анх тохиролцсоны дагуу тухайн ажлын байрыг ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсч, дээрх бараа бүтээгдэхүүнийг тохиролцсоны дагуу уг дэлгүүрт худалдан борлуулах боломжгүй болсон тул худалдах, худалдан авах гэрээний тохиролцооноосоо татгалзаж, бараа бүтээгдэхүүнийг нь буцаан өгч, мөнгөө авахаар хүсэл зоригоо илэрхийлж, хариуцагчийн ажлын байр /дэлгүүр/-нд үлдээсэн бөгөөд одоо эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь хариуцагчид байхгүй, дараагийн түрээслүүлэгчдээ худалдан борлуулсан, нэхэмжлэгчид дээрх барааг эсхүл үнийг буцаан өгөөгүй буюу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгааг шүүхээс анхаарч үзэж шийдвэрлээгүй байна.

Иймд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02165 тоот шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү.

8. Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний дагуу шилжүүлсэн түрээсийн төлбөр болон барьцаа 6,000,000 төгрөг, барааны үнэ 1,240,000 төгрөг нийт 7,240,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, 2 сар, 13 хоногийн түрээсийн төлбөр 4,866,666 төгрөг, ашиглалтын зардалд СӨХ-ны төлбөр 136,800 төгрөг, цахилгааны төлбөр 450,438 төгрөг, ус, дулааны төлбөр 169,844.19 төгрөг, хаалганы гол сольсон 89,000 төгрөг, нийт 5,712,748 төгрөг шаардаж, сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө байсан хугацааг буруу тодорхойлж, үүний улмаас төлбөл зохих төлбөр болон ашиглалтын зардлыг дутуу тооцсон алдааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулж, мөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлийн талаар буруу дүгнэлт хийснийг залруулж, уг гэрээтэй холбогдох шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

3.1. Талууд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.******* нь Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай, 45.23 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 12 сарын хугацаатай, хүнсний дэлгүүрийн зориулалтаар түрээслэх, төлбөрийг 3 сараар төлбөл сарын төлбөр 2,000,000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин 2,000,000 төгрөг байхаар хариуцагчтай тохирч, 3 сарын төлбөр болон дэнчин нийт 8,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. /хх-ийн 3 дугаар тал/

3.2. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг дэлгүүрийн зориулалтаар, үр шимийг хүртэж ашиг олох зорилгоор ашиглаж байснаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэвч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.3. Хэдийгээр талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус боловч нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгийг мэдэлдээ авч, эзэмшиж, ашиглаж байсан нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд, нэгэнт эзэмшлийг буцаах боломжгүй тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны үнэ болон уг эд хөрөнгөтэй холбогдон гарсан ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцжээ.

Эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны төлбөрийг эд хөрөнгийг хүлээн авснаас хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд тооцох бөгөөд талууд түрээсийн зүйлийг 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, өгөхөөр тохирч байсан талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Мөн энэ талаарх талуудын тайлбар 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Үүнээс гадна Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь түрээсийн эд зүйлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй, ийнхүү хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгчийн эзэмшил дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээ /хүчин төгөлдөр бус байх хэлцэл/ цуцлах талаар 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн гэх ба ийнхүү мэдэгдсэнээр эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн хугацаа тодорхойлогдохгүй.

Иймд, түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг эзэмшиж, ашигласан гэж үзэх бөгөөд энэ хугацааны эд хөрөнгө эзэмшиж, ашигласны төлбөр, эд хөрөнгийн ашиглалтын зардлыг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгө эзэмшиж, ашигласны төлбөрт 2 сар 5 хоногийн 4,333,330 төгрөг /2 сар х 2,0 сая + 1 хоног 66,666 төгрөг х 5 хоног/ төгрөг төлөх үүрэгтэй байх тул уг төлбөрийг хасаж, үлдсэн зөрүү төлбөр болох 3,666,670 төгрөгийг /8,000,000 4,333,330/ хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

3.4. Дээрх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн ус, дулааны төлбөрт 169,844 төгрөг, СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 136,800 төгрөг, цахилгааны төлбөрт 450,438 төгрөг, цоожны гол солиулсан зардалд 89,000 төгрөг, нийт 757,082 төгрөгийг хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гарган шаардсанаас нэхэмжлэгч тал 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны ус, дулааны төлбөр 45,680 төгрөг, СӨХ-ны 2 сарын төлбөр 70,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөр 178,856 төгрөг нийт 294,538 төгрөгийг төлөхийг /хх-ийн 31 дүгээр тал/ зөвшөөрсөн байна. Иймээс дээрх төлбөр дээр 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийг нэмж тооцох нь зүйтэй. Үүнийг дараах байдлаар тооцож, 2023 оны 10 дугаар сарын 1-31-ний өдрийг хүртэл хугацаанд ус, дулааны төлбөр 124,163 төгрөг гарсныг тухайн сарын 31 хоногт хувааж нэг хоногийн 4,005 төгрөг 7 /2023.10.01-2023.10.07 хүртэл/ хоногийн 28,035 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цахилгааны төлбөр 100,795 төгрөг, үүнийг 30 хоногт хувааж, нэг хоногийн 3,359 төгрөг 19 /2023.09.18-2023.10.07 хүртэл/ хоногийн 63,821 төгрөгийг нэмж, нийт 390,477 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй. /хх-ийн 20-25, 31, 34-36, 101 дүгээр тал/

Харин түрээсийн зүйлийн төлбөрт шаардсан 2 сар 13 хоногийн төлбөр 4,866,666 төгрөгийн сөрөг шаардлага нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд үндсэн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой байсан. Иймд, дээрх мөнгөн дүнгээс нэхэмжлэгчийн төлвөл зохих 4,333,330 төгрөгийг хасаж, 533,336 төгрөгийн /4,866,666 4,333,330/ шаардлага хангагдахгүй боловч нэхэмжлэгчээс дахин түрээсийн зүйлийн үнийг гаргуулахгүй тул 4,866,666 төгрөгийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болсон гэж ойлгохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгч түлхүүр хүлээлгэж өгөөгүйн улмаас цоожны голыг сольсон гэх зардалд 89,000 төгрөг зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.

3.5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн зүйлийг хүлээн авахдаа 1,240,000 төгрөгийн үнэ бүхий согтууруулах ундааны зүйлийг авч, үнийг төлсөн талаар зохигчийн хэн аль нь тайлбарлаж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Дээрх гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь хариуцагчид буцаах хүсэл зоригийг илэрхийлж, түрээсийн хөрөнгөд үлдээснийг хариуцагч хүлээн авсан болох нь түүний өөрийнх нь тайлбараар тогтоогджээ. Иймд, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Ийнхүү гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийг хүлээх бөгөөд хариуцагчаас барааны үнэ болох 1,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

4. Дээрхийг нэгтгэвэл нэхэмжлэгчийн нийт төлсөн 8,000,000 төгрөгөөс төлвөл зохих 4,333,330 төгрөгийг хасаж, хариуцагчаас зөрүү болох 3,666,670 төгрөг болон барааны үнэ 1,240,000 төгрөг нийт 4,906,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс эд хөрөнгийн ашиглалтын зардалд 390,477 төгрөг гаргуулж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ.

Мөн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг болон нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02165 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.*******гээс 4,906,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д, нэхэмжлэгч Б.*******гээс 390,477 төгрөг гаргуулж хариуцагч А.*******д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 2,333,330 төгрөгт холбогдох, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,322,271 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...110,950 гэснийг 93,457 гэж, 15,740.4 гэснийг 12,364 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 34,310 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 209,150 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

  ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Т.ГАНДИЙМАА